Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 00137

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 28 өдөр

     Дугаар 142/ШШ2019/00137

Орхон аймаг

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд  хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: У-д холбогдох

“Сургалтын төлбөр 2 000 000 төгрөг гаргуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2006 оны 10 дугаар сарын 04-нд Утай гэр бүл болж бидний дундаас охин Э төрж эцэг, эх болцгоосон. 2014 оноос бид хоорондын таарамжгүй байдлаас болж тусдаа амьдарч 4 жил болсон. Энэ хугацаанд нөхөр У ч амьдралаа үргэлжлүүлье гэж огт санаачлаагүй. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхээр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан. Тусдаа амьдрах хугацаа болон шүүхээр гэрлэлтээ цуцлуулах хугацаанд У охиныхоо асран хамгаалах, тэжээн тэтгэх, дэмжих, туслах асуудалд сайн дураараа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд охины сургалтын төлбөр, төлбөртэй дугуйлангийн төлбөр, хувцас хунар хэрэгцээ шаардлагыг би өөрөө ганцаараа дааж хариуцаж ирсэн. Шүүхэд нэхэмжлэлээ өгсөн байхад сургалтын төлбөрийг төлнө гэсэн боловч төлсөнгүй. Иймд би Уыг зөндөө харсан тул Уаас охин Эийн 2018-2019 оны сургалтын төлбөрийн мөнгө 3,000,000 төгрөгнөөс Уын амласан 2,000,000 төгрөгийг гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдээ тэжээн тэтгэх тэтвэрийг 18 нас хүртэл гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Хариуцагч У шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие У 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гэрлэлт цуцлуулсан шүүхийн шийдвэрийг гардаж авсан. Одоо Оийн зүгээс гаргасан нэхэмлэлд эсрэг байр суурьтай байна. Миний бие Отэй 2006 оноос ойш хамт амьдарсан. Энэ хугацаанд ажил хөдөлмөр хийж орон байртай болсон. Мөн 8 нэрийн дэлгүүр худалдаж авсан. Энэ бүгдийг От үлдээгээд явсан. Надад сохор зоос ч өгөөгүй. Би авахыг ч бодоогүй. Гэвч би эцэг хүний үүргээ бодож охиндоо чадах хэрээрээ тусалдаг байсан. Харин одоо сргалтын төлбөр хүүхдийн тэтгэлэг дэргийг давхар нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Харин эсрэгээрээ хамт амьдрах хугацаандаа бий болгосон эд хөрөнгийг хуулийн дагуу хуваах хэрэгтэй гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О нь хариуцагч Ут холбогдуулан сургалтын төлбөр 2,000,000 төгрөг гаргуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч, сургалтын төлбөр 2,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна.

Оийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхийн 142/ШШ2018/01222 дугаартай шийдвэрээр гэрлэгсэдийн гэрлэлтийг цуцалсан ба, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Зохигчид 2006 оны 10 дугаар сары 04-нд гэр бүл болж, 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тэдний дундаас охин Э төрсөн. Одоо эрүүл бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.

Охин Э нь эхийн хамт амьдарч байгаа ба хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул гэрлэгчидийн дундаас 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Эийг эхийн асрамжинд үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан тул нэхэмжлэгч О шаардах эрхтэй.

Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан этгээд гэдэгт охин Эийн эх О хамаарах учраас түүнийг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ.

Охин Э 2018-2019 оны хичээлийн жилд Билигт өргөө бүрэн дунд сургуульд элсэн суралцаж байгаа бөгөөд 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 4-12 дугаар ангид 3,000,000 төгрөг болох нь тус сургуулийн сургалтын албаны менежерийн  2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр олгосон тодорхойлолт, Билигт өргөө бүрэн дунд сургуульд суралцуулах гэрээний хуулбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь дээрхи хугацааны сургалтын төлбөрөөс 2,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд охин Эийн 2018-2019 оны хичээлийн жилд 600,000 төгрөгийн төлбөрийг төлжээ. 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж хуульчилсан бөгөөд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа, хөдөлмөрийн чадваргүй, орлогогүй охин Х тэжээн тэтгэх үүрэг эцэг эхийн аль алинд үүснэ.

Иймд охин Эийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр болох  3,000,000 төгрөгийг эцэг эхийн аль алинд хариуцуулах нь зүйтэй байна.

Хариуцагч У нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ бичгийн баримтаар нотолж чадахгүй байх бөгөөд, түүнийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 1,000,000 төгрөг болгосон тул хариуцагч Уаас охин Эийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч От олгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 48,700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Уаас 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 32,529 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч Уаас сургалтын төлбөр 1 000 000 /нэг сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч От олгосугай.

2.Нэхэмжлэгч 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

3.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2-д заасныг баримтлан 2009 оны 07 дугаар сарын 01-ний өөр төрсөн охин Эийг бүс нутагт тогтоосон амьжиргааны доод төвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 нас, /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Уаар нь сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 48,700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Уаас 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч От, 32,529 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.БЯМБАСҮРЭН