Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2019/00024/и |
Дугаар | 00142 |
Огноо | 2019-01-29 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 00142
2019 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 142/ШШ2019/00142 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С-д холбогдох
Сургалтын төлбөр 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М, хариуцагч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие охин Хгийн хамт амьдардаг. Эцэг болох С нь 2012 оноос хүүхдийн тэтгэмж төлж байгаа боловч нэг ч удаа эргэж тойрч байгаагүй. Миний охин төрөлхийн зүрхний цоорхойтой оноштой эмчийн хяналтанд байдаг. Энэ хугацаанд эмчилгээний зардал гэж мөнгө төгрөг авч байгаагүй бөгөөд энэ жил миний охин 1-р ангид элсэн суралцаж байгаа. Сургалтын төлбөр 3,600,000 төгрөгийн төлбөртэй, өдөр өнжүүлэхэд явж байгаа. Иймд эцэг эхийн үүргээ ухамсарлаж, сургалтын төлбөрийн 50 хувь болох 1,800,000 төгрөгийг Сгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М нь надаас охин Хгийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 1,800,000 төгрөгийг нэхэмжилжээ. Энэ төлбөрийг би зөвшөөрөхгүй. Надад тийм боломж байхгүй. Учир нь би 3 хүүхдийн тэтгэвэр төлдөг. Цалингаас өөр орлогогүй хүн гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М нь хариуцагч Сд холбогдуулан охин Хгийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Зохигчид 2011 оны 04 дүгээр сараас дотно харилцаатай болж, гэр бүл болсон бөгөөд 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр охин Х төрсөн байна.
Мын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 645 дугаартай шийдвэрээр Сг Хгийн төрсөн эцэг мөн болохыг тогтоож, эцэг Сгээр сар бүр тэтгэлэг гаргуулан суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, шийдвэрийг С биелүүлж байгаа бөгөөд, 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Х 6 нас хүрч, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Билигт өргөө бүрэн дунд сургуульд суралцаж байгаа болох нь зохигчдын тайлбар, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 645 дугаартай шийдвэрээр нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан этгээд гэдэгт Хгийн эх М хамаарах учраас түүнийг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ.
Охин Х 2018-2019 оны хичээлийн жилд Билигт өргөө бүрэн дунд сургуульд элсэн суралцаж байгаа бөгөөд 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 1-3 дугаар ангид 2,500,000 төгрөг болох нь тус сургуулийн сургалтын албаны менежерийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр олгосон тодорхойлолт, Билигт өргөө бүрэн дунд сургуульд суралцуулах гэрээний хуулбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь дээрхи хугацааны сургалтын төлбөрийн 50 хувийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2018-2019 оны хичээлийн жилд 1,000,000 төгрөгийн төлбөрийг төлжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж хуульчилсан бөгөөд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа, хөдөлмөрийн чадваргүй, орлогогүй охин Хг тэжээн тэтгэх үүрэг эцэг эхийн аль алинд үүснэ. Иймд охин Хгийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр болох 2,500,000 төгрөгийг эцэг эхийн аль алинд хариуцуулах нь зүйтэй байна.
Хариуцагч С нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ 3 хүүхдийн тэтгэлэг төлж байгаа, цалингаас өөр орлогогүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд, түүнийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хувь хэмжээгээр сар бүр тэтгэлэг төлсөн нь хүүхдийн өсөж торних нэн тэргүүний хэрэгцээнд шаардлагатай мөнгөн тэтгэмж юм.
Харин нэхэмжлэгч нь охин Хг өдөр өнжүүлэхэд явуулж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч, өдөр өнжүүлэхэд явуулж байгааг бичгийн баримтаар нотолж чадахгүй байна.
Иймд хариуцагч С.ээс охин Хгийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 1,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 43,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сгээс 34,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч Сгээс 1,250,000 /нэг сая хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 43,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сгээс 34,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН