Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/374

 

  

 

 

 

 

 

 

 

    2023        04          07                                     2023/ШЦТ/374

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;  

 

Улсын яллагч: А.Оргилбаяр;

 

Шүүгдэгч: С.Ч (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке;

 

Хэргийн дугаар:  ...................;

           

Шүүгдэгч С.Ч регистрийн дугаартай:  Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  (Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

С.Ч нь цахим хэрэгсэл ашиглан 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ““ тоот гэртээ байхдаа ““ гэх фейсбүүк хаяг үүсгэн “Гачууртад байрлалтай 2 давхар хаусыг хоногоор түрээсэлнэ” хэмээн хуурамч зар байршуулан уг зарын дагуу өөртэй нь холбогдсон иргэн М.Х-тай “захиалга их учраас урьдчилгаа 100.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж итгүүлэн ХААН банк дахь өөрийн эзэмшлийн ............ дугаарын данс руу шилжүүлэн авч 100.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

мөн цахим хэрэгсэл ашиглан 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ““ тоот гэртээ байхдаа ““ гэх фейсбүүк хаяг үүсгэн “Гачууртад байрлалтай 2 давхар хаусыг хоногоор түрээсэлнэ” хэмээн хуурамч зар байршуулан уг зарын дагуу өөртэй нь холбогдсон иргэн О.Ц-д “захиалга их учраас урьдчилгаа 100.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж итгүүлэн ХААН банк дахь өөрийн эзэмшлийн ............ дугаарын данс руу шилжүүлэн авч 100.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

мөн цахим хэрэгсэл ашиглан 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ““ тоот гэртээ байхдаа ““ гэх фейсбүүк хаяг үүсгэн “Гачууртад байрлалтай 2 давхар хаусыг хоногоор түрээсэлнэ” хэмээн хуурамч зар байршуулан уг зарын дагуу өөртэй нь холбогдсон иргэн Н.О-д “захиалга их учраас урьдчилгаа 100.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж итгүүлэн ХААН банк дахь өөрийн эзэмшлийн ............ дугаарын данс руу шилжүүлэн авч 100.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос С.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ч мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв. 

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Х /хх-ийн 14/, хохирогч О.Ц /хх-ийн 36/, хохирогч Н.О /хх-ийн 53/, гэрч Д.Т /хх-ийн 61-62/ нарын мэдүүлэг, хохирогч М.Хгийн дансны хуулга /хх-ийн 73/, хохирогч О.Цын дансны хуулга /хх-ийн 76/, хохирогч Н.О-ийн дансны хуулга /хх-ийн 78/, С.Чын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 17-18, 41, 57/, С.Чын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 20-24, 63-69/, С.Чын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 8, 32, 49/, хохирол төлсөн баримт /хх-ийн 70-71, 74-75, 77/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Ч нь ““ тоот гэртээ байхдаа 2022 оны 12 дугаар сарын 10-13-ны өдрийн хооронд фейсбүүк (facebook) нийгмийн сүлжээг ашиглан ““ гэх фейсбүүк хаяг үүсгэн “Гачууртад байрлалтай 2 давхар хаусыг хоногоор түрээсэлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон иргэн М.Х, О.Ц, Н.О нарт “захиалга их учраас урьдчилгаа 100.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж тэднээс нийт 300.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны  ............ дансаар шилжүүлэн авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч О.Цын /хх-ийн 36/: “...Би 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цахим фейсбүүк хаяг ухаж байгаад байшин түрээсэлнэ гэсэн зарын дагуу өөрийн О.Ц гэх хаягаараа ““ гэх фейсбүүк хаягтай хүнтэй харьцсан. Тухайн хүн нь “Монгол шилтгээний зүүн талд Гачууртад байгаа 2 давхар 5 өрөө байшин байгаа, уг байшинг хоногоор 400.000 төгрөг болно, яг түрээсэлнэ гэвэл урьдчилгаа 100.000 төгрөг шилжүүл” гэсний дагуу би өөрийн .... гэх данснаасаа 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ............ гэх С.Ч гэх хүний данс руу шилжүүлсэн. Би уг мөнгийг шилжүүлэхдээ Сонгинохайрхан дүүрэгт байрлах гэртээ байхдаа шилжүүлсэн. Уг мөнгөө шилжүүлсний дараа тухайн хүн нь “12 дугаар сарын 21-нд ирж байшингаа үзээд 24-дөө ороорой” гэж хэлсэн.Тэгээд би тухайн өдөр нь холбогдох гэж оролдсон боловч намайг блок хийсэн байсан. Тухайн хүн нь .... гэх дугаарыг өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

О.Цын дансны хуулгаар /хх-ийн 76/,

 

хохирогч М.Хгийн /хх-ийн 14/: “...2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МУИС-ийн төв 3-р байран дээр байхдаа ангиараа шинэ жил тэмдэглэхээр хаус түрээслэхээр болсон. Тэгээд фейсбүүкээр “хаус түрээс” гэсэн зар хайж байгаад “хаус хоногоор түрээсэлнэ” гэсэн зарын дагуу ““ нэртэй цахим хэрэглэгчтэй харьцаад зарын талаар асуухаар зар дээр байсан .... дугаар руу залгахад эхлээд 30-аас дээш насны эмэгтэй хүн аваад манай нөхөртэй ярь гээд 30-аас дээш насны эрэгтэй хүнтэй ярьсан ба тухайн хүнээс “хаус түрээслэх үү” гэж асуухад “Гачууртад байрлалтай 2 давхар хаус байгаа, их хүн залгаж байгаа, ачаалалтай байгаа учир урьдчилгаа мөнгөө шилжүүлбэл баталгаажна” гэж хэлэхээр нь итгээд дансыг нь асуутал ХААН банкны ............ дугаартай Сэнгэринчин Чойном гэх эзэмшигчтэй данс явуулсан ба тухайн данс руу өөрийн ХААН банкны .... дугаартай данснаас 100.000 төгрөгийг “12.24” гэх утгатайгаар шилжүүлсэн юм. Тэгтэл удалгүй тухайн фейсбүүк, зар нь устаад алга болчихсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

М.Хгийн дансны хуулгаар /хх-ийн 73/,

 

хохирогч Н.О-ийн /хх-ийн 53/: “...2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн гэртээ буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, М9 дүгээр байрны 1 тоотод байх үед ангиараа амралтад явахаар болоод би фейсбүүкээр хаус түрээсэлнэ гэсэн зар харж байсан ба хайж байгаад ““ гэх нэртэй цахим хэрэглэгчийн оруулсан байсан “Гачууртад байрлалтай 2 давхарт хаус түрээсэлнэ” гэсэн зарын дагуу зар дээр байсан .... дугаар руу ярихад эрэгтэй хүн авсан. Зарын талаар асуухад “урьдчилгаа мөнгөө шилжүүлчих тэгвэл болно” гэж хэлсэн ба би дансыг нь асуултал ХААН банкны ............ дугаартай Чойном гэх нэртэй данс явуулсан ба би тухайн данс руу нь өөрийн ХААН банкны ..... дугаартай данснаасаа төгрөгийг “12 sariin 17 nd” гэх утгатайгаар шилжүүлсэн. Удалгүй тэр хүн намайг блок хийгээд алга болсон...” гэх мэдүүлгээр,

 

Н.О-ийн дансны хуулгаар /хх-ийн 78/,

               

С.Чын яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн  8, 32, 49/: “...Би 2022 оны 12  дугаар сарын 10-13-ны өдрүүдэд гэртээ байж байхдаа ““ нэртэй хаягаасаа “Хаус түрээсэлнэ” гэсэн зар оруулж байршуулсан. Тэгэхэд уг зарын дагуу хүмүүс залгаж байсан бөгөөд тэр хүмүүст хандаж “маш олон хүн залгаж байна, та урьдчилгаа мөнгө шилжүүлчих” гэж хэлээд өөрийн ХААН банк дахь ............ дугаарын дансаа өгсөн. Би фейсбүүк дэх зар, дугаараа устгасан. 3 хүн 100.000 төгрөгөөр 3 удаа орлогын гүйлгээ хийсэн. Би тэр хүмүүсээс авсан 300.000 төгрөгөө хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан...” гэх мэдүүлэг  зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нар нь шүүгдэгч С.Чын нийгмийн сүлжээнд нийтэлсэн “Гачууртад байрлалтай 2 давхар хаусыг хоногоор түрээсэлнэ” гэсэн худал зар, үйлдэлд хууртагдан төөрөгдсөнөө, шүүгдэгч нь  хохирогч нарыг “захиалга их учраас урьдчилгаа 100.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй” гэж хуурч эд хөрөнгийг нь шилжүүлэн авсныг хохирогч, шүүгдэгч нарын хэн аль зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын дансны хуулгаар тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, С.Ч нь М.Х, О.Ц, Н.О нарын эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хохирогч нарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн өөрийн эзэмшилдээ авч буй С.Чын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч С.Чыг “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хохирол төлбөр хохирогч М.Хгийн 100.000 төгрөг, хохирогч О.Цын 100.000 төгрөг, хохирогч Н.О-ийн 100.000 төгрөгийг нөхөн төлсөн талаарх баримт хавтаст хэргийн 71, 74, 77 дугаар талд авагдсан байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7, 8, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч С.Ч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                           

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ