Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 00263

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 05 өдөр

   Дугаар 142/ШШ2019/00263

Орхон аймаг

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О ХХК холбогдох

920,689,277 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Очиртөв зам ХХК нь Татварын хэлтэст 4392396 тоот регистрийн дугаартайгаар 2013 онд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Монгол улсын татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд Татвар төлөгчийн үүргийг хуульчлан зааж өгсөн байдаг бөгөөд тус хуулийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу Очиртөв зам ХХК нь татвар ногдох зүйл албан татвараа хүлээсэн үүргийнхээ дагуу тодорхойлж татварын хэлтэст тайлагнасан боловч өнөөг хүртэл хуулийн хугацаандаа албан татвараа төлөөгүй байна.

1.Очиртөв зам ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар /Маягт ТТ-03/ 755,970,203.5 төгрөгийн татвар ногдуулан тайлан гаргаж хуулийн хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн хуулийн 16.1 албан татвар төлөгч нь бараа ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурьдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харъяалах татварын албанд тушаана-д заасан байдаг.

2.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28.1-д заасны дагуу албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж өгөхөөр хуульд заасан байна. Татвар төлөгч нь 2017 оны 4 дүгээр улирлын хувь хүний орлогын албан татварын тайлангаар /Маягт ТТ-11/ 163,131,372.8 төгрөг ногдуулан тайлан гаргаж татварын хэлтэст ирүүлсэн, 2018 оны 3 дугаар улирлын хувь хүний орлогын албан татварын тайлангаар /Маягт ТТ-11/ 165,953,599.9 төгрөг ногдуулан тайлан гаргаж татварын хэлтэст ирүүлж энэ хугацаанд 20,000,000 төгрөг төлж 145,953,599 төгрөгийн татварын өрийг хуулийн хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Мөн суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлан /Маягт ТТ-12/-аар 2017 онд 18,447.206.2 төгрөг ногдуулан тайлан гаргаж, 2018 оны 3 дугаар улиралд 18.735.262.2 татварын хэлтэст ирүүлсэн боловч татварын өрийг хуулийн хугацаанд нь -өлж барагдуулаагүй байгаа юм.

3 Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21.4 албан татвар төлөгч нь энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 сарын 10-ны дотор харъяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн тооцоо хийнэ-д заасны дагуу 2018 оны 3 дугаар улирлын тайлангаар тодорхойлсон татварын үлдэгдэл 1.286.7 төгрөг төлөхөөр тайлагнасан боловч өнөөг хүртэл төлөөгүй байна.

4.Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараар 2018 оны үлдэгдэл 28,925 төгрөгийн өртэй байна. Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ-д гэж заасан байдаг.

Татварын ерөнхий хуулийн 43.5 дахь хэсэгт Тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байх тухай хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл татвар төлөгч Очиртөв зам ХХК тухай бүрт нь холбогдох татвараа төлсөн байх үүрэгтэй боловч хуулийн дагуу өр төлбөрөө төлж барагдуулаагүй ба Татварын ерөнхий хуулийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаанд төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулахаар хуульд заасны дагуу татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 33, 62 дугаар зүйлүүдэд заасан шаардлагатай өр барагдуулах процесс ажиллагааг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл татвар төлөгчид мэдэгдэх хуудас хүргүүлэх, банкин дахь харилцах дансуудыг хаах, цалин хөлснөөс нь гаргуулах зорилгоор ажил олгогч байгууллагад нь төлбөрийн хуудас хүргүүлэх, бусдаас авах үнэт цаас, хувьцаанаас нь авах зорилгоор лавлагаа авах, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа гаргуулах зэрэг шат дараалсан арга хэмжээг авч ажилласан боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа бөгөөд татвар төлөгч үүссэн өр төлбөрөө барагдуулахгүй байна. Иймд Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэн Очиртөв зам ХХК-иас 920,689,277.3 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Өнөөдрийн байдлаар нягталж үзэхэд “О” ХХК нь 916,389,277.3 төгрөгийн татварын өртэй байх тул, нэхэмжлэлийн шаардлагаас 4,300,000 төгрөгийг татгалзаж байна гэв.

Хариуцагч “О” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь Т хэлтэстэй хамтран ажилладаг бөгөөд Татварын хэлтсээс шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна.

Үүнд:

1.2018 оны 11-р сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 755,970,203.50 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь үнэн бөгөөд энэ хугацаанаас хойш 14,000,000 төгрөгийг төлж 2018 оны 12-р сарын баталгаажсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 749,509,888.58 төгрөгийн үлдэгдэл өртэй байна.

2.2018 оны 3-р улирлын Цалин хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлангаар 165,953,599.90 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь үнэн бөгөөд энэ хугацаанаас хойш 20,000,000 төгрөг төлж 145,953,599.90 төгрөгийн үлдэгдэл өртэй байна.

Мөн 2018 оны 3-р улирлын Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлангаар 18,735,262.20 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь үнэн бөгөөд энэ хугацаанаас хойш 1,000,000 төгрөгийг төлж 17,735,262.20 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

3.2018 оны 3-р улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 1,286.70 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь үнэн бөгөөд энэ хугацаанаас хойш 1,286.70 төгрөгийг төлж татварын өргүй байна.

4.Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 28,925 төгрөгийн өртэй гэсэн нь үнэн болно.

Нийт дүнгээр 913,227,675.68 төгрөгийн татварын өр төлбөртэй байна. /2018 оны 4-р улирлын тайлан баталгаажаагүй учир дээрх үлдэгдлийг 2018 оны 3-р улирлын баталгаажсан дүнгээр гаргасан болно./ Манай компани 2015-2016 онд Оюу толгой ХХК-ийн захиалгаар Оюу толгой-Гашуун сухайт чиглэлийн 18,6 км хатуу хучилттай автозам барих ажлыг гүйцэтгэж байсан бөгөөд уг гэрээт ажлын санхүүжилтийн маргаантай байдлаас шалтгаалан дээрх татварын өр үүссэн билээ.

Уг татварын өр төлбөрийг барагдуулах талаар бүх чиглэлийн арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд:

- Оюу толгой ХХК-тай санхүүжилтийн асуудлаар маргаантай байгаа бөгөөд бидний зүгээс санхүүжилт авна гэсэн байр сууриа илэрхийлж шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

- Авлагатай компаниудаас авлага цуглуулах үүний дотор Оюу толгой төсөлд туслан гүйцэтгэгчээр ажилласан Оч наран ХХК-аас авах авлага шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжээд байна.

- Ашиглалтгүй үндсэн хөрөнгө, техникийг борлуулах үүнд 2016 онд худалдан авсан бетон зуурмагийн үйлдвэр, бусад тоног төхөөрөмжийг худалдахаар ажиллаж байна.

- Ашиглалтгүй үндсэн хөрөнгө, техникийг түрээслэх үүнд бүх төрлийн техник, кемпийн байгууламж зэрэг хөрөнгийг түрээслэх талаар судалж байна.

Дээрх болон бусад арга хэмжээг хэрэгжүүлэн бид төлвөл зохих өр төлбөрийг барагдуулахаар ажиллаж байгаа хэдий ч цаг хугацаа ихээхэн шаардагдаж байна.

Тиймээс үүссэн татварын өрийг барагдуулах төлбөрийн график тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулах саналтай байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т хэлтэс нь хариуцагч “О” ХХК-нд холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татварын 755,970,203.5 төгрөг, Хувь хүний орлогын албан татварын 145,953,599.9 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 1,286.7 төгрөг, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлийн албан татварын 28,925 төгрөг, суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын 18,735,262.2 төгрөг нийт 920,689,277.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 4,300,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж, 916,389,277.3 төгрөг болгосон.

Хариуцагч нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 1,286.7 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрөөс 14,000,000 төгрөг, суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын төлбөрөөс 1,000,000 төгрөг төлсөн, 913,227,675.68 төгрөгийн татварын өр төлөөгүй, Оюу толгой ХХК-тай санхүүжилтийн маргаантай байдлаас шалтгаалан дээрх татварын өр үүссэн гэж тайлбарлаж, 916,389,277.3 төгрөгийн татварын өрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд  төлөх, 18.1.2-д зааснаар татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаах үүрэгтэй бөгөөд хариуцагч дээрх өр төлбөрийг хуульд заасан хугацаанд төлж барагдуулаагүй байна.

Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд зааснаар татвар төлөгчийн хугацаанд нь төлөөгүй татварын өрийг тус хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэгч татвар төлөгчид мэдэгдэх хуудсыг гардуулах, эд хөрөнгийн лавлагаа авах зэрэг хуульд заасан арга хэмжээ авсан болох нь Татварын албаны мэдэгдэх хуудас, албан шаардлага зэрэг баримтаар, татварын өр төлбөрөө төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, татварын тооцооллын жагсаалт, Татварын албаны мэдэгдэх хуудас, албан шаардлага,  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд  төлөх үүргээ биелүүлээгүй учраас О ХХК-иас татварын өр, төлбөр 916,389,277.3 төгрөг гаргуулах үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “О” ХХК-аас 4,739,896 төгрөг гаргуулж төрийн санд оруулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-аас  татварын өр, төлбөрт нийт 916,389,277.3 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т хэлтэст олгосугай.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 4,300,000 төгрөгнөөс татгалзсан болохыг дурьдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Т хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч “О” ХХК-аас 4,739,896 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.БЯМБАСҮРЭН