Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/302

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Д.Бурмаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0025/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305003680187 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг гэх, Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** дугаар байрны *** тоотод оршин суудаг, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** тоотод 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр ***тэй үл ялих зүйлээс болж маргалдан түлхэж унагаасны улмаас дагзны хуйханд няцарсан шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би өчигдөр орой жижүүртэй ажил дээрээ хоночхоод гэр лүүгээ 13 цагийн үед гарсан. Гэр лүүгээ явах замдаа БНСУ-руу виз хөөцөлдөж байгаа тул Өргөө 1-ийн хажууд байрлах газарт очиж уулзчихаад 16 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд би гэртээ ороод нүүр гараа угаачхаад би нөхөртөө хандаж “би хоол цай идэж уумаар байна” гэж хэлтэл “би чиний зарц чинь юм уу” гэхэд нь би түүнд хандаж чи өдөржингөө гэртээ байгаа байж хийчхэж болдоггүй юм уу гэтэл намайг уурлаад түлхсэн. Түлхэхэд нь би хойшоо шалан дээр нуруу хэсгээрээ дагзаараа паар мөргөж унасан. Тэгтэл миний толгойноос маш их цус гараад байхаар нь би дуудлага өгөх гэтэл миний утсыг булааж авчхаад өгөхгүй байж байгаад гараад явчихсан. Нөхрийгөө гараад явсны дараа би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11 дэх тал),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1087 дугаартай “...***ийн биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь 2023.01.02-ны өдөр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

3. Хохирогч ***ийн *** гэх хүнтэй харилцсан мессежний хуулбар (хавтаст хэргийн 51-53 дахь тал),

4. Шүүгдэгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Тухайн үед би уурлаж бухимдсандаа ийм үйлдэл гаргасан маш их харамсаж байна. Би тухайн үед маш их уурлаж бухимдсан байсан тэгэхэд манай эхнэр *** нь миний өөдөөс уурлаж, орилж намайг хэл амаар доромжилсны улмаас би түүнийг түлхсэн. Энэ нь миний буруу мөн бид 2-ийн хувьд ар гэрийн хувийн таарамжгүй харилцаа байгаа сүүлийн 3 сар орчим *** нь ажлаасаа гэртээ ирэхдээ хэрүүл хийж уурлаж байгаа. Би өмнө ***тэй яг ийм байдлаар 2-3 удаа цагдаагийн байгууллагад шалгагдаад шүүхээр гэр бүл хүчирхийлэл үйлдсэн гэж надад баривчлах шийтгэл оногдуулж байсан.

Манай эхнэр *** нь 1-2 удаа гэр бүлээс гадуурх харилцаатай болж байгаад надад баригдаж байсан тэгээд би ярилцах гэж үзэхээр надтай ярилцдаггүй. Тэгээд би уурандаа гэр бүл хүчирхийлэл үйлдсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн хүүхдүүдийнх нь төрсний гэрчилгээний хуулбар, эхнэрийнх Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан талаар онгоцны тасалбарын хуулбар, шүүгдэгч ***гийн эмнэлэгт хэвтсэн талаарх баримтын хуулбар зэрэг нийт 9 хуудас бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 32 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 38 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 40 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 41 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 42 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 43-48 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан ба энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заажээ. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг хэрхэн ойлгох талаар нарийвчлан зохицуулсан.

Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ...энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн зүйлийн 3.2-д “...энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан ...этгээд нэгэн адил хамаарна” гэж тус тус хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч ***, хохирогч *** нар 2015 онд гэрлэлтээ батлуулсан, энэ хэрэг гарсан 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд эхнэр, нөхрийн харилцаатай хамтран амьдарч байгаа, дундаасаа гурван хүүхэдтэй буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь тогтоогдож байна.

Мөн хэрэг гарсан өдөр шүүгдэгч *** нь өөрийн эхнэр, хохирогч ***тэй үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар хохирогчийг түлхэж газар унагасан үйл баримт хохирогч ***ийн “....би гэртээ ороод гүүр гараа угаачхаад би нөхөртөө хандаж “би хоол цай идэж уумаар байна” гэж хэлтэл “би чиний зарц чинь юм уу” гэхэд нь би түүнд хандаж чи өдөржингөө гэртээ байгаа байж хийчхэж болдоггүй юм уу гэтэл намайг уурлаад түлхсэн. Түлхэхэд нь би хойшоо шалан дээр нуруу хэсгээрээ дагзаараа паар мөргөж унасан. Тэгтэл миний толгойноос маш их цус гараад байхаар нь би дуудлага өгөх гэтэл миний утсыг булааж авчхаад өгөхгүй байж байгаад гараад явчихсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн харилцан агуулгын зөрүүгүй мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1087 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч ***гийн дээрх гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ***ийн эрүүл мэндэд “дагзны хуйханд шарх” бүхий гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарах нь шинжээч эмчийн 1087 дугаартай дүгнэлтээр давхар нотлогджээ.

Иймд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд “гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ...бие биеэ халамжлах, хүндэтгэх, ...хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй…” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ***гийн гэрлэлтээ батлуулсан 8 жил эхнэр нөхрийн харилцаатай амьдарч байгаа, 3 хүүхэдтэй /эхнэр/-ийнхээ бие махбодод удаа дараа халдсан, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй хууль бус үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийг түлхэхэд түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Харин тухайн гэмт хэрэг нь хохирогч, шүүгдэгч нарын гэр бүлийн таарамжгүй харилцаа, хардалтаас үүдэлтэй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдож байх тул үүнийг шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, гэм буруу дээр маргаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1087 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй, “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ***гээс гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА