Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, З.Болдбаатар, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг;

Улсын яллагч: А.Дэлгэрмөнх,

Шүүгдэгч: Э.Энх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхт овогт Эрдэнэбаатарын Энх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201625022690 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 80-16-2 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар УП89032782, Энхт овогт Эрдэнэбаатарын Энх-Эрдэнэ. 

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Э.Энх-Эрдэнэ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 29-ний үүрээр 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Барилгачдын 80 айлын 16-2 тоот өөрийн гэртээ, эгч Э.Энхжаргалтай маргалдан зүүн дал, баруун өгзгөнд хутгалан амь биед аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Энх-Эрдэнэ мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, Мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Энхжаргал /хх-ийн 23/, гэрч Н.Энхтайван /хх-ийн 25-26/, гэрч П.Нямцэцэг /хх-ийн 27/, гэрч Г.Шинэбаяр /хх-ийн 28/, гэрч Э.Хуягбаатар /хх-ийн 29/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹15181 дүгнэлт /хх-ийн 33/, шүүгдэгч Э.Энх-Эрдэнийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч Э.Энх-Эрдэнэ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 29-ний үүрээр 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Барилгачдын 80 айлын 16-2 тоот өөрийн гэртээ, эгч Э.Энхжаргалтай маргалдан зүүн дал, баруун өгзгөнд хутгалан амь биед аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Э.Энхжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 10 дугаар сарын 28-ны орой манай дүү Энх-Эрдэнэ гаднаас жаахан халамцуу орж ирээд бид 2 хоорондоо маргалдсан юм шиг байна лээ. Би тэр талаар сайн санахгүй байна. Нэг сэргэтэл би хутгалуулсан байдалтай гэртээ хэвтэж байсан. Тэгээд түргэн ирээд намайг аваад явсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23/,

           

Гэрч Н.Энхтайван мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Манай том охин Энхжаргал бага охин Энх-Эрдэнэ бид нар нэг хашаанд хамт амьдардаг. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 28-ны орой манай том охин Энхжаргал хамтран амьдрагч Түмэнжаргалтай маргалдаад найз Нямцэцэгийг дуудаад тэр 2 Энхжаргалын гэрт архи уусан байсан. Энх-Эрдэнийн гэрт орсон чинь Энх-Эрдэнэ 1 шил 0.33 литрийн архи, 1 шил 0.5 литрийн пиво ширээн дээрээ тавьцан сууж байхаар нь чи яаж байгаа юм бэ гэсэн чинь хамтран амьдрагч Шинэбаяртайгаа маргалдсан гээд ганцаараа ууж байсан. Тэгэхээр нь би чи наад архиа уучихаад унтаарай гэж хэлээд гарсан. Тэгээд хэсэг байж байгаад 04 цагийн орчим Энх-Эрдэнийн гэрт ортол Энх-Эрдэнэ нөгөө архиа уугаад дуусчихсан буруу хараад суучихсан хүүхдээ хөхүүлж байсан. Тэгтэл Энхжаргал миний араас орж ирээд чи яахаараа миний нөхөр рүү мессэж бичдэг юм бэ? би чиний эгч чинь ш дээ чи миний амьдралд ордог хэн бэ гээд Энх-Эрдэнийг үсдээд хойш нь татсан чинь Энх-Эрдэнэ хойшоогоо унасан. Тэгэхээр нь Энхжаргалын гарыг салгасан чинь үүдэнд байсан угаадастай хувинг аваад Энх-Эрдэнийн толгой руу хувинг угласан. Тэгтэл Энх-Эрдэнэ хувинг толгойноосоо аваад шидээд дээшээгээ босоод ирсэн. Тэгтэл Энхжаргал намайг битгий баашлаад бай гээд миний дээрээс хөлөөрөө нэг дэвссэн. Тэгтэл Энх-Эрдэнэ ээж уначихлаа түргэн дуудаач гэтэл Энхжаргал наад авгай чинь худлаа баашилж байгаа гэсэн. Тэгтэл Энх-Эрдэнэ уурлаад та яахаараа ээжийг ингэдэг юм гээд тэр 2 хоорондоо барилцаж аваад ноцолдоод байсан. Тэгээд би арай гэж босоод тэр хоёрыг салгаад Энхжаргалыг аваад гарах гэж байгаад эргээд харсан чинь Энх-Эрдэнэ гартаа эврэн иштэй юм шиг хутга барьсан байсан. Тэгээд хартал нөгөө хутга нь цус болсон байхаар нь би чи эгчийгээ хутгалчихаж байгаа юм уу гэтэл би хутгалаагүй гэсэн. Тэгээд би Энхжаргалыг аваад гэрт нь оруулчихаад буцаад Энх-Эрдэнийн гэрт ортол Энх-Эрдэнэ би эгчийгээ хутгалчихлаа ш дээ гээд орилоод байсан. Энх-Эрдэнэ Энхжаргалын хамтран амьдрагч Түмэнжаргал руу чи миний эгч, миний эгчийн хүүхэд нарыг битгий элэг бариад байгаарай гэсэн утгатай мессэж бичсэн юм шиг байна лээ. Тэгтэл нөгөө Түмэнжаргал нь Энхжаргал руу танай дүү чинь намайг дарамталлаа гэж мессеж бичсэн юм шиг байна лээ. Түүнээс болж маргаан үүссэн…” /хх-ийн 25, 26/,

          

           Гэрч П.Нямцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 10 дугаар сарын 28-ны орой 22 цагийн орчим манай найз Энхжаргал над руу утсаар яриад манай гэрт хүрээд ирээч гэхээр нь би очсон. Тэгээд намайг гэрт нь ортол Энхжаргал 0.5 литрийн архи авсан сууж байсан ба бид 2 тэр архийг хувааж уусан. Тэгээд бид 2 дэлгүүр гарч дахин 0.33 литрийн архи 1 шилийг авч Энхжаргалын гэрт нь очоод хувааж уусан. Тэгээд байж байтал Энхжаргалын дүү Энх-Эрдэнэ гэрт нь орж ирээд Энхжаргалын хамтран амьдрагч Түмэнжаргалын талаар яриад хоорондоо маргалдаад байхаар нь би Энх-Эрдэнийг гаргаад гэрт нь оруулсан. Тэгээд байж байтал Энхжаргал дүү Энх-Эрдэнийн гэрт нь орно гэхээр нь би Энхжаргалын гэрт нь унтаад үлдсэн. Тэгээд үүрээр 4 цаг өнгөрч байхад ээж Энхтайван нь орж ирээд Энх-Эрдэнэ Энхжаргалыг хутгалчихлаа гэхээр нь би гараад хартал Энхжаргалын нуруу орчим нь их хэмжээний цус болсон Энх-Эрдэнийн гэрийн гадаа зогсож байсан. Тэгэхээр нь Энхтайвантай хамт Энхжаргалыг өргөөд гэрт нь оруулаад ээж Энхтайван нь цагдаа дуудаад би түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

 

Шүүгдэгч Э.Энх-Эрдэнийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Энхжаргалын биед “…зүүн далны гадна дунд хэсгээр цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус, хий хуралдалт, зүүн уушгины авчийлт, баруун өгзгөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” гэх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ¹15181 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.Энх-Эрдэнийг бусдыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Энх-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө сайн дураараа төлсөн, энэ хэрэгт хохирогчийн зохих буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Харин түүнийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэн үзэх нөхцөлд тооцов.

 

Шүүгдэгч Э.Энх-Эрдэнэ 2012.04.15-ны өдөр төрсөн 4 настай, 2014.12.11-ны өдөр төрсөн 2 настай, 2016.07.25-ны төрсөн 6 сартай бага насны хүүхэдтэй болох нь тэдний төрсний гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байх тул түүнд шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хуульд заасан хугацааны дотор хойшлуулах нь Хүүхдийн эрхийн тухай Олон улсын конвенцийн 3 дугаар зүйлд “… шүүх …хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна…” гэсэн зарчмыг хангах үндэслэл болно.

 

Хохирогч Э.Энхжаргал нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тэмдэглэвэл зохино.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг 27 см, хар эрээн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Энхт овогт Эрдэнэбаатарын Энх-Эрдэнийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дүгээр зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энх-Эрдэнийг 05  /таван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Энх-Эрдэнэд оногдуулсан 05 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.    Ялтан Э.Энх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

5.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 27 см орчим урттай, хар эрээн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энх-Эрдэнэд шүүхээс 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж, хүүхдээ асарч хүмүүжүүлэх үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай. 

 

7.  Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Энх-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        М.АЛДАР

 

                                                                ШҮҮГЧИД                              З.БОЛДБААТАР

 

                                                                                                                 Х.ИДЭР