| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2025/0320/3 |
| Дугаар | 221/МА2025/0420 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2025/0420
А.Б-ын гомдолтой
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч А.Б
Хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын улсын байцаагч Б.Т
Нэхэмжлэлийн шаардлага: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын улсын байцаагч Б.Т-ийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 010**** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0373 дугаар шийдвэр
Давж заалдах шүүх хуралдааны оролцогчид
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 128/2025/0320/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч А.Б нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын улсын байцаагч Б.Т-д холбогдуулж “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын улсын байцаагч Б.Т-ийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 010**** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0373 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 5, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн А.Б-ын гомдолтой, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын улсын байцаагч Б.Т-д холбогдох “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын улсын байцаагч Б.Т-ийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0103***** дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан тухайд: Нэхэмжлэгчийн хувьд 8 нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан үйл баримт байгаа боловч эдгээр 8 нэр төрлийн бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлсэн, худалдсан, худалдаагүй эсэх талаар хэргийн оролцогч талууд огт маргаагүй. Харин шийтгэлийн хуудасны үндэслэл болж буй маргаан бүхий Vitamin C chewable гэх бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй худалдсан, худалдаагүй гэх асуудлаар хэргийн оролцогч талууд маргасан. Энэ нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 7 дахь талд даргалагч “Бүртгүүлэхгүйгээр худалдана гэдэг нь аль нь вэ” гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Swisse брэндийн витамин С”, мөн талд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “бусад 8 бүтээгдэхүүн нь бүртгэлтэй, Swisse брэндийн витамин С бүртгэлгүй” гэж, даргалагчаас “Бусад 8 бүтээгдэхүүн нь бүртгэлтэй гэдэгтэй маргахгүй байгаа юм уу” гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “маргахгүй байгаа” гэж хариулжээ. Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д зааснаар хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар буюу 8 нэр төрлийн бүтээгдэхүүний бүртгэлийг тогтоогоогүй гэж дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
Захиргааны байгууллага өөрийн гаргасан захиргааны актын үндэслэлээ нотлох ёстой: 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын тогтоолд “иргэн А.Б нь Австрали улсын Swisse үйлдвэрлэгчийн “Vitamin C chewable” нэртэй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг 2024 оны 5 дугаар сараас эхэлж “******************” фэйсбүүк пэйжээр Zary.mn сайтад улсын бүтгэлд бүртгүүлэхгүйгээр худалдан борлуулсан байж болох нөхцөл байдал тогтоогдож байх тул зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах үндэслэлтэй байх...” гэжээ. Эм, Эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын улсын байцаагчийн шийтгэлийн хуудасны үндэслэл нь Swisse үйлдвэрлэгчийн “Vitamin C chewable” витаминыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, худалдсан үйлдэлд зөрчлийн хэрэг нээсэн прокурорын тогтоол, мөн шүүх хуралдааны тэмдэглэлийн 8 дахь талд хариуцагч “Прокурор татгалзсан материалыг шалгаж үзээд үндэслэлгүй байна. Худалдан борлуулсан байна гээд дахин зөрчлийн хэрэг нээсэн” гэж, мөн талд хариуцагчаас “Бүртгэлгүй барааг зарсан гэж үзэж байгаа” гэжээ. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлд бүртгүүлээгүй маргаан бүхий “Vitamin C chewable” витаминыг бусдад худалдан борлуулсан үйлдэлд шийтгэлийн хуудас оногдуулсан байдаг.
Гэтэл нэхэмжлэгчийг маргаан бүхий “Vitamin C chewable” витаминыг бусдад худалдан борлуулсан гэх үйл баримт нотлогдоогүй буюу зөрчлийн хэрэгт энэ талаарх нотлох баримт байдаггүй, шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дахь талд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...иргэн А.Б-ын дансны хуулгаар орлого зарлага гарсан байх магадлалтай” гэж, даргалагчаас “Swisse брэндийн Витамин С-г зараагүй ш дээ гэх асуултад хариуцагч “Зарын сайтаас аваагүй байж болох ч тухайн иргэнээс авсан байж болно” гэж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Зарсан гэдэг өөр баримт байхгүй гэж ойлгох нь зөв үү” гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Зөв. Хэрэгт байгаа баримтаас өөр баримт байхгүй” гэж хариулжээ.
Мөн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл буюу Эм, Эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Б.Т-ийн тайлбар хүргүүлэх тухай албан бичигт “Мэдээлэл баримт бичигт иргэн А.Б нь Zary.mn цахим дэлгүүрээр дамжуулан 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд нийт 8 удаа Swisse брэндийн бүтээгдэхүүнийг худалдсан бөгөөд эдгээр бүтээгдэхүүн дотор гомдол мэдээлэлд дурдсан Swisse брэндийн Vitamin C chewable бүтээгдэхүүн илрээгүй тул хууль бусаар олсон орлогыг тооцох боломжгүй байна” гэжээ. Хариуцагч өөрийн шийтгэлийн хуудасны үндэслэл болох “худалдсан” гэх зөрчлийг нотолж чадаагүй, өөрийн хэрэгт үйлдсэн тэмдэглэлдээ худалдсан үйл баримт илрээгүй гэсэн атлаа нэхэмжлэгчийг тус бүтээгдэхүүнийг худалдсан гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй: Хуульд заасан хугацаанд шийдвэр гаргаагүй тухай: Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэжээ. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл зөрчлийн талаарх гомдол мэдээллийг “И” НҮТББ-аас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан байх бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зөрчлийн хэрэг нээжээ. Хуульд заасан хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойш ажлын 5 хоног буюу 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор шийдвэр гаргах байсан бөгөөд зөрчлийн хэрэг нээгдсэн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгасан талаарх баримт шийдвэр хэрэгт авагдаагүй.
Үзлэг хийсэн тухай: Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ”, мөн зүйлийн 7-д “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно” гэж тус тус заасны дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Т-ийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэлд иргэн А.Б-ыг оролцуулан үзлэг хийсэн гэх боловч Шүүх хуралдааны тэмдэглэлийн 9 дэх талд Даргалагчаас “...Зөрчлийн хянан шалгах тухай хуульд та А.Б-ыг оролцуулаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм уу” гэхэд, Хариуцагч “Зөвшөөрч байна” гэж хариулжээ. А.Б үзлэгт оролцоогүй, гарын үсэг зураагүй, мөн хариуцагч үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрч оролцуулалгүй хийсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд шийтгэлийн хуудас оногдуулах үндэслэл тогтоогдохгүй, зөрчил үйлдсэн талаар нотлогдохгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй байх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад нотлох баримтыг буруу үнэлж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг өөрчилж, гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын улсын байцаагч Б.Т нь “Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын “Э” ТББ-аас ирүүлсэн ****************** /Б/ фэйсбүүк хуудас нь ашиг олох зорилгоор эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдаж байна гэх асуудлыг шалгаж, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 010**** дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан А.Б-ыг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй хуулиар хориглосон заалтыг зөрчсөн гэх зөрчилд А.Б-ыг 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгчээс “...маргаан бүхий “Vitamin C chewable” /Витамин Ц чувайбл/ витаминыг бусдад худалдан борлуулсан гэх үйл баримт нотлогдоогүй буюу зөрчлийн хэрэгт энэ талаарх нотлох баримт байдаггүй... Хариуцагч өөрийн шийтгэлийн хуудасны үндэслэл болох “худалдсан” гэх зөрчлийг нотолж чадаагүй, тэмдэглэлдээ худалдсан үйл баримт илрээгүй гэсэн атлаа нэхэмжлэгчийг тус бүтээгдэхүүнийг худалдсан гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” хэмээн маргасан.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “И” НҮТББ-аас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “******************” фэйсбүүк пэйж нь Zary.mn /Зары.мн/ сайтад эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг зөвхөн ашиг олох зорилгоор худалдаалж, зөрчил гаргаж байна” гэх гомдлыг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын эмийн аюулгүй байдлын тандалт, судалгааны газар болон чанарын хяналтын газарт гомдол[1] гаргаж, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ** дугаар “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоолоор[2] А.Б-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн байна.
5. Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Үзлэг хийсэн тухай” тэмдэглэлээр[3] Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: “...“******************” фэйсбүүк хуудсыг шалгахад Vitamin C chewable multivitamin нэртэй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан гэх гомдол мэдээлэлд мэдүүлэг авах, үзлэг хийх зэрэг ажиллагааг хийхэд ашиг олох зорилгоор худалдан борлуулахыг хориглосон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан гэх зөрчил нотлогдохгүй байх тул” гэх тэмдэглэл, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд /эзэмшигч оролцоогүй тохиолдолд хөндлөнгийн гэрч оролцуулах/ хөндлөнгийн гэрч: Байхгүй” гэж,
5.1 Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Үзлэг хийсэн тухай” тэмдэглэлд[4] “...“******************” фэйсбүүк пэйж хуудсаараа дамжуулан Австралийн Swisse /Свисс/ брэндийн Vitamin C chewable бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан нь “Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын энх хөтөч” НҮТББ-аас ирүүлсэн фэйсбүүк хуудсын зураг, бүтээгдэхүүн борлуулсан баримт зэргээр тогтоогдсон. Үзлэгээр тухайн “******************” фэйсбүүк пэйж хуудсаар дамжуулан худалдан борлуулсан Vitamin C chewable, мултивитамин зэрэг бүтээгдэхүүнийг Монгол улсад бүртгэлтэй эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний цахим лавлах /www.druginfo.mohs.mn/-ын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний хэсгээс худалдааны нэр болон үйлдвэрлэгчийг тулган шалгахад мэдээлэл гарч ирэхгүй байгаа нь Монгол улсын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй бүтээгдэхүүн болох нь тогтоогдсон”,
5.2 Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” тэмдэглэлд “...Мэдээлэл баримт бичигт иргэн А.Б нь Zary.mn цахим дэлгүүрээр дамжуулан 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд нийт 8 удаа Swiss брэндийн бүтээгдэхүүнийг худалдсан бөгөөд эдгээр бүтээгдэхүүн дотор гомдол мэдээлэлд дурдсан Swisse брэндийн Vitamin C chewable бүтээгдэхүүн илрээгүй тул хууль бусаар олсон орлогыг тооцох боломжгүй байна” гэжээ.
6. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /2024 он/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хүсэлт, баримт бичиг, түүнд хийсэн шинжээчийн дүгнэлт, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн уг бүтээгдэхүүнийг бүртгэнэ”, 41.3-т “Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулсан Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бүртгүүлнэ”, 41.6-д “Энэ хуулийн 41.1-д заасны дагуу бүртгэгдсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний жагсаалтыг цахим хуудсанд байршуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавина”, 41.12-т “Энэ хуулийн 41.6-д заасны дагуу бүртгэгдсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг иргэн, хуулийн этгээд борлуулж болно” гэж заасан.
7. Эрүүл мэндийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/295 дугаар “Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам”-ын 1.13-т “БИБ гэдэгт хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг дэмжих, шаардлагатай шимт бодис, илчлэгийг нөхөх үйлчлэл бүхий бүтээгдэхүүн хамаарах бөгөөд БИБ-ийг хүнийг өвчнийг эмчлэх, оношлох зорилгоор хэрэглэхгүй”, 1.17-д “БИБ бүртгүүлэгч нь тухайн үйлдвэрлэгч эсхүл түүнийг Монгол Улсад төлөөлөх албан ёсны эрхтэй хуулийн этгээд байна” гэжээ.
8. ****************** /Б/ дэлгүүрийн Swiss /Свисс/ брэндийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын мэдээллээр нийт 8 төрлийн “Magnesium-Calcium-D3” /Магни-Кальци-Д3/ биологийн идэвхт бүтээгдэхүүн, Zary.mn /Зары.мн/ платформ дээр байршуулсан Swiss /Свисс/ брэндийн бараа бүтээгдэхүүний мэдээллээр “Vitamin C chewable” /Витамин Ц чувайбл/, Magnesium-Calcium-D3 /Магни-Кальци-Д3/ витаминыг тус тус А.Б нь худалдан борлуулсан байна.
9. Гомдол гаргагчаас “...Swisse брэндийн биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг “А” ХХК бүртгүүлэх үүргийг хүлээсэн, энэ үүргийн хүрээнд Swisse брэндийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн нь Монгол Улсад бүртгэлтэй” гэж тайлбарладаг, мөн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр “Zary.mn цахим дэлгүүрээр дамжуулан 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд нийт 8 удаа Swiss брэндийн бүтээгдэхүүнийг худалдсан бөгөөд эдгээр бүтээгдэхүүн дотор гомдол мэдээлэлд дурдсан Swisse брэндийн Vitamin C chewable бүтээгдэхүүн илрээгүй тул хууль бусаар олсон орлогыг тооцох боломжгүй” гэж тодорхойлсон.
10. Хууль, журамд биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулсан Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бүртгүүлсэн байхаар тухайлан заасан, энэхүү шаардлагыг зөрчиж биологийн нэмэлт бүтээгдэхүүн бүртгүүлэлгүй худалдан борлуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан.
11. Харин гомдол гаргагчаас “Swisse брэндийн биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг “А” ХХК бүртгүүлэх үүргийг хүлээсэн, энэ үүргийн хүрээнд Swisse брэндийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн нь Монгол Улсад бүртгэлтэй” гэж тайлбарласныг буруутгах үндэслэлгүй, А.Б нь иргэн хүний хувьд тухайн биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгүүлэх үүрэггүй байна.
12. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, хуулиар хориглосон зүйл, стандартыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
13. Гомдол гаргагч А.Б нь сайтаар дамжуулж Swisse брэндийн Vitamin C chewable гэх олон улсын нэршил нь /Ascorbic acid/ Аскорбик асид буюу Витамин Ц бүтээгдэхүүнийг байнгын худалдан борлуулсан гэх үйл баримт бүрэн нотлогдоогүй байхад улсын байцаагчаас улсын бүртгэлд бүртгүүлээгүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан гэж үзэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.
14. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино” гэж зааснаар хариуцагчийн зүгээс тухайн бүртгэлгүй гэх эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд болон шууд бусаар ноцтой аюул, хор хохирол учруулж байгаа, учруулж болох нөхцөл байдал үүсэх эсэхэд дүгнэлт гаргуулах буюу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхээ эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлээгүй байна.
15. Мөн анхан шатны шүүх Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /2010 он/-ийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн 22.7-д зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна” гэх заалтыг үндэслэл болгож “...А.Б нь өөрийн цахим хуудсанд 8 нэр төрлийн бүтээгдэхүүн байршуулж худалдан борлуулсан, тэдгээрээс Swisse үйлдвэрлэгчийн Vitamin C chewable нэртэй биологийн идэвхт бүтээгдэхүүн нь Монгол улсад бүртгэлгүй” гэж дүгнэж, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүчингүй болсон хуулийг тайлбарлаж шийдвэрлэсэн нь буруу.
16. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасан бөгөөд энэхүү тохиолдолд бүртгэлгүй витамин Ц цахимд байршуулсан, худалдан борлуулсан гэх гомдол гаргасан төрийн бус байгууллага болон бусад этгээдэд аливаа нэг байдлаар хохирол учруулаагүй, зөрчлийн шинж байдлын хувьд нийтэд илэрхий биологийн идэвхт бүтээгдэхүүн буюу витамин Ц нь үрэвслийн эсрэг, дархлаа дэмжих зорилгоор нийтлэг хэрэглэдэг витамин бөгөөд хуурамч бүтээгдэхүүн болохыг шинжээч томилох замаар нотлоогүй байх тул ийнхүү зөрчилд тооцож, шийтгэл оногдуулсан нь зөрчлийн шинж байдал, нөхцөлд тохироогүй байна.
17. Зөрчлийн тухай хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд орших бөгөөд “шударга ёсны зарчим” гэж мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж зааснаас үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон зөрчил тус бүрд шийтгэл оногдуулах нь зүй ёсны байх бөгөөд “бүртгүүлэх үүрэг хуулиар хүлээгээгүй этгээдийг биологийн нэмэлт бүтээгдэхүүн бүртгүүлэхгүй, худалдан борлуулсан” хэмээн буруутгасан нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0373 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /2024 он/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3, 41.6, 41.12 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч А.Б-ын гомдлыг хангаж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын улсын байцаагч Б.Т-ийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 010**** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтыг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА