Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/304

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатар,

Хохирогч ***ын өмгөөлөгч С.Гангантөгс /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 3340/,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Н.Жамъян /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0572/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303000800110 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “***” ТӨХХК-д түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн гэрээний мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суудаг /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 23 дугаар хороо, “***” хүнсний дэлгүүрийн хойд талын замд 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 07 цаг 30 минутын орчимд “Ford Escape” *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” Мөн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ***ыг “Тоёота пробокс” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хавсарч мөргөн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэл:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 5-6, 7, 8, 9-11 дэх тал),

2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “...*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан ***-ийг драйгер багаж ашиглан шалгахад 0.00% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал),

3. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 07 цаг 30 минутын орчимд хүү ***ын хамт хотын төв рүү эмнэлэг орох гээд Зурагтын шинэ эцсийн автобусны буудал дээрээс такси бариад хүү *** машины хойд талд суугаад би машины жолоочийн хажуу талын урд талын суудал дээр суух гээд уг автомашины хойгуур нь тойроод урд талын хаалганы харалдаа ирэх үед миний хойд талаас машин ирж намайг мөргөөд би шидэгдээд суух гэж байсан машиныхаа урд тал руу унасан. Тэгээд удалгүй түргэний машин ирээд намайг гэмтлийг эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед миний хүү *** надтай хамт явсан. Ослын улмаас толгойн духны яс цөмөрсөн. 2022 оны 05-р сард би дэлүүний хорт хавдартай гэж оношлогдсон. Одоо би хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа. Би тэр машиныг ойртон ирж байгааг хараагүй. Тухайн үед гадаа гэгээ орсон байсан ба цаг агаар тогтуун байсан. Надад хэрэгт хавсаргаж өгөх хохирлын баримт байхгүй. Жолооч *** миний эмчилгээний зардалд бэлнээр 800.000 төгрөг өгсөн. Надад одоо жолооч ***д ямар нэгэн гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. ***эс надад ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

4. Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 7 цаг 30 минутын орчимд өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашиныг жолоодоод Зурагтын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явж байсан чинь завсрын автобусны буудлын зүүн талд хоёр хүн гар өргөхөөр нь баруун гар тал руугаа шахаж 1-р эгнээнд уг хүнийг суулгах гээд зогссон. Нэг хүн нь жолоочийн талын арын хаалгаар хойд талын суудал дээр суусан. Тэр залуу хүн “аав та дулаахан юм чинь урд талд суучих” гэхээр нь аав нь гэх настай эрэгтэй хүн машины араар тойроод жолоочийн хажуу талд суух гээд зүүн урд талын хаалганы харалдаа ирэх үед гэнэт түс тас хийгээд явчихсан. Тэр үед машинд суух гэж байсан настай хүн миний машины хамар дээгүүр даваад машины урд талд унасан. Би харангуутаа машинд сууж байсан залуугийн хамт машинаасаа буугаад тэр настай хүн дээр очсон. Тэр хүнийг мөргөсөн машин цаана нь зам дээр хөндөлдөөд нэг, хоёр дугаар эгнээг дамнасан байдалтай зогсож байсан. Тэр хүнийг мөргөсөн машины жолооч гэх 30 гаран насны эрэгтэй хүн машинаасаа бууж ирсэн. Нөгөө машины жолооч 102 болон 103-т дуудлага өгсөн. Дуудлага өгөөд ирэхгүй удаад байхаар нь би бас өөрийнхөө утсаар дуудлага дахиад өгсөн. Удалгүй түргэн тусламжийн машин ирээд мөргүүлсэн хүнийг эмч нь үзээд шууд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Дараагаар нь цагдаагийн бүрэлдэхүүн ирээд осол гарсан газарт хэмжилт хийсэн. Хэмжилт хийж дууссаны дараа нөгөө машиныг ачилтын машинаар ачаад явсан. Ослын улмаас миний биед гэмтэл учраагүй. Тухайн үед миний машиныг шүргээд явсан болохоор биед гэмтэл авах хэмжээний юм болоогүй. ...Ослын улмаас уг тээврийн хэрэгслийн зүүн хойд талын крыло хонхойсон, зүүн урд болон хойд талын хаалга хонхойсон, зүүн талын толь хугарсан. Хохирлын үнэлгээ хийлгэхэд 1.065.000 төгрөгийн хохирол учирсан байсан. ... *** миний нэхэмжилсэн 1.145.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад одоо жолооч ***д ямар нэгэн гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34, 35 дахь тал),

5. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин. Би Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод ирээд 7 хонож байгаа. Тухайн осол гарсан өдрийн өглөө 6 цагийн орчимд миний хүү *** машин нь асахгүй байна, ажлаасаа хоцорлоо гэхээр нь би хүүдээ миний машиныг унаад яв гэж хэлээд машинаа өгч явуулсан. Тэгээд удаагүй байтал намайг унтаж байхад манай хүү над руу залгаад би осол гаргачихлаа гэж хэлсэн. Хуульд гэм хор хохирлыг төлж барагдуулахаар заасан байгаа учир би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. ...Ослын улмаас уг тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээ хийлгэхэд 755.000 төгрөгийн хохирол учирсан байсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51, 54 дэх тал),

6. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 1579 дугаартай: “...***ын биед дух яснаас баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, дух, баруун хөмсөгт зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, хэвлий, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 77-79 дэх тал),

7. “Ашид билгүүн” ХХК-ын автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний: “...Тоёота пробокс” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.065.000 төгрөгийн нийт хохирол учирсан...” гэх тайлан (хавтаст хэргийн 95-96 дахь тал),

8. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 296 дугаартай: “...*** улсын дугаартай Ford Escape маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн хэрэг, осол гарах шалтгаан нөхцөл болсон гэх үндэслэлтэй нь цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. ...*** улсын дугаартай Toyota Probox маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Явган зорчигч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх магадалгаа (хавтаст хэргийн 101-102 дахь тал),

9. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар санхүү бүртгэлийн хэлтсийн: “...*** эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 250.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь *** тоот дансанд төлсөн нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 153, 154 дэх тал),

10. Шүүгдэгч ***ийн иргэний нэхэмжлэгч ***, хохирогч *** нарт хохирол нөхөн төлсөн талаарх Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 145-147 дахь тал),

11. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 7 цаг 30 минутын орчимд төрсөн ээж *** эзэмшлийн *** улсын дугаартай форд маркийн автомашиныг жолоодоод Баянхошуунаас Зурагтын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байх үед завсрын автобусны буудал ойртох үед буудлын урд талд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд буудлын карманы үзүүрт Т.Пробокс маркийн автомашин зогсож байсан ба уг автомашины хойгуур нь явган зорчигч гараад ирэхээр нь би машинаа зүүн гар тал руугаа дарах гэсэн боловч зүүн талын эгнээгээр машин явж байсан болохоор би машиныхаа тоормосыг гишгэхэд машин гулгаад нэгдүгээр эгнээнд зогсож байсан Т.Пробокс маркийн автомашиныг мөргөсөн ба тэр үед бас явган зорчигчийг мөргөөд тэр хүн мөргүүлсэндээ цааш шидэгдээд зогсож байсан машины талд зорчих хэсэг дээр унасан байсан. ...Би хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би хохирогч Баатарцогтын эмчилгээний зардал болох нийт 1.000.000 төгрөгийн хохирлыг хүү ***ын данс руу шилжүүлж төлж барагдуулсан. Мөн Т.Пробокс маркийн автомашины хохирол болох 1.145.000 төгрөгийг эзэмшигч ***ийн данс руу шилжүүлж хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118-119 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн баталгааны хуулбар, эхнэр ***ын 4 сартай жирэмсэн талаарх эмнэлгийн тодорхойлолт зэрэг хувийн байдалтай холбоотой 5 хуудас баримт зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч ***н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ***тэй 2013 онд их сургуульд хамт нэг ангид орсон цагаас эхлэн найзалсан. Миний найз *** нь сэргэлэн цовоо зантай, хичээлдээ их сайн байсан. Олон их нөхөрсөг харьцдаг, аливаа зүйлд их хариуцлагатай ханддаг, анги хамт олон дундаа их нэр хүнд сайтай байсан. Сургуулиас зохиогддог аливаа арга хэмжээнд идэвхтэй оролцдог байсан. Санаачлагчтай, нийгмийн идэвх сайтай, найз нөхөд олонтой, багш нарт их үнэлэгддэг оюутан байсан. Одоо ч гэсэн найзуудыгаа гэдэг сэтгэл гаргаж явдаг. Гэр бүлийн хувьд эхнэр, 1 охины хамт амьдарч байгаа. Гэр бүлдээ хайр халамжтай, гэр бүлийн хүмүүжил сайтай, их зөв төлөвшилтэй хүн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 120 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 122 дахь тал), жолоодох эрхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 123 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 124 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 125 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 126 дахь тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 127 дахь тал), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 128 дахь тал), шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад тэнцсэн тухай гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 130-131 дэх тал), бакалаврын дипломын хуулбар (хавтаст хэргийн 134-135 дахь тал), сурагчийн хувийн хэргийн хуулбар (хавтаст хэргийн 136-143 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***эс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 66-67 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

Мөн дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заажээ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хохирогч ***, иргэний нэхэмжлэгч *** нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 1579 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ын автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 296 дугаартай магадалгаа зэрэг баримтуудаар шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 23 дугаар хороо, “***” хүнсний дэлгүүрийн хойд талын замд 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 7 цаг 30 минутын орчимд “Ford Escape” *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, үүний улмаас явган зорчигч ***ыг “Тоёота пробокс” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын урд суудалд суух гэж явахад нь хавсарч мөргөн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” Мөн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж тус тус заасан тул шүүгдэгч ***ийг дээрх хууль, дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

Мөн уг зам тээврийн осолд өртсөний улмаас хохирогч ***ын биед дух яснаас баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, дух, баруун хөмсөгт зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, хэвлий, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан бөгөөд гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн 1579 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна. 

Иймд шүүгдэгч ***ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” үйлдсэн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч ***ийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч П.Жамъян нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх байр суурьтай оролцсон болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, мөн зүйлийн 1.2-т заасан “...хохирол нөхөн төлсөн...” гэсэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар урьд ял шийтгүүлж байгаагүй байх ба бага насны 1 хүүхэдтэй, эхнэр нь 4 сартай жирэмсэн байна.

Иймд шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хуульд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлууд болон түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгчид хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг …хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тайлбарлаж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусд асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээч эмчийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 1579 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч *** нь хохирол, хор уршигт тооцож 2.000.000 төгрөг төлсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, хохирогч нь шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн, хэрэгт 800.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн талаарх баримт авагджээ.

Иргэний нэхэмжлэгч ***ийн *** улсын дугаартай Тоёота Пробокс тээврийн хэрэгсэлд 1.065.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид Билгүүн ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч *** нь 1.145.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгчид төлсөн, тэрээр “...нэхэмжилсэн 1.145.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан ...цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байна.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч *** нь шүүгдэгчийн төрсөн эх байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд эд хөрөнгийн хохирлоо нэхэмжлэхгүй, гомдол саналгүй талаар мэдүүлсэн.

Мөн хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 250.000 төгрөгийг шүүгдэгч *** нь Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн байна.

Иймд шүүгдэгч ***эс гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж. шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Энхболдын Зол-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ***ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***д тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.

6. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч ***од 800.000 төгрөг нөхөн төлсөн хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч ***ид 1.145.000 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч, хариуцагч *** нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БОЛОРТУЯА