Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/305

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэг,

Хохирогч ***, түүний өмгөөлөгч Ц.Батхүү /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2220/,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Х.Даваахүү /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0058/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303001400141 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын Иргэн, 1977 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, *** ХХК-нд мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг гэх, Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамж *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:***/, урьд Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахь нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 1.530.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 11 цаг 40 минутын орчимд, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, *** шатахуун түгээх станцын баруун замд Subaru Imprezza маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэх заалтыг зөрчсөний улмаас, ухрах үйлдэл хийх явцдаа явган зорчигч болох ***ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                    

     ТОДОРХОЙЛОХ нь:                

Нэг. Шүүгдэгч ***ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** мэдүүлэхдээ: “...2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр эгчийн бие муу эмнэлэгт хэвтэж байсан. Манай хоёр дүү машинтай ирчихлээ, бөөнөөрөө эмнэлэг явъя, гараад ир гэж хэлсэн. Ухарч байгаа машин ямар ч чимээгүй байсан. Явган хүний замаар явж байгаад яг төгсгөл хэсэгт нь мөргүүлсэн. Миний чөмөг хугарч, мөр болохгүй байгаа. Гэмтлийн эмнэлгийн эмчээс асуухад сэргээн засах эмчилгээ хийлгэх, дахин зураг авхуулах хэрэгтэй гэсэн. Тухайн үед зам тавьж өгч байсан машины жолооч залуу харсан байсан. Дүү нар халтираад уначихсан юм болов уу гээд гүйгээд оччихсон байсан. Цаашаа хараад явж байсан учраас арынхаа замыг хараагүй. Миний гар чөлөөтэй сайн хөдлөхгүй байсан. Би өмнө нь эмнэлэгт үзүүлж байгаагүй. Би хоёр сарын хугацаанд хүний асрамжид байна. Манай гэр Эрдэнэтэд байдаг. Автобус, вагоноор ганцаараа явдаг байсан одоо ганцаараа явж чадахгүй байгаа. Өвчин намдаах эм ууж байгаа. Энэ хүнд охиныхоо дансыг өгөхөд болохгүй, өөрийн данс болно гэж хэлсэн. Тухайн үед миний гар утас эвдэрсэн...” гэв.

Эрүүгийн 2303001400141 дугаартай хэргээс:

1. Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-6, 7, 8, 9 дэх тал),

3. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 40 минутын үед би гэрээсээ буюу Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг 10 дугаар хорооллын “***” шатахуун түгээх станцын баруун хойд талын байрнаасаа ганцаараа гараад явган хүний зам дуусаад “***” шатахуун түгээх станцын баруун замаар явж байтал гэнэт араас машин мөргөөд намайг газарт унагаасан. Би газарт уначхаад босож чадахгүй сууж байхад намайг машиндаа хүлээгээд сууж байсан дүү нар ирээд босгосон. Жолооч өөр нэг эрэгтэй хүний хамт машинаасаа бууж ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

4. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 04/917 дугаартай албан бичиг, гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл (хавтаст хэргийн 61-63 дахь тал),

5. Хохирогч ***ийн хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд (хавтаст хэргийн 66-70 дахь тал),

6. Иргэний нэхэмжлэгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хохирогч *** нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үйлчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 254.000 төгрөг гарсныг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төвийн сан банк дахь *** дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дахь тал),

7. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 2669 дугаартай: “...***ийн биед баруун гарын атгаал ясны далд хугарал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

8. Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 999724 дугаартай шинжээчийн: “...Subaru Imprezza маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн ... урд талын хөтлөгч таван булт хагас голны хамгаалалтын грамошик резин урагдаж гэмтэн битүүмж алдагдсан эвдрэл гэмтэлтэй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Тоног төхөөрөмжүүдийн хэмжилтийн нэгдсэн дүн, автомашинд хийсэн үзлэгээс үзэхэд тээврийн хэрэгслийн хувьд хүч дамжуулах ангид хамаарах урд талын хөтлөгч таван булт хагас голны хамгаалалтын грамошик резин урагдаж битүүмж алдагдсан эвдрэл гэмтэлтэй байлаа. Хамгаалалтын резин гэмтсэнээр хөтлөгч бул тосолгоогүй болно...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-34 дэх тал),

9. Мөрдөгчийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 386 дугаартай: “...Subaru Imprezza маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна...” гэх магадлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал),

10. Шүүгдэгч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 40 минутын орчим би “***” шатахуун түгээх станцын хойд талын эмнэлгийн хашааны зогсоол дээр өөрийн унаж явсан Subaru Imprezza маркийн *** улсын дугаартай цэнхэр өнгийн машиныг байрлуулах гэтэл зогсоол олдоогүй болохоор нь буцаад ухраад хашааны хаалгаар гарах үедээ Сэлэнгэ эгчийг мөргөсөн. Би өөрийн үйлдлийг зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дахь тал) болон улсын яллагчаас гаргаж өгсөн өмнөх ялыг өршөөлд хамруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай албан тоотын хуулбар, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн ажлын газрын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар, хохирогчид 1.100.000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ы хувийн байдалтай холбоотойгоор гэрч Д.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр ***тайгаа анх 2001 онд гэрлэлтээ батлуулаад түүнээс хойш 2 хүүхэдтэй болсон. Миний нөхөр төлөв даруу, ааш араншин гайгүй, ажлын төлөө янз бүрийн ажил хийдэг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал), гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** ах нь миний төрсөн эгч Д.***тай сууж гэр бүл болсон бөгөөд *** ах нь хамаатан садангүй хүн юм. *** ах хүний төлөө гэсэн сэтгэлтэй, төлөв даруу, архи дарс хэрэглэдэггүй, ажил төрөлдөө сайн, махруу, өмнө нь Голомт банканд ажилладаг байсан одоогоор барилгын хувийн байгууллагад ажил хийдэг. Эхнэр, нэг хүүхдийнхээ хамт амьдардаг. Том охин нь одоогоор Солонгос улсад сурдаг оюутан юм. Бага хүү нь 6 дугаар ангид сурдаг. Эхнэр *** нь “***” паб-д ээлжийн ажил хийдэг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 42 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 43 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 44 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 45 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 46 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 51-53 дахь тал), жолоодох эрхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 83 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 16-17 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.            

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дуудлагын лавлагааны хуудас, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч ***ийн “...2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 40 минутын үед би гэрээсээ буюу Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг 10 дугаар хорооллын “***” шатахуун түгээх станцын баруун хойд талын байрнаасаа ганцаараа гараад явган хүний зам дуусаад “***” шатахуун түгээх станцын баруун замаар явж байтал гэнэт араас машин мөргөөд намайг газарт унагаасан...” гэх мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 2669 дугаартай: “...***ийн биед баруун гарын атгаал ясны далд хугарал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, Мөрдөгчийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 386 дугаартай: “...Subaru Imprezza маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна...” гэх магадлагаа болон шүүгдэгч ***ы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч *** нь 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 11 цаг 40 минутын орчимд, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, *** шатахуун түгээх станцын баруун замд Subaru Imprezza маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, явган зорчигч ***ийг мөргөн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасан тул шүүгдэгч ***ы ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч ***ийг мөргөсөн үйлдэл нь хууль бус буюу Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болно

Мөн уг зам тээврийн осолд өртсөний улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд баруун гарын атгаал ясны далд хугарал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл учирсан бөгөөд хохирогч ***ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн 2669 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна.

Өөрөөр хэлбэл, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2303001400141 дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй, хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч *** нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож бусдад хохирол учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэлдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч *** нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ***ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга)-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно. Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч ***ы хувийн байдлыг харгалзаж түүнд оногдуулсан 800 (найман зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга)-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ***д мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч *** нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээ, үйлчилгээний зардал, гар утасны дэлгэц солиулсан гэж нийт 2.654.460 төгрөг нэхэмжилж холбогдох баримтыг гаргаж өгсөн (хавтаст хэргийн 67-70 дахь тал), мөн шүүхийн шатанд “...Машинд мөргүүлэх үед өмсөж явсан куртик, өмд зэрэг нь урагдаж дахин өмсөх боломжгүй болсон. Би куртик, өмд зэргийг 2023 оны 1 сар БНСУлсад хүүхдүүд дээрээ очсон үед хүүхдүүд 1.200.000 вон буюу монгол төгрөгөөр тооцоход 3.288.000 төгрөгөөр худалдан авч өгсөн ба куртик нь битүү туулайн арьсан дотортой, өвдгөө татсан урттай, цоо шинэ, 2-3 удаа өмссөн элэгдэл байхгүй, өмдний тухайд 49900 вон буюу 136,726 төгрөгөөр худалдан авсан шинэ хувцас болно. Эдгээр үнэ 3.424.726 төгрөг, мөргүүлэх үед куртикний халаасанд байсан утасны нүүр хагарч утсаа 50.000 төгрөгөөр засуулсан. Эдгээр эм тариа, эд хөрөнгийн хохиролд нийт 4.812.186 төгрөгийг гаргуулан миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч ***ийн гаргаж өгсөн эмчилгээтэй холбоотой 2.654.460 төгрөгийн баримтаас хавтаст хэргийн 68 дахь талд авагдсан 26.460 төгрөгийн баримт нь гэмт хэрэг гарахын өмнөх өдрийн буюу 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн баримт байх тул гаргуулах боломжгүй, мөн тухайн үед гар утасны дэлгэц нь хагарсан, хувцас урагдсан гэж мэдүүлсэн боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд шүүх хэрэгт авагдсан хохирлын баримтуудад дүгнэлт хийж, хохирогч ***д бодитоор 2.578.000 төгрөгийг эмчилгээ, оношилгоо, эм тарианы зардалд зарцуулсан байна гэж үзэж, шүүгдэгч *** нь хохирогч ***д мөрдөн шалгах ажиллагаанд 200.000 төгрөг, шүүхийн шатанд 900.000 төгрөг, нийт 1.100.000 төгрөг төлсөн байх тул үлдсэн төлбөр болох 1.478.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцон шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Харин хохирогч *** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заасан байх прокурорын шүүгдэгч ***аас 254.000 /хоёр зуун тавин дөрвөн мянга/-н төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх тухай дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав)-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

5. Шүүгдэгч ***аас хохирогч ***д 1.100.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 1.478.000 (нэг сая дөрвөн зуун далан найман мянга)-н төгрөг гаргуулж, хохирогч ***д олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***аас 254.000 (хоёр зуун тавин дөрвөн мянга)-н төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

6. Хохирогч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БОЛОРТУЯА