| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2023/0046/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/47 |
| Огноо | 2023-04-04 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/47
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 146/2023/*******/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******* баг, Өлзийт гол гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь гэрч адуунд 2022 оны 05 дугаар сараас 10 дугаар сарын хооронд бусдын 2 тооны адуу ирж нийлээд эзэн нь олдоогүй алдуул мал болохыг мэдсээр байж 2022 оны 10 дугаар сард өөртөө авч завшсаны улмаас хохирогч 1,800,000 төгрөгийн хохирол буюу хохирлын бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
хохирогч **** мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/, гэрч **** мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн дугаартай 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 16-18 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан үндэслэл хангагдсан байх тул шүүх шүүгдэгч **** холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч **** нь гэрч **** адуунд 2022 оны 05 дугаар сараас 10 дугаар сарын хооронд бусдын 2 тооны адуу ирж нийлээд эзэн нь олдоогүй алдуул мал болохыг мэдсээр байж 2022 оны 10 дугаар сард өөртөө авч завшсаны улмаас хохирогч **** 1,800,000 төгрөгийн хохирол буюу хохирлын бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан
Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2022 оны 04 дүгээр сарын 20-дын үеэр өөрийн адуунаасаа буруу болон зөв талын гуя хэсэгтээ түвд Ма үсгэн тамгатай, цавьдар зүстэй хязаалан насны үрээ. Им тамга байхгүй, зөв талын гуя хэсэгт хүрэн өнгийн мэнгэтэй, хондон зээрд зүстэй, хязаалан насны үрээ зэрэг 2 тооны адуу алдаж байсан. ...Манай адуу **** гэх хүний адуунд зун ирсэн гэж хэлж байсан. Манай адуунд нийлчихсэн байсан. Эзэн нь олдохгүй байсан гэж хэлж байсан. ...Надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны 05 дугаар сард манай адуунд Түвд Ма үсгэн тамгатай цавьдар зүстэй хязаалан насны үрээ, зөв талын гуя хэсэгтээ хүрэн өнгийн мэнгэтэй хондон зээрд зүсний хязаалан үрээ нийт 2 тооны адуу нийлсэн. 5 сараас 10 хүртэл манай адуунд байсан би болон манай дүү **** нутгийн хүн амьтнаас хэний адуу болох талаар сураг тавьсан. 10 дугаар сард **** гэх хүн манайд ирээд тухайн 2 тооны үрээг хараад манайхаас алга болсон адуу мөн байна гэж хэлээд маргааш ирж авна гэж хэлээд маргааш нь цэнхэр өнгийн портер загварын машинтай ирээд ачаад аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн дугаартай 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн **** дугаартай “...хязаалан насны үрээ 2 ширхэг нийт 1.800.000 төгрөг... гэсэн дүгнэлт /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: ...Би *** гэх айлд 2 удаа очсон. Нэг удаа адуугаа очиж харчихаад маргааш нь очиж адууг авч ирсэн. ...Хэд хоногийн дараа *** зүс танихгүй эрэгтэй хүнтэй хамт ирсэн. ...Би танай адууг андуураад ачаад ирсэн байсан. Би танай адууг буцаагаад тавьсан. Хүний адуу андуурч авч ирээд алга болгосон юм чинь гээд **** хохирлыг барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгч *** овогт **** алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөшөөс шүүх хуралдаанд шүүгдэгч **** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй маргахгүй гэв.
Шүүгдэгч **** шүүх хуралдаанд ...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т зааснаар бага хэмжээний хохирол нь 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ.
Шүүгдэгчийн алдуул мал гэдгийг мэдсээр байж авч завшсан идэвхитэй, шууд санаатай үйлдэл хохирогчид учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байна.
Алдуул мал завших гэмт хэргийн хувьд хууль ёсны өмчлөгчийн эзэмшлээс гарсан боловч өмчлөх эрх хэвээр байхад тухайн алдуул малыг өөрийн эзэмшилд авч ашигласан шунахай сэдэлт, зорилгоор өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.
Хулгайлах гэмт хэрэг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар бусдын өмчлөх эрхэд шууд халдаж эд хөрөнгийг нь шилжүүлэн авдаг бол алдуул мал завших гэмт хэрэг нь өмчлөгчийн хайнга, хайхрамжгүй үйлдлээсээ болж эд хөрөнгөөсөө хагацаж, гэмт этгээд алдуул малыг олж авч өөртөө захиран зарцуулах эрх, боломжийг бүрдүүлдгээрээ хулгайлах гэмт хэргийн шинжээс ялгагдана.
Иймд шүүгдэгч **** овогт ******г алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч **** 2 тооны адууг нь буцаан олгож хохирол төлбөрийг төлсөн, хохирогч шүүх хуралд суухгүй, гомдолгүй гэжээ.
Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлийнх байх тул тээврийн хэрэгслийн үнэлгээгээр 5,945,219 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөшөөс шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буругаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, өрхийн орлоготой зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд торгох ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгчээс шүүх хуралдаанд эцсийн болгож хэлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн, хор уршиг арилсан зэргийг харгалзан прокурорын ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт ***** 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч **** оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Гэрч *****н ...**** маргааш нь цэнхэр өнгийн портер загварын машинтай ирээд 2 адууг ачаад аваад явсан... гэх мэдүүлгээр шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан нь тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтээр **** ӨВА улсын дугаартай протер маркийн тээврийн хэрэгслийг 5,945,219 төгрөгөөр үнэлсэн бөгөөд гэрч *****н мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл боловч бусдын өмчлөлд байгаа тохиолдолд тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцнэ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ 5,945,219 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт ******д 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ 5,945,219 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА