| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2023/0045/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/46 |
| Огноо | 2023-04-04 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/46
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Хонгорзул,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 146/2023/*******/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******* багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***** нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт “манай аавыг яагаад хэвтэрт ортол зодож байсан юм бэ” гэх шалтгаанаар ****тай маргалдаж улмаар хохирогч ****г нүүрэн тус газар нь цохиж зүүн нүдний хараагүйдэл, склерийн урагдал, шилэнц, хоройдын гоожилт, зүүн нүдний ухархайн хананы хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ****н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: **** бид хоёр айлд цагаан сарын ул боов хийж байгаад хоорондоо маргалдсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг би төлнө. Хохирогчоос уучлалт гуйсан гэв.
хохирогч ****н мэдүүлэг /хх-ийн 6-12 дугаар хуудас/, гэрч ****ын мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч *****гийн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, Шинжээч эмчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 38-40 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 89-91 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.
Шүүгдэгч **** нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт “манай аавыг яагаад хэвтэрт ортол зодож байсан юм бэ” гэх шалтгаанаар ****тай маргалдаж улмаар хохирогч ****н нүүрэн тус газар нь цохиж зүүн нүдний хараагүйдэл, склерийн урагдал, шилэнц, хоройдын гоожилт, зүүн нүдний ухархайн хананы хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан
хохирогч ****н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Нэг сэрсэн чинь гэрт орон дээр хэвтэж байсан. Зүүн нүд хавдчихсан юм огт харахгүй байсан. Эхнэр надад хэлэхдээ ****, **** хоёр шөнө үхлүүт юм чирээд оруулж ирсэн гэсэн. Шөнө **** манай эхнэрт хэлэхдээ танай нөхөр чинь манай аавыг өмнө нь зодож байсан би оронд нь танай нөхрийг зодсон гэж хэлсэн гэж ярьсан өөр зүйл хэлээгүй. ...Би 2023 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө буюу хагас сайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ төрсөн дүү **** нөхөр **** гэх залууд зодуулж нүд бяцарч цөцгий нь гоожсон учраас зүүн нүд хараагүй болсон. *** гэх залуу **** гэж дууддаг **** машинд суугаад шөнө гэртээ хүргүүлж байх үед **** миний нүүр хэсэг рүү цохиод гэмтэл учруулсан гэж ойлгосон. **** юу болсон талаар хэрэг учрал болсоны дараа асуусан чинь ...**** бид хоёр хоорондоо юм ярьж байгаад нэг мэдсэн чинь хойд суудал дээр түр тар гээд эхэлсэн гэж хэлсэн. Би машинд суусан гэдгээ л мэдэж байна өөр бусад үйл явдлыг огт санахгүй байна. ...Миний нэрийг *** гэдэг ч хүмүүс **** гэж дууддаг яагаад гэвэл бага байхдаа өвчин их тусаад байсан учраас лам надад **** гэж дууддаг нэр өгсөн гэж ярилцдаг. ...Толгой нүдний уг хоёр байнга л өвдөх болсон. Баримтаар 1,324,373 төгрөг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг тухай бүрд нь нэхэмжлэх болно. Эмчилгээ дөнгөж хийж эхэлж байгаа. Хоёр нүдний холбоос салгах хагалгаанд удахгүй орно. Шаардлагатай тохиолдолд хиймэл нүд хийлгэх шаардлагатай талаар эмнэлгийн ажилтнууд хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 6-12 дугаар хуудас/,
Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...**** ***** ах руу уурлаад та яагаад аавыг хэвтэрт ортол зодож байсан юм бэ гэж хэлсэн чинь би зодоонд сайн шүү хоёулаа үзэх үү гэж хэлээд маргалдаж эхэлсэн. ...Би урд сууж явсан учраас хойно яг юу болж байгааг нарийн сайн харж чадаагүй. Явж байгаад хойшоо харсан чинь **** ах нүүрээ гараараа дараад надад харуулахгүй байсан хальт харсан чинь нүүр нь битүү цус болчихсон харагдсан. **** ахыг бид хоёр дамжлаад гэрт нь оруулсан чинь эхнэр нь гэрэл асааж босч ирээд яасан юм бэ гэсэн чинь **** эхнэрт нь хандаж би зодчихсон юм танай нөхөр миний аавыг хэвтэрт ортол нь зодсон учраас би зодчихсон гэж хэлсэн. Эхнэр нь **** ахын нүүр рүү гэрэл тусгасан чинь нэг нүд нь хавдчихсан, хамар амнаас нь цус гарчихсан байсан. Машинд суух үедээ зүгээр ямар нэгэн гэмтэл нүүр хэсэгтээ аваагүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч ****н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Хагас сайн өдрийн 04 цаг өнгөрч байхад манай нөхөр **** гэж хочилж дууддаг *****г манай нутгийн **** гэж дууддаг залуу, *** гэж дууддаг залуутай хамт оруулж ирсэн. Манай нөхөр хагас ухаантай орж ирсэн. *** цээж хэсгээс нь чирээд араас нь **** орж ирсэн. Манай нөхөр гэрийн зүүн орны өмнө шалан дээр хэвтэж байх үедээ хүргэн зодчихлоо гээд амандаа үглээд байсан. ...**** гэж дууддаг **** оруулж ирээд орны өмнө хэвтүүлж орхиод би нөхрийг чинь зодчихсон шүү цагдаагаа дуудаад өгөөч намайг гэж хэлээд надад уурлаад пизданууд минь гэж бас хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Шинжээч эмчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай: “...1. ****н биед зүүн нүдний хараагүйдэл, склерийн урагдал, шилэнц, хоройдын гоожилт, зүүн нүдний ухархайн хананы хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2, 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4, 5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги 65%-иар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,
эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 89-91 дүгээр хуудас/,
гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *****г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд шүүгдэгч **** гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргахгүй гэв.
Шүүгдэгч **** шүүх хуралдаанд би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид гарах хохирлыг бүрэн төлнө гэв.
Шүүгдэгч **** “манай аавыг яагаад хэвтэрт ортол зодож байсан юм бэ” гэх шалтгаанаар ****тай маргалдаж улмаар хохирогч **** нүүрэн тус газар нь цохиж зүүн нүдний хараагүйдэл, склерийн урагдал, шилэнц, хоройдын гоожилт, зүүн нүдний ухархайн хананы хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох хохирогч **** мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч ****, гэрч **** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх санал гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлийг хангаж байна.
Иймд шүүгдэгч ****д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирлын төлбөрийн хувьд:
Хохирогч **** нь яллагдагч ****с хохирол төлбөрт 2023.03.27-ны өдөр 1,325,000 төгрөг авсан бөгөөд 2023.04.03-нд Улаанбаатар хот орж эмнэлэгт үзүүлэх эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг 2023.04.01-нд өгнө гэж тохиролцлоо. Хохирогч **** нь гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй болно. Цаашид гарах эмчилгээний зардлыг тухай бүрт төлнө гэсэн тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Хохирогч **** нь яллагдагчийг гэр бүлийн байдал 2 бага насны охинтой болохыг мэддэг тул эвлэрч байна. **** хөнгөн ял шийтгүүлж өгнө үү... гэж бичгээр тайлбар гаргасан /хх-ийн 118 дугаар хуудас/,
Хохирогчийн өмгөөлөгчөөс одоогийн байдлаар хохирогчид гарсан хохирлыг шүүгдэгчээс төлсөн гэхдээ хохирогчид хүнд гэмтэл учирсан тул цаашид эмчилгээ их шаардлагатай тул тухай бүр нь хохирлоо нэхэмжилнэ гэсэн дүгнэлтийг гаргасан,
шүүх хуралдаанд шүүгдэгчээс хохирогч **** хохиролд 2,000,000 төгрөг төлсөн баримтыг гаргаж ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *****с нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгч *** овгийн ********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.
Шүүгдэгч ******н өмгөөлөгч Г.Гандөш улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овгийн *********д 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч ***** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овгийн *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овгийн *************г 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ****** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаж, хохирогч ******* цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА