Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 00394

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 04 өдөр

   Дугаар 142/ШШ2019/00394

Орхон аймаг

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г

Хариуцагч: Н нарт холбогдох

“Үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл хүсэлтдээ : Миний бие Б нь 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр охин Г.Аг төрүүлсэн. Охин Г.Агийн эцэг Эаар овоглосон ба эцэг болох Э нь бидэнтэй амьдрахаа болиод 1 жил болсон. Аав М тэтгэвэрт гарч өөрийнхөө оронд намайг ажилд оруулсан. Ингээд ажилд ороход бага насны хүүхэдтэй хүн авахгүй гэсэн тул Эын хэлсэнээр хадам аав, ээждээ үрчлүүлж Г өөрөөрөө овоглосон юм. Э надтай амьдрахгүй байгаа бөгөөд охин А маань одоо надтай амьдардаг. Иймд тус үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү?

            Миний бие М овогтой Б нь охин А-г өөрийн нэрээр овоглох хүсэлтэй байна. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э нь миний гаргасан хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү? гэжээ.

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г овогтой Э нь Бгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Б нь нэхэмжлэлдээ үрчлэлтийг хүчингүй болгох мөн охин Аг өөрийн нэрээр овоглох хүсэлтэй байна гэж байна. Би Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйл байхгүй. Бидний дунд эд хөрөнгө болон санхүүгийн ямар нэгэн маргаан байхгүй тул шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү? гэжээ.

 Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

            Нэхэмжлэгч Б нь үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Эрдэнэт хотын төрөх тасагт охин Аг төрүүлжээ. Нэхэмжлэгч Бгийн аав М нь тэтгэвэрт гарч өөрийнхөө оронд түүнийг ажилд оруулсан, ажилд ороход бага насны хүүхэдтэй хүн авахгүй гэсэн тул нөхөр Этай ярилцан охин А-г Г, Н нарт үрчлүүлсэн гэж хүүхэд үрчлүүлэх болсон шалтгаанаа тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь Б нь Этай хамтран амьдарч байх хугацаандаа охин Аг төрүүлсэн байх бөгөөд Э, Б нар нь гэрлэлтээ батлуулаагүй, албан ёсны гэр бүл болоогүй, охин А нь эцэг Эын нэрээр овоглосон байна.

Ийнхүү Э, Б нар нь охин Аг Г, Н нарт үрчлүүлсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн үрчилсэний бүртгэлийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 00/000356 дугаартай лавлагаа, төрсний бүртгэлийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 00/000355 дугаартай лавлагаагаар тус тус тогтоогдож байна.

Б нь Э нар хамтран амьдарч байхдаа өөрийн төрсөн охиныг Эын эцэг, эх болох Г.Г, Н нарт үрчлүүлсэн гэх боловч анхнаасаа үрчлүүлэх хүсэл зориг байгаагүй. Зөвхөн ажилд орох, бага насны хүүхэдгүй мэт харагдахын тулд үрчлэлтийг дүр эсгэж хийсэн болох нь тогтоогдож байна.

             Нэхэмжлэгчийн охин А нь үрчлэгдсэн цагаас хойш үрчилж авсан өвөг эцэг, Г.Г, эмэг эх Н нартай хамт амьдраагүй, харин төрсөн эх Бгийн асрамжинд байсан болох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багын Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зохигчийн тайлбараар батлагдаж байна. Ийнхүү үрчлүүлэгч болон үрчлэгч нар харилцан тохиролцож Аг эх Бгийн асрамжинд өгч үрчлэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн байх тул хүсэлтийг хангах үндэстэй байна.

            Одоо Б, Эаас салсан тусдаа амьдарч байгаа гэж тайлбарлаж байх тул үрчлэлтийг хүчингүйд тооцож, охин Аг эхийнх нь асрамжид байлгах нь зүйтэй байна.

            Монгол Улсын  ИХШХШ тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 145.6-д заасныг баримтлан 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Г овогтой Аг Г, Н нарт 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, Аг эх Бгийн асрамжинд шилжүүлсүгэй.

2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвэр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН