| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2019/00402/и |
| Дугаар | 00441 |
| Огноо | 2018-04-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 00441
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С-ийн нэхэмжлэлтэй
З-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Зтой 2008 онд танилцаж 2009 онд том охин А, 2013 онд бага охин Д мэндэлсэн. 2014 оноос хоорондоо таарч тохирохгүй хэсэг хугацаанд тусдаа амьдарч буцаж нийлсэн боловч 2017 оны 12 дугаар сараас тус тусдаа амьдарч 2018 оны 04 дүгээр сараас З нь Солонгос улс руу явж, би 2 охинтойгоо амьдрах болсон. Цаашдаа хамт амьдрах боломжгүй болж байгаа тул том охин Аг ээжийнх нь, бага охин Дийг аавынх нь асрамжид авахаар хоорондоо ярьж тохиролцсон. Мөн бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. З нь Солонгос улсад байгаа бөгөөд төрсөн эгч болох З.Бт энэ хэрэгт оролцох итгэмжлэл өгсөн тул гэрлэлтийг цуцалж өгнө үү? гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт “Мөнхсүндрэл” өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн тодорхойлолт, Баянцагаан багийн Зазсаг даргын ам бүлийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, С.А, С.Д нарын төрсний гэрчилгээний хуулбар, С, З нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хариуцагчийн итгэмжлэл, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч. С нь Зд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
С, З нар нь 2008 онд танилцаж, улмаар гэр бүл болж 2013 онд албан ёсоор гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээгээр, гэрлэгчдийн дундаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр охин С.А, 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр охин С.Д төрсөн, одоо эрүүл өсөн бойжиж байгаа болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар, өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт зэргээр тус тус нотлогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдрах болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих арга ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэрэг байдлыг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Охин С.А, охин С.Д нар нь эцгийн хамт амьдарч байгаа гэж зохигч тайлбарласан ба хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүй бөгөөд зохигч хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон, тэтгэлэг гаргуулахгүй гэж тайлбарлаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй гэж тус тус заасныг зохигчид анхаарвал зохино.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржгон овогт Бямбасангийн Санжаадорж /Регистрийн дугаар: АВ86062310/, Боржигон овогт Зоригтбаярын Солонгоо /Регистрийн дугаар: МЮ89061784/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин С.Аг эх Згийнх нь, 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин С.Дийг эцэг Б.Санжаажавынх нь асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэрлэгсэд дундын эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн асуудлаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдсугай.
4. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Бүжинд даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН