Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 17

 

                                    

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар,дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нарийн бичгийн дарга: Б.Батбаяр,

Улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч: Б.Цэцэгбал, түүний өмгөөлөгч Д.Дашдорж,

           

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бүрэнбатын Цэцэгбалд холбогдох эрүүгийн 201625022212 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл-4, ээж, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнийн 1 дүгээр гудамжны 49 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

а. Баянгол дүүргийн шүүхийн 2010.12.14-ний 467 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 640.000 төгрөг ялаар шийтгүүлсэн,

б. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2013.10.31-ний өдрийн  378 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 250 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

в. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.09-ний өдрийн 1332 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, регистрийн дугаар УХ90012481, Боржигон овогт Бүрэнбатын Цэцэгбал.

 

 Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Цэцэгбал нь ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнийн                    1 дүгээр гудамжны 49 тоот Ш.Сайнзаяагийн гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж, хөлдөөгч, израил гутал, 6 кг хонины мах, 7 кг ямааны мах, эмэгтэй пүүз, цэнхэр өнгийн хатуулгатай том цонх, жижиг цүнх зэргийг хулгайлж, 441.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Цэцэгбал мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Сайнзаяа /хх-ийн 22-23/, гэрч У.Батбаяр /хх-ийн 25/, гэрч Г.Сугар /хх-ийн 29/, гэрч Э.Мөнгөншагай /хх-ийн 31/, сэжигтэн Б.Цэцэгбал /хх-ийн 38/ нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон акт /хх-ийн 24/, Б.Цэцэгбалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан баримт /хх-ийн 49/ зэрэг болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Б.Цэцэгбалыг нь “…ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр…” бусдын эд зүйл хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч энэ нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан, хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь:

Шүүгдэгч Б.Цэцэгбал 2010.12.14-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 2010.12.14-ний 467 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 640.000 төгрөгийн ялаар шийтгүүлсэн бөгөөд түүний урьд цагдан хоригдсон нийт хоногтой нь дүйцүүлэн торгох ялыг биелүүлсэнд тооцож шийдвэрлэсэн байна. Энэ хэрэгтээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт зааснаар 2011.12.14-ний өдөр ялгүй болох учиртай.

Улмаар 2013.10.31-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013.10.31-ний өдрийн  378 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, 250 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялаа биечлэн эдэлж дуусгасан байна. Тэрээр мөн энэ хэрэгтээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт зааснаар ялгүй болно.

Дараа нь 2015.11.09-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.09-ний өдрийн 1332 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч түүнд ял оногдуулахгүйгээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрлэсэн байна.

 

Дээрх байдлуудаас дүгнэлт хийж үзвэл шүүгдэгч Б.Цэцэгбал нь 2010, 2013 онд шүүхээр ял шийтгэгдсэн боловч ялтай байдал нь өнгөрсөн, сүүлчийн хэрэгтээ шүүхээс гэм буруутайд тооцогдсон боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул түүнийг ялтай байхдаа болон давтан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд прокуророос шүүгдэгч Б.Цэцэгбалыг “…ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр…” бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж буруу хүндрүүлэн зүйлчилж ирүүлснийг шүүх зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

 

Харин шүүгдэгч  Б.Цэцэгбал нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнийн 1 дүгээр гудамжны 49 тоот иргэн Ш.Сайнзаяагийн гэрийн хаалганы цоожийг эвдлэн орон байранд хууль бусаар нэвтрэн орж, хөлдөөгч, израйл гутал, 6 кг хонины мах, 7 кг ямааны мах, эмэгтэй пүүз, цэнхэр өнгийн хатуулгатай том цонх, жижиг цүнх зэргийг хулгайлж, 441.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Ш.Сайнзаяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “…2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хулгай орж гэрээс эд зүйлс алдагдсан. Хулгай хийсэн хүн нь тодорхой бөгөөд Цэцэгбал гэдэг ба түүний ээжийг нь Батбаяр гэдэг. Түүний ээж нь манай хашаанд хамт оршин суудаг ба Цэцэгбал нь 2014 оны 10 сараас манай хашаанд нүүж ирж ээжтэйгээ хамт амьдарч эхэлсэн юм. Яагаад хулгай хийсэн нь тодорхой вэ гэвэл тус хулгай ордог өдөр тэр эмэгтэй өөрийнхөө 5 настай охин, 10 сартай хүүгээ аваад гэрээсээ явсан ба манай гэрийн эд зүйлийг хулгайлан авч бас ээжийнхээ гэрээс өөрийнхөө өвөл, зуны хувцас ээжийнхээ ч хувцасыг аваад гэр орноо бусниулаад явчихсан байна лээ. Надад учирсан хохирол маань яг тооцож үзвэл 1.200.000 төгрөг болно. Би зарим эд зүйлээ бүртгүүлээгүй тэр хүний амьдралыг нь бодоод өрөвдөөд л 750.000 төгрөг авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 23/,

 

Гэрч У.Батбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Миний бие өглөө 06:00 цаг өнгөрөөгөөд ажилдаа явчихаад орой 19:00 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд гэрт охин, зээ нар маань байхгүй бас хувцас нь огт байхгүй, бүх хувцасаа аваад явчихсан байсан. Тэгэхээр нь би хашаанд хамт суудаг Ш.Сайнзаяа гэртээ байна уу гээд үзтэл тэдний монгол гэрийнх нь хаалганы цоож нь эвдэрчихсэн цоожийг нь хаалганд нь зүүгээд орхичихсон байсан. Би тэдний гэрт ороогүй шууд Ш.Сайнзаяа руу утасдаж танай гэрийн хаалганы цоожийг эвдээд буцаагаад хаалганд нь зүүчихсэн байна гэж хэлтэл за, ойлголоо бид нар хөдөөнөөс одоо ирж байна гэж хэлсэн. Тухайн үед охин Цэцэгбал өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ хувцаснуудыг бүгдийг нь аваад явчихсан байсан болохоор Сайнзаяагийн гэрийг бас ухчихаад явчиж гэж бодсон. Намайг оройны 19:00 цаг өнгөрөөж залгаснаас нэлээн удаж байж Сайнзаяа гэрийхэнтэйгээ ирээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

 

Гэрч Г.Сугар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “… Цэцэгбал бид хоёр 7 жилийн өмнө танилцаж байсан. Түүнээс хойш өдийг хүртэл нөхөрлөж байна. ...Цэцэгбал манай Баянзүрх дүүрэгт байрлах гэрт 2016 оны 08 дугаар сарын дундуур яг тэдний өдөр гэдгийг би сайн санахгүй байна оройны 17 цагаас 18 цагийн хооронд Сумъяадорж гэх 10 сартай хүүгийн хамт ирээд найз нь танай гэрт нэг хоночихоод явъя гэж хэлчихээд орой нь найз нь ээжтэй маргалдаад гэрээс хөөгдөөд ирсэн хувцас ачаагаа 100 айлд эгчийнхээ гэрт орхичихсон байгаа танай гэрт хэд хоног амьдаръя гэхээр нь би зөвшөөрөөд гэртээ 1 сар гаран хугацаанд байлгасан. Манай төрсөн дүү Будсүрэн манай гэрээс 2, 3 гудамжны зайтай амьдардаг ба манайд амьдраад дүүгийнд ч амьдарч байсан. Нялх хүүхэдтэй хүнийг гэрээсээ ямар хөөгөөд явуулалтай нь биш гэж бодоод гэртээ өөрийнхөө хүүхдүүдийг харуулж байлгадаг байсан юм. ...Манай гэрт байж байтал энгийн хувцастай цагдаа нар орж ирээд Цэцэгбалыг аваад явахад Цэцэгбал надад найз нь хажуу айлынхаа хөргөгчийг хулгай хийгээд авчихсан юм. Найз нь чамайг хөлдөө чирчихлээ уучлаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 24/, хэргийн газар үлэг хийсэн тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Цэцэгбалыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Цэцэгбалыг “…ялтай байхдаа болон давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан…” гэх үйлдэл дээр дурьдсан байдлаар үгүйсгэгдэж байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн үзэв.

 

Харин шүүгдэгч Б.Цэцэгбалыг бусдын эд зүйлийг бага бус хэмжээтэй хулгайлах хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн байдлыг хүндрүүлэн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хууль зүйн үндэслэлтэй бөгөөд уг зүйл хэсэгт заасны дагуу түүнд хорих ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Цэцэгбал нь бага насны 2 хүүхэдтэй бөгөөд түүний бага хүү болох Ц.Сумъяадорж нь 2015.10.05-нд төрсөн, /хх-ийн 66/ түүний том охин болох Ц.Бүжинлхам нь 2011.07.03-нд /хх-ийн 67/ төрсөн болох нь тэдний төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байх тул шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж дүгнэв. Учир нь:

Монгол улсын нэгдсэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенцийн /Монгол Улс 1990.07.05-ны өдөр соёрхон баталсан/ 3 дугаар зүйлд “… шүүх …хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна…”, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “…Оролцогч улсууд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч буюу түүний төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн эрх, үүргийг харгалзан, хүүхдийг хамгаалах халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээ авна…”, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “…Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ…”, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “…Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг, эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ…” гэж заасны дагуу Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг хойшлуулах нь зүйтэй.

 

Хохирогч Ш.Сайнзаяа нь хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдвал зохино.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Прокуророос шүүгдэгч Б.Цэцэгбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “…ялтай байхдаа болон давтан үйлдлээр…” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Шүүгдэгч Боржигон овогт Бүрэнбатын Цэцэгбалыг орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэцэгбалыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02  /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид элүүлсүгэй.

 

5. Ялтан Б.Цэцэгбал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэцэгбалд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, хүүхдээ асарч хүмүүжүүлэх үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

7. Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тэмдэглэсүгэй.

 

8. Энэ тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Цэцэгбалд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     М.АЛДАР