Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2021/0853

 

 

 

 

 

 

 

       2021         12          13                                  128/ШШ2021/0853

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б /РД: РЭ63030932/

Хариуцагч: ГЕГД

Гуравдагч этгээд: Н.Б /РД: ЦГ68092125/

Нэхэмжлэлийн шаардлага: Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/416 дугаар тушаалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь гаалийн Алтанбулаг дахь салбарын эрхлэгчийн албан тушаалд эргүүлэн томилохыг Гаалийн ерөнхий газарт даалгах, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн томилох өдрийн хүртэлх хугацааны цалинг гаргуулж, энэ хугацааны даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгах, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дүгээр тушаалыг хүчингүй болгож ажлын байр чөлөөлөхийн Гаалийн ерөнхий газарт даалгах, Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А\249 дүгээр тушаалын 5 дугаар хавсралтад Алтанбулагийн салбарын эрхлэгчийн албан тушаалын зэрэглэлийг ТТ-12 болгон бууруулж баталсныг хүчингүй болгож, хуульд нийцүүлэн TT-13 болгон өөрчлөхийг Гаалийн ерөнхий газарт даалгах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“ Нэгдүгээр шаардлагын үндэслэлийн хувьд Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/88 дугаар тогтоолоор надад холбогдох 201618000366 дугаар хэргийг хянаад, Д.Бт хамааралгүй, аж ахуй нэгж, иргэдийн хоорондын асуудал гэж дүгнэн цагаатгаж хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Дээрхи тогтоолоос харахад Гаалийн ерөнхий газрын даргын Сахилгын хорооны үндэслэл болгосон Сэлэнгэ аймаг дахь прокурорын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар тогтоол хүчингүй болж, Д.Б нь аж ахуйн нэгжүүдэд үлэмж хэмжээний хохирол учруулж, хууль бус ачилт буулгалт хийсэн үйлдлээрээ холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж намайг Гаалийн албанаас халсан нь үндэслэлгүй болжээ.

Хоёрдугаар шаардлагын үндэслэлийн хувьд Сэлэнгэ аймаг дахь прокурорын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар тогтоолын 2 дахь заалтаар миний ажиллах эрхийг сэргээсэн байдаг. Хууль тогтоомжийн дагуу Гаалийн ерөнхий газар нь уг заалтыг хэрэгжүүлэх ёстой байтал хэрэгжүүлээгүй зөрчсөн. Мөн үндэслэлгүй халсан нь дээрхи тайлбаруудаас харагдаж байх тул Гаалийн ерөнхий газар нь миний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох үүрэгтэй байна.

Гуравдугаар шаардлагын үндэслэлийн хувьд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, Давж заалдах шатны магадлал 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр, Дээд шүүхийн тогтоол 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр, Сэлэнгэ аймаг дахь шүүхийн цагаатгах тогтоол 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр, Дээд шүүхийн тогтоол 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарсан байхад ГЕГД нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Н.Б гэгчийг миний ажлын байранд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 39.1.15-д төрийн албан хаагчийг .... төрийн албанаас халсантай халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийхийг хориглох заалтыг зөрчжээ. Иймд дээрхи томилгоо нь миний ажлын байраа хадгалуулах эрхийг зөрчиж, ажлын байранд шууд томилогдох боломжийг хааж байна.

Дөрөвдүгээр шаардлагын хувьд Гаалийн тухай хуулийн 279.5-д Дэс түшмэлийн албан тушаалд гаалийн удирдах төв байгуулагын ахлах байцаагч ... байгууллагын дарга, хороо, алба, салбарын дарга хамаарна гэжээ. Энэ албан тушаалын зэрэглэлд ТТ-13, ТТ-14 хамаардаг. Мөн хуулийн 279.6-д Туслах түшмэлийн албан тушаалд удирдах төв байцаагч, гаалийн улсын байцаагч байхаар хуульчилжээ. Энэ албан тушаалын зэрэглэлд ТТ-10, ТТ-12 дахь хэсэг багтдаг. Миний бие Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/166 дугаар тушаалаар албан тушаалын ТТ-13 дахь хэсгээр цалинжуулж байсан тул Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/249 дүгээр тушаалын 5 дугаар хавсралтад Алтанбулаг дахь гаалийн салбарын эрхлэгчийг ТТ-12 цалинжуулахаар орон тоо бүтцийг баталсан нь Гаалийн тухай хуулийн 279.5 дахь, 279.6 дахь заалтуудыг зөрчиж улмаар миний эрх зүйн байдлыг дордуулан албан тушаалын зэрэглэлийг үндэслэлгүй буруулсан үйлдэл болжээ.” гэв.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

ГЕГД уг тушаалыг Монгол Улсын хууль тогтоомжид үндэслэн, тэдгээрт нийцүүлэн баталсан, дараах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1.Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана.

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-т тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс ... бүрдэнэ.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын хөлсийг тогтоох.

Гаалийн тухай хуулийн 271¹ дүгээр зүйлийн 271¹.1.10-т гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох гэж, мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэж заасныг тус тус үндэслэн уг тушаалыг баталсан.

Мөн түүнчлэн Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Алтанбулаг дахь гаалийн салбарын эрхлэгч нь хуульд заасан гаалийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх үндсэн зорилтын хүрээнд ажлын байрны тодорхойлолтод заасан доор дурдсан бодлого, хяналт, шалгалт, удирдлага, зохион байгуулалтын шинжтэй үйл ажиллагаа явуулах шаардлагатай байдаг. Үүнд:

Хариуцсан гаалийн нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах.

Улсын төсөвт оруулах гаалийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангах.

Гаалийн харилцаанд оролцогчдод зөрчлөөс ангид байлгах чиглэлээр, ажилтныг авилга, хүнд суртлаас ангид байлгах, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр соён гэгээрүүлэх.

Гаалийн харилцаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх.

Байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоомж, тушаал шийдвэрийн хэрэгжилт, гарсан үр дүн хяналт, шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж, дотоод хяналтыг хэрэгжүүлэх ажилд хяналт тавих.

Хариуцсан нутаг нутаг дэвсгэрт хяналтын технологийн горимыг мөрдүүлэх.

Мэдээ, тайланг тогтоосон хугацаанд мэдээлэх.

Газар, хорооны дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Улсын байцаагчийн сахилгын тусгай дүрэм, Улсын байцаагчийн сахилгын тусгай дурэм, Улсын байцаагчийн ёс зүйн дүрэм , үйлчилгээний стандарт мөрдүүлж ажиллах.

Удирдах төв байгууллагаас өгсөн удирдамж, чиглэл, үүрэг даалгаврын биелэлтийг хангах.

Улсын байцаагч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын байрны сургалт зохион байгуулах.

Ажил үүргийн хуваарь, үйл ажиллагааны харилцан уялдааг хангах.

Гэвч Д.Б тус салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа эрүүгийн хэрэгт холбогдож " Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай " прокурорын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/189 дүгээр тогтоол хэрэгжиж эхэлснээр 17 сар Гаалийн албанаас халах тухай 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/416 дугаар тушаалаар халагдсанаар 5 сар, нийт 22 сарын хугацаанд тус салбарын эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг огт хэрэгжээгүй, улмаар дээр дурдсан гаалийн байгууллагын бодлого, хяналт, шалгалт, удирдлага, зохион байгуулалтын шинжтэй үйл ажиллагаа хийгдэж, улсын төсөвт хохирол учирч болзошгүй нөхцөл байдал бий болсон.

Үүний учир Гаалийн ерөнхий газар төрийн албаны тасралтгүй байх зарчим болон түүний залгамж чанарыг хангах, салбарын хэвийн үйл ажиллагааг сэргээх, үүссэн нөхцөл байдлыг арилгах зорилгоор тухайн ажлын байранд Төрийн албаны тухай хууль, Гаалийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаанд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Төрийн албаны тухай хуульд сэлгэн ажиллуулах хугацаа дууссанаар өмнөх албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар заасан.” гэв.

Гуравдагч этгээд Н.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Миний зүгээс төрийн тусгай албан хаагч учир одоогоор Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар томилогдон ажиллаж байна. Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Алтанбулаг дахь гаалийн салбарын эрхлэгчээр томилогдон ажиллаж байгаа миний эрх ашиг хөндөгдөхөөр байна.

Д.Бын ажлаас халсан Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны Б/416 дугаар тушаал нь доор дурьдсан хууль зүйн үндэслэлтэй байна.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана.

Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна.

Гаалийн тухай хуулийн 271¹ дүгээр зүйлийн 271¹.1.11-д Гаалийн улсын байцаагчийн эрх олгох, эрхийг нь түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах, мөн хуулийн 284.1 дэх хэсэг  ... бусад хэлбэрээр бүрэн эрхээ хэтрүүлсэн , түүнчлэн гаалийн хууль тогтоомж , өргөсөн тангаргаа зөрчсөн тохиолдолд дараахь сахилгын шийтгэл ногдуулна, 284.1.5-д гаалийн албанаас халах

Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 90 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 4.1.3-д албан тушаалын бүрэн эрхээ хувийн ашиг хонжоо олоход ашиглах, бусдад давуу байдал олгох, мөн дүрмийн 6.9-д Гаалийн улсын байцаагчийн үйлдэл /эс үйлдэхүй/-д эрүүгийн хариуцлага ногдуулахгүй нь түүнд сахилгын шийтгэл ногдуулахгүй байх үндэслэл болохгүй гэж тус тус заасан байна.

Иймд намайг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг гаалийн салбарын эрхлэгчээр томилогдсон шийдвэр нь аливаа хууль тогтоомж болон бусад этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Баас ГЕГДд холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/416 дугаар тушаалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Алтанбулаг дахь салбарын эрхлэгчийн албан тушаалд эргүүлэн томилох, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн томилох өдрийн хүртэлх хугацааны цалинг гаргуулж, энэ хугацааны даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгах, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дүгээр тушаалыг хүчингүй болгож ажлын байр чөлөөлөхийг Гаалийн ерөнхий газарт даалгах, Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А\249 дүгээр тушаалын 5 дугаар хавсралтад Алтанбулагийн салбарын эрхлэгчийн албан тушаалын зэрэглэлийг ТТ-12 болгон бууруулж баталсныг хүчингүй болгож, хуульд нийцүүлэн TT-13 болгон өөрчлөхийг Гаалийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

1.Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/416 дугаар тушаалыг хүчингүй болж, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Алтанбулаг дахь салбарын эрхлэгчийн албан тушаалд эргүүлэн томилохыг Гаалийн ерөнхий газарт даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.Б нь Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/166 дугаар[1] тушаалаар Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Алтанбулаг дахь салбарын эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан.

Түүнийг гаалийн хяналтын бүсэд бараа импортлон оруулж ирж буй аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхдээ ачилт буулгалт хийсний төлбөрт нэг тээврийн хэрэгслээс 20000 /хорин мянга/  төгрөг бэлнээр авч өөрийн охины компанийн харилцах дансанд тушаалгаж хөрөнгө төвлөрүүлэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үйлдэлд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна.

Ийнхүү шалгагдах явцад Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр[2] тогтоолоор Д.Бын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэсний дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/189 дүгээр[3] тушаалаар Д.Бын гаалийн улсын байцаагчийн эрх, албан үүргээ биелүүлэхийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/416 дугаар тушаалаар Д.Быг Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрхэд халдаж зөрчсөн, өөрт хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хууль бусаар эдэлсэн, бүрэн эрхээ хэтрүүлсэн, албан тушаалын бүрэн эрхээ хувийн ашиг хонжоо олоход ашиглах, бусдад давуу байдал олгох зэрэг сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр гаалийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Ингэхдээ Гаалийн ерөнхий газрын Сахилгын хорооны 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Д.Бт холбогдох зөрчлийн талаар сахилгын хороонд ирүүлсэн дүгнэлтийг хэлэлцэж, сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байна.

Дээрх дүгнэлтэд[4] Д.Б нь 1/ Тээврийн хэрэгсэл нэг бүрээс 20,000 төгрөг хураан авч өөрийн охины нэр дээр бүртгэлтэй Гүн мөрөн ХХК-ийн харилцах дансанд тушаалгах, өөртөө бэлнээр авах зэргээр аж ахуйн нэгж байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан. 2/Аж ахуйн нэгжүүдээр хууль бус ачилт буулгалт хийлгэсэн зэрэг үйлдлээрээ Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.6-д заасан Гаалийн ерөнхий газрын даргын бүрэн эрхэд халдаж, Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн зөрчил гаргасан, Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 4.1.3-д заасан албан тушаалын бүрэн эрхээ хувийн ашиг хонжоо олоход ашиглах, бусдад давуу байдал олгох сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэсэн байна.

Энэхүү дүгнэлтэд дурдсан зөрчлийн талаар Д.Бт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/88 дугаар тогтоолд[5] “... Д.Бын ажилд томилогдохоос өмнө ч ачилт буулгалтын ажлын хөлс гэж улсын хилээр импортын бараа ачиж орж ирж буй машин тус бүрээс 20,000 төгрөг хураадаг байсан нь шүүхийн хэлэлцүүлгийн үед тогтоогдлоо...”, “... гаалийн хяналт шалгалт хийгдэх үеийн ачилт буулгалтын хөлсөнд нэр бүхий компаниудад 20,000 төгрөг төлсөн асуудал нь Д.Бт хамааралгүй, харилцагч аж ахуйн нэгжүүдийн хоорондын асуудал гэж дүгнэх үндэслэлтэй...,” гэсэн дүгнэсэн нь хүчин төгөлдөр болжээ.

Д.Бын холбогдон шалгагдаж, дээр дурдсан шүүхийн цагаатгах тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан гэх аж ахуйн нэгжүүдээс “... гааль мэргэжлийн хяналтаас тавьдаг хяналт шалгалтад барааг ачиж буулгах шаардлага гардаг. Энэ ажлыг хүн хөлсөлж хийлгэж төлбөрийг өгдөг, энэ мөнгийг гаалийн байгууллага авсан гэдэг нь ташаа ойлголт, бидэнд хохирол учраагүй...” гэсэн агуулгатай тайлбарыг[6] тус тус гаргасан бөгөөд эдгээр байгууллагуудын санхүүгийн анхан шатны баримтаар[7] ачилт буулгалтын хөлсөнд 20,000 төгрөг өгч байсан нь нотлогдож байна.

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч нь Д.Бын гаргасан гэх зөрчлийг шалгаж тогтоолгүйгээр, шүүхийн шийдвэрээр эцэслэн тогтоогдоогүй гэм буруу буюу зөрчилд холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1.3.төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах, Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1.5.гаалийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн зарчимд харшилж, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27.2.1.энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх; эрхийг хөнджээ.

Тодруулбал, Хариуцагч нь Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан ...Сахилгын шийтгэл ногдуулах журмын 4-т Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна, Гаалийн улсын байцаагчийн сахилгын зөрчлийг хянан шалгах журмын 4.3.1. гаалийн улсын байцаагчаас тайлбар авах, 4.3.4. сахилгын зөрчилд холбогдолтой материалыг гаргуулах, нотлох баримт цуглуулах гэж заасны дагуу зөрчлийг шалган тогтоолгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу гарсан, эцэслэн шийдвэрлэгдээгүй прокурорын тогтоол, шүүхийн шийтгэх тогтоолыг зөрчлийг шалгасан дүгнэлтийн үндэслэл болгож сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

  Иймд нэхэмжлэгч Д.Бын гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/416 дугаар тушаалыг хүчингүй болж, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг дахь салбарын эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилохыг Гаалийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн томилох өдрийн хүртэлх хугацааны цалинг гаргуулж, энэ хугацааны даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгах шаардлагын тухайд:

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр[8] тогтоолоор Д.Бын албан үүргээ биелүүлэхийг мөн өдрөөс түр түдгэлзүүлж, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар[9] тогтоолоор  уг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгожээ.

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Д.Бын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэсний дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/189 дүгээр тушаалаар Д.Бын гаалийн улсын байцаагчийн эрх, албан үүргийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн атлаа уг прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар тогтоолоор албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгосны дагуу Д.Бын албан үүргээ биелүүлэхийг сэргээгээгүй бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/416 дугаар тушаалаар Гаалийн албанаас халсан.

Нэхэмжлэгч Д.Б нь ажилгүй байсан хугацааг Д.Бын албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон тус прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар тогтоол   гарсан өдрөөс эхлэн тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь, Д.Б нь Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/416 дугаар тушаалаар гаалийн албанаас халагдсан тул зөвхөн маргаан бүхий тушаалын улмаас зөрчигдсөн Д.Бын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тус шүүхээс сэргээх боломжтой, өөрөөр хэлбэл Д.Бын маргаан бүхий актын улмаас ажилгүй байсан хугацаа нь уг тушаал гарсан өдрөөс тооцогдох ёстой.

Иймд нэхэмжлэгч Д.Бын тус шүүхэд гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/416 дугаар тушаалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Алтанбулаг дахь салбарын эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилохыг Гаалийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.”Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасны дагуу Д.Бын ажилгүй байсан хугацааг Гаалийн албанаас халагдсан 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, уг хугацаанд хамаарах цалинтай тэнцэх олговор, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг ГЕГДд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дүгээр тушаалыг хүчингүй болгож ажлын байр чөлөөлөхийг Гаалийн ерөнхий газарт даалгах шаардлагын тухайд,

Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны Б/416 дугаар тушаалаар Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Алтанбулаг дахь гаалийн салбарын эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлж, гаалийн албанаас халсан тул Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дүгээр[10] тушаалаар Н.Бийг уг албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.1. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн,  мэргэшлийн  түвшингээр  нь сонгон  шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэж заасантай нийцжээ.

Харин Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/416 дугаар тушаалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Алтанбулаг дахь салбарын эрхлэгчийн албан тушаалд Д.Быг эгүүлэн томилохыг Гаалийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон; гэж заасны дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор Д.Б уг албан тушаалд томилогдох эрх үүснэ.

Иймээс Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дүгээр тушаалыг хүчингүй болгож ажлын байр чөлөөлөхийг Гаалийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

4. Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А\249 дүгээр тушаалын 5 дугаар хавсралтад Алтанбулагийн салбарын эрхлэгчийн албан тушаалын зэрэглэлийг ТТ-12 болгон бууруулж баталсныг хүчингүй болгож, хуульд нийцүүлэн TT-13 болгон өөрчлөхийг Гаалийн ерөнхий газарт даалгах шаардлагын тухайд,

Гаалийн тухай хуулийн 279 дүгээр зүйлийн 279.5.Дэс түшмэлийн албан тушаалд гаалийн удирдах төв байгууллагын гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн удирдах төв байгууллагын дэргэдэх байгууллагын дарга, хороо, алба, салбарын дарга хамаарна, 279.6.Туслах түшмэлийн албан тушаалд удирдах төв байгууллагын гаалийн улсын байцаагч, харьяа гаалийн газар, хорооны гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч хамаарна гэж заасан байна.

Нэхэмжлэгч Д.Бын албан тушаалын ангилал зэрэглэл Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/166 дугаар тушаалаар албан тушаалын ТТ-13 ангилалд хамаарч байсан гэх тайлбарыг гаргасан боловч түүнийг гаалийн албанаас халагдахаас өмнө Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/249 дүгээр[11] тушаалын 5 дугаар хавсралтад Алтанбулаг дахь гаалийн салбарын эрхлэгчийг ТТ-12 хамааруулахаар орон тоо бүтцийг баталсантай холбогдуулан Д.Б маргаж байгаагүй.

ГЕГД нь Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана., Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын хөлсийг тогтоох. бүрэн эрхтэй.

Энэхүү бүрэн эрхийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/39 дүгээр[12] тушаалаар Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц орон тоог баталсан тушаалын 5 дугаар хавсралтад Алтанбулаг дахь салбарын эрхлэгчийн албан тушаалыг ТТ-12 ангилалд хамааруулсан бөгөөд  мөн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А\249 дүгээр тушаалын 5 дугаар хавсралтад Алтанбулагийн салбарын эрхлэгчийн албан тушаалын зэрэглэлийг ТТ-12 ангиллаар тогтоосон нь уг албан тушаалын өмнө тогтоосон ангилал зэрэглэлийг бууруулаагүй байна.

Иймээс нэхэмжлэгч Д.Бын гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А\249 дүгээр тушаалын 5 дугаар хавсралтад Алтанбулагийн салбарын эрхлэгчийн албан тушаалын зэрэглэлийг ТТ-12 болгон бууруулж баталсныг хүчингүй болгож, хуульд нийцүүлэн TT-13 болгон өөрчлөхийг Гаалийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

Эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/416 дугаар тушаалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Алтанбулаг дахь салбарын эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Д.Бын ажилгүй байсан хугацааг тооцож, уг хугацаанд хамаарах цалинтай тэнцэх олговор эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг ГЕГДд даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дүгээр тушаалыг хүчингүй болгож ажлын байр чөлөөлөхийг Гаалийн ерөнхий газарт даалгах, Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А\249 дүгээр тушаалын 5 дугаар хавсралтад Алтанбулагийн салбарын эрхлэгчийн албан тушаалын зэрэглэлийг ТТ-12 болгон бууруулж баталсныг хүчингүй болгож, хуульд нийцүүлэн TT-13 болгон өөрчлөхийг Гаалийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.1, 26 дугаар зүйлийн 26.1.3, 27.2.1, Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2,  69 дүгээр зүйлийн 69.1,  Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Бын гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/416 дугаар тушаалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Алтанбулаг дахь салбарын эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Д.Бын ажилгүй байсан хугацааг тооцож, уг хугацаанд хамаарах цалинтай тэнцэх олговор, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг ГЕГДд даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дүгээр тушаалыг хүчингүй болгож ажлын байр чөлөөлөхийг Гаалийн ерөнхий газарт даалгах, Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А\249 дүгээр тушаалын 5 дугаар хавсралтад Алтанбулагийн салбарын эрхлэгчийн албан тушаалын зэрэглэлийг ТТ-12 болгон бууруулж баталсныг хүчингүй болгож, хуульд нийцүүлэн TT-13 болгон өөрчлөхийг Гаалийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.               

                     

 

                         ШҮҮГЧ                          Б.АДЪЯАСҮРЭН

 

 

[1] 1-р хавтасны 7 дахь тал

[2] 1-р хавтасны 9 дэх тал

[3] 1-р хавтасны 11 дэх тал

[4] 3-р хавтасны 69 дэх тал

[5] 2-р хавтасны 149 дэх тал

[6] 2-р хавтасны 168-193 дахь тал

[7] 3-р хавтасны 23-42 дахь тал

[8] 1-р хавтасны 9 дэх тал

[9] 1-р хавтасны 24 дэх тал

[10] 1-р хавтасны 157 дахь тал

[11] 2-р хавтасны 229 дэх тал

[12] 2-р хавтасны 226 дахь тал