Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 11

 

Ц.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 65 дугаар магадлалтай, Ц.О-д холбогдох 201718000087 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямбын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Ц-ийн О нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.О-г мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 8 дугаар сарын 8-ны дотор төлөхийг үүрэг болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-гоос 2,060,000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Ө-д олгож, 500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.О-д Сэлэнгэ аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Ц.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба гаргасан гомдолдоо “...Ц.О-гийн 2017 оны 3 дугаар сарын 21-нд Ч.Ө-д хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгээр хариуцлага хүлээлгэж энэ хуулийг хэрэглэхэд харшлах зүйлгүй байсан. Прокуророос шинэ хуультай нийцүүлж байна гээд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгосон нь Ц.О-гийн эрх зүйн байдлыг дордууллаа. Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй байхад шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэснээс үзэхэд эрх зүйн байдлыг дордуулж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх хурал 2017 оны 10 дугаар сарын 11-нд хийгдэж байхад Ц.О хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн, 2017 оны 9 дүгээр сарын 21-нд эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа дууссан ч давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэрэг нь эвлэрээд хэрэгсэхгүй болгодог хөнгөн хэрэг бөгөөд хохирогчийн буруутай үйлдэл байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар баривчлах ял оногдуулж 2017 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар “баривчлах ял” хасагдсаныг харгалзан шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Ц.О-г ялаас чөлөөлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх байсныг анхаарч үзсэнгүй. Иймд Ц.О-гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч Ц.О-гийн гомдлоор хэрэг хэлэлцэх үед 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байжээ. Үүнийг үл харгалзан шүүгдэгч Ц.О-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөөгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Ц.О-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.О нь 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт Ч.Ө-гийн гэрт түүнтэй таарамжгүй харилцаа үүсгэн маргалдахдаа эрх чөлөөнд нь халдаж, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчид хуулиар олгосон эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Ц.О-г 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь тухайн үедээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Харин давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа дууссан байхад уг хугацааг 1 жил гэж тооцсон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн байна.

Ц.О-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн шаардлага үүсээгүй бөгөөд гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямбын гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Ц.О-г гэмт хэрэг үйлдэх үед мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоноор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдох тул шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 65 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Ц.О-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН