Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2016/0652/З |
Дугаар | 214 |
Огноо | 2017-06-05 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 214
Д.Янжмаагийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батзориг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0225 дугаар магадлалтай, Д.Янжмаагийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 145 дугаар зүйлийн 145.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.5.1, 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасныг баримтлан иргэн Д.Янжмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013620 дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр /Blue sky/ хотхоны 44А байрны 13 тоот, 4 өрөө 132.0 м.кв орон сууц болон эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014047 дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр /Blue sky/ хотхоны 44А байрны зоорийн давхарын 164 тоот автомашины зогсоолыг “Мфикс Капитал” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн бүртгэл болон гэрчилгээг тус тус хүчингүй болгож, дээрх орон сууц, автомашины зогсоолыг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг орон сууц болон автозогсоолыг Д.Янжмаагийн өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Капитрон банк” ХХК-ийн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0225 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Янжмаагийн “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013620 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр /Blue sky/ хотхоны 44А байрны 13 тоот 4 өрөө 132 м.кв орон сууц, Ү-2206014047 дугаарт бүртгэгдсэн тус байрны зоорийн давхрын 164 тоот авто машины зогсоолыг “Мфикс капитал” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн бүртгэл болон гэрчилгээг тус тус хүчингүй болгож, орон сууц, авто машины зогсоолыг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг орон сууц болон авто зогсоолыг Д.Янжмаагийн өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Капитрон банк” ХХК-ийн төлөөлөгч нарын гомдлыг хангасан байна.
Нэхэмжлэгч Д.Янжмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа нотлох баримтыг тал бүрээс нь авч үзээгүй бөгөөд хавтаст хэргийн 108-113 дугаар хуудсанд гуравдагч этгээд нарын өмнө хүлээсэн үүргээ “Мфикс капитал” ХХК нь бүрэн биелүүлсэн талаар нотлох баримт авагдсан байдаг. Гэтэл энэ талаар гуравдагч этгээд нараас зөвхөн амаар тайлбар авсан бөгөөд үүрэг бүрэн дуусаагүй гэсэн тайлбар өгснийг үндэслэн гуравдагч этгээд нарын эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэн магадлал гаргаад байна. Хавтаст хэрэгт “Мфикс капитал” ХХК нь “Улаанбаатар хотын банк” ХХК, “Капитрон банк” ХХК нарын өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болоогүй талаар нотлох баримт огт авагдаагүй билээ.
Иргэн Д.Янжмаа миний бие дээрх орон сууцны төлбөрийг Капитрон банкны дансанд 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдөр бүрэн төлсөн бөгөөд өнөөдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 44А байрны 13 тоот 4 өрөө 132 м.кв орон сууц, зоорийн давхарын 164 тоот, 18 м.кв авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж чадахгүй байгаа бөгөөд “Улаанбаатар хотын банк” ХХК, “Капитрон банк” ХХК, “Мфикс капитал” ХХК нарын бизнесийн харилцаанаас болж өнөөдрийг хүртэл хохироод байна. Иргэн Д.Янжмаа миний зүгээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 44А байрны 13 тоот, 4 өрөө 132 м.кв орон сууц, зоорийн давхарын 164 тоот, 18 м.кв авто зогсоолыг барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлтийг “Улаанбаатар хотын банк” ХХК, “Капитрон банк” ХХК нарт бичгээр гаргасан боловч тодорхой хариуг өгөөгүй байна.
Иймд, иргэн Д.Янжмаа миний “Мфикс капитал” ХХК-тай 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-гээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлсэн, мөн “Мфикс капитал” ХХК нь гуравдагч этгээд нарын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн байдлыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
“Мфикс капитал” ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Капитрон банк” ХХК-тай Т07/141 тоот Зээлийн гэрээ, “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулсан байх бөгөөд барьцаа хөрөнгөд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Америк сургуулийн урд талд зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтэц, 205 автомашины гараж болон бусад хөрөнгийг барьцаалжээ.
2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Мфикс капитал” ХХК нь эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013620 дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр /Blue sky/ хотхоны 44А байрны 13 тоот, 4 өрөө 132.0 м.кв талбайтай орон сууц болон эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014047 дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр /Blue sky/ хотхоны 44А байрны зоорийн давхарын 164 тоот автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус авсан байна.
Ийнхүү гэрчилгээ авсныхаа дараа тус компани нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Капитрон банк” ХХК-тай өмнө нь байгуулсан 2007 оны Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээгээ шинэчлэн байгуулахдаа нэхэмжлэгчийн маргаж буй автомашины зогсоолыг, мөн 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Улаанбаатар хотын банк” ХХК-тай ЗГ0002/100319 дугаар зээлийн гэрээ болон ЗБГ0003/100519 дугаар барьцааны гэрээг байгуулахдаа нэхэмжлэгчийн маргаж буй орон сууцыг тус тус барьцаалсан байна.
Харин нэхэмжлэгч Д.Янжмаа нь 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Мфикс капитал” ХХК-тай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулсан нь цаг хугацааны хувьд “Мфикс капитал” ХХК-ийн өмчлөх эрх, түүнчлэн “Капитрон банк” ХХК болон “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн барьцааны эрх үүссэнээс хойш байгуулагджээ. Өөрөөр хэлбэл, “Мфикс капитал” ХХК нь маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч байх үедээ буюу нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаас өмнө уг хөрөнгүүдийг нэр бүхий банкуудын барьцаанд тавьжээ.
Энэхүү үйл баримтаас үзвэл, 2010 онд “Мфикс капитал” ХХК-аас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлэх үед хариуцагчийн зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй, мөн хөрөнгүүдийг барьцаалан “Капитрон банк” ХХК болон “Улаанбаатар хотын банк” ХХК-тай байгуулсан Барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Иймд, “иргэн Д.Янжмаа миний “Мфикс капитал” ХХК-тай 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-гээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлсэн, мөн “Мфикс капитал” ХХК нь гуравдагч этгээд нарын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн байдлыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “барьцаалагч банкуудаас барьцааны хөрөнгийг чөлөөлөхийг зөвшөөрсөн тохиолдолд бүртгэлд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй” гэснийг тэмдэглэн, хэрэв нэхэмжлэгчийн зүгээс ““Мфикс капитал” ХХК нь гуравдагч этгээд нарын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн” гэж үзэж байгаа бол тэдэнтэй зөвшилцөх, мөн “банк барьцаанаас чөлөөлөхийг зөвшөөрсөн” /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр хэлсэнчлэн/ бол улсын бүртгэлийн байгууллагад хандан эрхээ хамгаалуулах боломжтой болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх асуудал биш, гагцхүү хариуцагч байгууллагын бүртгэл хийхээс татгалзсан үйл ажиллагаанд дүгнэлт хийх ёстой гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Дээр дурдсанчлан, гуравдагч этгээд нарын өмчлөх болон барьцааны эрх нь нэхэмжлэгчийн шаардах эрх үүсэхээс өмнө үүсэж хүчин төгөлдөр болсон байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглох;”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэсний дагуу маргаж буй үл хөдлөх хөрөнгүүд өөр өмчлөгчид бүртгэлтэйн зэрэгцээ барьцааны зүйлд бүртгүүлсэн улсын бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд түүнийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд, шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүх маргаанд хамаарал бүхий үйл баримтыг зөв дүгнээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0225 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ