Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0386

 

 

 

 

 

 

 

2016 оны 6 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0386

Улаанбаатар хот

 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батзоригт, хариуцагч  Р.Даваа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяр, Х.Алтанхүү нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлоор, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Хандаа, Р.Даваа, Б.Батмөнх нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирал Д.Батжавхлан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Татварын ерөнхий гарын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: ...“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн ахлах нягтлан бодогч Ж.Сайханбаярт татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актыг хяналт шалгалт хийсэн улсын ахлах байцаагч Р.Даваа 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гардуулахдаа хянан баталгаажуулсан Б.Даваадэмбэрэлийн өмнөөс гарын үсэг зурсан актыг хүлээлгэн өгсөн бөгөөд энэхүү актыг эх хувиар нь нэхэмжлэгч талаас нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Хэргийн материалтай танилцахад хариуцагч талаас шүүхэд улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актыг гаргаж өгсөн байна. Гэтэл уг актыг хянан баталгаажуулсан газар, хэлтэс тасгийн дарга Б.Даваадэмбэрэлийн өмнөөс хяналт шалгалт хийсэн улсын байцаагч Р.Даваа гарын үсэг зурж баталгаажуулжээ. Нэхэмжлэгчийн зүгээс Татварын ерөнхий газраас татвар төлөгчийн хувийн хэрэг, хяналт шалгалт хийсэн материалыг нотлох баримтаар гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргаж, үзлэг хийлгэхэд улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот 2 хувь актад Б.Даваадэмбэрэл дарга гарын үсэг зурж, баталгаажуулсан нь илт зөрүүтэй хууль бус акт болжээ. Иймд, татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тооцож, нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Р.Даваа, Ц.Хандаа, Б.Батмөнх нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Даваадэмбэрэл Улсын төсвийн орлого, хяналтын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17 тоот тушаалаар 07 дугаар сарын 01-нээс ээлжийн амралтаа авсан... Орон нутгаас ирсэн татвар төлөгчид чирэгдэл учруулахгүйн тулд Улсын төсвийн орлого, хяналтын газрын даргын ажил үүргийг түр орлон гүйцэтгэх тухай 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 13 тоот тушаалыг үндэслэн татвар төлөгчид гардуулах 1 хувь акт дээр татварын улсын ахлах байцаагч Р.Даваа Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Даваадэмбэрэлийг орлон гарын үсэг зурж актыг баталгаажуулсан. Актыг хэвлэмэл маягтан дээр буулгахаас өмнөх ноорог дээр Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Даваадэмбэрэл гарын үсэг зурсан... Татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актын 3 хувь нь агуулгын хувьд огт зөрүүгүй бөгөөд улсад болон татвар төлөгчид ямар нэгэн байдлаар хохирол үзүүлээгүй, хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй...  гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг баримтлан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяр, Х.Алтанхүү нар давж заалдах гомдолдоо: ...Татварын ерөнхий газрын даргын 2008 оны 192 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний татварын албаны татвар хяналт шалгалтын ажлын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.2.5-д “хяналт шалгалт хийсэн татварын улсын (ахлах) байцаагч акт, дүгнэлтийг татвар төлөгчид танилцуулахын өмнө хяналт шалгалтын асуудал эрхэлсэн нэгжийн даргад, эсхүл түүний ажил үүргийг албан ёсоор орлон гүйцэтгэж буй албан тушаалтанд танилцуулж, гарын үсэг зурж баталгаажуулна”, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/101 тоот тушаалаар баталсан “Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны  журам”-ын 7 дугаар зүйлийн 7.9-д “Татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагчийн акт, ...-ыг татварын хяналт шалгалт эрхэлсэн нэгжийн даргад, эсхүл ч үүнийг орлон гүйцэтгэж буй албан тушаалтанд танилцуулан гарын үсэг зуруулж, хянан баталгаажуулна”, 7.10-д “татварын хяналт шалгалтын асуудал эрхэлсэн нэгжийн даргыг түр эзгүй байх хугацаанд албан ёсоор түр орлон гүйцэтгэх татварын улсын байцаагчийг тухайн татварын албаны даргын тушаалаар томилно” гэж тус тус заасны дагуу Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх зүйлийг үндэслэж, Улсын төсвийн орлого хяналтын газрын даргын 2011 оны 13 дугаар тушаалаар Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Даваадэмбэрэлийн ажил үүргийг татварын улсын ахлах байцаагч М.Алтангэрэл, Н.Эрдэнэчимэг, Х.Наранчимэг, Р.Даваа нар орлон гүйцэтгэхээр заасан тушаал гарсан байх бөгөөд хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Даваадэмбэрэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, Газрын даргын 2014 оны 17 дугаар тушаалд зааснаар 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралттай байх хугацаанд дээрх орлон гүйцэтгэх тушаалын дагуу хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Р.Даваа нь тус актад гарын үсэг зурсан.

Тиймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Татварын улсын байцаагч Б.Батмөнх, ахлах байцаагч Ц.Хандаа, Р.Даваа нар нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн 2009-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд  2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 30-ны хооронд татварын хяналт шалгалтыг хийж, улмаар 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актаар 313,280,856.7 мянган төгрөгийн зөрчилд 10,602,294,746,1 төгрөгийн нөхөн татвар, 3,552,646,923,8 төгрөгийн торгууль, 2,092,197,583,5 төгрөгийн алданги, нийт 16,247,139,253,4 төгрөгийн төлбөрийг ногдуулжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид “Татварын ерөнхий газрын 2008 оны 192 дугаар тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалтын ажлын дүрэм, 2014 оны А/101 дүгээр тушаал батлагдсан Татварын хяналт шалгалтын журмын дагуу Хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүргийг орлон гүйцэтгэж байгаа хүн тухайн актад гарын үсэг зурна гэсний дагуу Улсын төсвийн орлого, хяналтын газрын даргын 2011 оны 13 дугаар тушаалаар эрх олгогдсон улсын ахлах байцаагч Р.Даваа тус актад гарын үсэг зурсан, Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Даваадэмбэрэл нь нэхэмжлэгч компанид ногдуулсан актад албан үүргийнхээ хувьд хяналт тавиад явсан, акт үйлдэхэд ноорог хэлбэрээр хянасан, холбогдох журмын дагуу актад улсын ахлах байцаагч Р.Даваа гарын үсэг зурсан, үүнийг мэдэж байсан нь ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй учраас процессын алдаа гарсан гэж үзэхгүй” гэж,

Нэхэмжлэгч талаас “татварын улсын байцаагчийн акт нь үнэт цаас бөгөөд хуульд зааснаар 3-лаа адилхан байх ёстой атал 3 өөр байдлаар гарсан, 1 дэх актад Б.Даваадэмбэрэл гарын үсэг зурсан, 2 дахь актад гарын үсэг зурсан боловч тамга дарж баталгаажуулаагүй, манайд гардуулсан 3 дахь актад Р.Даваа гарын үсэг зурсан. Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Даваадэмбэрэл ээлжийн амралттай байх хугацаандаа гарын үсэг зурах эрхгүй. Манай компанид татварын хяналт шалгалт хийхэд оролцсон татварын улсын ахлах байцаагч Р.Даваа нь уг актыг баталгаажуулж гарын үсэг зурж байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүссэн” гэж тус тус тайлбарлаж байна.

Татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот акт нь 3 өөр байдлаар гарсан болохыг хэргийн оролцогчид үгүйсгээгүй, энэ нь хэрэгт авагдсан актуудын эх хувь болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

Харин хэргийн оролцогчид “татварын улсын ахлах байцаагч Р.Даваа нь Хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүргийг орлон татварын хяналт шалгалтын актыг хянаж, гарын үсэг зурж баталгаажуулах эрхтэй этгээд мөн эсэх” талаар маргаж байна.

Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Ээлжийн амралт батлах тухай” 17 дугаар тушаалаар Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Даваадэмбэрэл нь 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн амарсан ба түүний ажил үүргийг татварын улсын ахлах байцаагч М.Алтангэрэл, Н.Эрдэнэчимэг, Х.Наранчимэг, Р.Даваа нар орлон гүйцэтгэхээр Улсын төсвийн орлого, хяналтын газрын даргын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Ажил, үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” 13 дугаар тушаал гарчээ.

Уг тушаалаар татварын улсын ахлах байцаагч Р.Даваа нь албаны даргын ажил үүргийг орлон гүйцэтгэх эрхтэй боловч нэхэмжлэгч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн санхүүгийн баримтад татварын хяналт шалгалт хийж, акт ногдуулсан, уг актаа өөрөө хянаж баталгаажуулсан нь Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.11-д “Татварын хяналт шалгалтын асуудал эрхэлсэн нэгжийн даргыг албан ёсоор түр орлон гүйцэтгэх татварын улсын /ахлах/ байцаагч нь томилогдсон хугацаандаа татварын хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэхгүй”, Татварын ерөнхий газрын 2014 оны А/101 тоот тушаалд “хяналт шалгалтын асуудал эрхэлсэн нэгжийн даргыг албан ёсоор түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа татварын хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэж болохгүй” гэж заасныг тус тус зөрчиж байна.

Нөгөөтэйгүүр, Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Даваамдэмбэрэл нь хяналт шалгалтын явцад байнга хяналт тавьж, актын ноорогтой танилцаж байсан хэдий ч нэгэнт ээлжийн амралтын хугацаанд дээрх актыг баталгаажуулах боломжгүй бол Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 17 дугаар тушаалаар хяналт шалгалтын хэлтсийн даргыг үүргийг гүйцэтгэх эрх олгогдсон татварын улсын ахлах байцаагч М.Алтангэрэл, Н.Эрдэнэчимэг, Х.Наранчимэг нарын хэн аль нь дээрх актыг баталгаажуулах боломжтой байжээ.

Гэтэл татварын улсын байцаагчийн 2014 оны 210003852 тоот актыг хянаж баталгаажуулах эрхгүй этгээдийн гарын үсэг зурж, баталгаажуулсан актыг нэхэмжлэгч компанид 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гардуулсан нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-д “татварын улсын байцаагч нь гарын үсэг зурж эцэслэн ёсчлоогүй ...акт, ...-ыг татвар төлөгчид урьдчилан танилцуулах, зөвшөөрүүлэхээр албадахыг хориглох”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “...акт, ...-д татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, ...татварын хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасантай нийцээгүй болно.

Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА

                        ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ    

                        ШҮҮГЧ                                                          Э.ХАЛИУНБАЯР