Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 00449

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2019/00449

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХХГ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж-д холбогдох

2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХГшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.3.3 дах заалт, 12 дугаар зүйлийн 12.2 дах заалтуудыг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийн 2.2-т зааснаар иргэн Жтэй байгуулсан “Малчин өрхийг малжуулах” арга хэмжээний №17284 гэрээний дагуу олгосон санхүүгийн дэмжпэгийн төлөгдөөгүй үлдэгдэл 2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн Орхон Төрийн сан 100210037010 тоот дансанд төлүүлж байгууллагын хохирлыг барагдуулж өгнө үү.

Иргэн Жд манай байгууллагын зүгээс гэрээний дагуу төлбөрөө барагдуулах тухай шаардлагыг биечлэн уулзах, утасаар ярих, шаардлага, мэдэгдэл хүргүүлэх зэрэг хэлбэрээр тодорхой арга хэмжээ зохион байгуулан ажилласан боловч үр дүнд хүрэлгүй өнөөдрийн хугацааг хүргэсэн болно. Иймд Малчин өрхийг малжуулах гэрээний 5.3 “шийдвэрлэх боломжгүй” нөхцөл байдал үүссэн гэж үзэж шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна.

Монгол улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1,3-т заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХХГ-аас Малчдын хөдөлмөр эрхлэлтийн төслөөс 2015 оны 07 дугаар сард тугалтай үхэр авсан юм. Гэтэд хөдөлмөрийн хэлтэс малчдын санал хүсэлтийг харгалзахгүй, малчны гэрээгээ зөрчиж байна. Бид эвэртэй халзан тугалтай үхэр арав гаруй настай хөгшин үхрийг нь тэр жил ган гачиг ихтэй тарга хүч аваагүй учир нядлаж зарсан. Улаан халзан тугалтай үхэр 2015 оны 07 дугаар сард ирээд амнаас нь шүлс, хөөс гоожиж байгаад багийн эмчид үзүүлсэн. Үүнийг тэгээд мөн хүнсэнд хэрэглэсэн. Шүдлэн хар тугалтай үхэр 11 дүгээр сард ирсэн. Энэ нь 2016 онд сувиарсан. 2017 онп тугалах дөхөж байсан. Гэтэл үхэрт шүлхийн вакцин хийгээд хорогдсон. Үүний актыг нь хөдөлмөрийн хэлтэст өгсөн. Бид тэр тухайн үед нь хөдөлмөрийн хэлтэст мэдэгдэж байна. Энэ 3 тугалтай үхрийг бид нарт нэг бүрийн үнийг 1,300,000 төгрөгөөр өндөр үнээр авч өгсөн. Бид ч үхрээр төлөх гэрээ хийсэн. Гэрээний хугацаанд үхрээ өгөх гэтэл авахгүй, бэлэн мөнгө авна гээд хугацаа хожигдуулсан.  Бид банкны зээлтэй. Иймд гэрээний дагуу үхрээ өгч барагдуулмаар байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХГнь хариуцагч Жээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,400,000 төгрөг гаргуулахыг шаардаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ...2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн г/284 дугаартай “Малчин өрхийг малжуулах арга хэмжээний гэрээ” байгуулсан. Гэрээний зүйлд А тал мал худалдан авч өгөх санхүүгин дэмжлэгийг В талд үзүүлэх, тухайн хөрнгийн 50% буюу 2,400,000 төгрөгийг сал нийлүүлснээс хойш 24 сарын дараа зохих дансанд төлж барагдуулахаар харилан тохирсон...” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч,”...нэхэмжлэгчээс 3 тугалтай үхэр авсан. Гэрээний зүйлийн дагуу үхрээр буцаан төлөх хүсэлтэй байна ... гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2015 оны 07 дугаар сард 2 тугалтай үхэр, 2015 оны 12 дугаар сар 1 тугалтай үхэр шилжүүлэн өгсөн үйл баримт хавтаст хэргийн 2-3-р талд авагдсан 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн г/284 дугаартай “Малчин өрхийг малжуулах арга хэмжээний гэрээ”, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд үхэр аваагүй гэж хариуцагч маргахгүй байна.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 угар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь : 

1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан хариуцагч Жээс 2,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХГт олгосугай.

2. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Жээс 53,350 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БЯМБАСҮРЭН