Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/403

 

2023        03        22                                  2023/ШЦТ/403

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

прокурор Э.Баасанбаяр /томилолт/,

шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ат холбогдох эрүүгийн 2306 00318 0246 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймаг Луус суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо Хужир булангийн 4 дүгээр гудамжны 63-1960 тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А.А

Холбогдсон хэргийн талаар:

А.А нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлын ойролцоо автобусанд явж байхдаа хохирогч Д.Мөнхтогтохтой үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар хохирогчийн нүүр хэсэгт гараар цохиж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч А.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Яллагдагч А.Аын “2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 20-21 цагийн орчимд би 100 айлаас Улиастай дэнжийн 1000 гэсэн автобусанд суугаад офицеруудын ордонд орохоор автобусанд явж байгаад Жуков дээрээс гацууртын автобусанд суух гээд автобусны урд талаас хойд хаалгаар буух гэж явж байхад автобус дотор нэг эрэгтэй хүүхэд нуруундаа цүнх үүрсэн байхаар нь эхлээд зөрөх гэсэн чинь багтаагүй бөгөөд би өөдөөс нь хараад ахын дүү буу гэж хэлсэн чинь тоохгүй байхаар шууд чихээд зөрсөн чинь хойноос яагаад байгаа юм вэ ахаа гэхээр нь ахын дүү бууя л даа зөрье гэж хэлсэн тухайн хүүхэд куртикний малгайг өмссөн байхаар нь би нүүр хэсэгт нь алга хэсгээр цохисон бөгөөд тухайн хүүхдийн нүдийг нь алганы ястай хэсгээр цохисноос болж нүд нь хавдаж хөхөрсөн байх” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/,

Насанд хүрээгүй хохирогч Д.Мөнхтогтохын “Тухайн өдөр оройн 20 цаг өнгөрч байхад хичээлээ тараад орой зүүн 4 замаас офицеруудын ордон орохоор автобусанд суугаад явж байсан. Автобусанд хүн их байсан бөгөөд би урдаа гитараа бариад хойноо цүнхээ үүрсэн зогсож байсан чинь нэг ах миний араад нударч түлхсэн би яагаад байгаа юм вэ гэхэд зөрье гэж хэлсэн. Би цүнхээ хажуу тийшээ нь болгоод зай тавьж өгсөн чинь намайг тэр чигт нь түлхээд зөрөөд гарсан бөгөөд би цүнхээ хүчтэй татсан чинь миний толгойн ар хэсэгт нэг удаа цохисон бөгөөд би тэнцвэрээ алдаад доошоо толгойгоо илээд эргэж харахад миний зүүн нүдний хажууд гараараа цохисон. ...тухайн хүн намайг дагз хэсэгт 2-3 удаа цохисон тухайн үедээ тэнцвэрээ алдаж манараад юу болоод байгааг ойлгохгүй эргээд харахад зүүн нүд хэсэгт гараа зангидаж байгаад цохисон. Тэгж цохиулаад би толгой эргээд хөл дээрээ анхаарлаа хандуулж байхад дахин нэг удаа цохисон хаашаа цохисныг нь би санахгүй байна. Тухайн үед надад 190.000 төгрөг төлсөн. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 23 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай “Таних гэрэл зургийг зүүн талын дээд өнцгөөс 1-6 хүртэл дугаарласан 6 ширхэг гэрэл зургийг оролцогч Д.Мөнхтогтоход үзүүлэн 2022 оны 12 дугаар сарын 13-өдөр таныг зодсон хүн гэх хүнийг таних уу гэхэд Д.Мөнхтогтох нь би намайг зодсон тэр эрэгтэйг одоо хараад танина гэж 6 гэж дугаарласан гэрэл зураг дээрх эрэгтэйг намайг зодсон хүн мөн байна” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 160 дугаартай шинжээчийн “Д.Мөнхтогтохын биед хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн дээд зовхинд зурвас цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

Насанд хүрээгүй хохирогч Д.Мөнхтогтох, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Дашням нарын “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хавтаст хэргийн 56 дахь тал/,

Шүүгдэгч А.Аын хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 55 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар:

А.Аын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг прокурор хангаж шийдвэрлэсэн байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ат 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял санал болгосныг А.А нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагджээ.

А.А нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлын ойролцоо автобусанд явж байхдаа хохирогч Д.Мөнхтогтохтой үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар хохирогчийн нүүр хэсэгт гараар цохиж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь яллагдагч А.А, насанд хүрээгүй хохирогч Д.Мөнхтогтох мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаар гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлтээс татгалзаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдаж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон байна.

Иймд А.Аыг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 500 нэгжээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ат 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс А.Ат оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэж үзвэл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ