| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2019/00481/и |
| Дугаар | 00576 |
| Огноо | 2018-05-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 00576
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ү-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ю-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ү, хариуцагч Ю, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Ютай 2003 оноос танилцаж хамт амьдарч 2006 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2004 оны 05 дугаар сарын 18-нд том охин Э, 2013 оны 05 дугаар сарын 01-нд бага охин Л төрсөн. Сүүлийн үед бид 2 хоорондоо таарч тохирохгүй болж Ю том охин Эг, Ү миний бие бага охин Лийг авч 8 сар тус тусдаа амьдрах болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, Том охин Эг Ю, бага охин Лийг Ү миний бие асрамжиндаа авч, хүүхдүүддээ эцэг эхээс нь тэтгэлэг тогтоолгохгүй, бидний гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Орхон аймгийн 16 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, “Эрдмийн сан” ЕБ сургуулийн тодорхойлолт, Хүрэнбулаг багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Ю.Э, Ю.Л нарын төрсний гэрчилгээний хуулбар, Ү, Ю нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч. Ү нь Юд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Ү, Ю нар нь 2003 онд танилцаж, улмаар гэр бүл болж 2006 онд албан ёсоор гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээгээр, гэрлэгчдийн дундаас 2004 оны 05 дугаар сарын 18-нд охин Э, 2013 оны 05 дугаар сарын 01-нд охин Л нар төрсөн, одоо эрүүл өсөн бойжиж байгаа болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар, өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт зэргээр тус тус нотлогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдрах болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих арга ажиллагаа явуулсан боловч амжилтгүй болсон зэрэг байдлыг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Охин Ю.Э эцгийн хамт, охин Ю.Л нь эхийн хамт амьдарч байгаа гэж зохигч тайлбарласан ба хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүй бөгөөд зохигч хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон, тэтгэлэг гаргуулахгүй гэж тайлбарлаж байх тул талуудын тохиролцсоны дагуу хүүхдийн асрамжийг шийдвэрлэх үндэстэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй гэж тус тус заасныг зохигчид анхаарвал зохино.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ү , Ю нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2004 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Эг эцэг Юынх нь 2013 оны 05 дугаар сарын 01-нд төрсөн охин Лийг эх Үгийнх нь асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэрлэгсэд дундын эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн асуудлаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдсугай.
4. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Бүжинд даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН