| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 221/2025/0012/3 |
| Дугаар | 221/ШШ2025/0012 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 221/ШШ2025/0012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “А А” ХХК, “А” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/*** дугаар тушаалаар шинэчлэн баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-ний “Д” гэсэн 1 дэх хүснэгтийн “А” гэсэн баганад 50.000 төгрөг” гэснийг хүчингүй болгуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Т
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.
Хэргийн индекс: 221/2025/0012/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А А” ХХК, “А” ХХК нараас тус шүүхэд хандан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/*** дугаар тушаалаар шинэчлэн баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-ний “Д” гэсэн 1 дэх хүснэгтийн “А” гэсэн баганад 50.000 төгрөг” гэснийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.
2. Нэхэмжлэгч “А А” ХХК, “А” ХХК нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Тээврийн компаниудаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/** дүгээр тушаалын Хавсралт 1-ийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт 3.5 тн-оос дээш бодит жинтэй ачааны машин нэвтрэхэд 50,000 төгрөг хураахаар заасан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ** дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Түүнийг эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ** дугаар тогтоолоор хэргийг хянан хэлэлцээд “шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтыг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/** дүгээр тушаалын хавсралт 1-ийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутагт 3.5 тн-оос дээш бодит жинтэй ачааны машин нэвтрэхэд 50,000 төгрөг хураахаар заасан хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл буюу уг хавсралтын Тайлбар хэсэгт тухайн хураамжийн зорилго, үйлчлэх хүрээг тодруулж заах хүртэл 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол уг хэм хэмжээний актын холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэж, “2” гэснийг “3” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай” гэж шийдвэрлэсэн.
Түүний дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/*** дугаар тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-г шинэчлэн баталсан бөгөөд ингэхдээ “Д” гэсэн 1 дэх хүснэгтийн “А” гэсэн баганад 50,000 төгрөг” гэжээ.
Гэтэл өмнө шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн ** дугаар тогтоолд Давж заалдах шатны шүүхээс “хариуцагч дээрх тушаалыг хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах журмын дагуу баталсан бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй заалт (хураамж) нь тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зорилгоор нэвтэрч байгаа хүн, ачааны машин, нисдэг тэрэг зэрэгт хамаарахаас бус тусгай хамгаалалттай газар нутгаар дайран өнгөрч буй ачааны машинтай этгээдэд буюу аялал жуулчлал хийхгүй, тухайлбал, нэхэмжлэгч нүүрс тээврийн компанийн жолооч нарт үйлчлэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна”, “түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.40-д заасан “хураамж”-ийн зохицуулалт (төрийн байгууллагаас аливаа этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс тухай бүр авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгө)-аас үзвэл маргаан бүхий хураамжийг “тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зорилгоор нэвтэрч буй этгээдээс хамгаалалтын захиргаа нь тодорхой төрлийн үйлчилгээ үзүүлсний төлөө авч буй мөнгөн хөрөнгө” гэж тайлбарлахаар байна”, захиргааны хэм хэмжээний акт хуульд заасан шаардлагыг хангаагүй ...боловч уг хураамж нь тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал хийх зорилгоор нэвтэрч буй этгээдийн хувьд (ямар авто тээврийн хэрэгсэл ашиглаж байгаагаасаа хамааран) үйлчлэх ёстой тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу маргаан бүхий заалтыг хүчингүй болгох боломжгүй юм.
“Иймд хариуцагч А/** дүгээр тушаалын Хавсралтын Тайлбар хэсэгт тухайн хураамжийн зорилго, үйлчлэх хүрээ буюу ямар зорилгоор, хэнээс авах, авахгүй талаар (тухайлбал, улс, орон нутгийн чанартай авто замаар тээвэр хийж буй этгээдэд үйлчлэхгүй болохыг) тодорхой заах шаардлагатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэсний дагуу маргаан бүхий тушаалын холбогдох заалтыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ” гэж дүгнэсэн. Гэтэл шүүхээс тухайн хураамж нь аялал жуулчлалын зорилгогүй буюу улс, орон нутгийн чанартай авто замаар тээвэр хийж буй этгээдэд үйлчлэхгүй болохыг тодорхой заах шаардлагатай гэж тодорхой заасныг зөрчиж хууль зөрчсөн зохицуулалтаа дахин хэвээр нь баталсан байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ** дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компаниудад мэдэгдэл хүргүүлсэн. Түүнд “...А/*** дүгээр тушаалаар тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх тасалбарын хэмжээг шинэчлэн тогтоосон, хураамжийн хэмжээ өөрчлөгдөөгүй. Иймд “А” ХХК 2023 оны үлдэгдэл 117,250,000 төгрөг, 2024 оны үлдэгдэл 209,750,000 төгрөг, нийт 327,000,000 төгрөг, “А” ХХК 2023 оны 9,600,000 төгрөг, 2024 оны үлдэгдэл 81,350,000 төгрөг, нийт 90,950,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны дотор тооцоогоо хийж дуусгахыг мэдэгдэж байна. Тооцоо нийлээгүй тохиолдолд Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Авто тээврийн үндэсний төвөөс олгодог тээвэр хийх “С” зөвшөөрөл олгуулахгүй байх, шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг арга хэмжээ авах болсныг үүгээр мэдэгдэж байна” гэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн хууль бус хэм хэмжээний актыг үндэслэн төлбөр төлөхийг шаардсан буюу А/*** дүгээр тушаалын холбогдох хэсэг нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэвээр байна.
Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/*** дугаар тушаалаар шинэчлэн баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-ний “Д” гэсэн 1 дэх хүснэгтийн “А" гэсэн баганад 50,000 төгрөг” гэснийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөг А.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн орлогын хэмжээг тогтоох бүрэн эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад олгосон. Энэ эрхийнхээ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/*** дүгээр тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг” шинэчлэн тогтоосон. Захиргааны хэм хэмжээний актыг гаргахын өмнө холбогдох бүхий л судалгааг хийж, нөлөөллийн шинжилгээний дэлгэрэнгүй танилцуулгыг бэлтгэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлсэн.
Маргаан бүхий хэм хэмжээний актыг шинэчлэхдээ “олон улсын ачаа тээвэрлэлт хийдэг тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчтэй гэрээ байгуулан нэвтрэх хураамжийн төлбөрийг урьдчилан төлж болно. Төлбөрийг урьдчилан төлсөн тохиолдолд 30 хүртэл хувиар хөнгөлөлт үзүүлнэ гэх нөхцөлийг нэмж оруулсан. Тухайн төлбөрийн хэмжээг тогтоосон үндэслэл нь нөлөөллийн шинжилгээний дүгнэлтэд ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгж, байгууллага байгаль орчинд нөлөөлж байгаа төлөв байдлын шинжилгээний дүнгээр агаарын чанар, агаарт дахь хүхэрлэг хий, азотын давхар исэл зэрэг хүнд металлын хэмжээ ихэссэн ба тусгай хамгаалалттай газар нутгийг байгалийн унаган төрхөөр нь хадгалан хамгаалах, хамгаалалтын захиргаад, байгаль хамгаалагч нарын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгж, байгууллагад үзүүлэх үйлчилгээг сайжруулах зорилготой болно.
Иймд маргаан бүхий тушаал нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдлыг тогтоосон, хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч “А А” ХХК, “А” ХХК нар нь автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг. Ингэхдээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Цагаан хаднаас Гашуун сухайт боомтын хооронд тээврийнхээ үйл ажиллагааг эрхэлдэг. Уг маршрутаар нүүрс тээвэрлэх үед Говийн бага дархан цаазат газраар дайран өнгөрдөг гэж Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас бидэнд хураамж, төлбөр төлөхийг шаардаж албан бичиг хүргүүлсэн байгаа. Уг албан бичгийн үндэслэл болсон хэм хэмжээний акт нь өнөөдрийн бидний маргаж байгаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлийн сайдын 2024 оны А/*** дүгээр тушаал байгаа юм. Тус актаар зохицуулж байгаа харилцааг өмнө нь тухайн яамны сайдын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай А/** дүгээр тушаалаар зохицуулж байсан. Энэ тушаалын холбогдох заалт буюу өнөөдрийн бидний маргаж байгаа байдалтай төстэйгөөр хавсралтын 1.1-д тусгай хамгаалалттай газар нутагт 3.5 тонноос дээш бодит жинтэй ачааны машин нэвтрэхэд 50,000 төгрөг хураахаар заасан нь үндэслэлгүй байна. Үүнийг хүчингүй болгуулъя гээд нэр бүхий компаниудаас маргасан. Нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ** дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ** дугаар тогтоолоор тус тус шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхээс давж заалдах шатны шүүх нь тусгай хамгаалалттай газар нутгаар дайран өнгөрч байгаа ачааны машинтай этгээдэд буюу аялал жуулчлал хийхгүй, нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа жолооч нарт энэхүү акт нь үйлчлэхгүй юм. Ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниас хураамж авахаар шаардаж байгаа нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан хэм хэмжээний актад тавигдах тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх гэдэг шаардлагыг хангахгүй байна. Иймээс хариуцагч нь тухайн А/** дүгээр тушаалын хавсралтын тайлбар хэсэгт хураамжийн зорилго, үйлчлэх хүрээ буюу ямар зорилгоор хэнээс авах авахгүй талаар тухайлбал улс, орон нутгийн чанартай авто замаар тээвэр хийж буй этгээдэд үйлчлэхгүй болохыг тодорхой зааж байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны ** дүгээр тушаалын холбогдох заалтыг нь дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлээд, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргахгүй бол уг хэм хэм хэмжээний актын холбогдох заалтыг хүчингүй болгохыг дурдаад шийдвэрлэчихсэн. Ийм байдлаар шүүхээс тухайн хураамж нь аялал жуулчлалын зорилгогүй буюу улс орон нутгийн чанартай авто замаар тээвэр хийж буй этгээдэд үйлчлэхгүй байхыг тодорхой дүгнэн шийдвэрлэсэн энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хууль, хуулийн заалтууд одоо хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөн хэвээр байхад хариуцагчаас шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн 3 сарын дотор дахин шинэ акт гаргахдаа ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудаас тухайн хураамжийг авахаар дахин энэ журмаа баталж байгаа нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзэж өнөөдрийн нэхэмжлэлийг гаргасан. Өмнөх актаас ялгаатай байдал нь хариуцагчаас энэ удаа баталсан А/*** дүгээр хэм хэмжээний актын хавсралтын тайлбар хэсэгт гадаадын иргэн, ачаа тээврийн машин, нисдэг тэрэг онгоцонд нэвтрэх хураамжийн төлбөрийг заавал ноогдуулна гэж тусгасан. Ийнхүү тусгахдаа ямар зорилгоор зорчиж байгаа ачаа тээврийн машинаас хураамж авах болон авахгүй талаар нарийвчлан зохицуулаагүй байгаа гэж хараад байгаа. Мөн журмын тайлбарын 4-д олон улсын ачаа тээвэрлэлт хийдэг тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчтэй гэрээ байгуулан нэвтрэх хураамжийн төлбөрийг урьдчилан төлж болно. Төлбөрийг урьдчилан төлсөн тохиолдолд 30 хүртэлх хувиар хөнгөлөлт үзүүлнэ гэж тусган олон улсын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудаас хураамжийг төлүүлэхээр бичээд, энийгээ үндэслээд энэ удаагийн актаар ачаа тээврийн компаниудыг хамруулж хураамжийг авахаар шийдвэрлэсэн гэж үзэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн хэм хэмжээний актад тавигдах шаардлага буюу 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалт, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.18 дахь хэсэгт заасантай огт нийцэхгүй байна гэж үзэж байгаа. Ийм учраас нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“…Хариуцагчийн гол тайлбарлаж байгаа үндэслэл бол агаар, ус, хөрсний бохирдол, үүний нөлөөллөөс шалтгаалж энэ төлбөрийг тогтоож байна гээд байгаа. Манай тээврийн компани Г ХХК-тай гэрээ хийгээд Э ХК-ийн тээвэр хийх зориулалтаар барьсан авто замаар тээврийг хийж явж байгаа. Тээвэр хийхдээ манайх Г ХХК-тай байгуулсан гэрээний дагуу зам ашигласны төлбөрийг төлөөд, агаарын бохирдол, орчны нөлөөлөл, хог хаягдлын төлбөр, тусгай хамгаалалттай газар нутгаар нэвтэрсний хураамж гээд энэ бүх төлбөрүүдийг тус тусад нь төлөөд явж байгаа. Тайлбар дээр тодорхой дурдаад оруулчихсан. Агаар бохирдуулсны төлбөрийг гэхэд Агаар бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д зааснаар тээврийн хэрэгсэл болгоноор төлөөд явж байгаа. Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулиар мөн тодорхой хувь хэмжээний татварыг тээврийн хэрэгсэл болгоноороо төлөөд явж байгаа. Ийм учраас манайх тухайн тусгай хамгаалалттай газар нутагтай холбоотой аялал жуулчлалын зориулалтаар ямар нэг үйлчилгээ авахгүй. Тухайн хураамжийг төлөх үндэслэлгүй. Төлбөр гэж үзэж байгаа бол хуулийн заалт нь арай өөр байдлаар батлагдаад төлбөрөө аваад явах ёстой байсан байх. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тайлбарлаж байна” гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай зүгээс маргаан бүхий захиргааны актыг шинэчлэхдээ олон улсын ачаа тээвэрлэлт хийдэг тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчтэй гэрээ байгуулсан нэвтрэх хураамжийн төлбөрийг урьдчилан төлж болно. Төлбөрийг урьдчилан төлсөн тохиолдолд 30 хүртэлх хувиар хөнгөлөлт үзүүлнэ гэх нөхцөлийг нэмж оруулсан байдаг. Тухайн төлбөрийн хэмжээг тогтоосон үндэслэл нь нөлөөллийн шинжилгээний дүгнэлт, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага байгаль орчинд нөлөөлж байгаа төлөв байдлын шинжилгээний дүнгээр агаарын чанар, агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар исэл зэрэг хүнд металлын хэмжээ ихэссэн ба тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн унаган төрхөөр нь хадгалах, хамгаалах, хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нарын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, ачаа тээврийн үйлчилгээг үзүүлж байгаа аж ахуйн нэгж байгууллагад үзүүлэх үйлчилгээг сайжруулах зорилготойгоор энэхүү заалтыг нэмж оруулсан. Иймд маргаан бүхий тушаал нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдлыг тогтоосон, хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянан үзээд нэхэмжлэгч “А А” ХХК, “А” ХХК нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.1 Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд сонгогдсон иргэдийн төлөөлөгч Ө.Н-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зөвшөөрсний дагуу түүний эзгүйд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
2. “Т” ХХК, “М” ХХК нар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/** дүгээр тушаалын Хавсралт 1-ийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутагт 3.5 тн-оос дээш бодит жинтэй ачааны машин нэвтрэхэд 50.000 төгрөг хураахаар заасан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ** дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2.1 Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ** дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ** дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтыг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/** дүгээр тушаалын хавсралт 1-ийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутагт 3.5 тн-оос дээш бодит жинтэй ачааны машин нэвтрэхэд 50,000 төгрөг хураахаар заасан хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл буюу уг хавсралтын Тайлбар хэсэгт тухайн хураамжийн зорилго, үйлчлэх хүрээг тодруулж заах хүртэл 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Улмаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/*** дүгээр “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг хавсралтаар баталж, хавсралтын Д “А” 50.000 төгрөг гэж тогтоосон байна.
4. Нэхэмжлэгч нараас “...Ө аймгийн Х сумын нутаг дэвсгэрт байрлах Цагаан хаднаас Гашуун сухайт боомтын хооронд тээврийн үйл ажиллагааг эрхэлдэг. Уг маршрутаар нүүрс тээвэрлэх үед Говийн бага дархан цаазат газраар дайран өнгөрдөг гэж Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас бидэнд хураамж, төлбөр төлөхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “...төлбөрийн хэмжээг тогтоосон үндэслэл нь нөлөөллийн шинжилгээний дүгнэлт, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага байгаль орчинд нөлөөлж байгаа төлөв байдлын шинжилгээний дүнгээр агаарын чанар, агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар исэл зэрэг хүнд металлын хэмжээ ихэссэн ба тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн унаган төрхөөр нь хадгалах, хамгаалах, хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нарын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, ачаа тээврийн үйлчилгээг үзүүлж байгаа аж ахуйн нэгж байгууллагад үзүүлэх үйлчилгээг сайжруулах зорилготой” хэмээн тус тус маргасан.
5. Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг тогтоохдоо холбогдох судалгаа, нөлөөллийн шинжилгээг хийж Захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ** дугаарт[1] нийтэлсэн байна.
6. Нөлөөллийн шинжилгээний танилцуулгад[2] “...Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 21 хувь буюу 32.8 сая га талбайг Улсын тусгай хамгаалалтад хамруулж, нэгдсэн сүлжээг бүрдүүлээд байна... Дархан цаазат 22 газар 13.8 сая га талбай, 8.8 хувь... Тусгай хамгаалалттай газар нутагт хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны талаар мэдээлэл, зааварчилгаа өгөх, аялал жуулчлалын замыг танилцуулж, отоглох газрыг зааж өгөх, тодорхой мэдээлэл, товхимол, гарын авлага, санамж, хогны уутаар хангах, шаардлагатай тохиолдолд газарчлах хүн гаргаж өгөх үйлчилгээ үзүүлдэг гэж, ...Олон улсын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгж, байгууллага байгаль орчинд нөлөөлж байгаа төлөв байдлын шинжилгээний дүнгээр “Орон нутагт 2021-2023 онд агаарын чанарыг хянах 26 суурин харуул ажиллаж агаар дахь хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/-ийг хөтөлбөрийн дагуу хоногт 2-3 удаа 20 минутын дунджаар сорьц авч, спекирофотометрийн аргаар тодорхойлж орон нутагт агаар дахь PM2.5 тоосонцрын агууламжийг бага үнийн сенсор багажийг 2021 оны сүүлээр суурилуулан хэмжилт хийсэн бөгөөд 2022-2023 оны жилийн дундаж агууламжаар харууллаа... орон нутагт хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 4-26 мкг/м3-ийн хооронд хэлбэлзэж, агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас 1.1-1.3 дахин их, PM2.5 тоосонцрын жилийн дундаж агууламж 10-115 мкг/м3-ийн хооронд хэлбэлзэж байсан бөгөөд орон нутагт хэд дахин их байсан” гэж, акт гарсны дараа байгаль хамгаалагчдын нөхцөл байдалд ихээхэн өөрчлөлт гарах бөгөөд тэдний эрх ашгийг хамгаалахад эергээр нөлөөлж, тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэд, мал амьтан байгаль орчин, биологийн төрөл зүйлд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бууруулах боломжийг бүрдүүлнэ. Энэхүү төлбөрийн хэмжээ нь байгууллага, аж ахуйн нэгжүүд болон иргэд, зорчигчдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй бөгөөд одоогийн хэрэглээний үнийн индекс болон хувь хүний орлоготой харьцуулахад нэмэлт ачаалал үүсэхгүй” гэжээ.
7. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ** дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр[3] “А” ХХК-д Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтэрсний төлбөр 90.950.000 төгрөг, “А А” ХХК-д 327.000.000 төгрөгийг төлж дуусгахыг мэдэгдэж, тооцоо хийгээгүй тохиолдолд тээвэр хийх “С” зөвшөөрөл олгохгүй байх, шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг арга хэмжээ авахыг мэдэгдсэн байна.
8. Нэхэмжлэгч нар нь ачааны авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг, тухайн ачааны машинууд нь Тусгай хамгаалалттай газар нутгаар дайран өнгөрч, 50.000 төгрөгийн хураамж төлөхийг шаардсан байх бөгөөд нэхэмжлэгч нар “...аялал жуулчлалын зорилгогүй буюу орон нутгийн чанартай авто замаар тээвэр хийж буй этгээдэд үйлчлэхгүй болохыг тодорхой заах шаардлагатай гэж заасныг зөрчиж хууль зөрчсөн зохицуулалтаа дахин хэвээр баталсан... А/*** дүгээр тушаалын холбогдох хэсэг нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэж тайлбарладаг.
9. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/*** дүгээр тушаал нь дан ганц нэхэмжлэгч нарт чиглээгүй байх бөгөөд 2024 оны 02 дугаар сард 312 компанийн 18.511 авто машин Говийн бага дархан цаазат газар нутгаар дайран өнгөрсөн байх тул уг тушаалын улмаас “А А” ХХК, “А” ХХК нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.
10. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлын төсөв нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх, газрыг засаж тохижуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, мониторингийн аргаар судалгаа, шинжилгээ хийх, сурталчлах зардал, ажиллагсдын цалин хөлс зэргээс бүрдэнэ”, 6 дугаар зүйлийн 2-т “Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлыг санхүүжүүлэх хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ”, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8-д “тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн орлого”, 27 дугаар зүйлийн 18-д “энэ хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5, 7, 8-д заасан төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох” гэж заасны дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг тогтоох бүрэн эрхийг хуулиар олгожээ.
11. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.40-д “хураамж” гэж төрийн байгууллагаас аливаа этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс тухай бүр авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг” гэж ойлгохоор заасан бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийг тогтоосон нь Говийн бага Дархан цаазат газар нутгийг хамгаалах ажлыг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрт хамаарч байна.
12. Олон улсын ачаа тээврийн буюу нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгж, байгууллага нь байгаль орчинд нөлөөлж байгаа төлөв байдлын шинжилгээгээр агаар дахь хүхэрлэг хий болон тоосонцрын агууламж ихээр дэгдэж байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутагт байх иргэд, мал амьтан, байгальд сөргөөр нөлөөлж байгаа нь тогтоогдож байх тул Тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн унаган төрхөөр нь хадгалах, иргэд болон байгаль, ан амьтны эрх, ашгийг хамгаалах, Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлыг буюу байгаль хамгаалагч нарын ажиллах нөхцөл зэргийг сайжруулан санхүүжүүлэх хөрөнгийг бий болгох зорилгоор уг хураамжийг хураан авч байгааг буруутгах үндэслэлгүй.
13. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа”, 12 дугаар зүйлийн 6-д “хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нар нь Дархан цаазат газар нутгаар дайран өнгөрч буй автозамаар ачааны автомашинаар тээвэрлэлт хийж байгаа нь тухайн газар нутгийн хөрс, агаарыг бохирдуулах үйл ажиллагаанд хамаарч байна.
14. Иймд нэхэмжлэгч “А А” ХХК, “А” ХХК нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий тушаалын холбогдох заалтын улмаас зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А А” ХХК, “А” ХХК нараас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/*** дугаар тушаалаар шинэчлэн баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-ний “Д” гэсэн 1 дэх хүснэгтийн “А” гэсэн баганад 50.000 төгрөг” гэснийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН