Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 00597

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 09 өдөр

     Дугаар 142/ШШ2019/00597

                        Орхон аймаг

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Я-т холбогдох

1,580,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 04 сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б, хариуцагч Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я нь манай Говилд байрлах нийтийн байранд байр хөлсөлж сууж байсан. 2 жил гаруй хугацаанд 2018 оны 03 сарын 09-өөс 2019 оны 04 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын түрээс 100,000 төгрөг, 13 сар, 1,300,000 төгрөгийг огт төлөөгүй. Худлаа ярьж айлд түлхүүр үлдээгээд нүүгээд явсан байсан. Би 2018 оны өвөл гэрээ хийх гэж гэрт нь очсон. Эхнэр Ч нь юун сүртэй юм бэ? Өгнө шүү дээ. Чи намайг шүүхэд өгөх гэлээ гээд цаасыг нь базаад хаясан. Би тэр үед адилхан эмэгтэй хүн мөнгө төгрөг нь бүтэхгүй бухимдсан байх гэж бодоод өнгөрсөн. Я нь чи Чтэй битгий ярь, би өөрөө хариуцаж өгнө Тэтгэврийн зээл аваад орох оронтой болъё гээд байсан учир өгөх байх гэж бодоод өдий хүрлээ. Амьдарч байх хугацааны халаалтын төлбөр 2018 оны 12 сараас 2019 оны 03 сар хүртэл 279,708 төгрөг огт төлөдөөгүй байна. Я өгч байгаа гээд байсан. Ингээд нийт 1,580,000 төгрөг гаргуулж өгнө үү? гэжээ.

Хариуцагч Я шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Норов овогтой Бямбацогт би 2017 онд вокзалд 3 өрөө байр сарын 100,000 төгрөгөөр хөлсөлж сууж байсан. Гэтэл Б утасдаж Говилд байгаа миний нийтийн байрны нэг өрөөг гайгүй 50,000, 60,000 төгрөгөөр хөлслөөд суу гэсэн. Тэгээд би 2017 оны 04 сарын 09-нд тус байранд нүүж орсон. Тэгтэг хэлсэн үгэндээ байж чадалгүй сүүлд нь надаас бөөн мөнгө нэхээд байна. Би сарын 100,000 төгрөг гэсэн бол юу гэж халуун хүйтэн устай байрнаас гарч нийтийн байранд орох билээ дээ. Хэдэн төгрөгийн хямдыг нь бодоод орсон. Энэ хүний ийм гэдгийг нь мэдсэн бол адилхан үнэтэй байсан бол яах гэж оров доо. Энэ хүн намайг ядарч яваа болохоор ингэж тоглож болно гэж бодсон бол би энэ хүсэлтийг хэзээ ч зөвшөөрч чадахгүй. Би сууж байсан хугацааныхаа сая төгрөгийг төлөөд сууж байсан. Гэтэл нэг өдөр нүү, гар гэж хөөсөн. Би сар гаруй хугацаанд хөөгдөж янз янзаар дарамтлуулж байгаад болохгүй болохоор нь 2019 оны 04 сарын 08-нд аргагүйн эрхэнд нүүж гарсан. Би энэ мөнгийг төлөх ёсгүй гэж үзэж байна. Би хөөгдөж нүүсний 80,000 төгрөг, түүний урдах 70,000 төгрөг, хөөгдөж нүүх хооронд эвдэрч хэмхэрсэн тавилганы мөнгө гээд хохирол их учирсан. Эдгээр мөнгийг би нэхэмжлэх учиртай гэж үзэж байна. Ингэж хүнийг ядарч явахад хүний сэтгэл санаагаар тоглож болохгүй. Би гомдолтой байна. Өдийг хүртэл хүнийг ингэж хуурч, хуурагдаж явсан уда байхгүй. Яагаад надаар ингэж тоглож байгаа юм бэ? Даанч дээ. Би тэнэг ч гэсэн адилхан үнэтэй байрнаас гараад нийтийн байранд орох уу даа. Вокзалын 3 өрөө төвлрсөн байранд сарын 100,000 төгрөгөөр сууж байхад нууж гаргачихаад дараа нь хүнийг ингэж өрөнд оруулж, гүтгэж болох уу даа.  Шүүх үнэнийг олж намайг хохиролгүй болгож өгнө үү? би олон жил байр хөлсөлж амьдарсан. Ийм зантай хүнтэй таарч байсангүй.  Энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гомдолтой байна. Түрээслэгч хүн хэзээ ч дулааны мөнгө төлдөггүй баймаар юм гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууц хөлсөлсний хөлс болон халаалтын төлбөр 1.560.000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд сард 50,000-60,000 мянган төгрөгөөр хөлслөхөөр тохирсон, нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй гэж мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч ,хариуцагч нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар орон сууц хөлслөх гэрээг амаар байгуулан хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Орхон аймаг,Баян-Өндөр сум, Говил баг, Илгээлтийн 3-14 тоотод байршилтай байрыг сарын 100 мянган төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцон 2017-04-08-ны өдрөөс эхлэн хөлслөн суусан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг түүний орон сууцыг хөлслөн сууж байгаад яваандаа худалдан авна гэж ярьж байсан гэж тайлбарлаж байна.

Талууд гэрээний хугацааны талаар тодорхой тохиролцоогүй байна. Гэвч хариуцагч нь гэр бүлийн хамт тухайн орон сууцанд 2017 оны 04-р сарын 08-ны өдрөөс 2019-03 сарын 09-ний өдөр хүртэл амьдарсан байх ба хөлслөн суух 11 сарын хугацаанд нэхэмжлэгчид нийт 1.100.000 төгрөгний хөлс төлсөн байна. Эндээс дүгнэхэд талууд орон сууцны сарын хөлсийг 100.000 төгрөгөөр тохирсон болох нь батлагдаж байна.

Хариуцагч нь 2017 оны 04-р сарын 08-ны өдрөөс 2019 оны 03 сарын 09-ний өдөр хүртэл тухайн орон сууцанд амьдарсан болон 11 сарын хугацаанд нэхэмжлэгчид нийт 1.100.000 төгрөгний хөлс төлсөн талаар маргахгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотлож чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-т Орон сууц хөлслөх гэрээнд  энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэсэн байх тул эд хөрөнгө хөлслөх гэрээний заалтыг хэрэглэх нь зүйтэй байна. Иргэний хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-т “ Эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь орон сууц хөлслөх гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан байна.

Мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1-т эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болох үндэслэлийг заасан байх ба 294.1.2-д “ Гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол гэрээ цуцлах тухай аль нэг тал нь мэдэгдсэнээс хойш хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрсөн бол гэрээ дуусгавар болохоор зохицуулсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг хөлсөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч нь хөлсөө төлөөгүй 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хөлсөлсөн орон сууцнаас нүүж явсанаар гэрээ дуусгавар болжээ. 

Хөлсийг хэрхэн төлөх талаар талууд тодорхой тохиролцоогүй бөгөөд Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.1-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөгч нь гэрээний хугацаа дуусахад хөлсийг төлнө гэсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна. Харин халаалтын төлбөрийг хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй, нэхэмжлэгч энэхүү шаардлагаа нотолж чадахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1,289 дүгээр зүйлийн 289.1.2,292 дугаар зүйлийн 292.1-д заасныг баримтлан хариуцагч Яоос 1.300.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 279.708 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 40,320 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН