Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/465

 

 

2023        04        04                                  2023/ШЦТ/465

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

прокурор М.Сансарсайхан,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2306 00000 0583 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1961 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймаг Өмнөговь суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо Баатархайрхан гудамжны 275 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******

Холбогдсон хэргийн талаар:

******* нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Петровис шатахуун түгээх станц дээр иргэн Н.Эрдэнэбулгантай дараалал дайрч урдуур орлоо гэх шалтгаанаар муудалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, түүний биед доод баруун 1, 2 дугаар шүдний булгарал, буйланд шарх, цус хуралт, доод уруулын салтсад цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчид 500.000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Яллагдагч О.Ганбаатарын “Тухайн залуу намайг эхэлж нэг удаа цохихоор нь би буцаагаад нэг удаа цохьсон. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

Хохирогч Н.Эрдэнэбулганы “Би2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эхнэрийн дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Петровис шатахуун түгээх станц дээр бензин авах гээд очирлоод хүлээгээд байж байхад урдаас саарал өнгийн суудлын тээврийн хэрэгсэл ороод ирэхээр би чи очирлоод орооч ээ бид нар хүлээж байгаад авч болж байгаа биз дээ гээд машиныг нь цохисон чинь машин дотроос 60 орчим насны эрэгтэй бууж ирэхээр нь би чи яах гээд байгаа юм гээд тэр хүнийг түлхсэн чинь тэр хүн намайг чи зайл даа муу согтуу хулгайч гэж хэлээд миний ам хэсэгт нэг удаа цохисон. Тэр хүнийг цохиход би унаад босоход миний үүдэн доод хоёр шүд хугарсан байсан. Тэгэхээр нь чи шүд хуга цохичихлоо гэхэд чиний шүд ямар хамаатай юм вэ машин цохичихлоо гээд над руу дайраад байсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1748 дугаартай шинжээчийн “Н.Эрдэнэбулганы биед доод баруун 1, зүүн 1.2 дугаар шүдний булгарал, буйланд шарх, цус хуралт, доод уруулын салстад цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

Хохирогч Н.Эрдэнэбулганы гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 48 дахь тал/,

Шүүгдэгч *******ын хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар:

*******ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг прокурор хангаж шийдвэрлэсэн байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял санал болгосныг ******* нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагджээ.

******* нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Петровис шатахуун түгээх станц дээр иргэн Н.Эрдэнэбулгантай дараалал дайрч урдуур орлоо гэх шалтгаанаар муудалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, түүний биед доод баруун 1, 2 дугаар шүдний булгарал, буйланд шарх, цус хуралт, доод уруулын салтсад цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь яллагдагч *******, хохирогч Н.Эрдэнэбулган нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаар гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлтээс татгалзаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдаж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон байна.

Иймд *******ыг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, эрх бүхий байгууллагын хяналтад зорчих эрх хязгаарлах ял эдлэх бүсийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоохоор тус тус шийдвэрлэв.

******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялаас эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. 

          3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял эдлэх бүсийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг бүсээс гадагш зорчихыг хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэж үзвэл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ