| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2019/00482/и |
| Дугаар | 00661 |
| Огноо | 2019-05-21 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 00661
| 2019 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 142/ШШ2019/00661 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: НД-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э ХХК-д холбогдох
6,883,674 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Пүрэвсүрэн, хариуцагчийн төлөөлөгч С.Мишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч НД шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э” ХХК Барилга угсралт засвар барилгын материалын худалдаа, байрны түрээсийн, гадаад дотоод худалдааны үйл ажиллагаа явуулдаг. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 2014 оны 09 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сарыг дуусталх хугацааны ногдуулалт 4,589,116.24 төгрөг түүнд ногдох алданги 2,294,558.12 төгрөг, бүгд 6,883,674.36 /Зургаан сая найман зуун наян гурван мянга зургаан зуун далан дөрвөн төгрөг 36 мөнгө/-г “Э” ХХК-иас гаргуулж Нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү.гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 09 дүгээр сараас 2016 оны 09 сар хүртэлх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 4,589,116.24 төгрөг, үүнд ногдох алданги 2,294,558.12 төгрөгийг төлөх ёстой. Гэвч манай компанийн санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзан үзэж алдангийг хөнгөлж өгвөл сайн байна.
Санхүүгийн байдлаас шалтгаалж өр төлбөрийн төлөх хугацааг 2019 оны 08 дугаар сар хүртэл сунгаж өгөхийг хүсье гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч НД нь хариуцагч “Э” ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 6,883,674 төгрөг гаргуулахыг шаардаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
НД нь “Э” ХХК-ний 2014 оны 09 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сарыг дуусталх хугацааны төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн 6,883,674 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дотор барагдуулахыг шаардсан улсын байцаагчийн албан шаардлагыг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр, мөн төлбөрийг төлүүлж, алданги ногдуулах тухай улсын байцаагчийн акт 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гаргасан байна.
Хариуцагч нь дээр дурдсан улсын байцаагчийн акт, албан шаардлагад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу гомдол гаргаагүй тул улсын байцаагчийн акт хүчин төгөлдөр болсон байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах журамтай.
Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардах, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги ногдуулах эрхтэй ба 2,294,558.12 төгрөгийн алданги ногдуулсан нь төлбөл зохих шимтгэлийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн хуулийн заалттай нийцэж байна.
“Э ”ХХК буюу ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-т зааснаар даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ тогтоосон хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, 17 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч НД нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасны дагуу чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч “Э ”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 125,089 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т тус тус зааснаар хариуцагч “Э ”ХХК-иас дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 4,589,116.24 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 2,294,558.12 төгрөг, нийт 6,883,674.36 төгрөг гаргуулан НДт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Э ”ХХК-иас 125,089 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН