Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/59

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Г.Баясгалан,

шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, ******* настай, *******, боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, ажилтай, , , хамт , оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

   ******* овогт ******* ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.******* нь , бакалавр зэргийн мэргэжлээр 2006 онд төгссөн гэх дугаартай диплом авсан ба уг суралцсан боловч төгсөөгүй хасагдсан болохоо мэдсээр байж хуурамч “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг ашиглан Налайх дүүргийн ажилд орж ажиллахдаа ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.******* нь , бакалавр зэргийн мэргэжлээр 2006 онд төгссөн гэх дугаартай диплом авсан ба уг суралцсан боловч төгсөөгүй хасагдсан болохоо мэдсээр байж хуурамч “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг ашиглан Налайх дүүргийн сургуулийн ажилд орж ажиллахдаа ашигласан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хохирогч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 04 сараас хойш одоог хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Боловсролын ерөнхий газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байна. ...Тус хэрэг дээр намайг хохирогчоор тогтоох тухай албан бичгийн дагуу ирж мэдүүлэг өгч байна. ...Манай яамнаас одоогоор дээрх үйлдэлтэй холбоотойгоор тооцож, тогтоосон хохирол байхгүй. Тиймээс хуурамч диплом бүхий багш нараас нэхэмжлэх зүйл байхгүй. ...Боловсролын яамны зүгээс гол баримталж байгаа зүйл нь хэрэг тус бүрд зохих шатны ажиллагаа явуулж хариуцлага тооцуулах хүсэлтэй байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109-114 дэх тал),

 

  • Гэрч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 04 сараас Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын даргаар ажиллаж байгаад 2021 оны 10 дугаар сараас Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар тус тус ажиллаж байна. ...Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шалгалтыг хийхдээ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.гийн 2021 оны 12 дугаар сард гаргасан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж дээд боловсрол, ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллага, боловсролын ерөнхий газраас тус тус хүмүүс ажлын хэсэгт орж ажилласан. ...Шалгалтыг 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангасан. ...Тэгээд 2022 оны 03 дугаар сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн. ...HEMIS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Харин ESIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ...Шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан, гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэсэн. ...Тухайлбал хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс /мэргэжлийн нэршил/ буруу, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгоно. ...Мөн их, дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан, их дээд сургуулийн нэр зөрүүтэй, төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон /өөр сургуулийн дипломын дугаар/, архивын бүрдэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд байсан. ...Дипломтой багш л ажиллах ёстой. ...Улсын хэмжээний цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтнуудын дипломыг өөрсдөөс нь хуулбар байдлаар гаргуулж аваад түүнийгээ архивын материал, системийн бүртгэл, төгсөгчдийн дипломын бүртгэл, захирлын тушаалууд зэрэг мэдээлэлтэй тулгаж байж зөрчлийг гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дэх тал),

 

  • Гэрч Я.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёлын хэлтэст боловсролын хяналтын улсын байцаагчаар 2010 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлцүүлж, дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. ...Ингэхэд нийт 725 зөрчил тус тус илэрсэн. Үүнээс ...дипломын дугаар давхардсан 458, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 нь боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэж үзэж байна. ...Хуурамчаар ашигласан дипломын дийлэнх нь Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургуулиудын диплом байсан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-49 дахь тал),

 

  • Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ...2017 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар луу шилжээд түүнээс хойш одоог хүртэл ажиллаж байна. ...Боловсрол, шинжлэх унааны сайд Л.гийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт ажилласан. ...Диплом хуурамч эсэхийг үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ESIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийхэд зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил илэрсэн. ...Ерөнхийдөө зөрчлөө 5 ангилсан бөгөөд 1.1.Дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2.Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3.Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4.Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5.Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснээр тус тус ангилсан юм. Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53 дахь тал),

 

  • Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ...он цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн байгууллагад хүргүүлсэн жагсаалт оруулаагүй. ...Манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-57 дахь тал),

 

  • Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сараас хойш одоог хүртэл Боловсролын мэдээллийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтэст ахлах хөгжүүлэгчээр ажиллаж байна. ...Ажлын хэсэгт орж ажилласан. ...Боловсролын салбарт ESIS буюу боловсролын салбарын мэдээллийн систем болон HEMIS буюу дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем гэсэн 2 мэдээллийн системийг ашигладаг. ...Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу, сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар нь мэдээлэл оруулдаг. Үүний үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг. ...Төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй, харин зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-62 дахь тал),

 

  • Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оноос одоог хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны Цахим бодлого статистикийн хэлтэст сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн статистикийн мэдээ хариуцсан шинжээчээр ажиллаж байна. ...Ажлын хэсэгт орж ажилласан. ...Системийн мэдээллийг бүрдүүлэхдээ Статистикийн тухай хуулийн 9.6 дугаар заалтын дагуу нэгж байгууллага буюу сургууль мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцахаар хуулиар зохицуулж өгсөн байдаг. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2006 оны 480 дугаар тушаалаар батлагдсан дээд боловсролын диплом олгох журмын 4.1, 4.3 дугаар заалтын дагуу диплом олгох үйл ажиллагааг тухайн сургуулийн захирал үнэн зөвийг хариуцна гэсэн заалттай байдаг. ...Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй ба зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно...” гэх  мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал),

 

  • Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Монгол Улсын Их Сургуульд сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал албан тушаалд ажилладаг. ...Уг 8и-2-8670 дугаартай албан бичигт дурдагдсан ...******* ******* // нь ...манай сургуулийг төгсөөгүй буюу захирлын тухайн онуудад гаргасан төгсөлтийн тушаал, бусад баримт бичигтэй тулгаж үзэхэд нэр дурдагдсан иргэд нь тус сургуулийг огт төгсөөгүй гэж ойлгож болно. ...Дээрх нэр бүхий иргэдийн дипломын дугаар нь манай сургуулийн дипломын дугаартай зарим нь таарч байгаа боловч тэр нь өөр хүний нэр дээр байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал),

 

  • Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2001-2006 оны хооронд мэргэжлээр суралцаж төгссөн. ...Би гадаад суралцсан зүйл байхгүй. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулиас өөр одоогийн байдлаар суралцаагүй байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дахь тал),

 

  • Монгол Улсын Их сургуулийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2/2414 тоот албан бичиг, түүний хавсралт (хавтаст хэргийн 147-148 дахь тал),

 

  • Иргэн Д.гийн “” дугаартай бакалаврын дипломын хуулбар (хавтаст хэргийн 146-148 дахь тал),

 

  • Нийслэлийн Налайх дүүргийн сургуулийн захирлын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар (хавтаст хэргийн 156 дахь тал),

 

  • “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай танилцуулга  (хавтаст хэргийн 16-40 дэх тал),

 

  • Эд мөрийн баримтаар хураагдсан дугаартай диплом,

 

  • Шүүгдэгч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Монгол Улсын Их Сургуульд элсэн суралцсан боловч сургалтын төлбөрөөс болоод төгсөлтийн шалгалт өгч суралцаж төгсөж чадаагүй. Тэгээд 2009 онд сургууль дээрээ очиж дипломоо авч болох эсэх талаар асуухад өөрийн биеэр суралцаж төгсөөгүй болохоор кредитийн тооцоогоо хийчихвэл диплом гаргаж өгч болно гэхээр нь төлбөрөө хийсэн. Гэхдээ тэр үед би яг хэнд мөнгө өгсөн талаараа хэлж мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар намхан биетэй хүн байсан. Тэгээд тэр хүний талаар сургалтын албанаас тодруулсан боловч мэдэх хүн гарч ирээгүй. Харин ангийн ажил гэж хийж байсан боловч сургалтын албан дээр энэ талаар мэдээлэл огт байгаагүй. Би сурч байсантай холбоотой дүнгийн хүснэгтээ гаргаж өгсөн. Би элсэн суралцаж байсан боловч төгсөж чадаагүй тул бакалаврын боловсрол эзэмшээгүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч нь боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.2.Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг  хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол” гэж хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.

 

Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн “хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх шинжид тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүрэг болгосон баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт зэргийг хуурамч болохыг мэдсээр байж эрх олгуулах, тодорхой үр дагавар, давуу байдал үүсгүүлэх зорилгоор хэрэглэх үйлдэл хамаардаг.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 11 сарын 13-ны өдрийн 74 тушаалын хавсралтын 1.7 дугаар заалтад “...Багшийн мэргэжлээр бакалавраас доошгүй боловсролын зэрэг эзэмшсэн мэргэжилтэнд ерөнхий боловсролын ... нэг хичээлийн жил ажиллан дадлагажиж, энэхүү журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан нөхцөлд багшлах эрх олгоно” гэсэн тусгай шаардлага тавигджээ.

 

Боловсролын диплом гэдгийг Боловсролын тухай хуулийн 9 зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны боловсролын баримт бичиг гэж ойлгоно.

 

Шүүгдэгч А.******* нь Олон улсын харилцааны суралцаж байсан боловч хувийн шалтгааны улмаас суралцаж төгсөөгүй атлаа түүний Налайх дүүргийн багшийн ажилд томилогдохдоо ашигласан бакалаврын диплом нь хуурамч болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон учир түүнийг дээрх боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэм хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж хуульчилжээ.

 

Өөрөөр хэлбэл 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.*******ыг яллагдагчаар татсан байх боловч шүүх хуралдаан болох үед А.******* нь Налайх дүүргийн ажиллаж байгаа, ажил олгогч нь А.*******ыг хуурамч диплом ашиглан ажиллаж байгааг мэдсээр байж үргэлжлүүлэн цалин хөлс олгож ажиллуулсаар байх тул ажил олгогч хуурамч дипломтой гэдгийг мэдэх боломж бүрдсэн хугацааг буюу А.*******ыг яллагдагчаар татсан өдрийг гэмт хэрэг төгссөн хугацаа гэж үзлээ.

           

            Иймд шүүгдэгч А.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.*******ын хуурамч диплом ашиглан төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдож цалин хөлс авах шунахайн сэдэлт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            1.3.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Тус хэрэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрыг хохирогчоор тогтоосон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч “хохирол гаргуулахгүй” гэж санал гаргасан тул шүүгдэгч А.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Харин хохирогч байгууллага, түүний төлөөлөгч нар нь шүүгдэгч А.*******т дээрх хугацаанд цалин хөлс олгосон талаарх баримтаа бүрдүүлэн буруутай этгээдээс төрд учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч А.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч нь санал, тайлбар гаргаагүй болно.

 

            Шүүгдэгч А.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч А.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дугаартай хуурамч дипломыг хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т оногдуулсан 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дугаартай хуурамч дипломыг хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч байгууллага нь төрд учирсан хохирлыг буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.    

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ