Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 221/ШШ2025/0015

 

 

 

 

 

 

Х.Е, Л.Б, “Д” ХХК нарын

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч: Х.Е, Л.Б, “Д” ХХК

Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо

Нэхэмжлэлийн шаардлага: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн МТ/2024/** дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч Л.Б, түүний өмгөөлөгч Д.Т

Гомдол гаргагч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Иргэдийн төлөөлөгч Э.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов.

Хэргийн индекс: 221/2025/0004/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Х.Е-аас тус шүүхэд хандан Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн МТ/2024/** дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, дахин хэлэлцүүлэхээр буцаах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.

1.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар “Хэргийг нэгтгэх тухай” захирамжаар Л.Б-ын нэхэмжлэлтэй, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн МТ/2024/** дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, дахин хэлэлцүүлэхээр буцаах” тухай шаардлагатай захиргааны хэргийг, 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар “Захиргааны хэргийн нэгтгэж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” захирамжаар “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн МТ/2024/** дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, дахин хэлэлцүүлэхээр буцаах” тухай шаардлагатай захиргааны хэргийг тус тус нэгтгэж шийдвэрлэсэн.

2. Гомдол гаргагч Х.Е шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Иргэн Х.Е миний бие нь С гэгчид залилуулан 105.000.000 төгрөг алдсан хэргийн гомдлын дагуу Л.Б-той 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулан өмгөөлөгч авч 4.000.000 төгрөгийн хөлс төлбөр өгч, Б аймгийн Цагдаагийн хэлтэст хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан юм. Гэтэл Л.Б нь гэрээ хийснээсээ хойш олон сарын хугацаанд таг чиг алга болж ямар ч холбоогүй болсон тул би түүний эхнэртэй нь удаа дараа холбогдон түүнийг олж өөрөөс нь татгалзах хүсэлт тавьж, дөрвөн сая төгрөгөө буцааж авах талаар хэлэхэд Л.Б-той өртөө нь уулз гэдэг. Танай хэрэг дээр цаашид дуустал нь ажиллана гээд өөрөө ажиллаагүй бас л 2024 оны 02 дугаар сараас хойш таг алга болсон . Энэ хугацаанд түүнтэй нэг удаа уулзсан бөгөөд аймгийн болон улсын прокурорын газарт өргөдөл бичсэнээс өөр ямар ч ажиллагаа хийгээгүй явсаар сүүлдээ түүний бичсэн гомдол бүгд хэрэгсэхгүй болж хаагдсан юм. Ийнхүү би гэр бүлийн хамтаар Сайрагүл гэгч зальт этгээдэд хэл амаар доромжлуулж, мөнгө болон гэрийн эд зүйлээ авч чадахгүй хохирч үлдсэн нь мөн л Л.Б ажлаа дутуу, чанаргүй хийснээс болсон юм.

Л.Б нь үйлчилгээ үзүүлэх явцдаа 2023 онд Турк улсад байхад минь эхнэр нь очиж тосож авах, буудалд үйлчлүүлэх зэргээр өмгөөллийн хөлснөөс гадуур эдийн засгийн хохиролд учруулсан юм. Энэ байдлыг бичсээр байхад Мэргэжлийн хариуцлагын хороо нь шалгаагүй орхисон нь Өмгөөллийн тухай хуулийн 36.2.4 дүгээр зүйлийг зөрчсөн, миний зүгээс Өмгөөлөгчдийн холбоонд “өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгдөггүй, хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлаагүй, хийсэн ажлаа мэдэгдээгүй, миний эрх ашгийг шударгаар тууштай хамгаалаагүй, бидний ашиг сонирхол шийдвэрийг үл хүндэтгэж огт зөвдөлдөөгүй, зарцуулсан зардлын тооцоог танилцуулаагүй их хэмжээний хөлс авсан” зэрэг асуудлаар гомдол гаргасаар байхад Л.Б-д Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.3 дахь хэсэгт “төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөл, дансны дугаар” бичээгүй байна гэсэн зөрчлөөр арга хэмжээ авсан нь Л.Б-ын гаргасан зөрчлийн шинжтэй үйлдлийг хаацайлж дутуу, буруу арга хэмжээ авсан нь Өмгөөллийн тухай хуулийн 36.2.4 дүгээр зүйлийг зөрчсөн. Дээрх нөхцөл байдлын талаар би тус холбоонд гомдол гаргахад дутуу шалгасан нь Өмгөөллийн тухай хуулийн 14.1.1-14.1.9, 14.1.11-14.1.13-т заасан хэсгийг Мэргэжлийн хариуцлагын хороо нь ноцтой зөрчсөн юм.

Иймд өмгөөлөгч Л. Б нь Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.3 дахь хэсэгт “төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөл, дансны дугаар”, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулж, гэрээнд өмгөөллийн тухай хуулийн 22.2-т заасан зүйлийг тусгасан байна” гэсэн заалтыг зөрчсөн байна гэх үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т зааснаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаанд түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсэн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн МТ/2024/** дугаартай тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

3. Гомдол гаргагч Л.Б шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Өмгөөллийн хөлсний хэмжээг тохиролцож, төлбөрөө авах байдлаа тохирч авсан бөгөөд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүгдийг хийж гүйцэтгэсэн байдаг. Гэрээг бичгээр байгуулсан бөгөөд үнийн дүнг оруулаагүй нь төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөлийг тохиролцоогүй гэсэн агуулга огт биш бөгөөд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан болно. Гэрээний үндсэн шинжийг агуулсан гэрээг талууд байгуулсан. Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 46 дугаар зүйлд заасан Өмгөөлөгчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх зарчимд заасан ямар ч хүчин зүйлс байхгүй болохыг харгалзан үзээгүй байна. Зөвхөн хуульд заасан нэг шинжийг агуулаагүй гэсэн шалтгаанаар өдөр тутмын үйл ажиллагаа явуулах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, эрхлэх үндсэн эрхэд халдаж байна. Иймд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн МТ/2024/** дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

4. Гомдол гаргагч “Д” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Д ХХК нь У ТӨХК-ийн нэхэмжлэлийн дагуу Л.Б-той 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийг хөлс өгч, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан юм. Гэтэл Л.Б нь гэрээ хийснээс хойш 3 сарын хугацаанд таг чиг алга болж ямар ч холбоогүй болсон тул итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие түүнийг олж уулзан өөрөөс нь татгалзах хүсэлт тавьж, өгсөн мөнгөө буцааж авах талаар хэлэхэд Дэлгэрцэцэг гэдэг өмгөөлөгчийг уулзуулаад одоо бид хоёр хамтарч танай хэрэг дээр дуустал нь ажиллана гээд өөрөө ажиллаагүй бас л алга болсон. Энэ хугацаанд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд манай байгууллагатай адил эрх бүхий 10 гаруй компани тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хэргүүд шийдэгдсэн бөгөөд ихэнх байгууллага өөрсдийн өмгөөлөгчийн хамт хэвийн ажилласан тул эрх ашгаа хамгаалуулан нэхэмжлэлийн шаардлагаа хангуулсан бөгөөд манай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь мөн л Л.Б ажлаа дутуу чанаргүй хийснээс болсон. Л.Б нь үйлчилгээ үзүүлэх явцдаа өмгөөллийн хөлснөөс гадуур 9 сая төгрөг надаас авч эсрэг талд буюу У ТӨХК-ийн ажилтан Г гэдэг хүнд хахуул өгсөн үйлдлийн талаар манай байгууллагын ажилтан гомдолдоо мэдүүлсээр байхад Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь шалгуулахаар эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй орхисон нь Өмгөөллийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т заасныг зөрчсөн.

Миний зүгээс Өмгөөллийн холбоонд “өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгдөггүй, хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлаагүй, хийсэн ажлаа мэдэгдээгүй, миний эрх ашгийг шударгаар тууштай хамгаалаагүй, бидний ашиг сонирхол шийдвэрийг үл хүндэтгэж огт зөвлөлдөөгүй, зарцуулсан зардлын тооцоог танилцуулаагүй байж их хэмжээний мөнгө авсан” зэрэг асуудлаар гомдол гаргасаар байхад Л.Б-д өмгөөллийн гэрээний заалтад Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.3-т “төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөл, дансны дугаар” бичээгүй байна гэсэн зөрчлөөр арга хэмжээ авсан нь Л.Б-ын гаргасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хаацайлж дутуу, буруу арга хэмжээ авсан нь Өмгөөллийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.4-т заасныг зөрчсөн. Дээрх нөхцөл байдлын талаар би тус холбоонд гомдол гаргахад дутуу шалгасан нь Өмгөөллийн тухай хуулийн 14.1.1-14.1.9, 14.1.11-14.1.13-т заасан хэсгийг Мэргэжлийн хариуцлагын хороо нь ноцтой зөрчсөн юм.

Иймд өмгөөлөгч Л. Б нь Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.3 дахь хэсэгт “төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөл, дансны дугаар”, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулж, гэрээнд өмгөөллийн тухай хуулийн 22.2-т заасан зүйлийг тусгасан байна” гэсэн заалтыг зөрчсөн байна гэх үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т зааснаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаанд түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсэн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн МТ/2024/** дугаартай тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

5. Хариуцагч Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Иргэн Х.Е болон “Д” ХХК-аас өмгөөлөгч Л.Б-д 2 гомдолтой холбоотойгоор мэргэжлийн хариуцлагын хороо 1 жил өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэх хариуцлага ногдуулсан... Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мэргэжлийн хариуцлагын хороо шалгадаггүй бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн МТ/2024/** дугаар тогтоол нь 9 хуульчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн гэдгийг дурдах нь зүйтэй. Хороо гомдлыг шийдвэрлэхдээ зөрчлийг тал бүрээс нь үнэлсний үндсэн дээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жил түдгэлзүүлсэн нь өмгөөлөгчийн хувьд хүнд хариуцлага юм. Бүтэн 1 жил өмгөөллийн үйл ажиллагаа түдгэлзсэнийг хариуцлага нь хөнгөдсөн гэж үзэж байна гэж ойлголоо.

Л.Б нь үйлчилгээ үзүүлэх явцдаа өмгөөллийн хөлснөөс гадуур 9 сая төгрөг надаас авч эсрэг талд буюу У ТӨХК-ны ажилтан Г гэдэг хүнд хахуул өгсөн үйлдлийн талаар манай байгууллагын ажилтан Ц.Д гомдолдоо мэдүүлсээр байхад МӨХ-ны мэргэжлийн хариуцлагын хороо нь гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй орхисон гэжээ. “Д” ХХК яагаад өөрсдөө гэмт хэргийн талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүйд ойлгохгүй байна. Хэрэв авлигал өгсөн бол хэдэн төгрөгийг хэзээ хаана, яах гэж өгсөн талаар “Д” ХХК өөрсдөө гаргах нь зүйтэй хэдий ч Мэргэжлийн хариуцлагын хороо Авлигатай тэмцэх газарт тогтоол хүчин төгөлдөр болмогц гомдол гаргах болно. Иргэн хэн ч хэнийг ч хардах эрхтэй хэдий ч нотлох баримтад тулгуурлаж гомдол гаргах нь зүйтэй бөгөөд Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн МТ/2024/** дугаар тогтоол Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг удирдлага болгож хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн байна. Иймд Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хэвээр баталж өгнө үү” гэв.

6. Гомдол гаргагч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д ХХК нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “У” ТӨХК-аас гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүх хуралдаанд хуулийн туслалцаа авахаар өмгөөлөгч Л.Б-той ярилцаж, тохиролцож гэрээ хийсний үндсэн дээр ажиллагаа хийлгэхээр тохирсон байдаг. Л.Б тухайн үед маш өндөр төлбөртэйгөөр буюу 20 сая төгрөг нэхэмжилсэн. Уг төлбөрийг хугацаа алдалгүй 5 дугаар сарын 20-ны өдөр гэхэд бүгдийг нь өгч дуусгасан. Гэхдээ Л.Б 3 шаардлагыг тавьсан байдаг. Үүнд “У” ТӨХК-ийн нэхэмжлээд байгаа мөнгө нь 2017-2020 оны хооронд үүссэн төлбөр бөгөөд энэ тариф Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргахдаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлээгүй, мөн захиргааны хэм хэмжээний актад тусгагдаагүй тарифаар тооцсоноос үүссэн өр гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй ба хууль зүйн гол үндэслэл нь энэ гэж хэлсэн. Хоёрдугаарт, тусгай зөвшөөрлөө авахын тулд төстэй бага хүчин чадалтай контортой нийлж ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тус өөр компани дээр үүссэн өрийг манай компани дээр нэмж тавьсан байсан. Гуравдугаарт, автоматаар 90,000,000.00 төгрөгийг шууд нэхэмжлэл дээр тавьсан байсан. Эдгээр 3 зүйлд онцгой анхаарч, шударга сайн ажиллаарай гэдгийг хэлсэн. Гэтэл Л.Б 3 сар алга болсон ба тус хугацаанд “Д” ХХК-ийн дансыг хаах, тусгай зөвшөөрлийг цуцлах хүндрэл учирсан байсан. Уг хүндрэл ганц манай компани дээр биш, хувийн 10 гаруй компани дээр үүссэн учраас 8 дугаар сард Л.Б өмгөөлөгчөөс татгалзах гээд төлбөрөө буцааж авах шаардлагыг тавьсан боловч н.Д өмгөөлөгчтэй ирээд, үүнээс хойш бүх эрчим хүчний талын асуудалд явъя гэж хэлснээр энэ асуудалд Л.Б-д итгэж найдаад, өмгөөлөгчөөр ажиллуулахаар болсон. Гэтэл Л.Б ямар ч мэдээлэл өгөхгүй, холбоо барихгүй алга болоод, шүүх хуралдаан дээр гарч ирээд төлөх ёсгүй байсан төлбөр төлөгдсөнөөс манай байгууллагыг их хэмжээгээр хохироосон. Энэ нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 5-д заасныг зөрчсөн гэх гомдлоор “У” ТӨХК-ийн төлөөлөгчтэй үгсэн хуйвалдаж, дахин нэмж 9 сая төгрөг аваад эргээд үүнийгээ буцаан олгосон ёс зүйгүй үйлдэл хийсэн байсан. Үүнд Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийг зөрчиж байна гэж үзсэн. Гуравдугаарт, Л.Б утсаар ёс зүйгүй харьцаж, дарамт үзүүлсэн асуудал гаргаж байсан учраас Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргасан байдаг. Тус Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь үүнийг авч хэлэлцээд Л.Б-ыг гэрээн дээрээ дансны дугаар бичээгүй, авсан төлбөрөө бичээгүй байна гэдэг шалтгаанаар Ёс зүйн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.2, Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар арга хэмжээ авсан байдаг. Гэтэл уг арга хэмжээ, заалтын үндэслэл нь буруу байна гэдэг үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Ингээд тус гомдлын дагуу эрхэм шүүгч та бүхнийг үнэн зөв шийдвэрлэж, Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн МТ/2024/** дугаарын тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаана уу гэсэн хүсэлт тавьсан. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

7. Гомдол гаргагч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Л.Б миний бие 2023 оны 5 дугаар сард “Д” ХХК-аас эрх зүйн туслалцаа үзүүлэх санал тавьснаар бидний эрх зүйн харилцаа үүссэн байдаг. Өмгөөлөгчдийн дунд жишиг тогтсон ба 290 сая төгрөгийн нэхэмжлэл У ТӨХК-аас гаргасан байсан. Үүнд миний бие дангаар орохгүй, эдийн засгийн боловсролтой өмгөөлөгч нар байгаа учир өмгөөллийн багаар орно гээд н.Д өмгөөлөгчийг оруулахаар тайлбарласан. Өмгөөллийн зардалд 10% гэж тооцохоор 29,000,000.00 төгрөгөөс 20,000,000.00 төгрөг болж хямдруулаад н.Д өмгөөлөгчтэй хувааж авахаар шүүх хуралдаанд оролцсон. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийх үед “Д” ХХК-аас У ТӨХК 290,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс дансыг нь битүүмжилсэн, үйл ажиллагааг нь түдгэлзүүлсэн байсан. Миний бие шүүх хуралдаанд 2 удаа оролцож, дансыг нь нээж, үйл ажиллагааг нь хэвийн явуулж өгсөн байдаг. Анхан шатны шүүхээр явж байгаад 290,000,000.00 төгрөгөөс 60,000,000.00 төгрөгийг хасуулж шийдсэн байдаг. Давж заалдах шатны шүүхээр хэвээрээ оролцсон. Үүнд хуулийн талаас асуудал байна гэдэг талаар хуулийг тайлбарлаж өгч байсан. Тэгээд Улсын дээд шүүхэд гомдол гаргая гэхэд “Д” ХХК-аас гомдол гаргахгүй дуусгасан. 2017-2023 он хүртэл 5 жилийн хугацаанд орон сууцны дулааны төлбөр гэж өгдөг мөнгийг хурааж авдаг чиг үүргийн компани юм. Тус 5 жилийн хугацаанд төлбөрөө огт төлөөгүй учир төлбөр хуримтлагдаад асуудал үүссэн байсан. Эрчим хүчний тухай хуулиар 3 жилийн хугацаанд хураасан төлбөрийг улсад төвлөрүүлээгүй байвал тусгай зөвшөөрлийг нь цуцалдаг. Иймд тусгай зөвшөөрлийг нь цуцлуулахаар Эрчим хүчний зохицуулах хорооноос Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Миний бие захиргааны хэргийн талаар мэргэшээгүй, эрүүгийн иргэний хэргийн чиглэлээр явдаг гэж өмнөх шүүх хуралдаанд тайлбарлаж байсан. Тиймээс өмгөөлөгч авсан. Эрчим хүчний тухай хуулиар 3 жил төлбөрөө улсад төвлөрүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдана гэдгийг тайлбарласан. Тийм учраас энэ хэрэг явцгүй юм байна гээд би энэ асуудалд оролцохгүй гэсэн. н.Д өмгөөлөгч ороод тусгай зөвшөөрөл нь цуцлагдаад, “Д” ХХК-ийн үйл ажиллагаа зогссон. Үүнд “Д” ХХК их гомдолтой байдаг учраас сэтгэлээсээ туслалцахгүй, эцсээ хүртэл явахгүй байна гэдэг байдлаар Монголын Өмгөөлөгчдийн холбоонд гомдол гаргасан байдаг. Тэгэхээр Монголын Өмгөөлөгчдийн холбоо энэ тал дээр хариуцлага тогтоогдож байгаа боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй, гомдлоос хальж шийдвэр гаргасан. Үүнд Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ гэрээ хийгээгүй, үнийн дүнгээ тавиагүй байна гэсэн үндэслэлээр 1 жилийн эрхийг түдгэлзүүлсэн. Харин Х.Е нь 2023 онд миний бие Б аймгийн Засаг даргад холбогдуулсан эрүүгийн хэрэгт орсон. Тус хэрэг нь цагаадсан буюу амжилттай орсноор Б аймгийн сэтгүүлч нар яриа мэдээ авч байсан. Тухайн үед Х.Е гарч ирээд 105,000,000.00 төгрөгийн залилуулаад, мөнгөө авч чаддаггүй гээд хандсан. Үүнд нь миний бие хууль зүйн тайлбар өгөөд Улаанбаатар хотод ирэхээрээ холбогдох баримтуудаа авч ирж уулзаарай гэдгийг хэлсэн. Х.Е нь Х ТББ-ын тэргүүн байсан. Энэ 1 жил 6 сарын хугацаанд надаас үнэ төлбөргүй зөвлөгөө авсан ба түүний дараа 2023 онд 105,000,000.00 төгрөг нь хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна гэдэг хариу өгөхөөр нь би Б аймгийн ерөнхий прокурорт гомдол гаргаад хэрэг нь сэргээгдээд эргэж шалгагддаг. Ингээд хэрэг бүртгэлтийн хэргийг сэргээгээд дахин шалгалтын ажиллагаанууд явагдаж байгаад дахин хаагдсан. Ингэхэд нь би дахин улсын прокурорт хүртэл явсан. Мөн 105,000,000.00 төгрөгөөс 30,000,000.00 төгрөгийг гаргуулж өгсөн. Энэ нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар нотлогддог. Тэгээд үлдсэн 75,000,000.00 төгрөгийг иргэний хэргийн журмаар нэхэмжлэл гаргах эрх байна гэж хэлсэн. Мөн Б аймаг руу би очоод прокурортой нь биечилж уулзвал арай өөр байх. Амьд харилцаа үүсэх нь зөв гэдгийг хэлсэн. Энэ талаар тайлбарлахад Б аймгийн зардал 2 талын онгоцны зардал 2 сая гаруй төгрөг болдог байх. Би ийм хэмжээний зардал гаргаж чадахгүй байна гээд өмгөөллийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон Өмгөөллийн тухай хуулиар орон нутагт ажиллах энэ тохиолдолд үйлчлүүлэгч бусад гаргаж байгаа зардлыг хариуцах үүрэгтэй байдаг. Тус үүргийг тайлбарлаж өгөхөд боломжгүй байна гэдэг хариу өгсөн учраас Б аймаг руу явж чадаагүй. Тэгээд иргэний журмаар нэхэмжлэлээ гаргана гэхэд нь би нэхэмжлэлийг нь бичиж өгсөн. Ингээд Х.Е 4,000,000.00 төгрөг өгсөн гээд хариуцагч нь Б аймагт байгаа учраас явах ёстой гэх зүй бус шаардлага тавьсан. Миний бие эрүүгийн хэрэгт гэрээ байгуулсан тул иргэний хэрэг дээр гэрээ байгуулаагүй учраас би оролцохгүй, өөр өмгөөлөгч аваад оролц гэдэг тайлбар хэлэхэд “Д” ХХК-тай адил хугацаанд гомдол гаргасан асуудал болсон. “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 9,000,000 төгрөгийн асуудлыг тайлбартаа ярьж байна. “Д” ХХК нь 2017-2023 он хүртэл 5 жилийн хугацаанд бид нар дулааны төлбөрөө улсад төлөөд байна гээд бодож байхад эдгээр компаниуд өөр дээрээ төвлөрүүлээд улсад өгөөгүй байдаг юм. Энэ асуудал нь шалгагдаад 5 жилийн хугацаанд төлбөрөө барагдуулаагүй талаар асуухад бид хуулийн хэлтэстэй харьцдаг. Ашиг сонирхлын зөрчилтэй холбогдуулан хаацайлж ирсэн байдаг юм. Монголын Өмгөөлөгчтэй холбоонд гаргасан гомдлын хүрээнд 2 гомдол гаргагчийн асуудлыг шийдээгүй буюу арга хэмжээ аваагүй. Гомдлын хүрээнээс давсан шийдвэр гаргасан нь буруу байна гэж үзэж байна. Нотлох баримтаар 2023-2025 оны даатгалын гэрээг өгсөн ба 2 гомдол гаргагчийн гомдлын агуулга нь мөнгөө буцааж авъя гээд байгаа учраас гомдол гарсны дараа “Д” ХХК-д 3,000,000 төгрөг өгсөн. Одоо 7,000,000 төгрөгийг төлбөл 100% буцааж өгсөнд тооцно. Үлдсэн төлбөрийг н.Д өмгөөлөгч төлөх ёстой. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд даатгалын гэрээний талаар тайлбарласан. Урьдчилсан хэлэлцүүлэг явж байгаа бол даатгалын гэрээний дагуу асуудлыг шийдээд өгье. Хоёр гомдол гаргагчийн төлбөрийг гаргаад өгвөл гомдлоо татах боломж байгаа юм байна гэж тайлбарласан. Энэ талаар хэлэлцээгүйгээр хурлаар ороод хэлэлцүүлчихсэн. Өмгөөлөгчийн тухай хууль болон ёс зүйн дүрэм журмаараа гомдол гаргасан хүний эрх ашгийг хамгаалахын тулд Мэргэжлийн хариуцлагын хороо яаж ажиллах вэ гэдэг хуулийн зохицуулалт байгаа учраас гомдол гаргагчийн эрх ашгийг хамгаалж байгаа бол даатгалын гэрээний зохицуулалт нь заавал даатгах даатгал байгаа учраас эрсдэлийг гаргаж өгөх журмаар зохицуулах байсан. Тийм учраас үүнийг хангаагүй байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулаад байгаа учраас тус тогтоолыг хүчингүй болгоод анхан шат руу дахиж буцаагаад шийдвэрлүүлье гэх саналтай байна” гэв.

8. Гомдол гаргагч Л.Б-ын өмгөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“…Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгчид холбогдуулан гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ тухайн гомдолд дурдагдсан зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд хууль журамд заасан бүх арга хэмжээг авч, өмгөөлөгч зөрчил гаргасан болон гаргаагүй болохыг бүрэн тогтоох үүрэгтэй. Энэ нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хянан шалгагч гишүүн нь тухайн зөрчлийг тал бүрээс нь бодитойгоор тогтооно гэсэн байдаг. Энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д тухайн өмгөөлөгч нь ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн хүсэлт, гомдол, мэдээлэлд дурдсан болон тухайн өмгөөлөгчийн тайлбар үндэслэл, түүнд хамаарах баримтыг бүрэн цуглуулж тал бүрээр нь судалж үнэлэлт, дүгнэлт өгч тогтоох үүрэгтэй гэж заасан байдаг ба маргааныг хянан шийдвэрлэх журмыг батлаад хэрэгжүүлж байна. Үүнд тухайн маргаанд гомдолд дурдагдсан зүйлийг шалгаж, тогтоох үүрэгтэй гэсэн байдаг. Тус ажиллагаа хийгдээгүй ба тогтоолд дурдагдсан зүйл байхгүй байна. Мөн хариуцагч зөрчил гаргасан гэж үзсэн Л.Б-д холбогдуулан гаргасан гомдолд дурдагдсан ажиллагааг Мэргэжлийн хариуцлагын хорооноос мэргэжлийн үйл ажиллагааг явуулсан байна гэсэн дүгнэлтийг өгсөн байдаг. Харин гэрээ байгуулаагүй, данс бичээгүй гэсэн асуудалд 2 гэрээ хэрэгт авагдсан байдаг. Энэ нь гомдолд дурдагдсан зөрчил гэж үзэх юм уу? Эсвэл хуульд заасны дагуу даатгуулаад байгаа даатгалын эрсдэл буюу мэргэжлийн алдаа гэж үзэх юм уу? Зөрчил нь санаатай хэлбэрээр гарах нөхцөлтэй байх ёстой. Алдаа гэдэг нь тухайн гэрээнд дутуу орхигдуулсан, ямар нэгэн санаа зорилгогүй үйлдлийг хэлнэ. Тэгэхээр энэ нь алдаа эсвэл зөрчил гэдэг талаар Мэргэжлийн хариуцлагын хорооноос тодорхой үнэлэлт, дүгнэлтийг өгөөгүй. Ингээд үзэхээр Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзээд Л.Б өмгөөлөгчид өмгөөллийн эрхийг нь 1 жил түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэж байгаа энэхүү тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй, тухайн хэргийн зөрчлийг бүрэн тогтоохгүйгээр тус хариуцлагыг оноож байгаа нь хүнддэж байна. Тухайн гаргаж байгаа зөрчилд нь хариуцлагын хэлбэр тохирохгүй байна гэж үзэж байна. Мөн Өмгөөлөгчийн ёс зүйн дүрэм зөрчсөн, хууль зөрчсөн асуудлыг гомдолд дурдагдаагүй байхад бүхэлд нь шалгаж байгаа гэж үзвэл Л.Б өмгөөлөгчийн Ц.Д-ийн гаргасан гомдолд дурдаад байгаа асуудалд н.Д өмгөөлөгчөөс авсан тайлбар мэдүүлэг, холбогдох баримт байна уу? Хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа энэ талаар тодруулах үүрэгтэй. Энэ талаар тухайн тогтоолд ямар нэгэн зүйл байхгүй байна. Иймд Мэргэжлийн хариуцлагын хорооноос гаргасан тогтоолоор өмгөөлөгч Л.Б-д авч байгаа арга хэмжээ нь хүндэдсэн буюу хууль зүйн үндэслэлгүйгээр авагдсан байгаа учраас уг тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Б өмгөөлөгчийн тухайд өмгөөллийн үйл ажиллагаагаа “Д” ХХК болон Х.Е дээр үйл ажиллагаагаа явуулсан нь нотлох баримтаар тогтоогддог. Хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээн дээр Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.3-д төлбөрийн хэмжээ болон төлбөр төлөх нөхцөл, дансны дугаараа тодорхой тусгах гээд заасан зүйл заалтыг тусгаагүй болох нь нотлогддог. Энэ нь хавтаст хэргийн 79 дүгээр талд өмгөөллийн гэрээнүүдэд тодорхой тусгагддаг болохоор Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолд тодорхой тусгаж өгсөн. Иймд Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.3-д заасан төлбөрийн хэмжээ, нөхцөлүүдийг тодорхой тусгаагүй гэдэг зүйлээр арга хэмжээ авсан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

9. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“Миний бие шүүх хуралдаанд анх удаа оролцож байна. Л.Б өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулсан гэж үзэж байгаа учир тус тогтоол нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянан үзээд гомдол гаргагч Х.Е, Л.Б, “Д” ХХК нарын гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1 Гомдол гаргагч Х.Е-аас 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өмгөөлөгч Л.Б-д холбогдуулан “...өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгдөггүй, хэргийн хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй, гэрээний дагуу ажиллаагүй тул хэрэг хаагдсан нь өмгөөлөгчийн буруутай үйл ажиллагаа” гэж гомдол гаргаснаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны даргын 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр МҮ/** дугаар “Маргаан үүсгэх тогтоол”-оор[1],

2.2 Гомдол гаргагч “Д” ХХК-аас 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өмгөөлөгч Л.Б-д холбогдуулан “...нэхэмжлэгчтэй үгсэн хуйвалдаж 9 сая төгрөгийг өөртөө авсан, итгэмжлэгдсэн төлөөлөгчид ёс зүйн дарамт шахалт үзүүлсэн, өмгөөллийн хөлсөнд 20 сая төгрөг аваад тэр хэмжээнд хууль зүйн туслалцаа үзүүлээгүй, өөр өмгөөлөгчид хэргийг даатгаад хаясан” гэж гомдол гаргаснаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны даргын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр МҮ/** дугаар “Маргаан үүсгэх тогтоол”-оор[2] тус тус маргаан үүсгэж шийдвэрлэжээ.

3. Өмгөөлөгч Л.Б-д холбогдох маргааныг хянан шийдвэрлэхэд цуглуулсан баримтуудаас үзэхэд 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Х.Е нь өмгөөлөгч Л.Б-той “Хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ”-г[3] байгуулж, Х.Е нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Х.С-д холбогдуулан Б аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан байна.

3.1 Өмгөөлөгч Л.Б-оос тухайн хэрэг маргаанд иргэн Х.Е-ы эрх ашгийг хамгаалахаар Б аймгийн Ерөнхий прокурорт 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гомдол, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улсын Ерөнхий прокурорт тус тус гомдол гаргаж, Б аймгийн Прокурорын газрын 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар “Хариу мэдэгдэх хуудас”, Б аймгийн Прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол, Б аймгийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ** дүгээр гомдол шийдвэрлэсэн талаар “Хариу мэдэгдэх хуудас”, Улсын ерөнхий Прокурорын газрын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1/*** дугаар “Хариу мэдэгдэх хуудас”-ыг тус тус гомдол гаргагч Х.Е, өмгөөлөгч Л.Б-д хүргүүлсэн зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

4. 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Д” ХХК-ийн захирал Н.Г нь өмгөөлөгч Л.Б-той “Хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ”-г[4] байгуулж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хариуцагчаар оролцож буй хэргийг хянан шийдвэрлэхэд өмгөөллийн туслалцаа үзүүлэхээр гэрээ байгуулжээ.

4.1 “У” ТӨХК-ын нэхэмжлэлтэй, “Д” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч “Д” ХХК-ийн өмгөөлөгчөөр оролцсон болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, шийдвэр зэрэг баримтаар нотлогдож байна.

5. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны даргын 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Ш/** дугаар “Өмгөөлөгч Л.Б-д холбогдох гомдлыг нэгтгэх тухай” тогтоолоор[5] гомдол гаргагч Х.Е, “Д” ХХК нарын гомдлыг нэгтгэн шийдвэрлэсэн байна.

6. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ЗД/** дугаар “Зөрчлийн дүгнэлт”-ээр[6] Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах”, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх”, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулж, гэрээнд Өмгөөллийн тухай хуулийн 22.2-т заасан зүйлийг тусгасан байна”, 16 дугаар зүйлийн 16.1.4-т “Үйлчлүүлэгчийн мэдээлэл хүссэн үндэслэл бүхий хүсэлтийг шуурхай хангах”, 16.1-т “Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчтэйгээ харилцаа холбоотой байх бөгөөд дараах үүрэг хүлээнэ”, 16.1.1-д “хууль, эсхүл энэ дүрэмд заасны дагуу мэдээлэлтэй зөвшөөрөл шаардлагатай аливаа шийдвэр, нөхцөл байдлын талаар үйлчлүүлэгчид мэдэгдэх”, 16.1.2-т “хууль зүйн үйлчилгээний зорилгод хүрэх арга замын талаар үйлчлүүлэгчтэй зөвлөлдөх”, 16.1.3-т “үйлчилгээний явцын талаар тухай бүрд нь үйлчлүүлэгчид мэдээлэх”, 16.1.4-т “үйлчлүүлэгчийн мэдээлэл хүссэн үндэслэл бүхий хүсэлтийг шуурхай хангах”, 16.2-т “Үйлчлүүлэгчээс хууль зүйн үйлчилгээтэй холбоотой шийдвэр гаргахад өмгөөлөгч тухайн асуудал, нөхцөл байдал, үр дагаврын талаар шаардлагатай хэмжээнд тайлбарлаж зөвлөнө” гэж заасныг тус тус зөрчсөн гэж тогтоожээ.

7. Улмаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолоор[7] өмгөөлөгч Л.Б-д холбогдуулан гаргасан Х.Е, “Д” ХХК нарын гаргасан гомдлыг хянан хэлэлцээд Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.3, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн болохыг тогтоож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасны дагуу өмгөөлөгч Л.Б-ын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаатайгаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн байна.  

8. Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээнд дараах зүйлийг тусгана”, 22.2.3-т “төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөл, дансны дугаар”, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 15.2-т “Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулж, гэрээнд Өмгөөллийн тухай хуулийн 22.2-т заасан зүйлийг тусгасан байна” гэж тус тус заасан.

9. Хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4-т “Үйлчилгээний хөлс”, 4.1-т “Талууд гэрээ хийж гарын үсэг зурснаар өмгөөллийн зардлын тохиролцсон төлбөрийн үнийн дүнгийн урьдчилгаа 60 хувь болон бүхэлд нь төлнө” гэж зааснаас үзэхэд төлбөрийг төлөх нөхцөлийг тусгасан байх боловч төлбөрийн хэмжээ болон дансны дугаарыг гэрээндээ тусгаагүй болох нь тогтоогдож байна.

10. Дээрхээс дүгнэхэд өмгөөлөгч Л.Б нь иргэн Х.Е, “Д” ХХК-тай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахдаа Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.3, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 15.2 дахь хэсэгт тус тус зааснаар төлбөрийн хэмжээ, дансны дугаарыг тусгаагүй байх тул маргаан бүхий Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн МТ/2024/** дугаар тогтоол нь хуульд нийцсэн, гомдол гаргагч нарын эрх хууль, ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

11. Гомдол гаргагч Х.Е, “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нараас “...өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгдөггүй, хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлаагүй, хийсэн ажлаа мэдэгдээгүй, миний эрх ашгийг шударгаар тууштай хамгаалаагүй, бидний ашиг сонирхол шийдвэрийг үл хүндэтгэж огт зөвдөлдөөгүй, зарцуулсан зардлын тооцоог танилцуулаагүй их хэмжээний хөлс авсан” гэж маргасан.

12. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь гомдлын дагуу зохих шалгалтыг хууль тогтоомжид нийцүүлэн явуулж, Маргаан үүсгэх тогтоолыг үндэслэн өмгөөлөгч Л.Б-д Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.3.2 дахь хэсэгт заасны дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаатайгаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсэн байна.

13. Өмгөөлөгч Л.Б-той Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай байгуулсан гэрээний дагуу гомдол гаргагч Х.Е, “Д” ХХК нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалаагүй гэх гомдол нь гэрээтэй холбоотой маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхэд харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй.   

14. Иргэдийн төлөөлөгчийн Л.Б өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулсан гэж үзэж байгаа учир тус тогтоол нь үндэслэлгүй гэх дүгнэлтийг хүлээж аваагүй болохыг тэмдэглэв.

Иймд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан Х.Е, Л.Б, “Д” ХХК нарын гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.3.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Х.Е, Л.Б, “Д” ХХК нарын Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн МТ/2024/** дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, дахин хэлэлцүүлэхээр буцаах” гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн гомдол гаргагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210600 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.САЙХАНТУЯА

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

              ШҮҮГЧ                                           Т.ЭНХМАА

 

 

 

 

 

 

[1] Маргааны материалын 5-6 хуудас

[2] Маргааны материалын 96-98 хуудас

[3] Маргааны материалын 53 хуудас

[4] Маргааны материалын 70 хуудас

[5] Маргааны материалын 61 хуудас

[6] Маргааны материалын 143-147 хуудас

[7] Хавтаст хэргийн 3-13 хуудас