| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2023/0145/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/165 |
| Огноо | 2023-04-17 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрсүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагч Д.Дэлгэрсүрэн,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******холбогдох эрүүгийн ____ дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 1972 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, “Номаунт” ХХК-ийн уулын мастер ажилтай, ам бүл 2, ээжийн хамт, _____, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу явах чиглэлд Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Агьт" гэх газарт Тоёота приус 30 маркийн 30-13 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", 12.1 "Жолооч ...замын болон цаг агаарын нөхцөл… ийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэх заалтуудыг зөрчиж, асфальтан замын хажуу руу тээврийн хэрэгслийг унагаж, зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй зорчигч О.Д эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Б.Эийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, зорчигч О.Дамь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч *******:
...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н:
...Тэр өглөө ээж минь хөхний хорт хавдрын хагалгаанд орох байсан юм. Тэгээд ахыгаа Дархнаас дүүтэй цуг аваад гараад ир гэсэн. Тэгээд тосож аваад хагалгаанд оруулах ёстой байсан. Энэ ослоор миний төрсөн дүү П.Отгонгэрэл өнгөрсөн. Шүүгдэгч ******* нь миний төрсөн ах. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Ээж минь 80 гарсан хүн байгаа. Ахын минь ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн ____ дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу явах чиглэлд Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Агьт" гэх газарт “Тоёота приүс-30” маркийн 30-13 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", 12.1 "Жолооч ...замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэх заалтуудыг зөрчиж, асфальтан замын хажуу руу тээврийн хэрэгслийг унагаж, зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй зорчигч О.Д эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Б.Эийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, зорчигч О.Дамь насыг хохироосон үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-13 дугаар хуудас/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-17 дугаар хуудас/,
цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 54-63 дугаар хуудас/,
шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 154 дугаартай ...Б.Эийн биед баруун талын олон хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 66-67 дугаар хуудас/,
шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 152 дугаартай ...О.Д биед баруун гарын 1-р хурууны 1-р шивнүүрийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 76-77 дугаар хуудас/,
шинжээчийн ...2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/06 дугаартай ...30-13 УБЭ улсын дугаартай Тоёота Приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 11.3 дугаар заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.1 дүгээр заалт буюу “Жолооч ...замын болон цаг агаарын нөхцөл... ийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Гэрчийн мэдүүлэг нь бүрэн нотлогдсон баримт биш тул техникийн шинжээч нь энэ асуултад хариулт өгөх боломжгүй байна. 30-13 УБЭ улсын дугаартай Тоёота Приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 11.3 болон 12.1 дүгээр заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. Осол болоход замын нөхцөл байдал нөлөөлсөн байна. Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зүйл илэрсэнгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 101-102 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06/04 дугаартай ...30-13 УБЭ улсын дугаартай Тоёота Приүс-30 маркийн автомашины зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 24.090.300 /хорин дөрвөн сая ерэн мянга гурван зуу/ төгрөг, хохирлын хэмжээг 7.415.200 /долоон сая дөрвөн зуун арван таван мянга хоёр зуу/ төгрөг гэж тус тус дүгнэлээ... талаарх дүгнэлт /хх-ийн 105-115 дугаар хуудас/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нийн ...Талийгаач П.Отгонгэрэл нь 1979 оны 10 сарын 24-ний өдөр айлын 5 дахь охин буюу отгон хүүхэд болж Орхон жимс ногооны сангийн аж ахуйд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжээд, 1987-1997 онд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын дугаар арван жилийг суралцаж төгсөөд, 1997-2001 онд ХААИС-д инженер механикч мэргэжлээр суралцаж байсан. Хувийн хэвшлийн байгууллагад 2 жил ажиллаад 2003 онд Англи улсын Лондон хот ажиллаж амьдрахаар эгч рүүгээ явж байсан. Түүнээс хойш Лондон хотод амьдардаг байсан. Жилдээ 1 удаа Монгол улсад ээж дээр ирж байж байгаад явдаг байсан. Зан байдлын хувьд тусархаг, сайхан сэтгэлтэй хүүхэд байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
хохирогч Б.Эийн ...Миний өөрийн хүүхдүүд болох *******, талийгаач охин Отгонгэрэл нар намайг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өглөөний 06 цаг өнгөрч байхад Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу намайг эмнэлэгт үзүүлэх зорилготойгоор *******ийн эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн 30-13 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ******* жолоодоод би жолоочийн хажуугийн суудал дээр суугаад хойд суудал дээр талийгаач охин маань өврийн охин 1 нэг ой 6 сартай О.Дөлгөөн нар суугаад бид 4 лээ гарсан. Тэгээд нэг харахад Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн салдаг уулзвар өнгөрөөд явж байна гэж бодож байсан. Тухайн үед нэлээн аажуухан яваарай гэж хэлээд нэлээн зөөлөн яваад байсан. Нялх хүүхэд, хөгшин настай хүнтэй явж байгаа юм чинь зөвлөн яваарай гэж ярилцаад зөөлөн яваад байсан. Бид нар замдаа зогсоод ******* машинаа тойрч харсан санагдаад байна. Тэгээд цаашаа явж байхад бид нарын өөдөөс нэг машин зөрөхүүндээ гэж бодож байснаа санагдаж байна. Нэг мэдэхэд хамгаалах бүсэндээ татагдаад зүүгдчихсэн байхад хамгаалах бүс огтлоод намайг машинаас гаргаж байсан. Дахиад нэг ухаан ороход түргэний машинд суугаад явж байснаа санаад байгаа юм. Яг юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Тэгээд эмнэлэгт байх хугацаанд 3 хоногийн дараагаар надад эмч нар надад тантай хамт явсан таны охин *******тгонгэрэл тухайн ослоор нас барсан гэж хэлсэн. Надад үнэхээр хэцүү байна... гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар хуудас/,
иргэний хариуцагч Н.Тэмүүжингийн ...30-13 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн нэр дээр байдаг. 2022 онд ******* ахдаа зарсан. Тээврийн хэрэгслийнхээ нэрийг шилжүүлж амжаагүй байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
гэрч *******ийн ...Манай ээж Эрдэнэчимэг хөхний хорт хавдартай болчихсон юм. Тэгээд хавдар судлалын эмнэлэгт үзүүлэх гээд 2022.12.20-ний өглөө 08 цагт үзүүлэх гээд цаг авчихсан байсан юм. Тэгээд өглөө 06 цаг 20 минутын үед Дархан-Уул аймгаас 30-13 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ээж Эрдэнэчимэг, дүү Отгонгэрэл, Отгонгэрэлийн охин Дөлгөөн нарын хамт Улаанбаатар хот руу би автомашиныг жолоодоод явсан. Зам халтиргаатай цас орчихсон байсан учраас дунджаар 70-80 км\ц-ийн хурдтай явж байсан. Тэгээд Төв аймгийн Жаргалант сум руу эргэдэг уулзвар өнгөрөөд явж байтал урдаас машин урсгал сөрөөд урдаас хүрээд ирсэн. Би гэрлээрээ нэлээн хэд дохисон боловч урдаас яваад байхаар нь эсрэг урсгал руу дарж ороод буруу талаараа приус-20 юм уу приүс 30 маркийн автомашинтай зөрөх шиг л болоод жолоодлого алдаад асфальтан замын зүүн тал руу орж онхолдсон. Осол гарах үед миний ард ОХУ-ын ачааны автомашин явж байсан. Тэр орос жолооч надад тусалж намайг автомашинаас татаж гаргасан. Талийгаач Отгонгэрэл автомашины баруун хойд талын буланд суудлын бүс хэрэглээгүй, харин Дөлгөөн зориулалтын суудалд суудлын бүс хэрэглэчихсэн, ээж Эрдэнэчимэг жолоочийн хажуу талын суудалд суудлын бүс хэрэглэчихсэн зорчиж явсан. Би ч мөн адил суудлын бүс хэрэглэчихсэн байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надтай буруу талаараа зөрсөн машин Дархан-Уул аймгийн чиглэлд гараад явчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,
яллагдагч *******ийн ...2022 оны 12 сарын 20-ний өглөө 05 цаг 50 минутын үед 30-13УБЭ улсын дугаартай тоёота приүс-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу ээж Эрдэнэчимэгийг үзүүлэхээр дүү Отгонгэрэл, Дөлгөөн нарын хамт гарсан. 2022.12.20-ний өглөө 10 цагт Хавдар судлалын эмнэлэгт ээж Эрдэнэчимэгийг үзүүлэх ёстой байсан юм. Тэгээд Төв аймгийн Жаргалант сумын салдаг уулзварын өнгөрөөд явж байтал автомашин гэнэт гулгаад жолоодлогогүй болсны улмаас замын хажуу руу орж онхолдсон. Ослоос бол миний төрсөн дүү Отгонгэрэл нас барж, дүү Дөлгөөн, ээж Эрдэнэчимэг нар гэмтсэн. Би өмнө өгсөн мэдүүлэг дээр урдаас машин ирж явсан гээд ослын шокноосоо болоод худал мэдүүлчихсэн байна лээ. Осол болох үед ойр орчимд ямар нэгэн тээврийн хэрэгсэл байгаагүй. Уг осол нь замын нөхцөл байдалд хурдаа тохируулж яваагүй миний буруугаас болж осол гарсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 138 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 145-153 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Д.Дэлгэрсүрэн:
...Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу явах чиглэлд Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Агьт" гэх газарт Тоёота приус 30 маркийн 30-13 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", 12.1 "Жолооч ...замын болон цаг агаарын нөхцөл… ийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэх заалтуудыг зөрчиж, асфальтан замын хажуу руу тээврийн хэрэгслийг унагаж, зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй зорчигч О.Д эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Б.Эийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, зорчигч О.Дамь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй... гэсэн,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга:
...Шүүгдэгч ******* нь гэм буруу дээрээ маргадаггүй. Гэм буруугийн хувьд хэлэх зүйл байхгүй. Хохирогч нар бүгд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн. П.Н ч өөрийн биеэр мэдүүллээ. Иймд бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна... гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар:
... Маш харамсалтай үйл явдал болсон. Гэр бүлийн хүрээнд болж байгаа учраас дахин ярих шаардлагагүй гэж үзэж байна. Гэм буруу дээрээ маргахгүй. Болгоомжгүй тохиолдлын чанартай үйлдэгдсэн. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа, хохирол төлбөр төлсөн учир хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж үзэж байна... гэсэн,
Шүүгдэгч *******:
...Өөрийн гэм буруугаас болж дүүгийнхээ амь насыг хохироосондоо маш их харамсаж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч ******* нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний амь нас хохирсон байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...”, мөн дүрмийн 12.1 дэх хэсэгт “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...” гэснийг тус тус зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж, мөн нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.
Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.
Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.
Тэрээр шүүгдэгч ******* Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 12.1-т заасныг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүндэвтэр болон хүнд хохирол учирсан, мөн нэг хүний амь насыг хохироосон шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******ийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *******ийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Д эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Эийн эрүүл мэндэд хүнд хохирол мөн О.Дамь нас хохирсон байна.
Хохирогч Б.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н, насанд хүрээгүй хохирогч О.Д асран хамгаалагч П.Оюунгэрэл нар нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Д.Дэлгэрсүрэн:
...Шүүгдэгч *******ийг шүүхээс гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авахуулах саналтай байна... гэсэн,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н:
...Ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Ээжийг минь хараад хоёулхнаа л амьдардаг юм. Ээжийгээ эмнэлэгт үзүүлэх гэж явж байгаад л ийм зүйл болчихлоо. 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү... гэсэн,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга:
....П.Нийн өгсөн мэдүүлэг хавтас хэрэгт байдаг. Ээж, ах, дүү нар минь хамт явж байгаад ийм зүйл болсон гэдэг. Хохирогч нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг мөн байгаа. Шинжээчийн дүгнэлтээр осол болоход замын нөхцөл байдал нөлөөлсөн байна гэдэг. Эрүүл саруул явж байсан. Санамсар болгоомжгүй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч ******* нь инженерийн ажлаа давхар жолооны ажлаар хийж гүйцэтгэдэг. Иймд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулж өгнө үү... гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар:
...Миний үйлчлүүлэгч гэм буруу болон зүйлчлэл дээр маргахгүй байгаа, хүлээн зөвшөөрч байна. Иймд хуульд заасан ялыг оногдуулж өгнө үү. Ээжийгээ асар хамгаалж явдаг ганц хүн нь. Тухайн хүнд оногдуулсан ял биелэгдэх ёстой. Ялын доод хэмжээгээр хасаж, тэнсэж өгнө үү... гэсэн,
Шүүгдэгч *******:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүгдэгч *******д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн байдлыг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн ____ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч ******* энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримт, баримт бичиг болох шүүгдэгч ******* жолоочийн 278911 дугаарын үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч *******шүүхээс тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн ____ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч ******* энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг болох шүүгдэгч ******* жолоочийн 278911 дугаарын үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэхийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН