Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
Хэргийн индекс | 176/2022/0365/Э/223/2022/0058 |
Дугаар | 2023/ШЦТ/169 |
Огноо | 2023-04-19 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагч Л.Наранхүү,
шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,
хохирогч К.Ж, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Э холбогдох эрүүгийн ____ дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэ суманд 1992 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн ______________ оршин суух, урьд ял шийтгэлгүй,____________ дугаарын регистртэй, А.Э.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч А.Э нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Хөөрөг” гэх газарт иргэн К.Жтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар давсаг тус газарт нь өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч А.Э:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ахин мэдүүлэг өгөхгүй... гэж,
Хохирогч К.Ж:
...2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр А.Э намайг Налайх хүргээд өгчих гэсэн тэгээр би амжихгүй би цагийн дараа хөдөлнө гэж хэлсэн. Тэгээд би 1 цагийн хөдлөх гэхэд миний дугуй хагарсан байсан. Яагаад хагарчхав гээд хартал хутганы мөр байсан. Тэгээд А.Эыг ирэхээр чи дугуй хагалсан байна гэхээр би хагалаагүй гээд байсан. Тэгээд хутгыг олоод хархаар яг таарч байсан. Тэгээд маргааш нь тэднийд очиход намайг хөшиглөсөн. Өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг нэхэмжилнэ... гэж тус тус мэдүүлдэг.
Үйл баримт
Эрүүгийн ____ дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч А.Э нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Хөөрөг” гэх газарт иргэн К.Жтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар давсаг тус газарт нь өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 441 дугаартай ...К.Жын биед баруун төмсөгт зөөлөн эдийн няцралт, хуйхнагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 07/46 дугаартай ...Зах зээлийн хандлагаар нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ үнэлгээний өдрөөр 90.000 /ерэн мянга/ төгрөг гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна... талаарх дүгнэлт /хх-ийн 115-123 дугаар хуудас/,
хохирогч К.Жын ...2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн үед Налайхад байх гэрээсээ Гараад Төв аймгийн Эрдэнэ сумын Хушанг 4 дүгээр багийн хөөрөг гэх газар зусдаг Аввал ах өмнө нь надаас 150.000 төгрөг зээлсэн байсныг мөнгөнийхөө оронд ирж хонь аваарай гэхээр тухайн өдөр Авзал ахынд 12 цагийн үед очиход тэднийд Авзал ах түүний эхнэр Анипа, хүү Элмурат эхнэр Бүжээ, Авзал ахын охин Жаянар, хүргэн Аказ түүний эхнэр Гүлзийга нар нь гэрийн хана үдээд байж байсан. Тэгээд би Авзал ах дээр очиж түүнээс мөнгөнийхөө оронд авах хонио авах талаар яриад хонио барих гээд явах Гэтэл түүний хүү болох Элмурат ирээд над руу дайрч танхайран, томорч, хутга аван чамайг ална гэж над руу дайрахад аав нь түүнийг хорьсон. Тэгээд Элмурат над руу хутга барьсан гараарай дайрах гэтэл түүнийг аав нь тэврээд хорьж байсан учир миний биед хүрэхгүй байсан тэгээд гэнэт хөлөөрөө миний бэлэг эрхтэн лүү нэг удаа өшиглөсөн тэгээд маш ихээр өвдөж босож суугаад ариа гайгүй болоод Авзал ах хүү болох Элмуратыг цааш авч яваад над дээр буцаж ирээд Авзал ахын хамтаар хонь байсан газар луу хамтдаа явж хонио барих гээд байж байхад Элмурат ирэн хонь барьж өгөөд тэгээд би хонио аваад гэр лүү явсан. Тухайн өдрөөс 2 хонгийн өмнө болох 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Хушанг 4 дүгээр багт зусдаг Аказ ахынд амарж байхад Элмурат гаднаас орж ирээд намайг өөрийн машинаараа засмал зам хүргээд өгөөч гэхэд би цагийн дараа Налайх явна түр хүлээж байгаад цуг яв гэхэд Элмурат уурлаж гэрээс гарч явсан. Тэгээд цагийн дараа хөдлөх гараад хартал машины баруун хойд дугуй хагарсан байсан очоод харахад хутгаар цоолсон байдалтай байсан. Тэгээд Элмуратын аав, ээж болон ах дүү нарт нь миний машины дугуйг хутгаар хагалаад явсан байна гэж тухайн үед халуураад дугуйгаа солиод явах гэтэл Аказ ах шөл хийж байна идчихээд явах гэхээр хоол идээд байж байхад Элмурат Налайх очоод буцаад ирж байсан. Тэгээд би Элмуратыг яагаад миний дугуйг хагалаад явчих гэхэд би хагалаагүй гэхээр энэ дугуйг хутгаар хагалсан байсан гэж хэлэхэд тоохгүй адуу руугаа яваад би Налайх руу гэр лүүгээ явсан. Энэ явдлаас болж над руу уурлаж дайрсан байх гэх бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,
гэрч З.Хаянжамалын ... Тухайн өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг 4 дүгээр багт байх хөдөө Гэртээ өглөө босоод цайгаа уучхаад хүү болох Элмуратын гэрийг буулгаад ханийг нь удаж байхад цагийг нь сайн санахгүй байна өдөр Налайхаас Жамбал манайд ирж Хонь авах гээд ирсэн. Тэгээд би илүү гэртээ хоол унд хийж байхад гадна хүмүүс маргалдаад байхаар гэрээс гарж харахад Элмурат Жамбал хоёр хоорондоо маргалдаж байхад хүү болох Элмурат К.Ж нэг удаа гуя хэсэг рүү өшиглөхөөр Авзаль К.Ж аваад цааш явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
сэжигтэн А.Эын ...Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багт байх хөөрөг гэх газраас Хэнтий аймаг руу малаа туун оторт явах гээд Авзаль, Бүжинлхам, Хаянжамал, Гулзийга нарын хамтаар гэрээ буулгаад ханаа идэж байхад манайд 12 цагийн үед Жамбал ирээд надтай хэрүүл хийгээд байхаар нь би түүнтэй хэрэлдээгүй зүгээр явчихаа гэж түүнд хэлсэн. Тэгээд удалгүй хэрүүл хийж байгаад намайг болон манай гэр бүлийг доромжлоод байхаар нь Жамбал руу дөхөж очоод удаа өшиглөсөн чинь аав болох Авзаль дундуур орж ирэн бид хоёрыг салгаж хамаатнууд хоорондоо маргалдаад гээд загнаад Жамбалын хамтаар хонь руу явсан. Тэгээд би удалгүй хойноос нь очиж хонийг нь барьж өгөөд Жамбал хонио аваад Налайхад байх гэр лүүгээ явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
гэрч Б.Авзалийн ...Тухайн үед Элмурат нь гэрийнхээ ханийг үдэж байсан учраас гартаа хутга барьсан байсан. Харин барсан хутгаараа К.Ж ална гэж хэл амаар доромжилж дайраагүй. Тухайн гэрийн ханийг үдэж хийхэд шөвөг болон хутга ашигладаг юм. Тухайн өдөр би гэртээ байхад Жамбал нь манайхаар орж ирчхээд хажуу талд байх хүргэн Аказынд орохоор явсан. Тэгээд Элмурат нь хажуу талд байх Аказынд орчхоод буцаж орж ирээд Жамбал Налайх дүүрэг рүү явах болоогүй гэж байна гээд мотоциклоо унаад Налайх дүүргээс эхнэр хүүхдээ явахаар явсан. Тэгээд би малдаа яваад ирсэн чинь Жамбал нь миний машины дугуй хагарчихсан байна Элмурат хагалаад явчихлаа гэхээр юу гэж хагалах билээ дээ эхнэр хүүхдээ авах гээд мотоциклтой Налайх дүүрэг рүү явсан шүү дээ гэж хэлээд Жамбалд чи Элмурат хагалахыг харсан юм уу гэхэд хараагүй гэж хэлэхээр нь би гэр лүүгээ орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 102 дугаар хуудас/,
гэрч З.Хаянжамалын ...Тухайн өдөр манай гэрт Жамбал нь орж ирээгүй харин хажуу талын айл болох Аказ буюу манай нөхрийн дүүгийн гадна машин нь зогсож байсан ба хонь гаргасан гээд гэдэс идэж байгаад явсан гэж байсан. Би гэртээ байхад Жамбал нь орж миний дугуй хагарсан байна танай хүүхэд чинь хагалаад явчихсан байна гэж хэлж байсан. Би гэрээсээ гараагүй болохоор тухайн тээврийн хэрэгслийн дугуйг хагарсан үгүйг сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 104 дүгээр хуудас/,
яллагдагч А.Эын ...Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багт байх хөөрөг гэх газраас Хэнтий аймаг руу малаа туун оторт явах гээд Авзаль, Бүжинлхам, Хаянжамал Гулзийга нарын хамтаар гэрээ буулгаад ханаа үдэж байхад манайд 12 цагийн үед Жамбал ирээд надтай хэрүүл хийгээд байхаар нь би түүнтэй хэрэлдээгүй зүгээр явчхаж үүнд хэлсэн. Тэгээд удалгүй хэрүүл хийж байгаад намайг болон манай гэр бүлийг доромжлоод байхаар нь Жамбал руу дөхөж очоод удаа өшиглөсөн чинь аав болох Авзаль дундуур орж ирэн бид хоёрыг салгаж хамаатнууд хоорондоо маргалдаад гээд загнаад Жамбалын хамтаар хонь руу явсан. Тэгээд би удалгүй хойноос нь очиж хонийг нь барьж өгөөд Жамбал хонио аваад Налайхад байх гэр лүүгээ явсан. Би тухайн үед хажуу талын айл болох Аказ ахынд Жамбал нь ирсэн байсан болохоор түүнтэй уулзаж Налайх орох талаар асуутал орой явна гэхээр нь гэрээс нь гараад өөрийн мотоциклтой Налайх дүүрэг рүү эхнэр хүүхдээ авах гэж яваад буцаж гэртээ ирэх үед Жамбал нь чи миний машины дугуйг хагалчихлаа гээд элдэв янзын зүйл яриад байхаар нь би хаглаагүй юу яриад байгаа юм гэхэд гэж хэлээд гэртээ орсон. Тэгээд хойноос гэрт орж ирээд гэрт байсан хутгануудыг хараад хэмжээг нь үзээд эд нар биш байна өөр хутга байгаа муу гээд надаас асуугаад байхаар нь би адуундаа явахаар гэрээс гарч явсан харин Жамбал гэрт манай хоёр хүүхэдтэй гэрт үлдсэн. Тухайн үед Жамбал нь цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн байсан. Өмнө нь гэр бүлийн залуучуудын хооронд харилцдаг фейсбүүк групп дээр хурим болох гэж байгаа болохоор мөнгө цуглуулах болоод Жамбал нь 150.000 төгрөr цуглуулах талаар хэлэхээр нь би цуглуулах мөнгө нь ариа их байна 100.000 төгрөг болгох талаар хэлэхэд намайг чи мал ахуйтай хүн байж гэж хэлэн гуйлгачид гэх хэлж хэл амаар доромжилж байсан. Сүүлд 2022 оны 07 дугаар сарын 29-ны өдөр би Дорнод аймаг руу нүүх гээд гэрийнхээ ханийг үдэж байхад Жамбал нь ирээд би болон манай эхнэрийг эрлийз хурлийз хүүхэдтэй халх хүүхэнтэй суусан тэр халхуудтайгаа авсандаа орж үхээрэй гэж хэлэхэд нь миний уур хүрээд К.Ж нэг удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 110 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч А.Эын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 27-39 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Л.Наранхүү:
...Шүүгдэгч А.Э нь мөрлөн байцаалтын шатанд яллагдагч Элмуратаас хохирогчид 233.100 төгрөг, шүүхийн шатанд 135.000 төгрөгийн хохирол төлсөн. Мөн хохирогчийн зүгээс өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг нэхэмжилж байгааг дурдаж байна. Шүүгдэгч А.Эыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч К.Ж:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр:
...К.Жын хувьд 233.000 төгрөгийн эмчилгээний зардал, 135.000 төгрөгийн шатахууны зардал нийт 368.000 төгрөгийн хохирол авсан. Шүүгдэгч гэм буруу дээрээ маргахгүй байна гэж ойлгож байна. Өмгөөллийн хөлс бол энэ гэмт хэргийн улмаас гарсан зардал тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх байх... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай:
...Гэм буруу дээрээ маргахгүй, өмгөөлөгчийн хөлсийг нотлох баримтаар тооцохгүй тул хохирогчийн өмгөөлөгчийн зардлыг гаргуулах эрх зүйн зохицуулалт байхгүй. Өмгөөллийн хөлс гаргадаг шүүхийн практик байхгүй. Хохирол бүрэн төлсөн... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч А.Э:
...Миний буруу гэм буруу дээрээ маргахгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч А.Э болон түүний өмгөөлөгч нар гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч А.Э дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч А.Эад холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол, хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Шүүгдэгч А.Э хохирогч К.Жыг цохиж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг
Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч А.Эын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч К.Жын эрүүл мэндэд баруун төмсөгт зөөлөн эдийн няцралт, хуйхнагт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч К.Жын эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд нийт 233.100 /хоёр зуун гучин гурван мянга нэг зуу/ төгрөгийг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн бензин, шатахууны үнэ болох 135.000 /нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг тус тус төлсөн болох нь хохирогч болон шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Эаас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Л.Наранхүү:
...Шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон өөрийнхөө гэм бурууг хүлээсэн гэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч К.Ж:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр:
...Эрүүгийн хариуцлагын саналтай холбоотой хэлэх зүйлгүй, хохирогч болон шүүгдэгч нар ах дүү хүмүүс. Өнөөдрийг хүртэл ах дүү нар хоорондоо эвлэрээгүй байна энэ дээр харамсаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай:
...Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, анхнаасаа гэм буруугаа хүлээсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Миний үйлчлүүлэгч хөдөө мал малладаг энэ зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч А.Э:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүх шүүгдэгч А.Эад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг торгох ял тохирно гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Эад торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудал
Эрүүгийн ____ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7.,
36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.Э шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн ____ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН