| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2023/0171/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/173 |
| Огноо | 2023-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрсүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагч Э.Мөнхсаруул,
шүүгдэгч Н.Л түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Н.Л холбогдох эрүүгийн ____ дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Төгрөг суманд 1987 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хам _________ оршин суух, урьд:
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлийн давааны ар” гэх газарт нутаглаж байсан иргэн С.Больхүүгийн гэрийн гадна Б.Нтай маргалдаж, улмаар цээж, зүүн шуу, гуя хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Н.Л:
...Гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Миний буруу. Хохиролд 300.000 төгрөг өгсөн... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн ____ дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Н.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлийн давааны ар” гэх газарт нутаглаж байсан иргэн С.Больхүүгийн гэрийн гадна Б.Нтай маргалдаж, улмаар цээж, зүүн шуу, гуя хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2796 дугаартай ...Б.Нбиед цээж, зүүн шуу, гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Хохирогч Б.Н...Би Төв аймгийн Заамар суманд мал маллаж амьдардаг бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр би Пэрэнлээ гэх айлд ирсэн ирсэн шалгаан гэвэл тэдний хамаатан гэх залуу мал маллах гэж ирсэн байсан бөгөөд тухайн залууг маргааш ханиндаа хот орох уу гэх санаатай очсон юм тэгээд Пэрэнлээгийн эхнэр хүүхэд Лхамсүрэн нарыг аваад Больхүүгийн гэрт очсон тэгээд би нэг шил архи гаргаад тухайн архи ууж байхад Лхамсүрэн би өнөөдөр явмаар байна гээд байхаар нь би машинд суулгаж өгье гэсэн тэгээд архи ууж дуусаад би Лхамсүрэныг машинд суулгаж өгөх гээд зам руу гараад Заамар сумын Хайлааст баг руу хүн рүү утсаар ярьж унаа дуудсан тэгтэл Лхамсүрэн дансанд мөнгө байхгүй гээд орилоод эхэлсэн тэгэхээр нь би чи дуугүй байгаач гэхэд дуугүй болохгүй бухимдаад орилоод байсан тэгээд би Лхамсүрэнг Больхүүгийн гэрт нь авчирсан тэгээд гарийн гадаа маргалдаад зууралдаж байхад Лхамсүрэн миний зүүн шуу, зүүн гуя, зүүн хөхний доод хэсэгт хутгаар хатгасан байсан тэгээд би тухайн айлаас машинаа бариад Заамар сумын Хайлааст багт ирж эмнэлэгт үзүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч Б.Пэрэнлээгийн ...Би Өвөрхангай аймгийн харьяат хүн бөгөөд 2022 оны 11 дүгээр сард Заамар сумын иргэн Мөнхбаатар гэх хүний малын маллахаар ирсэн үнээс хойш өнөөдрийг хүртэл Заамар сумын Хайлааст 3-р багт Элийн давааны ар гэх газарт өвөлжиж байна, манай энхэр Гантөмөрийн хамаатан Лхамсүрэн гэх залуу Өвөрхангай аймагт ажилгүй байсан тэгээд би утсаар ярьж манай энд Жамъяан гэх айд туслах малчин авна гэж байна гээд мал маллахаар тохироод 2023 оны 01 дүгээр сарын 20-ын үеэр ирсэн тэгээд тухайн айлдаа мал маллаж байгаад цагаан сараар гэр лүүгээ яваад цагаан сарын дараа ирэхээр тохироод гэр лүүгээ явах гээд манай 2023 оны 02 дугаар сарын 16-ны орой ирээд манайд хоносон би 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн орчимд хонио цуглуулахаар гарсан, гэрт манай эхнэр Гантөмөр 1 хүүхдийн хамт мөн Лхамсүрэн гурав үлдсэн тэгээд хонио цуглуулж байхад мотоциклын шатахуун дуусах гээд байхаар нь саахалтын айл Больхүүгийн гэрт шатахуун авах санаатай очсон очоод цай уучхаад шатахуунаа мотоциклдоо хийчхээд хөдлөх гэж байхад цагаан өнгийн приус 20 маркийн машин ирсэн дотроос нь манай гэрт байсан Лхамсүрэн, манай эхнэр Гантөмөр охин Нарангарав бууж ирсэн машины жолооч Нараа гэх ахыг би танихгүй урьд өмнө нь ганц нэг таарч байсан Больхүүг таньдаг юм байна лээ тэгээд ирсэн байх тэгээд Больхүүгийн гэрт нь ороод Нараа ах нэг шил 0.5 граммын архи гаргаж ирээд бид 4 уусан ууж Нараа ах би маргааш хот явна гэж байсан тэгтэл Лхамсүрэн би одоо хот явмаар байна явахгүй бол болохгүй байна гээд байсан тэгээд архи дуусаад Лхамсүрэнг Нараа ах за би чамайг машинд суулгаж егье такси би танина гэсэн тэгээд Лхамсүрэн, Нараа ах хоёр гарсан үнээс хойш 20 минутын дараа Больхүүгийн дугаар луу Лхамсүрэн залгаад энэ ах чинь намайг буулгаад хаячихлаа намайг ирж аваач гэсэн тэгэхээр нь би хаана байгаа гэхэд би мэдэхгүй байна харанхуй байна би газар мэдэхгүй гэсэн тэгэхээр нь чи зам дагаад алхаж бай гээд би мотоциклтой өөдөөс нь явсан боловч олоогүй буцаад ирсэн гэрт ороод гараа дулаацуулаад байж байхад гэрийн гадаа машин ирээд чагнаалдсан гэрээс гараад харахад машин ирсэн байсан машин дээр очиход Лхамсүрэн та ягаад байсан гээд хэрэлдэж байгаа бололтой чанга чанга яриад байсан. Тэгээд би машины хаалгыг онхойлгоод Лхамсүрэнг татахад Нараа ах цанаас нь Лхамсүрэнг цохиод байсан, Лхамсүрэнгийн хамраас цус гарсан байсан тэгтэл Нараа ах машинаасаа бууж ирээд Лхамсүрэнг гараараа цохиж өшиглөөд байсан би боль гэж хэлсэн боловч болихгүй миний хоёр талаас зууралдаад Лхамсүрэнг Нараа ах цохиод байсан энэ үед би Лхамсүрэнг түлхээд Больхүүг дуудсан Больхүүг гарж ирэхэд энэ хоёр салсан байсан тэгээд Нараа ахыг яаж байгаа та гэхэд наад муу гуйлгачин чинь машинд суулгаж өгөх гэсэн чинь олон юм яриад дургүй хүргээд байна гээд байсан тэгтэл гар нь нойтон болсон байсан юу бэ гэсэн чинь миний гуя хэсэгт жирвэгэнээд явчихлаа наадах чинь шаацан юм шиг байна гэсэн тэгээд би өмдийг шувтлаад үзсэн чинь гуянаас нь цус гарч байсан тэгээд би Лхамсүрэн дээр очоод чи хүн хутгалцан байна шдээ хутаг чинь хаана байна гэхэд наад муу өвгөн чинь намайг гуйлгачин түлэгдчихээр дуудаад зодоод байна гэсэн гарт нь жижиг тонгорог хутаг байхаар би аваад шидсэн тэгээд Нараа ах би эмнэлэгт очиж үзүүллээ гээд машинаа бариад яваад өгсөн араас нь бид хэд явсан явах замдаа Нараа ахын гэрээ ороход эхнэр хүүхэд нь байсан тэгээд өөдөөс манай нөхөр хүнд хутгалуулчихлаа эмнэлэг явлаа гээд яваад өгсөн гэсэн тэгээд бид хэд эхнэр хүүхдийг нь аваад Заамар сумын Хайлааст эмнэлэг дээр ирсэн, ирээд Нараа ах эмнэлэгт үзүүлэхгүй гээд нэлээн удсан удаж удаж эмнэлэгт үзүүлсэн тэгээд цагдаагийн байгууллагад хандсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч С.Больхүүгийн ...Би Өвөрхангай аймгаас 2022 оны намар отроор ирээд өнөөдрийг хүртэл нутаглаж байна, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд манай гэрт Пэрэнлээ шатахуун асууж ирсэн тэгээд цай уугаад шатахуунаа авчхаад явах гэж байхад нь Нараа ах Пэрэнлээгийн эхнэр хүүхэд болон гэрт нь байсан Лхамжав гэх залууг аваад манай гэрт ирсэн тэгээд гэрт орж ирээд 1 шил архи гаргаад бид хэд хувааж уусан энэ хооронд Нараа ах би маргааш хот явна чи надтай явах уу гэж байхад Лхамжав би одоо хот явмаар байна, явахгүй бол болохгүй гээд байсан тэгээд Нараа ах Лхамжавыг машинд суулгаж явуулна гээд хоёулаа гарсан удаагүй байж байтал Лхамжав залгаад Нараа ах намайг хаячихлаа намайг аваадах гэсэн тэгээд Пэрэнлээ явсан удаагүй дахиж залгаад Нараа ах цуг байна гэсэн тэгтэл Пэрэнлээ олсонгүй гээд хүрээд ирсэн араас нь машин ирсэн Пэрэнлээ гэрээс гарсан тэгтэл гадаа хүмүүс шуугилдаад Пэрэнлээ намайг дуудсан гэрээс гараад ирэхэд Пэрэнлээ энэ хоёр зодолдоод болохгүй байна гэсэн намайг гарж ирэхэд бол хоорондоо зодолдсон асуудал бол байгаагүй тэгтэл гэнэт Нараа ах намайг хутгалчихлаа гээд байсан тэгээд харахад гуяндаа хутгалуулсан байсан тэгээд Нараа ахыг хүргэж өгье гэхэд зүгээр би өөрөө эмнэлэг орно гээд машинаа бариад яваад өгсөн, тэгээд би араас нь мотоциклтой явах гэсэн чинь хүйтэн байсан тэгээд эргэж хариад Пэрэнлээг машинтай нь дуудаад араас нь гэрт нь ирэхэд гэрээрээ ороод яваад өгсөн байсан тэгээд эхнэрийг нь аваад Заамар сумын Хайлааст 3-р багийн төвд ирсэн тэгээд цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Гэрч П.Буянжаргалын ...Би Өвөрхангай аймгаас нөхөр хүүхдийн хамт 2022 оны намар отроор ирээд өнөөдрийг хүртэл Заамар сумын Хайлааст 3-р багийн Өлийн Давааны ар гэх газарт нутаглаж байна, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд манай гэрт Пэрэнлээ шатахуун асууж ирсэн тэгээд цай уучхаад байж байсан үүний өмнөхөн Б.Н ах залгаад би туулийн гүүрэн дээр байна одоо танайд очлоо гэсэн тэгээд Пэрэнлээг хөдлөх гэж байхад Б.Н ах Пэрлээгийн эхнэр хүүхэд, гэрт нь байсан. Лхамжав нарыг аваад хүрээд ирсэн тэгээд гэрт орж ирээд нэг шил архи гаргаж ирсэн ууж байхад нь Лхамжав гэх залуу би өнөөдөр хот явмаар байна гэсэн тэгтэл Б.Н ах, ах нь чамайг замын унаанд суулгаад өгье гээд тэр хоёр гэрээс гарсан тэгтэл удаагүй байж байхад Лхамжав манай утас руу залгаад Б.Н ах машинаас буулгачихлаа намайг ирж ав гэсэн тэгээд Пэрэнлээ авахаар мотоциклтой явсан энэ үед Б.Н ах залгаад бид хоёр цуг байна гэсэн удаагүй Пэрэнлээ олсонгүй гээд ирсэн энэ үед гадаа машин ирээд чагнаалдсан тэгээд Пэрэнлээ гэрээс гарсан тэгтэл гадаа манай нөхрийг Пэрэнлээ дуудаад байсан тэгээд манай хүн гарсан удаагүй Б.Н ах манай гэрийн хаалгаар шагайсан тэгээд орж ирээд ширс гээд явчихсан намайг хутгалсан байна гэсэн тэгээд гараад явчихсан араас нь манай хүн мотоциклтой явсан удаагүй гадаа хүйтэн байна гээд хүрээд ирсэн тэгтэл Б.Н ах эхнэр залгаад Б.Н ирээд яваад өгчихлөө та нар хүрээд ирээч гэсэн тэгээд Пэрэнлээ эхнэр хүүхдээ аваад манай нөхөр бид 4 Б.Н ахын араас яваад замаараа эхнэрийг нь аваад Хайлааст багт ирсэн тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Гэрч О.Гантөмөрийн ...Би Өвөрхангай аймгаас нөхөр хүүхдийн хамт 2022 оны намар мал маллахаар ирсэн өнөөдрийг хүртэл Заамар сумын Хайлааст 3-р багийн Өлийн Давааны ар гэх газарт нутаглаж байна, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн орчимд манай нөхөр Пэрэнлээ малаа хураахаар гэрээсээ гарсан гэрт би манай баг хүүхэд болон Өвөрхангай аймгаас мал маллахаар ирсэн манай аавын дүүгийн хүүхэд Лхамсүрэн үлдсэн мал маллахаар ирээд цагаан сараар харчхаад буцаж ирэхээр явах гэж байсан, тэгтэл манайд зүс мэдэх Б.Н гэх ах согтуу ирсэн ирээд манай нөхрийг асуусан би малдаа явсан гэж хэлсэн, тэгээд би Б.Н ахаас та хот явна гэж байсан хэзээ явах юм гэхэд би өнөө маргаашдаа амжихгүй нээ гэхээр нь би манай дүү нутаг буцах гээд байгаа унаа хэрэгтэй байна гэхэд Б.Н ах би унаанд хэлээд суулгаад өгье гэсэн тэгэхээр нь би Лхамсүрэнг сэрээгээд энэ нутгийн ах машинд суулгаад өгье гэнэ гээд сэрээсэн тэгээд Б.Н ах замаараа Больхүүгийн гэрт нь очно гэхээр нь би дагаад явсан Больхүүгийнд ирээд Б.Н ах нэг шил архи гаргаад ууцгаасан ууж дуусаад Б.Н ах Лхамсүрэнг машинд суулгаж өгнө гээд аваад гарсан удаагүй байж байхад Лхамжав залгаад намайг буулгачихлаа ирж аваарай гэсэн тэгээд манай нөхөр явсан явсан хойгуур нь Б.Н ах залгаад Лхамсүрэн бид хоёр цуг байна гэсэн энэний дараа манай нөхөр олсонгүй гэж ирсэн удаагүй араас нь машин ирээд чагнаалдсан манай нөхөр гарсан удалгүй манай нөхөр Больхүүг дуудаад байсан Больхүү гарсан тэгтэл Б.Н ах гэрээр шагайсан тэгснээ эмнэлэг явлаа гээд яваад өгсөн юу болсон талаар нөхрөөс би асуухад Лхамжав Б.Н ахыг хутгалсан байна гэсэн тэгээд Больхүү араас нь явсан удаагүй хүйтэн байна гээд хүрээд ирсэн, тэгтэл Б.Н ахын эхнэр нь залгаад Б.Н гэрээр ирээд ганцаа эмнэлэг орно гээд яваад өгсөн та нар хүрээд ирээч гээд бид хэд очиж эхнэрийг нь аваад эмнэлэг дээр ирсэн тэгээд цагдаагийн байгууллагад хандсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Гэрч Т.Цэцэгээгийн ...Миний хуу Лхамсүрэн хүүхэд бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж 8 дугаар анги төгссөн жижиг биед хүүхэд байхын дуу цөөтэй ноомой зантай хүн тусархуу зан чанартай хүн хар ажилд бол сайн, ямар нэгэн хэрэг төвөгт орооцолдож хэл амь таталж байгаагүй яагаад ийм асуудалд орчхов гээд миний хувьд гайхаж байна ярьж байгаагаар нь цаад хүн нь нэлээн согтуурхаж дайрсан юм шиг байна, гэхдээ хүний өөдөөс утга мэс далайна гэдэг байж болшгүй зүйл миний хүүгийн буруу болсон байна. Миний хүү Өвөрхангай аймагт эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг бага хүү нь хөгжлийн бэрхшээлтэй амьдах гэж яваа нэг хүн, миний бодлоор эхнэр хүүхдээ халамжтай, над руу лав манай бэр нэг ч улдаа уйлан дугарч ярьж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Сэжигтэн Н.Лгийн ...Би Өвөрхангай аймагт эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажил байхгүй, 2023 оны 01 дүгээр сард манай ээжийн эгчийн хүүхэд Ганаа эгчтэй утсаар ярахад Заамар суманд мал маллуулах хүн байна чи ирж маллахуй сарын 500000 мянган төгрөг гэж байна гэсэн тэгээд би мал маллахаар 2023 оны 01-р сарын 27-ны өдөр Заамар суманд ирээд Жамъяан гэх айлд мал маллаж байгаад цагаан сараар харьчхаад буцаж ирэхээр тохироод 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хамаатан эгч Ганаагийнх буюу Пэрэнлээгийнд ирж хоносон тэгээд маргааш нь Пэрэнлээ ахтай хамт Больхүүгийн гэрт нь очсон тэдний гэрт Больхүүтэй хамт 1 шил архи уучхаад би Пэрэнлээ ахынд ирээд унтаж байхад танихгүй хүн намайг дуудаад ах нь чамайг таксинд суулгаж өгье гээд байсан тэгээд би босоод Ганаа эгч нөгөө ирсэн ахтай хамт Больхүүгийн гэрт нь ирсэн тухайн айлд нөгөө Б.Н гэх ах 1 шил архи гаргасан тэгээд тухайн архийг уучхаад Б.Н ах намайг таксинд суулгаж өгнө гээд намайг аваад явсан, тэгээд замтай ойртож сүлжээтэй болоод Б.Н ах 1 хүн рүү ярьсан тэгсэн нөгөө хүн нь шөнийн 01-02 цагийн үед явна гэж байсан тэгээд би мөнгө байхгүй байсан болохоор Б.Н ахад надаа одоо бэлэн мөнгө байхгүй байна мал маллуулсан айлын хүмүүс араас мөнгө хийнэ гэсэн тэгэхээр би шилжүүлчихье гэсэн чинь Б.Н ах намайг мөнгө байхгүй гуйлгачин минь яаж явах гэсэн юм гээд миний нүүр толгой хэсэг рүү нэлээн хэдэн удаа цохсон тэгээд би Пэрэнлээ ах руу залгаад та намайг ирээд аваадах энэ хүн намайг зодоод байна гэж хэлсэн чинь за тэгээд би машинаас буух гэсэн чинь Б.Н ах намайг буулгахгүй буцаад суу гээд буулгахгүй байсан тэгээд замдаа төөрөөд хаана яваагаа мэдэхээ болсон тэгж тэгж замаа олоод явж байхад Наранхүү ах чамайг байсан айлын чинь гадаа хүргэж өгөөд чамайг ална гээд над руу дайраад байсан тэгээд Больхүүгийн гэрийн гадаа ирээд машинаа чагнаалдсан энэ үед Пэрэнлээ ах гарж ирсэн энэ үед Б.Н ах машин дотор намайг зодоод байсан энэ үед Пэрэнлээ ах намайг татаж машинаас буулгасан араас нь Б.Н ах миний толгой хэсэгт цохиод гуя хэсэг рүү өшиглөөд байсан энэ үед би өмдний халаасанд байсан байсан жижиг тонгорог хутгыг гаргаж ирээд айлгах санаатай хутганы үзүүр хэсгийн гараараа чимхээд зуун гуя, цээж, баруун гарын шуу хэсэгт нь хатгасан энэ үед Пэрэнлээ ах над руу уурлаад гараас хутга аваад шидэх шиг болсон, би яаг тухайн үед бас юу хийчих бэ гэж айгаад цааш яваад өгсөн удаагүй Б.Н ах явсан байсан, араас хунь Пэрэнлээ ах Больхүү, Ганаа эгч Больхүүгийн эхнэр 4 хүүхдүүдээ аваад араас нь явсан. би шөнө араас нь ирсэн эмнэлэг дээр ирж эм тариа авч өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Яллагдагч Н.Лгийн ...Би Өвөрхангай аймгаас Төв аймгийн Заамар суманд хамаатны ахын малыг нь маллахаар очсон. 2023 оны 02 сарын 17-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Өлийн даваа гэх газарт хамаатны ах Пэрэнлээгийн гэрт байж байтал Б.Н ирээд намайг дуудаж сэрээгээд бид хоёр хамт Больхүүгийн гэрт очоод нэг шил архи худааж уугаад дуусаад Б.Н ах намайг Улаанбаатар хот руу унаанд суулгаж өгнө гээд бид хоёр Б.Н ахын машинтай явсан. Тэгээд би Б.Н ахад хандан надад бэлэн мөнгө алга байна, мал хариулсан айл цалингаа хийгээгүй байна би мөнгөгүй гэтэл Б.Н ах намайг чи муу гуйлгачин яаж явах гэсэн юм гээд 2-3 удаа цохиж авсан. Тэгээд цаашаа Б.Н ах бид хоёр явж байгаад төөрөөд буцаад замаа олоод Больхүүгийн гэрт очсон. Больхүүгийн гэрийн гадаа очоод Б.Н ах сигналдаад машин дотроо Б.Н ах намайг цохиж авсан. Тэгээд гэр дотроос Пэрэнлэй ах Больхүү нар гарч ирж салгаж аваад машинаас буусан. Машинаас буугаад Б.Н ах намайг цохих гээд хөөгөөд байсан. Тэр үед миний халаасанд жижиг тонгоргон хутга байсан юм би тэр хутгаар Б.Н ахыг айлгах гээд гаргаж ирээд өөдөөс нь гаргатал цээж рүү нь хутгалсан мөн гуяг гарын шуу хэсэг рүү хутгалсан. Тэгээд Б.Н ах эмнэлэг явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Н.Лгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 53-63 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Н.Л нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Н.Лг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Э.Мөнхсаруул:
...Н.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлийн давааны ар” гэх газарт нутаглаж байсан иргэн С.Больхүүгийн гэрийн гадна Б.Нтай маргалдаж, улмаар цээж, зүүн шуу, гуя хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад өтлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:
...Хохирогчид 300.000 төгрөг төлсөн. Хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт өгсөн. Өөр хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.Л:
...Хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокуророос өгсөн ялын саналыг зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Н.Л болон түүний өмгөөлөгч маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Л нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Н.Л нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.
Шүүгдэгч Н.Лгийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Тухайлбал шүүгдэгч Н.Л нь хохирогч Б.Нцээж, зүүн шуу, гуя хэсэгт хутгалж хөнгөн гэмтэл учруулж байгаа үйл баримт нь гэмт хэрэг юм.
Тэрээр шүүгдэгч Н.Л хүний биед хүч хэрэглэн халдаж, зодож цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн хутгалсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь цээж, зүүн шуу, гуянд шарх бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Н.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Лгийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Нбиед цээж, зүүн шуу, гуянд шарх бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Б.Н нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд авагдсан хохирогч Б.Над хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, мөн шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Л энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Э.Мөнхсаруул:
...Шүүгдэгч Н.Л хохирол төлбөрийг төлж барагдуулсан, тодорхой цалингийн орлоготой, хувийн байдал зэргийн харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг оногдуулах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг “ЛД” гэсэн бичигтэй хутгыг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:
...Улсын яллагчтай ялыг тохирч орж ирсэн тул хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.Л:
...Хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокуророос өгсөн ялын саналыг зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд шүүх шүүгдэгч Н.Лг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Лд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн ____ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Л энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн “LD” гэсэн бичигтэй эвхдэг хутга 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасныг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Л шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн “LD” гэсэн бичигтэй эвхдэг хутга 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн ____ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Л энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Л урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН