Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 221/ШШ2025/0014

 

 

 

 

 

 

“К” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч: “К” ХХК

Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо

Гуравдагч этгээд: З.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн МТ/2024/** дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, М.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М

Гуравдагч этгээд З.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.

Хэргийн индекс: 221/2025/0008/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “К” ХХК-аас тус шүүхэд хандан Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн МТ/2024/** дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.

2. Гомдол гаргагч “К” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо:

“...“К” ХХК нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд хандаж, өмгөөлөгч З.Б-д холбогдуулан Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.11, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм (цаашид “Ес зүйн дүрэм” гэх)-ийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 12.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн үндэслэлээр гомдол гаргасан.

Учир нь өмгөөлөгч З.Б нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө “Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, шүүхийг гаргасан шийдвэртэй нь холбогдуулан “хонгилын шүүх энд ажиллаж байна уу даа гэж би хувьдаа бол харж байгаа” гэж шүүхийг олон нийтийн өмнө буруутгасан, “хатгасан, хамжсан дэмжсэн энэ хүмүүс нь бол холбогдох ялаа аваад явах ёстой” гэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад ял өгөх ёстой мэтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа 20 хүн, 2 хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдах замаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процесс, шүүхийн үйл ажиллагааны талаар буруу ойлголтыг түгээж, Эрүүгийн хэрэг шүүхэд шилжээгүй байхад гэм буруугийн хурлыг алгасаж, ял өгөх шийдвэр гаргах ёстой мэтээр олон нийтэд мэдээлж, шүүхийн нэр хүндэд халдаж, өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийг зөрчиж байгаа.

Гэтэл Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын Үндэслэх хэсэг 8 хэсгээс бүрдэх бөгөөд 1-д гомдлын агуулга, 2-т маргааныг хянан хэлэлцсэн хүрээ, 3-д шинжлэн судалсан нотлох баримт, 4-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байгаа тухай, 5-д уг мэдээллийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж, уг мэдээлэл нь олон нийтэд ил болсон тухай, 6-д шүүх гаргасан шийдвэрээ “Ш” фейсбүүк цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн тухай, 7-д өмгөөлөгч З.Б нь Монгол ардын намын эрх бүхий этгээд олон нийтэд мэдээлэл өгөх ажиллагааны үед ард нь зогсож буй үйлдлийг улс төрийн үйл ажиллагаанд оролцсон хэмээн буруутгах боломжгүй тухай, 8-д дээрх 7 зүйлд зүйлд заасныг дүгнэж Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 11.1 -д заасныг зөрчсөн нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн байна.

Эдгээр дүгнэлтдээ гомдолд дурдсан “хонгилын шүүх энд ажиллаж байна уу даа гэж би хувьдаа бол харж байгаа”, “хатгасан, хамжсан дэмжсэн энэ хүмүүс нь бол холбогдох ялаа аваад явах ёстой” гэж олон нийтэд мэдээлэл өгсөн нь Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг хэрхэн яаж зөрчөөгүй тухай үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, тогтоолын Үндэслэх хэсэгт дурдаагүй, орхигдуулсан тул гомдол гаргаж байгаа болно.

Тодруулбал, өмгөөлөгч З.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо өмнө нь Засгийн газрын эрх бүхий этгээдүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байсан, шүүх гаргасан шийдвэрээ олон нийтэд мэдээлсэн гэх үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь бид хэргийн материал задруулсан, далд байсан мэдээллийг ил болгосон гэж гомдол гаргаагүй бөгөөд гагцхүү олон нийтэд мэдээлэл өгөхдөө шүүхийг гаргасан шийдвэртэй нь холбогдуулж “хонгилын шүүх” гэж, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад “ялаа аваад явах ёстой” мэтээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ойлголт төрүүлсэн нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн үндэслэлээр гомдол гаргасан.

Өмгөөлөгч нь хуулиар эрх, үүрэг нь тодорхойлогддог хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, ёс зүйн алдаа дутагдал гаргасан бол хариуцлага хүлээдэг мэргэжлийн субъект атал улс төрч ярьсан учраас өмгөөлөгчийн ярьсан асуудал нь ёс зүйн зөрчил биш гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч биш тул МӨХ-ны МХХ-нд гомдол гаргах боломжгүй бөгөөд тэдгээр хүмүүс нь шүүхийг гаргасан шийдвэртэй нь холбогдуулж “Хонгилын шүүх” гэж буруутгаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцож байгаа хүмүүсийг “ялаа аваад явах ёстой” гэж мэдээлээгүй билээ.

Өмгөөлөгчийн энэхүү зохисгүй үйлдэл нь Өмгөөллийн тухай хуулийн §4.1 -д зааснаар өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах “хууль дээдлэх, шударга ёсыг сахих” зарчим болон Ёс зүйн дүрмийн 11.1-д “Өмгөөлөгч нь өөрийн мэргэжлийн үүрэгтэй холбоотой худал, төөрөгдүүлсэн агуулгатай, өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүндийг гутаасан, эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээлэл хийхийг хориглоно” гэж, 12.1 -д “Өмгөөлөгч нь шүүгч, прокурор, мөрдөгч, хууль сахиулагч болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бусад оролцогчид зүй бусаар нөлөөлөх эсхүл шийдвэр гаргасных нь төлөө тэднийг сайшаах, буруутгахыг хориглоно” гэж заасныг зөрчиж байгаа үйлдэл болох бөгөөд Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэр нь ёс суртахуунгүй үйлдлийг өөгшүүлэх шалтгаан болно гэж үзэж байна.

Тодруулбал, өмгөөлөгч бүрд шүүхийн шийдвэр таалагдахгүй тул шийдвэрээ сонсмогцоо гаргасан шийдвэртэй нь холбогдуулж шүүхэд нэр хоч өгч буруутгах, Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнууд өмнө нь мэдээлж байсан гэх үндэслэлээр ёс зүйн хариуцлагаас чөлөөлөгдөх, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд зүй зохисгүй халдах үйлдлийг Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмээр хязгаарласан болно. Ёс зүйн дүрмийн 46.3-д “Өмгөөлөгчийн ёс зүйн зөрчилд хариуцлага хүлээлгэхдээ дараах хүчин зүйлийг харгалзана” гээд 46.3.6-д “зөрчил нь хуулийн засаглал, шүүх эрх мэдэл, болон өмгөөлөгчид итгэх олон нийтийн итгэлд нөлөөлөх байдал гэж заасан боловч эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны асуудлаар шүүхийг буруутган (шүүгч нарын нэр, албан тушаалыг зааж) ярилцлага хийснийг МХХ нь зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн.

Өмгөөллийн тухай хуулийн 2.1-д зааснаар “Өмгөөллийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, ... энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэх” бөгөөд өмгөөлөгч мөн хуулийн 14.1.5-д зааснаар “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх” үүрэгтэй.

Гэтэл Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2-т заасан “Гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох’’ зарчмын 2-т “...өмгөөлөгч, мөрдөгч, шинжээч, мэргэжилтэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглоно” гэж заасан боловч “холбогдох хүмүүс нь ялаа аваад явах ёстой” зэргээр олон нийтэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэх ойлголтыг өгч буйг дүгнэлгүйгээр зөвтгөсөнд гомдолтой байна.

Гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухайд: Манай компани нь өмгөөлөгч З.Бгийн өмгөөлж буй эрүүгийн хэргийн оролцогч бөгөөд хэргийн оролцогчдыг гэм буруутай, “холбогдох ялаа аваад явах ёстой” зэргээр олон нийтэд мэдээлж буй нь компани болон түүний албан тушаалтнуудын ажил хэргийн нэр хүндэд бүдүүлгээр халдсан ёс зүйн зөрчилтэй үйлдэл боловч МХХ нь энэ асуудлыг үндэслэл бүхий шийдвэрлээгүйн улмаас өмгөөлөгчийн ёс зүйн зөрчилд хариуцлага ногдуулаагүй, цаашид ч энэ мэт үр дагавар, буруу ойлголт төрүүлсэн ярилцлага мэдээлэл өгч компанийн ажил хэргийн нэр хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах, үргэлжилж байгаа хэрэгт олон нийт, шүүхэд нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж байна.

Иймд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн МТ/2024/** дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

3. Хариуцагч Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...К ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо ёс зүйн зөрчил гаргаагүй үйлдэлд нь Өмгөөллийн тухай хууль, өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг хэрхэн яаж зөрчөөгүй тухай үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэх тухайд: Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журмын 89 дүгээр зүйлд өмгөөлөгч нь ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон нөхцөлд Өмгөөллийн тухай хууль, өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн талаарх заалтыг тусгахаар заасан. Харин гомдлыг хэрэгсэхгүй болгосон тогтоолд гомдол гаргах журмыг бичихийг заасан байдаг. Өмгөөлөгч нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ойлголт төрүүлсэн нь өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүй зөрчсөн тухай гомдол гаргасан гэх тухайд: Дээрх эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй тул иргэдэд үнэн худал мэдээлэл тараасан болохыг мэргэжлийн хариуцлагын хороо тогтоох боломжгүй болно.

Өмгөөлөгч нь хуулиар эрх, үүрэг нь тодорхойлогддог хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, ёс зүйн алдаа дутагдал гаргасан бол хариуцлага хүлээдэг мэргэжлийн субъект атал улс төрч ярьсан учраас өмгөөлөгчийн ярьсан асуудал нь ёс зүйн зөрчил биш гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэх тухайд: Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 18 дүгээр зүйлийн 18.1-т Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээс мэдээлэлтэй зөвшөөрөл өгсөн, агуулгаараа нууцад хамаарахгүй, олон нийтэд нэгэнт ил болсон, эсхүл үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд зайлшгүй задруулах шаардлагатай мэдээллээс бусад үйлчлүүлэгчид хууль зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой мэдээллийг задруулахыг хориглоно гэж заасан нь ёс зүйн дүрэм зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй.

Гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх тухайд, Манай компани нь өмгөөлөгч З.Бгийн өмгөөлж буй эрүүгийн хэргийн оролцогч бөгөөд хэргийн оролцогчдыг гэм буруутай, “холбогдох ялаа аваад явах ёстой” зэргээр олон нийтэд мэдээлж буй нь компани болон түүний албан тушаалтнуудын ажил хэргийн нэр хүндэд бүдүүлгээр халдсан ёс зүйн зөрчилтэй үйлдэл боловч МХХ нь энэ асуудлыг үндэслэл бүхий шийдвэрлээгүйн улмаас өмгөөлөгчийн ёс зүйн зөрчилд хариуцлага ногдуулаагүй, цаашид ч энэ мэт үр дагавар, буруу ойлголт төрүүлсэн ярилцлага мэдээлэл өгч компанийн ажил хэргийн нэр хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах, үргэлжилж байгаа хэрэгт олон нийт, шүүхэд нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж байна.

Иймд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн МТ/2024/** дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэх тухайд: Өмгөөллийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн байгууллага, албан тушаалтан, гүйцэтгэх ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч өмгөөлөгчийн мэргэжлийн уйл ажиллагаагаа эрхлэх болон үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх эрхийг хязгаарлахыг хориглоно”, 26.2-т “Төрийн байгууллага, албан тушаалтан, гүйцэтгэх ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч, улс төрийн нам, хүн, хуулийн этгээд хэн боловч өмгөөлөгч хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэхэд нь дарамт шахалт үзүүлэх, саад учруулах, баталгаа шаардах, заналхийлэх, бусад байдлаар хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэж заасан байх тул “К” ХХК-ийн гомдлыг өмгөөлөгчийн тухай хэргийн өмгөөлөгчөөс гаргах гэсэн агуулга харагдаж байна гэж үзэж байна.

Иймд К ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн МТ/2024/** дугаар тогтоолыг хэвээр баталж өгнө үү” гэв.

4. Гуравдагч этгээд З.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Тухайн маргааныг шийдвэрлэсэн тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөч миний бие аливаа хэлбэрээр Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн мэргэжлийн ес зүйн дүрмийг зөрчөөгүй болно.

Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хороо нь “К” ХХК нь эрүүгийн ************ дугаартай хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон өдрүүдийн дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн З.Б-ийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагатай холбогдуулан гаргасан гомдолд холбогдуулан шалгахдаа дараах байдлаар шалгалтыг нийж тогтоол гаргасан байдаг.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх журмын 60 дугаар зүйлийн 60.1-т “Хянан шалгагч нь хариуцагч зөрчил гаргасныг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл зөрчлийн дүгнэлт үйлдэн, маргаан хянан шийдвэрлэх хуралдаанаар шийдвэрлүүлэхээр урьдчилан тогтоосон дарааллын дагуу томилогдсон Гишүүнд шилжүүлнэ” гэж заасны дагуу Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооноос 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ЗД/** дугаартай Зөрчлийн дүгнэлтийг гаргасан. Тус зөрчлийн дүгнэлтээр Хариуцагч З.Б нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ дараах үүрэг хүлээнэ”, 14.1.5-т “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх” , 15 дугаар зүйлийн 15.1.11-д “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулах”, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Өмгөөлөгч нь өөрийн мэргэжлийн үүрэгтэй холбоотой худал, төөрөгдүүлсэн агуулгатай, өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүндийг гутаасан, эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээлэл хийхийг хориглоно” гэсэн заалтуудын тус тус зөрчсөн гэж тогтоосон.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх журмын 71 дүгээр зүйлийн 71.1-д “Маргаан хянан шийдвэрлэх хуралдаан нь зөрчлийн дүгнэлтийн хүрээнд явагдана” гэж заасан байх бөгөөд Зөрчлийн дүгнэлтийн үндэслэлүүд нь дараах байдлаар үндэслэлгүй бас нотлогдохгүй байгаа юм.

Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ дараах үүрэг хүлээнэ”, 14.1.5-т “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх” гэж заасныг зөрчөөгүй тухайд: Хуульд заасан үндэслэл журмын дагуу өмгөөллийн үйл ажиллагааг эрхэлсэн бөгөөд ямар хууль тогтоомж хэрхэн зөрчсөн нь тус дүгнэлтэд тодорхойгүй байна. Иймд аль ямар зүйлийг зөрчсөн нь тодорхойгүй байхад хариуцлага хүлээх боломжгүй юм.

Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.11-д хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулах гэж заасныг зөрчөөгүй тухайд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулах гэдэг нь хууль ёсны үйл явцыг санаатайгаар удаашруулах, төөрөгдүүлэх, хууран мэхлэх, баримт нуун дарагдуулах, эсвэл буруу мэдээлэл өгөх үйлдлүүдийг хэлдэг. Гэтэл тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо шүүхэд төөрөгдүүлэх, хууран мэхлэх, баримт нуун дарагдуулах, эсвэл буруу мэдээлэл өгөх, улмаар санаатай шүүх хуралдааныг удаашруулсан зүйл байхгүй. Тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аливаа хэлбэрээр шүүхэд нөлөөлсөн, санаатайгаар саад учруулсан зүйл байхгүйг тус хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шүүгчийн нөлөөллийн мэдүүлгээс бүрэн харах боломжтой юм.

Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Өмгөөлөгч нь өөрийн мэргэжлийн үүрэгтэй холбоотой худал, төөрөгдүүлсэн агуулгатай, өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүндийг гутаасан, эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээлэл хийхийг хориглоно” гэж заасныг зөрчөөгүй тухайд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн яаж сөргөөр нөлөөлсөн нь тодорхойгүй байх бөгөөд тогтоосон баримт байхгүй юм. Гомдол гаргагчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохих шатандаа шийдвэрлэгдэж байгаа юм.

Өмгөөлөгч нь өөрийн мэргэжлийн үүрэгтэй холбоотой худал, төөрөгдүүлсэн агуулгатай, өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүндийг гутаасан үйлдлийг хийгээгүй. Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ хүлээх үүргийг заасан байдаг бөгөөд тус хуульд заасан өөрийн хүлээх үүргийг бусдын өмнө буруу ташаа байдлаар тайлбарлаагүй, өөрийн мэргэжлийн хуулиар хүлээх үүргийн талаар хуульд зааснаас өөрөөр тайлбарлаж бусдыг төөлөгдүүлээгүй өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүндийг гутаасан зүйл байхгүй бөгөөд тухай бүрд болсон үйл явдлыг ярьсан болно. Мөн тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээлэл хийгээгүй бөгөөд хэрхэн яаж сөргөөр нөлөөлөөд тус нөлөөллийн улмаас ямар сөрөг үр дагавар гарсан нь тодорхойгүй байдаг.

Иймд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн МТ/2024/** дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

5. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“…Мэргэжил хариуцлагын хорооны тогтоолд зохицуулалтыг баримталж дүгнээгүй. Энэ талаар нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байгаа. Өмгөөлөгчийн ёс зүйн хариуцлагын дүрмийн 46.3.6-д зөрчил нь хуулийн засаглал, шүүх эрх мэдэл болон өмгөөлөгчид итгэх нийтийн итгэлд нөлөөлөх байдлыг харгалзаж үзнэ гэж заасныг харгалзаж үзэхгүйгээр шүүх рүү чиглүүлж үг хэлсэн. Тухайн маргаанд оролцож байгаа бусад оролцогчид руу хандаж буй хандлагыг анхаарч дүгнэлт хийхгүйгээр зөвхөн хариу тайлбарт дурдагдсанаар дүгнэсэн. Хохиролтой холбоотойгоор улс төрчид яриа өгсөн. Улс төрчийн яриаг нийтэд илэрхий баримт гэж үзэж болохгүй бөгөөд ард иргэд үүнийг шүүнэ. Харин өмгөөлөгч, хуульч статустай хүн нийтэд мэргэжлийн субъектийн мэдээлэл өгснөөр энэ нь сөргөөр нөлөөлөх байдал үүснэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бусад хүмүүс болон шүүхэд хүндрэлтэй нөхцөл үүсгэж байгаа нь ёс зүйн зөрчил гэж үзэж байна. Тиймээс гомдол гаргасан. Энэхүү нөхцөл байдлыг харгалзаж өгөөсэй гэж хүсэж байна” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Маргаан хянан шийдвэрлэх журмын 17 дугаар зүйлд хянан шалгагчийн үйл ажиллагаа болон бүрэн эрхийг заасан байдаг. Хянан шалгагч нь ирсэн гомдлыг зөрчилтэй холбоотой эсэх болон журмын зүйл заалтад тохирох эсэх, зөрчлийн цар хүрээг бүрэн эрхийн хүрээнд шалгаж тогтоодог. Нэхэмжлэгчээс ямар бодитой хохирол учирсан талаар асуухад хэрэгт маргаан руу ороод Засгийн газартай холбоотой гэж ярьж байна. Өмгөөлөгч З.Б нь Өмгөөллийн тухай хуульд заасан ёс зүйн зөрчил гаргаагүй. Тиймээс Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол зүйтэй гарсан гэж үзэж байна” гэв.

7. Гуравдагч этгээд З.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын хороо бол өмгөөлөгчид зохих ёсны хариуцлага оногдуулахаас гадна зөрчил гаргасан эсэхийг дүгнэдэг байгууллага юм. Мэргэжлийн олон асуудал шийддэг бүрэлдэхүүн дүгнэдэг. 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2442 дугаартай тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Энэ хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр “К” ХХК өөрсдөө болон Улсын их хурал, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас олон хүмүүс ярьсан. Үйлчлүүлэгч нар маань эсрэг тал хууль зөрчиж маш их мэдээлэл өгч байгаа учраас та хууль зүйн талаас нь тодорхой тайлбар өгөөч ээ гэдэг байдлаар хүсэлт тавьсан. Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэмд үйлчлүүлэгчийн зөвшөөрсөн хэмжээгээр мэдээлэл өгөх эрх байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд хохирлын асуудлуудыг ярьсан. Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэх мэт олон газруудын хамтарсан шалгалтын тайлантай холбоотой асуудлаар ихэнх яриа өрнөсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн судлуулсан хэсэг болон бусад нотлох баримтуудаас үзэхэд “К” ХХК-ийн эрх зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсээгүй. “К” ХХК-ийн талаар яриагүй. Өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын хороо үүнийг үнэн зөв дүгнэсэн. Харин “К” ХХК-ийг өмгөөлөгчийн үйл ажиллагааны баталгаанд халдаж байгаа гэж үзэж байна. Мөн асуулт асуумаар байсан боловч хариуцагчаас асуусан асуултад тойруулсан, төөрүүлсэн байдлаар хариулсан. Тиймээс асуулт асуух хэмжээний нөхцөл байдал үүссэнгүй. Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол үндэслэл бүхий гарсан. “К” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Мөн ёгт үг хэрэглэж ярьсан хэсгийг сөргөөр харж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянан үзээд гомдол гаргагч “К” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.1 Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд сонгогдсон иргэдийн төлөөлөгч Э.Х-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зөвшөөрсний дагуу түүний эзгүйд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

2. Гомдол гаргагч “К” ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өмгөөлөгч З.Б-д холбогдуулан “…өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах хүрээнд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тайлбар, мэдэгдэл хийхдээ ёс зүйн ноцтой зөрчил бүхий үйлдэл, үйл ажиллагаа явуулсан… ярилцлага өгөхдөө “хонгилын шүүх энд ажиллаж байна уу даа гэж би хувьдаа бол хардаж байгаа, шүүх нэг гараараа яллагдагчийг явуулчхаад нөгөө гараараа шийдэхгүй байна” гэх зэргээр шүүхийг гаргасан шийдвэртэй нь холбогдуулж олон нийтэд буруутгасан” гэж гомдол гаргаж, улмаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн МТ/2024/** дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

3. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар өмгөөлөгч З.Б-д холбогдуулан гаргасан “К” ХХК-аас гаргасан гомдлыг хянан хэлэлцээд Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.11, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж үзэж өмгөөлөгч З.Б-д холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Гомдол гаргагч “К” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, шүүхийн гаргасан шийдвэртэй нь холбогдуулан “хонгилын шүүх” гэж олон нийтийн өмнө буруутгасан...шүүхийн нэр хүндэд халдсан, Монголын Өмгөөлөгчдийн холбоо нь үндэслэлтэй шийдвэрлээгүйн улмаас өмгөөлөгчийн ёс зүйн зөрчилд хариуцлага ногдуулаагүй, цаашид буруу ойлголт төрүүлсэн ярилцлага мэдээлэл өгч компанийн ажил хэргийн нэр хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах, шүүхэд нөлөөлөх байдал бий болж байна” гэж тодорхойлсон.

5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/** дугаар “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах тухай” захирамжаар[1] яллагдагч Д.Э нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

6. Хянан шалгагчийн үзлэг хийсэн тэмдэглэлд “2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Д.Э нарын нэр бүхий яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв” гэх гарчигтай Ш гэх нэртэй фэйсбүүк пэйж хаягт үзлэг хийж, үзлэгээр “...тус шүүхийн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг товлон, 2023 оны 12 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хэргийг буруу тусгаарласан мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг Нийслэлийн Прокурорт буцааж шийдвэрлэжээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар” гэж нийтэд илэрхий харагдах тохиргоотойгоор нийтлэгдсэн байна” гэжээ.

7. Тухайн хэргийн хохирогч “Д” ХХК-ийн өмгөөлөгч З.Б нь ..... /...../ сайтад ярилцлага[2] өгөхдөө “...Өнөөдөр Д, Э, Х-эй холбоотой шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Энэ хуралтай холбоотойгоор прокуророос урьдчилсан хэлэлцүүлгийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэж байна. Буцаасан гол үндэслэл нь юу байсан бэ гэхээр хэргийг буруу тусгаарласан гэж байгаа. Шүүх нэг гараараа яллагдагчийг чөлөөлж явуулчхаад нөгөө гараараа энэ хэрэг чинь яллагдагч нар чинь байхгүй байна аа гээд буцааж байгаа нь хохирогчийн талаас шүүмжлэлтэй хандаж байна... хонгилын шүүх ажиллаж байна уу даа гэж би хувьдаа бол харж байгаа. Яагаад гэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Б-тай холбоотой гомдлыг бид нар Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан” гэх агуулга бүхий мэдээллийг хэлсэн байна.

8. Энэхүү мэдээллийн талаар өмгөөлөгч З.Б-аас “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо шүүхэд төөрөгдүүлэх, хууран мэхлэх, баримт нуун дарагдуулах, эсвэл буруу мэдээлэл өгөх, улмаар санаатай шүүх хуралдааныг удаашруулсан зүйл байхгүй. Тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аливаа хэлбэрээр шүүхэд нөлөөлсөн, санаатайгаар саад учруулсан зүйл байхгүй... “К” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Мөн ёгт үг хэрэглэж ярьсан хэсгийг сөргөөр харж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарлан маргажээ.

9. Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх”, 15 дугаар зүйлийн 15.1.11-д “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулах”, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Өмгөөлөгч нь өөрийн мэргэжлийн үүрэгтэй холбоотой худал, төөрөгдүүлсэн агуулгатай, өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүндийг гутаасан, эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээлэл хийхийг хориглоно” гэж тус тус заасан.

10. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/** дугаар “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах тухай” захирамжаар[3] яллагдагч Д.Э нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болоогүй ба өмгөөлөгч З.Б нь үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалахыг өмгөөлөгчид үүрэг болгон хуулиар зохицуулсан тохиолдолд үйлчлүүлэгчийнхээ нөхцөл байдлыг мэдээлж байгааг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

11. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч З.Б нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр “хонгилын шүүх” гэж хэлсэн боловч тухайн хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан болох нь тогтоогдоогүй, үйлчлүүлэгчийнхээ холбогдуулан шалгаж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хууль зөрчсөн үйлдэл гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

12. Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 70.2.3-т “шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэж заасан.

13. Гомдол гаргагчаас өмгөөлөгч З.Б нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр “хонгилын шүүх” гэж олон нийтийн өмнө буруутгасан гэж маргаж байгаа боловч Шүүхийн тухай хуульд тухайлан шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд олгосон байна.

14. Мөн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу өмгөөлөгч З.Б нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн хэрэг маргааны үйл явцын талаар ярьсан тохиолдолд компанийн нэр хүндэд халдаж, нэр төрийг гутаасан гэх үндэслэлийг Захиргааны хэргийн шүүх хянан шалгаж, тогтоох  үндэслэлгүй байна. Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал ташаа мэдээлэл тараах нь тухайн худал ташаа мэдээлэл нь тараагдсан арга хэрэгсэл, тархсан хэлбэр, хэмжээ хязгаар нь тодорхой тогтоогдсон байх ёстой.

15. Өөрөөр хэлбэл Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгч З.Б-г ёс зүйн зөрчил гаргаагүй гэж үзсэнийг шүүхээс буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч “К” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзвэл зөрчигдсөн эрхийг сэргээх эсэх маргааныг Иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.    

Иймд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгч З.Б-д холбогдох маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Өмгөөллийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2-т нийцүүлж шийдвэр гаргасан байх тул гомдол гаргагчийн “хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн“ гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул “К” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.11-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “К” ХХК-ийн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн МТ/2024/** дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.САЙХАНТУЯА

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

              ШҮҮГЧ                                           Т.ЭНХМАА

 

[1] Маргааны материалын 51-126 хуудас

[2] Маргааны материалын 35-36 хуудас

[3] Маргааны материалын 51-126 хуудас