| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2023/0301/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/382 |
| Огноо | 2023-03-29 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/382
2023 03 29 2023/ШЦТ/382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Л.Баатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч Р.Мягмардорж,
иргэдийн төлөөлөгч М.Нандинбилэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М, түүний өмгөөлөгч Э.Уянга,
шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Д.Минжмаа,
шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Р.Батцогт,
гэрч С.Т, Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Мягмардоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Од, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205 00000 1538 дугаартай 3 хавтас хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт
- 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн 1262 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгэн ялыг 2 жилээр тэнссэн,
- 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан,
/,
2. Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо,
Б /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.О нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Өн цаг төв” нэртэй караоке, паб дотор Г.***маргалдан нүүр тус газарт нь мөргөн эрүүл мэндэд нь “хамар ясны няцарсан, сэлтэрхий үүсгэсэн хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Өн цаг” төвийн үүдний хэсэгт амь хохирогч Г.****зодож алсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1248 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд,
Өмгөөлөгч Э.Уянга: хохирлын талаарх баримтууд судалсан бол, өмгөөлөгч Р.Батцогт:
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх24/, гэрч Баын мэдүүлэг /2хх34/, гэрч Отгонцэцэгийн мэдүүлэг /2хх36/, гэрч Ууганбаярын мэдүүлэг /2хх52/, өмгөөлөгч Г.Минжмаа: 1хх63, 64, 65, 73, 77, 2хх228 болон шинээр 3 хуудас хувийн байдалтай холбоотой болон хохирол төлбөртэй холбоотой баримтыг шинжлэн судална гэв.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ.
Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Т.О, Н.Б:
1.1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.О гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,
1.2. Шүүгдэгч Н.Б нь амь хохирогч Г.**зодооноос холдуулах зорилгоор түлхэхэд баарны довжооны хэсэгт давхаралдан унасан, хүнийг алах санаа зорилго байгаагүй гэсэн бол түүний өмгөөлөгч хэргийн зүйлчлэлийг хүний амь насыг болгоомжгүй хохироох болгон хөнгөрүүлэн өөрчлүүлэх байр суурьтай оролцсон.
1.3. мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дэмжиж оролцсон бол шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Т.О, Н.Б нарыг хохирол төлсөн, гэм буруугүй гэсэн дүгнэлт гаргажээ.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийгээд өмгөөлөгч Р.Батцогтын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Бөд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Харин шүүхийн иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгч нарыг хохирол төлсөн, гэм буруугүй гэсэн дүгнэлт болон улсын яллагчийн шүүгдэгч Н.Бийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэснийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.
3. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнийн 01 цаг 58 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Өн цаг төв” нэртэй караоке, паб дотор шүүгдэгч Т.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Г.**** маргалдан, улмаар нүүрэн тус газар нь мөргөн унагааж эрүүл мэнд нь “хамар ясны няцарсан, сэлтэрхий үүсгэсэн хугарал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан,
Тухайн үйлдлийн дараа, тус газрын гадна үүд хэсэгт амь хохирогч Г.****нь мөн Б.Бө, Н.Б нартай маргалдан, харилцан түлхэлцсэн, 02 цаг 38 минутын үед шүүгдэгч Н.Б нь амь хохирогч Г.****Б.Бөтэй зодолдлоо гэж маргаанаас холдуулан хойш нь түлхэн явахдаа “Өн цаг төв”-ийн үүдний хэсгийн босгонд тээглэн хамтдаа унасан, унах үедээ амь хохирогч нь гавал, тархины хүнд гэмтэл авч, улмаар 05 цагийн үед нас барсан үйл баримт тогтоогдлоо.
4. “Өн цаг төв” дотор болсон эхний үйлдлийн тухайд буюу шүүгдэгч Т.О нь амь хохирогч Г.****эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь дараах байдлаар тогтоогдож байна.
4.1. Энэ нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх62-63/, камерын бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...амь хохирогч Г.**газарт мөргүүлэн ойчсон, үүний дараа угаалтуурын өрөө орж нүүр, хамрын цусаа угааж байгаа байдал” тусгагджээ. /1хх242-247, 249-250 ,2хх5-7/
- гэрч Н.Цын “...би ганцаараа нойл ороод бие засах гэж зогсож байтал надтай танилцсан Түмээ хүрч ирээд найз чинь бүжгийн талбай дээр уначихсан байна гэж хэлэхээр нь би нойлоос гараад бүжгийн талбай дээр яваад очтол ***газар уначихсан байдалтай хэвтэж байхаар нь өргөөд босгоход баруун билүү зүүн талынх нь хөмсөг хавдаж, сэтрээд маш их цус гарсан байдалтай байхаар нь би ***дагуулж нойл ороод цусыг нь угаалгаж байхдаа юу болсон талаар асуухад хэн гэдгийг нь хэлэлгүй намайг хэн цохисон бэ гээд байсан...” гэсэн мэдүүлэг /1хх73-75/,
- гэрч С.Тийн өгсөн “...бүжиглээд байж байсан чинь нөгөө гаргүй залуу бүжгийн талбай дээр уначихсан, хажуу тийшээ хараад эвхрээд хэвтэж байсан ба Цээгий гэх залуу найзыгаа босгож 00 руу авч ороод хамрыг нь угаалгачихсан зогсож байсан. Хамраас нь цус гарсан байсан. Тэгээд байж байтал Цээгий өрөөсөн гаргүй залуу болон нөгөө найзыгаа дагуулаад гурвуулаа гарчихсан байсан ба бид дөрвийг сууж байхад Цээгий гэх залуу ганцаараа орж ирээд гарах болж байгаа юм уу, хүргээд өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар болж байна гээд хамт гарахаар болсон. Тухайн үед би утасныхаа цагийг харахад 03:40 цаг болж байсан. Ингээд баарнаас гарч ирээд юм яриад зогсож байхад Цээгийгийн найз гаргүй залуу цэнхэр шоотой срочикон цамцтай залуутай чанга чанга дуугаар юм ярьчихсан зогсож байсан ба Цээгий бид хоёр гаргүй залуу дээр очоод муудалцаад байгаа юм уу гэж асуусан чинь гаргүй залуу нь үгүй ээ, таньдаг хүн байна, манай найз байгаа юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх80/,
- гэрч Ц.Агийн “...бүжгийн талбай дээр бүжиглэж байтал Оргио нэг залуутай муудалцаад мөргөөд унагачихсан. Тэгэхээр нь би татаад боль гэж хэлээд ширээ рүү суулгасан. Тэгсэн нөгөө залууг найз нь ирж босгоод аваад явсан... тэгээд бид гурав сууж байгаад 04 цаг болж байхад гарсан...” гэсэн мэдүүлэг /1хх103/, Т.Оын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт “...хамт явсан эмэгтэйчүүдийг бүжиглүүлэхгүй хоргоогоод байхаар нь боль гэж хэлээд улмаар маргалдаад нүүрэн тус газарт мөргөж, газарт унагаасан гэм буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
4.2. Цогцост хийсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1455 дугаартай дүгнэлтэд “...хамар ясны бяцарсан, сэлтэрхий үүсгэсэн хугарал, зүүн дээд зовхины цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгний гадна хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайн цус хуралт гэмтэл нь нас барахаас 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Баруун бугалгын цус хуралт, хоёр шилбэний зулгаралт гэмтэл нь нас барахаас өмнө 4-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой...дээрх гавал тархины гэмтлийг авсан тохиолдолд гавал хамар ясны хугарал гэмтэл аваагүй байсан ч эмнэлгийн тусламж авах боломжгүй нас барна...” /2хх70-75/, дүгнэлттэй холбоотой шинжээч эмч О.Болороогийн “...хамар ясны хугарал, гавал тархины гэмтлүүд нь хоорондоо тус тусдаа гэмтлүүд. Хамар ясны гэмтэл нь тусдаа үүсгэгдсэн учир гавал тархинд нөлөөлөхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх87/,
- мөн хэргийн материалаар хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 600 дугаартай дүгнэлтэд “...Амь хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр тогтоогдсон дагзны баруун дээд хэсгээс лямбада заадал хүрч урагш суман заадас салж духны дээд хэсэг хүрч хоёр салаалж зүүн урагш 6,0 см, баруун урагш 5,0 см үргэлжилсэн хугаралтай, хугарал эхэлсэн дагзны хэсгээс баруун доош 1,8 см, зүүн доод 1.3 см салаалсан хугарал, баруун дух, зулай, чамархай, духны зүүн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /160мл/, зүүн духны дэлбэнгийн орой, суурь хэсэг, зүүн чамархай, баруун духны урд хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт баруун, зүүн духны суурь, урд, дээд хэсгийн тархины эдийн няцрал, хоёр чамархайн суурийн тархины эдийн няцрал, дух, орой, дагзны хуйхны дотор гадаргуугийн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал гэдийсэн байрлал дагзны хэсгээс унах үед буюу өөрөөр хэлбэл урдаас цохиулж дагзны хэсгээр унах үед үүсэх боломжтой гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хамар ясны бяцарсан, сэлтэрхий үүсгэсэн хугарал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн дээд зовхины цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгний гадна хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайн цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ. /2хх89-95/,
4.3. Амь хохирогчийн биед учирсан “хамар ясны няцарсан, сэлтэрхий үүсгэсэн хугарал” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Т.Оын гэм буруугийн санаатай хэлбэрээр түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөснөөс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
4.4. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.Оыг
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
5. Шүүгдэгч Н.Б нь амь хохирогч Г.Мөнхжавхланг Б.Бөтэй маргалдаад унагасан гэж түүнийг түлхэн холдуулах үйлдэл хийсэн, улмаар тус караоке, паб-ны үүдний хэсэгт амь хохирогчтой давхралдан унасан гэсэн нь холбогдох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэлээ.
5.1. Энэ нь камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн хэлэлцүүлэгт хяналтын камерын дүрс бичлэгийг үзэхэд “...02:36:52 цагт Г.***руу Н.Б ойртоход түүнийг түлхсэн, 02:37:06-д Б.Бө нь Г.****, Н.Б хоёрын хооронд орж холдуулахад Н.Б хашааны руу чиглэлтэй ганцаар алхаж буй, 02:37:36-д Б.Бө, Г.Мөнхжавхлан хоёр хоорондоо зууралдаж, Г.***газарт унан босож ирэн хамраа нийж, гараа хананд арчиж байгаа, энэ үед Н.Ц нь Г.***унагаахыг харан Б.Бөийг өшиглөх, цохих, Б.Бө хариу цохих хөдөлгөөн хийж байгаа, хажууд нь С.Т, Д.Ба, Г.***нар зогсож байгаа, улмаар Б.Бө газарт бөгсөөрөө газарт тонгойн суусан ба Г.***Б.Бөийн ард зогсон босгох үйлдэл хийх үед Н.Б гадна хашааны хаалгаар орж ирэх үе таарах ба, Б.Б нь Г.***түлхэн /6-7 алхам/ баарны үүдний тампарын хаалганы чиглэлд орон 02:38:17-д камерын хяналтаас гаран 02:38:23-д ганцаараа гарч ирэн Б.Бөийг сугадан хашаанаас гарч байгаа, Н.Бийг гарч ирэхтэй зэрэгцэн ойролцоох хүмүүс 02:38:52-д баарны үүд рүү харж зогсож байгаа, 02:41:48-д Д.Ц, Д.Ба, өөр нэг залуугийн хамт Г.***өргөсөөр машинд суулгаж байгаа...” тухай дүрс бичигджээ. /1хх242-247, 2хх8-21/,
гэрч Н.Ц мэдүүлэхдээ “...би талийгаачийг аваад баарнаас гартал Ба болон надтай танилцсан Түмээ гэх эмэгтэй хамт явж байсан гурван найз эмэгтэй нарынхаа хамтаар бүгдээрээ баарны гадаа гарчихсан зогсож байхаар нь би дуудлагын жолооч дуудаад ирэхийг нь хүлээгээд баарны гадаа зогсож байтал талийгаач ***таньдаг бололтой үл таних хоёр залуу баарны гадаа талийгаачтай тааралдсан. Тухайн хоёр залуугийн малгайгүй метр 160-167 см орчим өндөртэй, цайвар өнгийн хувцастай залуу нь талийгаачтай бид нараас нэлээн хол зогсоод 20-30 орчим минут юм яриад зогсоод байхаар нь би яваад очтол талийгаач Жавхлан болон юм яриад зогсож байсан гэх залуу хоёр хоорондоо маргалдаад байсан. Намайг очих үед тухайн залуу нь талийгаачийг “чи хэзээ ийм болчихсон юм" гэх утгатай юм хэлээд тэр хоёр нэлээн ууртай байцгааж байхаар нь би боль гэхэд ***надад хандаж чи цаанаа очоод байж бай, бид хоёр зүгээр гээд байхаар нь би тэр хоёроос бага зэргийн зайтай зогсоод Түмээ түүний найзуудтай хамт юм ярьж зогсонгоо ***болон маргалдаад зогсож байсан залуу хоёрыг ажиглаад байж байтал Жавхлантай маргалдаж байсан залуу эгц урдаас нь харж зогсож байгаад /аль гараараа гэдгийг нь санахгүй байна/ ямар ч байсан гараараа Жавхлангийн нүүр лүү нэг удаа цохихоор нь Жавхланг цохисон залуу руу явж очоод бөгс хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөөд, нүүр лүү нь гараараа хоёр удаа цохиход зөрүүлээд миний нүүр лүү гараараа хоёр удаа цохихоор нь би хувцаснаас нь дугтраад газар унагаатал Түмээ хүрч ирээд намайг салгаад хүмүүсээс холдуулаад аваад явсан бөгөөд би алхаж байгаад эргээд хартал баарны үүдний хаалганы дотор талд талийгаач ***ар нуруугаараа газар уначихсан байдалтай байж байсан бөгөөд түүний хажууд бааранд үйлчлүүлж байсан хүмүүс болон талийгаачийг цохисон залуу байж байхаар нь би ***руу гүйгээд очтол ёолохоос өөр ямар нэгэн юм огт хэлэхгүй ухаан нь орж гараад байгаа мэт сонин болж байснаа унтаж байгаа юм шиг, хурхираад байхаар нь Ба бид хоёр ***өргөөд машиных нь арын суудал дээр оруулаад хэвтүүлчхээд би 103 руу залгаад "манай найзыг хүн цохисон чинь ухаангүй болчихлоо" гэтэл хажууд байсан Түмээ болон Түмээгийн найзууд бид нар эмнэлгийн байгууллагад ажилладаг “танай найз зүгээр унтаж байна” гэхээр нь би дуудлагаа болиод утсаа тасалсан. Тэгээд дуудлагын жолооч ирээд Ба болон ***хоёр эмэгтэй найз бид нар ***хамтаар хойд талын суудалд суугаад, Түмээ нэг найзынхаа хамтаар урд талын суудалд суугаад явсан. *үед *** ямар ч ухаангүй хурхираад байсан. ...би жолоочид тооцоог нь өгч явуулчхаад ***сэрээх гээд дуудахад хариу өгөхгүй, амьсгалахгүй байгаа юм шиг байхаар нь 103 дуудсан, түргэн тусламж ирээд нас барсан байна гэсэн..” гэжээ. /1хх73-75/,
- гэрч Д.Ба мэдүүлэхдээ “...***нь цаана байсан хоёр гурван залуучуудтай муудалцаж, зодоон болсон. Зодоон хийсэн тэр залуучуудыг би танихгүй. ***таньдаг найз нь гэж ***хэлж байсан. Тэд хорин таваас гуч орчим насны хоёр залуу байсан. Энэ хоёр залуугийн нэг нь ***нүүр рүү өшиглөөд байсан. Мөн цохиж зодоод байсан. Би очиж ***салгаж аваад өргөөд машинд суулгасан. Би энэ үед архи уусан согтуу байсан тул хэн хэнийг яаж цохиж зодсоныг одоо сайн санахгүй байна. Ямар ч гэсэн тэнд байсан хоёр залуугийн нэг нь ***тонгойлгосон өшиглөж байхад би салгасан. Надад одоогоор өөр мэдэж байгаа юм алга. Баарны гадаа камертай бол зодоон нь бичигдсэн байх. Машины арын суудалд өргөөд суулгасны дараа ***унтаж байгаа юм шиг хурхираад чимээ гаргаж унтаад л байсан...” гэсэн мэдүүлэг /1хх77-78/,
- гэрч С.Т мэдүүлэхдээ “...баарнаас гарч ирээд юм яриад зогсож байхад Цээгийгийн найз гаргүй залуу цэнхэр шоотой срочикон цамцтай залуутай чанга чанга дуугаар юм ярьчихсан зогсож байсан ба Цээгий бид хоёр гаргүй залуу дээр очоод муудалцаад байгаа юм уу гэж асуусан чинь гаргүй залуу нь үгүй ээ, таньдаг хүн байна, манай найз байгаа юм гэж хэлсэн. Тэгээд удаагүй гаргүй залуутай нөгөө срочикон цамцтай залууг татаад унагатал нөгөө срочикон цамцтай залууг Цээгий очоод хэд хэд цохиод авсан. Тэгсэн чинь гаргүй залуу срочикон Цамцтай залууг босгох гээд татаж байхад срочикон цамцтай залуутай хамт явж байсан саравчтай малгайтай улаан алаг өнгийн фудволктой залуу гаргүй залууг хэд хэдэн цохиод түлхээд аваад явчихсан. Би тэр үед Цээгийг срочиктой залуугаас салгаад эргээд харахад гаргүй залуу “Өн цаг" караокений ордог хаалган дээр дээшээ харчихсан хэвтэж байсан. Тэгээд Цээгий болон нөгөө найз нь гаргүй залуу дээр очоод дуудсан чинь ямар ч ухаан байхгүй тасарчихсан хүн шиг хэвтэж байсан ба нөгөө хоёр найз нь хүмүүстэй нийлж өргөөд машиных нь арын суудал дээр өргөж хэвтүүлсэн...”, дахин мэдүүлсэн “...Баарны гадна байхад гаргүй залуутай маргалдаад байсан залуу Цээгийгийн гаргүй найзыг цохих шиг болоод гаргүй залуу бөгсөөрөө суусан. Тэгтэл Цээгий шоотой цамцтай залуутай барьцалдаж аваад яг хаашаа цохисныг нь анзаараагүй эгц өөдөөс нь харж байгаад 2, 3 удаа цэнхэр срочкин цамцтай залууг цохисон. Би тэгэнгүүт холдуулаад салгасан. Цээгийтэй юм ярьж байгаад эргээд 2-3 минут болсны дараа харахад газарт уначихсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх80, 2хх56/,
- гэрч Б.Бөийн “...баарны гадна ***таарсан. Талийгаач тэр үед нэлээн бухимдалтай байдалтай байсан. Хамраас нь цус гараад хатчихсан байсан. Би тайвшруулах гээд ярилцаж зогссон. Тэгээд талийгаач надад хандаж чи пизда намайг танихгүй байна гээд байсан. Тэгж байхдаа намайг цохиж аваад заамдаад авсан. Би тэгэнгүүт нь зөрүүлээд заамдаад хажуу тийш дараад баруун гараараа зүүн хацранд нь цохиход шүргээд өнгөрсөн. Тэгсэн чинь одоо нэрийг нь хэрэг шалгагдаж эхэлснээс хойш мэдэх болсон Ц гэж залуу хүрч ирээд надтай муудалцсан байна лээ. Тэгээд сууж байтал талийгаач намайг босгох гэж байхад цаанаас Б ирээд талийгаачийг түлхээд авч явж байгаа нь камерын бичлэг дээрээс харагдаж байна лээ. Тэрний дараа Б баарны үүд хэсгээс гарч ирээд намайг татаж босгоод аваад явсан. Тэгж намайг босгохдоо Б чамтай маргалдсан залууг цохичихлоо, хурдал явъя гээд баарны хашаанаас гарч явсан...би талийгаачтай бааран дотор цохиж муудалцсан зүйл байхгүй. Гадаа байж байгаад талийгаачтай таарсан байхдаа түүнийг тайвшруулах гэж машины талбай дээр нэг удаа зүүн хацарт нь нэг удаа алгадсан. Би өөрөөр талийгаачийн биед хүрч зодож цохисон үйлдэл гаргаагүй...” гэсэн мэдүүлэг /3хх178-179/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх20-24/, шүүх шинжилгээний дүгнэлтүүд, Н.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх225-231/, Н.Бийн 2022.10.10-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Бө баарны үүд хавьцаа уначихсан байсан. Бөийн ар талд нь хамраас нь цус гарсан залуу зогсож байсан. Би тэр залууг Бөтэй зодолдоод Бөийг газарт унагачхаад байж байна гэж ойлгоод түүнийг холдуулах гээд заамдаад хойш нь түрээд явахад тампарын довжоонд тулаад хойшоо давхралдаад унасан. Би дээрээс нь босоод холдоод явсан...” гэсэн мэдүүлэг /3хх44/, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
5.2. Цогцост хийсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1455 дугаартай дүгнэлтэд “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр дагзны баруун дээд хэсгээс лямбада заадал хүрч урагш суман заадас салж духны дээд хэсэг хүрч хоёр салаалж зүүн урагш 6.0 см, баруун урагш 5.0 см үргэлжилсэн хугаралтай, хугарал эхэлсэн дагзны хэсгээс баруун доош 1,8 см, зүүн доод 1.3 см салаалсан хугарал, баруун дух, зулай, чамархай, духны зүүн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /160мл/, зүүн духны дэлбэнгийн орой, суурь хэсэг, зүүн чамархай, баруун духны урд хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн духны суурь, урд, дээд хэсгийн тархины эдийн няцрал, хоёр чамархайн суурийн тархины эдийн няцрал, дух, орой, дагзны хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, хамар ясны бяцарсан, сэлтэрхий үүсгэсэн хугарал, зүүн дээд зовхины цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгний гадна хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайн цус хуралт, баруун бугалгын цус хуралт, хоёр шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гавал тархины гэмтэл, хамар ясны бяцарсан, сэлтэрхий үүсгэсэн хугарал зүүн дээд зовхины цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгний гадна хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайн цус хуралт гэмтэл нь нас барахаас өмнө 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Баруун бугалгын цус хуралт, хоёр шилбэний зулгаралт гэмтэл нь нас барахаас өмнө 4-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гавал тархины гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь элэгний хатуурал, архаг үрэвсэл өвчтэй байна. Дээрх өвчин нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй. Талийгаачийн цусанд 2,0 промилли спиртийн агууламжтай байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтэл, хамар ясны хугарлын улмаас амьсгалын замд цус орж механикаар амьсгал бүтэж нас баржээ. Талийгаачийн цогцост үзлэг хийсэн 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 08 цаг 40 минутын тэмдэглэлд нас бараад 1-3 цаг болсон байна гэжээ. Нас барсан хугацааг тогтооход цогцсын хөрөлт, хөшилт, хүүрийн толбоны илрэлийг харгалзан үздэг. Дээрх гавал тархины гэмтлийг авсан тохиолдолд гавал хамар ясны хугарал гэмтэл аваагүй байсан ч эмнэлгийн тусламж авах боломжгүй нас барна...” /2хх75/ гэж үхлийн шалтгааныг тодорхойлжээ.
Тус дүгнэлттэй холбоотой шинжээч О.Болороо мэдүүлэхдээ “...мохоо зүйлийн 1 удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд гэдийсэн байрлалд дагзны баруун дээд хэсгээр унах үед үүсгэгдэнэ. Дээрх гэмтлийг авсан тохиолдолд идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй. Талийгаач нь үхэлд хүргэх тархины гэмтлийг авснаар гэмтэл авсан даруйдаа ямар нэгэн идэвхтэй үйл хөдлөл хийх боломжгүй бөгөөд ухаангүй болно. Энэ гэмтлийг авснаар хүнтэй ярих болон явах хөдөлгөөн хийх боломжгүй. Идэвхтэй үйл хөдөлгөөн гэдэгт өөрийн ухамсарт ухаантай, зорилго чиглэлтэй хийх үйл хөдөлгөөнийг хэлнэ...Хамар ясны хугарал гэмтлийн үед хамраас цус гарна. Духны болон зүүн дээд зовхины гэмтлийн үед цус гарахгүй. Хамар ясны хугарал гэмтэл нэг удаагийн хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...талийгаачийн үхэлд хүргэх тархины гэмтэл нь өмнө талийгаачийн гавал тархинд суулгасан байсан эмнэлгийн суулгац, "ортезтой ямар нэгэн шалтгаант холбоогүйгээр үүсгэгдсэн. Өмнөх суулгац бат бөх суулгагдсан байсан. Мөн хөдөлгөөнгүй авахад бэрхшээлтэй байсан. ..талийгаачийн үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь хамар ясны хугарал гэмтэл үүсээгүй байсан ч шууд үхэлд хүргэх гэмтэл юм. Тийм ч учраас амьсгалын системд цус орж нас бараагүй байсан ч цаг хугацааны хувьд талийгаачийг үхэлд шууд хүргэнэ. Тархины гэмтэл авснаар хамраас бас цус гараагүй. Гэхдээ хамар ясны хугарлаас үүссэн цус алдалт тархины гэмтэл аваагүй, амь хохирогч эрүүл байсан бол хүний төрөлх рефлэксээр нулимах болон бусад байдлаар гадагшлуулж амь насанд аюул учрахгүй байх боломжтой юм. Тиймээс хамар ясны хугарал гэмтэл нь тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн мэдүүлэг. /2хх 86-87, 109-110/,
Мөн хэргийн материалаар хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 600 дугаартай дүгнэлтэд “...Амь хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр тогтоогдсон дагзны баруун дээд хэсгээс лямбада заадал хүрч урагш суман заадас салж духны дээд хэсэг хүрч хоёр салаалж зүүн урагш 6,0 см, баруун урагш 5,0 см үргэлжилсэн хугаралтай, хугарал эхэлсэн дагзны хэсгээс баруун доош 1,8 см, зүүн доод 1.3 см салаалсан хугарал, баруун дух, зулай, чамархай, духны зүүн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /160мл/, зүүн духны дэлбэнгийн орой, суурь хэсэг, зүүн чамархай, баруун духны урд хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт баруун, зүүн духны суурь, урд, дээд хэсгийн тархины эдийн няцрал, хоёр чамархайн суурийн тархины эдийн няцрал, дух, орой, дагзны хуйхны дотор гадаргуугийн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал гэдийсэн байрлал дагзны хэсгээс унах үед буюу өөрөөр хэлбэл урдаас цохиулж дагзны хэсгээр унах үед үүсэх боломжтой гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хамар ясны бяцарсан, сэлтэрхий үүсгэсэн хугарал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн дээд зовхины цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгний гадна хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайн цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ. /2хх89-95/,
5.3. Гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгээс амь хохирогч Г.***дунд зэргийн согтолттой бусадтай харилцах чадвартай, тус баарнаас гарч ирэхээс өмнө тархиндаа хүнд гэмтэл аваагүй байсан гэж үзэх үндэслэлүүд хангалттай тогтоогдсон, улмаар шүүгдэгч Н.Бөд түлхэгдэн унасны дараа ухаан ороогүй, идэвхтэй үйл хөдөлгөөн хийгээгүй, зөвхөн хурхирах чимээ гаргаж байсныг гэрч нар мэдүүлсэн байна. Тодруулбал, гэрч Н.Ц, С.Т, Ц.А нарын мэдүүлгээс амь хохирогчийг эхлээд бааранд шүүгдэгч Т.Од цохиулсны дараа Н.Цтай хамт ариун цэврийн өрөө орсон, амь хохирогчийн цусыг угаалгасан нөхцөл байдлыг тодорхой мэдүүлсэн, түүнчлэн хяналтын камерын бичлэгт амь хохирогч Г.***Т.Од цохиулсны дараа ариун цэврийн өрөөнд орж хамрын цусаа угааж байгаа, мөн цусаа угаасны дараа бүжгийн талбай дээр зогсож байгаа, дараа нь үйлчлүүлж байгаа газраасаа гарч автомашины зогсоол дээр зогсож байгаа, бусадтай идэвхтэй харилцан ярилцаж, мөн зууралдаж байгаа нь тусгагджээ. Мөн түүнчлэн амь хохирогч нь Б.Бөтэй маргалдаж зууралдан газарт унан босож ирсэн боловч Б.Бөийн зүгээс түүнд хохирол учруулах хэмжээний үйлдэл хийгээгүй болох нь хяналтын камерын бичлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон, улмаар тус хэрэгт Б.Бөийн үйлдэл оролцоо тогтоогдоогүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэйг дурдах нь зүйтэй. /3хх134-135/
Шинжээч О.Болороогийн мэдүүлснээр дээр дурдсан тархины хүнд гэмтлийг авсан хүн гэмтэл авсан даруйдаа ямар нэгэн идэвхтэй үйл хөдлөл хийх боломжгүй бөгөөд ухаангүй болно. Энэ гэмтлийг авснаар хүнтэй ярих болон явах хөдөлгөөн хийх боломжгүй. Идэвхтэй үйл хөдөлгөөн гэдэгт өөрийн ухамсарт ухаантай, зорилго чиглэлтэй хийх үйл хөдөлгөөнийг хэлнэ гэснээс үзвэл амь хохирогч нь тухайн цаг хугацаанд тус тусдаа гэмтэл авсан гэсэн нь үндэслэлтэй юм.
5.4. Улсын яллагчаас шүүгдэгч Н.Бийг цохиж, хүнийг санаатай алсан гэж хэргийг зүйлчлэхдээ гэрч Н.Ц, Д.Ба, С.Т нарын “...нэг залуу буюу Н.Б нь амь хохирогчийг цохиод байсан...” тухай мэдүүлэг болон Н.Бийн 2022.07.01, 2022.09.14-ний өдрүүдэд яллагдагчаар өгсөн амь хохирогчийн цээж рүү цохиж хойш нь болгосон гэсэн мэдүүлгүүдийг үндэслэлээ болгожээ.
Гэтэл гэрч С.Т мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн мэдүүлэгтээ Н.Бийг амь хохирогчийг хэрхэн цохисныг хараагүй, нэг мэдэхэд унасан байсан гэсэн бол, шүүхийн хэлэлцүүлэгт баттай хараагүй болохоо дахин мэдүүлсэн. Мөн гэрч Н.Ц нь өөрийгөө Б.Бөтэй маргалдан зууралдаж, зодолдсон, энэ хооронд С.Т салгасан ба амь хохирогч Г.Мөнхжавхлан хэрхэн унасныг хараагүй, унасан байхад өргөж машинд суулгасан, хурхираад байсан талаар мэдүүлсэн. Түүнчлэн гэрч Д.Баын мэдүүлэгт дурдагдсан хоёр залуугийн нэг нь амь хохирогчийн нүүр рүү өшиглөөд, зодоод байсан гэсэн нь хяналтын камерын бичлэгээр үгүйсгэгдэж байх ба мөн гэрч өөрөө нэлээд согтуу байсан талаар мэдүүлжээ.
Өөрөөр хэлбэл гэрч нар шүүгдэгч Н.Бийг амь хохирогч Г.***хаана нь хэрхэн цохисон, унагаасан талаар тодорхой мэдүүлээгүй, хяналтын камерын бичлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг няцааж чадахгүй байна.
5.5. Хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэгийг шүүх хуралдаанд шинжлэн судлахад шүүгдэгч Н.Б нь “Өн цаг төв”-ийн гадна хашаагаар орж ирэх үед Б.Бө газарт суусан, түүний ард амь хохирогч Г.Мөнхжавхлан зогсож байсан, Н.Б нь Б.Бөийн ард зогсож байсан амь хохирогчийг энгэр, заам хэсгээс нь барин арагш түлхэн ойролцоогоор 5-6 алхаад “Өн цаг төв”-ийн үүд рүү орж байгаа, үүдээр буцаад хяналтын камерын бичлэгт ганцаараа гарч ирэхэд 6 орчим секунд болсон үйл баримт тогтоогдсон. Тус түлхээд явж байгаа үйлдэлд цохиж байгаа шинж байдал харагдахгүй, зөвхөн заамдан түрэх, түлхэх үйлдэл хийгдэж байгаа, “Өн цаг төв”-ийн үүдний хаалга хэсэг нь босготой, тээглэн унах боломжтой /1хх06/ зэргээс шүүгдэгч Н.Бийн 2022.10.10-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Бө баарны үүд хавьцаа уначихсан байсан. Бөийн ар талд нь хамраас нь цус гарсан залуу зогсож байсан. Би тэр залууг Бөтэй зодолдоод Бөийг газарт унагачхаад байж байна гэж ойлгоод түүнийг холдуулах гээд заамдаад хойш нь түрээд явахад тампарын довжоонд тулаад хойшоо давхралдаад унасан. Би дээрээс нь босоод холдоод явсан...” гэсэн мэдүүлэг /3хх44/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь бусад байдлаар нотлогдон, тогтоогдсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болохоор байна гэж дүгнэлээ.
5.5. Шүүгдэгч Н.Бөд хүнийг алах сэдэлт, зорилго байгаагүй буюу түүний үйлдэл нь маргаанаас холдуулах, салгахад чиглэсэн байсан, мөн эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулах зорилготой цохисон, зодсон, мөн зориуд унагаан гэмтээх зорилготой хүчтэй мөргөсөн, түлхсэн шинж байдал тогтоогдоогүй тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийн зааг ялгааг тусган хуульчилсан ба санаатай хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдэж, үйлдлийн үр дагаврыг хүсэж үйлддэг, үйлдлээрээ зориуд тэр үр дагаварт хүргэсэн байх шинжтэй байдаг. Харин хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцохоор заасан.
Шүүгдэгч Н.Б нь амь хохирогч Г.***заамдан арагш түлхэн алхсан үйлдэл, уг үйлдлийн улмаас согтуу хүн аливаа зүйлд тээглэн унах, гэмтэх боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байхад мэдэлгүйгээр үйлдсэн буюу хайхрамжгүйгээр босго, довжоо хэсэгт тээглүүлэн өөрөө давхарлан унасан, амь хохирогч арагш унахдаа толгойн ар хэсгээрээ хатуу гадаргуу дээр цохин, гавал тархины хүнд гэмтэл авч нас баржээ.
5.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу прокуророос шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчлөв.
5.7. Иймд өмгөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Иргэний хуулийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”, 508.3-д “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна”, Мөн хуулийн 508.5-д “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасан.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардалд 24.300.384 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Н.Бөөс 25.000.000 төгрөгийг хүлээн авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй талаар талууд шүүх хуралдаанд тайлбар гаргасан, мөнгө хүлээн авсан баримтыг ирүүлжээ.
Мөн шүүгдэгч Т.О нь амь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохиролтой учруулсантай холбоотой 500.000 төгрөгийг хохиролд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгч Т.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
Мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бөд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт тус тус гаргасан.
9.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар санал хэлэхдээ: Шүүгдэгч Н.Бөд хорихоос өөр төрлийн буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 жилийн хугацаагаар оногдуулах, шүүгдэгч Т.Од нийтэд тустай ажил хийлгэх ялыг 720 цагийн хугацаагаар оногдуулах гэжээ.
9.2. Өмгөөлөгч Р.Батцогт дүгнэлтдээ: Н.Б нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрдөг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, түүнийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж байх тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн бол,
9.3. Өмгөөлөгч Д.Минжмаа дүгнэлтдээ: Т.О нь гэм буруугийн талаар маргадаггүй, хохирол төлсөн, “***” ХХК-д жолоочоор ажилладаг холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн тул торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.
10.1. Шүүгдэгч Т.О нь урьд 2 удаа санаатай гэмт хэрэг үйлдэж шийтгүүлж байсан нөхцөл байдал тогтоогдож байх ба түүнийг тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй. Харин сайн дураараа хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
10.2. Шүүгдэгч Н.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
11. Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогч, шүүгдэгч хэн аль согтуугаар хоорондоо маргалдсанаас гэмт хэрэг гарсан, шүүгдэгч Т.Оын санаатай үйлдлийн улмаас хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Н.Бийн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдсан хор уршиг арилахгүй шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.
12. Иймд шүүгдэгч Т.О хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.
13. Шүүгдэгч Н.Бийг гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэл нь хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх ба 1-5 жилийн хугацаагаар хорих эсвэл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилжээ.
Шүүгдэгч Н.Бийн хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн шинж байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулах шаардлагагүй, харин зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
Зорчих эрхийг хязгаарлах ял гэдэг нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний чөлөөтэй зорчих эрхэнд халдаж, зөвхөн эрх бүхий байгууллагын хяналт дор зөвшөөрөгдсөн чиглэл, хязгаарын дотор явах үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой Эрүүгийн хуулиар тогтоосон ял юм.
14. Иймд шүүгдэгч Н.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргүүд дотроос шүүгдэгч Н.Бөд 2 жилийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэх нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, түүнийг нийгэмшүүлэхэд оршдог ба зорчих эрхийг хязгаарлах хүрээ хязгаарыг аймаг, нийслэл гэсэн байдлаар тусгах нь оршин суугаа газрыг хэт өргөжүүлсэн, улмаар ял шийтгэлийн бодлого алдагдах нөхцөл бүрдэх учраас “оршин суух газраас явахыг хориглох” үүрэг нь тухайн этгээдийн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан оршин суугаа газар болох гэрээсээ эсвэл баг, хороо, сум, дүүргээс явахыг хориглох гэдэг утгаар хэрэглэдгийг дурдах нь зүйтэй.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
15. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг диск, 1 ширхэг флаш-ийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, цагдан хоригдсон 115 хоногийг /2022.05.21-2022.09.13/ түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хасах нь зөв байна. Мөн шүүгдэгч Н.Бөд Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон холбогдох байгууллагад мэдэгдэхээр шийдвэрлэв.
17. Мөн улсын яллагчаас тус хэрэгт яллагдагчаар татагдсан шалгагдаж байсан Баатарчулууны Бөэд тус шүүхийн 2022.09.02-ны өдрийн 213В шүүгчийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсныг хүчингүй болгуулах санал гаргажээ. Угтаа бол прокурор Б.Бөэд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ энэ талаарх саналаа шүүхэд гарган шийдвэрлүүлэх ёстой байсан ба шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа тул Б.Бөэд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхар хүчингүй болгон, энэ талаар холбогдох Хил Хамгаалах Ерөнхий газарт албан бичгээр мэдэгдэх нь зөв гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
шүүгдэгч Т.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бөд 2 жилийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийн цагдан хоригдсон 115 /нэг зуун арван тав/ хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг диск, 1 ширхэг флаш дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.О нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шүүгдэгч Н.Б болон тус хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан Б.Бө нарт урьд авсан улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон, энэ талаар Хил Хамгаалах Ерөнхий газарт мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР
ШҮҮГЧИД Л.БААТАР
Б.ДАШДОНДОВ