Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: С.А-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Ц.Б-д холбогдох,

            Найман тооны адууны үнэ 6,400,000 /зургаан сая дөрвөн зуун мянга/-н төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гантуяа, нэхэмжлэгч С.Ан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг, хариуцагч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.Ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...төрсөн ах Бямбаагийн Өсөхбаяр нь /ах нь эхээрээ овоглодог/ 2009 онд нас барсан байдаг. Талийгаач ахтай нь Ц.Б гэх эмэгтэй хамтран амьдраад удаж байсан байна. С.Ан нь ахыгаа амьд сэрүүн байхад ах дээрээ 8 тооны адуугаа түр байлгаж байсан. Ахыг нь нас барсны дараагаар Б нь эхний үед адуу чинь манайд өсөөд байж л байг гээд өгөлгүй байсаар, сүүлдээ элдэв шалтаг шалтгаан тоочсоор, адуунуудыг зарж үрэн өдийг хүрчээ. С.Ангийн 8 тооны адууг зүсэлбэл 1.Хүрэн алаг гүү 1, 2.Хээр сарваатай буюу даага 1, 3.Зээрд байдсан гүү 1, 4.Хүрэн морь 1, 5.Хар болон хонгор морь 2, 6.Зээрд халзан үрээ 1, 7.Хээр үрээ 1.

            Хариуцагч Ц.Б нь бусдын мал гэдгийг мэдсээр байж эзэнд нь адуунуудыг буцааж өгөлгүй, дур мэдэн зарж борлуулсаар одоо юу ч үгүй болгосон байна. Иймд нэхэмжлэгч талаас 1 адууг зах зээлийн ханшаар 800,000 төгрөгөөр бодож 8 адууны 6,400,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.” гэжээ.

            Нэхэмжлэгч С.Ан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2006 оны 05 дугаар сарын үед өөрийн 8 тооны адуугаа маллуулахаар ахындаа өгсөн. Тухайн үед манайх Ханангийн бууц гэх газарт амьдарч байсан. Талийгаач ах маань манайхаас 8 тооны адууг өөрөө ирж тууж авч явсан ба манай хүү Энх-Амгалан хамт явж байсан. Би Бгаас өөрийнхөө адууг л авъя гэж нэхсэн болохоос өөрийнх нь юмыг нэхээгүй.” гэв.

            Хариуцагч Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...С.Ан нь 8 тооны адууны үнэ болох 6,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Б би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Б миний бие С.Ангийн төрсөн ах Б.Өсөхбаяртай 2005 оноос эхлэн 2009 он хүртэл гэр бүл болон хамтран амьдарч байсан. Бид хоёр Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багт мал маллан амьдардаг байсан ба манай нөхөр Б.Өсөхбаярт хүнд өвчин туссан тул Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв рүү шилжиж ирсэн. Сумын төвд ирээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч эдгэрэлгүй нас барсан юм...С.Ан нь өмнө нь “талийгаач манайхаас ямаа авсан, түүнийгээ авъя” гэж ирэхэд нь би 1 ямаа өгч явуулж байсан. Одоо дахиад үндэслэлгүйгээр худлаа хэлж 8 тооны адууны үнэ 6,400,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг өгөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

            Хариуцагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би С.Ангаас ямар ч мал хүлээж авч байгаагүй, манай нөхөр дүүгийнхээ малыг авчирлаа гэсэн бол тухайн үед би мэдэх байсан. Талийгаачтай би 2005 оноос 2010 онд нас барах хүртэл нь хамт амьдарч байсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Тус шүүхэд нэхэмжлэгч С.Ан нь хариуцагч Ц.Бд холбогдуулан 8 тооны адууны үнэ 6,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,400,000 төгрөгийг төлөхөөс бүхэлд нь татгалзаж, шүүхэд тайлбар гаргасан байна.

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан хэрэгт цугларсан нотлох баримтыг нэг бүрчлэн бодитойгоор шинжлэн судалж, хооронд нь харьцуулан үзэж шийдвэр гаргасан болно.

            Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Монгол Улсын хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар тус хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй байна.

            Тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С.Ан нь өөрийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр хариуцагч Ц.Бд холбогдуулан 8 тооны адууны үнэ 6,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага, татгалзал, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь шаардах эрхийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг өөрөө нотлох үүрэгтэй байна.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч нь “...8 тооны адуу нь миний өмч юм, 2005 онд улсын мал тооллогоор өөрийн нэр дээр өмчийн малаа бүртгүүлж байсан...” гэж /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ тайлбарлах боловч дээрх тайлбар, мэдүүлэгтэй холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй болохыг хуульчилсан ба хуульд заасан өмчлөх эрх зөрчигдсөнөөс үүсэх шаардах эрхийн гол үндэслэл нь тухайн эдийн болон эдийн бус хөрөнгийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгч болохоо нотлох ёстой. Өөрөөр хэлбэл талуудын маргааны зүйл болох 8 тооны адуу нь хэний хууль ёсны эзэмшил, өмчлөлийнх болох талаар нэхэмжлэгч нь нотолж чадаагүй.

            Иймд нэхэмжлэгч С.Ан нь шаардлага гаргах эрх бүхий этгээд болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул маргаан бүхий үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй учир түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 117,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нэхэмжлэгч С.Ангийн хариуцагч Ц.Бд холбогдуулан гаргасан 8 тооны адууны үнэ 6,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 117,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ӨЛЗИЙ-ОТГОН