Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Э.Ундармаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөрөөч овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000113 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “******* *******” гэх *******т оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Гөрөөч овогт ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, “*******” гэх газраас 2022 оны 03 дугаар сарын сүүлээс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд иргэн өмчлөлийн 1 тооны хар халзан зүсмийн үхрийг бэлчээр дээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж, 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Гөрөөч овогт ******* нь 2022 оны 03 дугаар сарын сүүлээс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “*******” гэх газраас хохирогч өмчлөлийн 1 тооны хар халзан зүсмийн үхрийг хулгайлж, 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би хар халзан зүсмийн бяруу зааж өгөхөд машин дээр ачаад намайг гэрт буулгаж өгөөд явсан. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай байсан. Маргааш өглөө нь босоод мал дээрээ очиход гэх хүнд дурангийн оронд өгөх ёстой байсан бяруу маань байхаар нь гайхаад үхрээ бүртгэхэд манай бяруу бүрэн харин эзэмшлийн бяруу дутуу байсан. ...Харин би нэг тооны бярууг өгч явуулсан гэдгээ мэдсэн даруйдаа бол түүнд хэлээгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...2022 оны 03 дугаар сарын сүүлээр би үхрээ тоолоход 1 тооны хар халзан зүсмийн, зүүн чих нь урдаасаа хөндлөн, баруун чих нь араасаа ганзага имтэй, охин бяруу байхгүй байсан. Тэгээд байхгүй болохоор нь гэрийнхээ ойр орчмоор явсан ******* болгоноороо хайж сураглаад явсан ч олдоогүй. 2022 оны 07 дугаар сарын эхээр манай гэрээс баруун зүгт 10 км зайд байх Уугий гэх залуутай /жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй байна, Болорхүү гэдэг байх/ уулзаад бярууныхаа талаар ярихад нөгөө залуу “...миний нэг бярууг танай тэнд байдаг гэх хүн Цагаан-Овоо суманд байх гэх айлд зарчихсан байсан. Хоёр бяруу зарсан гэсэн нэг бяруу нь таных байж магадгүй...” гэж хэлсэн. ...Цагаан-Овоо суманд байх гэх айлын малчингийнд очоод нөгөө бярууг нь үзэхэд миний хар халзан зүсмийн бяруу мөн байсан. ...тухайн үедээ авч явах гээд унаа байхгүй буцаад гэртээ ирсэн. Тэрнээс хойш гэх хүнтэй хөдөө таарч уулзаад “чи миний нэг бярууг айлд зарсан байна” гэж хэлэхэд “би юу гэж өгөхөв дээ” гэж хэлээд дараа нь намайг гэрт нь очоод уулзахад гэх хүн “би чиний бярууг согтуудаа хүнд өгсөн байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14, 16-17/

гэрч Г.ын “... ах дурангийнхаа өртгийг авах гээд ын гэрт нь очиход нэг бяруу өгч ачуулж явуулсан нь энэ юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/,

гэрч Ж. “...манай хүргэн дүү 2023 оны 3, 4 дүгээр сар хавьцаа миний дуранг зарж өгөх гээд фэйсбүүкт зар тавьж байсан. Зарын дагуу гэх хүн холбогдоод дуранг маань бяруугаар сольж авахаар болсон. ...2022 оны 06 дугаар сард би өөрийн эзэмшлийн 77-78 ДОУ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ******* суманд байх хөдөө гэрт нь очиход өөрөө сумын төвд байсан. Намайг ирлээ гэхэд хөдөө бэлчээр дээрээс нь үхрээ ачихаар болоод 2 км-ын зайнаас үхэр рүүгээ дурандаад “тэр нэг хар бараан бяруу байна, тэрийг бариад ав” гэсэн. Манай дүү нар тэр бярууг нь очоод ачсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ДЦ-23-64 тоот дүгнэлт /хх-ийн 40-43/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон хохирогч нэг тооны үхрийг шүүгдэгч ******* хулгайлж, 700,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч  ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч т 1 тооны үхрийн үнэ буюу 700,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид 1 тооны шүдлэн үхрийг өгч хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх ба хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх *******т хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гөрөөч овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх *******т даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх *******т хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА