Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0859

 

 

      2021         12          14                                  128/ШШ2021/0859

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: В ХХК /РД: *******/

Хариуцагч: БОАЖЯ

Нэхэмжлэлийн шаардлага: БОАЖЯны 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 06а/6549 дугаар “Материал буцаах тухай” албан бичгийг хүчингүй болгож, Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт орших *** нэртэй XV-0****0 дугаартай тусгай зөвшөөрөлтэй нүүрсний ордыг ашиглах төслийн ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Манай компани нь Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт орших *** нэртэй нүүрсний орд бүхий XV-0****0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2011 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж, улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Хх-05-11 тоот дүгнэлтээр хайгуулын ажлын үр дүнг маань хэлэлцэж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн н/100 тоот тушаалаар нөөцийг маань хүлээн авч бүртгэсэн болно. Ингээд нөөцийг хүлээн авч, бүртгэх тухай тушаал гарсны дараа уг тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгоход шаардлагатай материал болох байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгүүлэхээр БОАЖЯанд хандтал тус газрын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 06а/6549 тоот албан бичгээр байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг өгч материалыг буцаасан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т "Шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, байгалийн нөөц ашиглах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт багтаан хийж дүгнэлт гаргана” гэж заасан байтал хуулийн ямар нэг үндэслэл дурдалгүйгээр албан бичгээр материалыг маань буцаасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 374 дүгээр тогтоолоор Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмыг баталсан байдаг. Энэхүү журмын 3.3-т энэ журмын 3.2-т зааснаас бусад тохиолдолд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.4.1, 7.4.2-т заасны дагуу дүгнэлт гаргана гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл манай гаргасан бичиг баримтууд дээр тусгай шинжээч томилоод тухайн шинжээч нь дүгнэлт гаргах ёстой байтал аудитын хяналтын газрын дарга албан бичгээр манай материалыг буцаасан байдаг. Нөгөөтэйгүүр манай компани нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр БОАЖЯтай очиж уулзан өөрийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газар, ой, ус, тусгай хамгаалалтын газартай давхцаж байгаа эсэх талаар тодруулсан бөгөөд тус газрын мэдээллийн сангаас шүүн үзэхэд "усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 87.63 га давхцалтай" гэсэн хариуг өгсөнтэй холбоотойгоор уг давхцал бүхий талбайгаа хасч 2020 оны 9 дүгээр сард хандтал "усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 87.63 га давхцалтай, орон нутгийн усны энгийн хамгаалалтын бүстэй 445.92 га давхцалтай, орон нутгийн усны онцгой хамгаалалтын бүстэй 103.47 га давхцалтай" гэж материалыг буцаасан нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн мэдээллийн сангийн зургийн дагуу өөрийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаа хассаар байтал "усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 87.63 га давхцалтай" гэсэн мэдээлэл нь огт өөрчлөгдөөгүй байгаа нь тус газар мэдээллийн сангийн мэдээллээ өөрчилдөггүй болох нь харагдаж байна. Манай компани өмнө нь давхцалтай гэсэн талбайг хасуулж шийдвэрлээд байхад дахин хамгаалалтын бүстэй давхцалтай гэсэн нь үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр давхцалтай гэж тодорхойлоод байгаа 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 9/1 тоот тогтоол нь хэм хэмжээний нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын нэгдсэн санд энэхүү тогтоол нь одоог хүртэл бүртгэгдээгүй байна. Гэтэл бүртгэгдээгүй тогтоолыг үндэслэж нэхэмжлэгчид дүгнэлт гаргаж өгөхгүй байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлт гаргахад БОАЖЯны 2014 оны А/117 дугаар тушаалд заасан аргачлалыг баримтлах ёстой байсан юм болов уу. Уг аргачлалыг огт баримтлаагүй, шууд давхцалтай байна гэж буцаасан асуудал байна. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь юу вэ гэвэл ямар дүгнэлт гаргах нь энэ нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохгүй, харин зохих журмын дагуу процесс ажиллагаагаа хийгээд дүгнэлтээ гаргаж өгнө үү гэдэг агуулгыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээд тавиад байна. Ямар журмаар энэхүү хамгаалалтын талбайн нэмэгдсэн нь тодорхойгүй байх бөгөөд манайд нэмэгдсэн тухай мэдэгдээгүй байна. Иймд БОАЖЯны 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 062/6549 тоот албан бичгийг хүчингүй болгож, Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт орших *** нэртэй XV-0****0 дугаартай тусгай зөвшөөрөлтэй нүүрсний орд бүхий талбайн ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү.” гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

          “Тус шүүхэд нэхэмжлэгч нь Байгаль орчин аялал жуулчлалын  яамны 2020 оны 09 дүгээр 25-ны өдрийн 06а/6549 дугаар “Материал буцаах тухай” албан бичгийг хүчингүй болгож,Увс аймгийн  Бөхмөрөн сумын нутагт орших *** нэртэй XV-0****0 дугаартай тусгай зөвшөөрөлтэй нүүрсний ордыг ашиглах төслийг ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргахыг даалгах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

          Нэхэмжлэгч 2020 оны 09 дүгээр сарын  08ны өдөр Байгаль орчин,аялал жуулчлалын яамны Байгал орчны үнэлгээ аудитын хэлтэст байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд материалыг судлан үзээд  2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 06а/6549 тоот албан бичгээр  байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах боломжгүй байсан тул материалыг буцаасан болно.

          Учир нь Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт орших *** нэртэй XV-0****0 дугаартай тусгай зөвшөөрөлтэй газар нь Усны сан бүхий энгийн хамгаалалтын бүстэй 87,63 га давхцалтай,Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Хамгаалалтын бүс тогтоох тухай 9/01 тоот тогтоолоор батлагдсан орон нутгийн усны энгийн хамгаалалтын бүстэй 103,47 га давхцалтай байсан болно.

          Байгаль орчны үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр,үйлчилгээ,барилга байгууламж,тэдгээрийг шинэчлэх,өргөтгөх,байгалийн нөөц ашиглах төсөлд байгаль орчны  нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт  багтаан хийж дараах дүгнэлт гаргана гэж,7.4.4-д “техник,технологи ,үйл ажиллагаа нь байгаль орчинд халтай,газар зохион байгуулагдах төлөвлөгөөнд тусгагдаагүй,стратегийн  үнэлгээний дүгнэлт болон холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй төслийг хэрэгжүүлэхээс татгалзах,эсхүл буцаах  гэж зааснаар Улсын  тухай хууль болон Байгаль орчин,ногоон хөнжил,аялал жуулчлалын сайд,Барилга,хот байгуулалтын сайдын 2015оны А-230/127 дугаар  хамтарсан тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар,усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын,эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журамд тус тус нийцээгүй  тул  төслийн материалыг хуульд  заасны дагуу буцаах болно. Иймд  байгаль  орчны  нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийх боломжгүй байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч В ХХК нь БОАЖЯанд холбогдуулан “БОАЖЯны 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 06а/6549 дугаар “Материал буцаах тухай” албан бичгийг хүчингүй болгож, манай компанийн Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт орших *** нэртэй XV-0****0 дугаартай тусгай зөвшөөрөлтэй нүүрсний ордыг ашиглах төслийн ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргахгүй байгаа БОАЖЯны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу дүгнэлтийг гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэл гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “...Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд зааснаар шинжээч томилогдож дүгнэлт гарах ёстой ... зөвхөн ойн болон усан сан бүхий энгийн хамгаалалтын бүс, орон нутгийн усны энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай гэдгээр төслийн материалыг буцаах зохицуулалт байхгүй гэж”, хариуцагчаас “...Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1-д зааснаар Усны тухай хууль болон Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журамд тус тус нийцээгүй тул буцаасан...” гэж тус тус маргажээ.

 В ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 759 дүгээр[1] шийдвэрээр Увс аймгийн Бөхмөрөн сумын *** нэртэй газарт 4019.28 гектар талбай бүхий XV-0****0 дугаар ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг Тахилтмандах ХХК-иас шилжүүлэн авсан.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2020 оны ХХ-05-11 дүгээр[2] дүгнэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Н/100 дугаар[3] тушаалаар уг тусгай зөвшөөрөлтэй нүүрсний нөөцийг хүлээн авч, бүртгэсэн.

В ХХК-ийн Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт орших *** нэртэй XV-0****0 дугаар[4] тусгай зөвшөөрөлтэй нүүрсний ордыг ашиглах төслийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг БОАЖЯны 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 06а/6549 дугаар[5]  албан бичгээр буцааж шийдвэрлэсэн байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ,

7.4-д “Шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, байгалийн нөөц ашиглах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт багтаан хийж дараах дүгнэлт гаргана”,

7.4.1.техник, технологи, үйл ажиллагаа нь байгаль орчинд халтай, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, стратегийн үнэлгээний дүгнэлт болон холбогдох хууль тогтоомжид нийцээгүй төслийг хэрэгжүүлэхээс татгалзах, эсхүл буцаах;

7.4.2.төслийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр тодорхой нөхцөл, болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх;

7.4.3.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзэх.гэж,

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмын 3.3-д Энэ журмын 3.2-т зааснаас бусад тохиолдолд Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн 7.4.1, 7.4.2-т заасны дагуу дүгнэлт гаргана гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх В ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу үнэлгээний шинжээч томилогдож, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн 7.4.1, 7.4.2-т заасны дагуу дүгнэлт гаргах ёстой.

Хариуцагчаас ...нэхэмжлэгчээс ирүүлсэн төсөл, холбогдох баримтыг үзэхэд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1-д зааснаар Усны тухай хууль болон Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журамд тус тус нийцээгүй тул буцаасан гэж тайлбарласан.

Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын Аргачлал батлах тухай 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А-117 дугаар[6] тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний аргачлалын 2.2-т Ерөнхий үнэлгээ хийх хүсэлт гаргах хэсэгт ...Баримт бичгийн бүрдэл дутуу, шаардлага хангаагүй тохиолдолд хариуцсан шинжээч/ мэргэжилтэн ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, үндэслэлээ бичгээр гарган буцаана, 2.3-т Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийх хэсэгт ...Төсөл хэрэгжүүлэгчээс ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлтийг хүлээн авсан төв болон орон нутгийн үнэлгээний шинжээч, мэргэжилтнүүд тэдгээрээс ирүүлсэн баримт бичгийг судлан үзэж доорх алхмуудын дагуу ерөнхий үнэлгээг хийж гүйцэтгэнэ гэж тус тус заасан бөгөөд уг зохицуулалтын дагуу баримт бичгийн бүрдэл дутуугаас бусад тохиолдолд хариуцагч байгууллага нь уг аргачлалын дагуу шинжээч томилж, ерөнхий үнэлгээг гаргахад шаардлагатай ажиллагааг хийх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь энэхүү журам аргачлалд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.  

Нэхэмжлэгчээс “...зөвхөн ойн болон усан сан бүхий энгийн хамгаалалтын бүс, орон нутгийн усны энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай гэдгээр төслийн материалыг буцаах зохицуулалт байхгүй ... Давхцалтай гэж тодорхойлж буй Увс аймгийн ИТХ-ын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 дүгээр тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй... гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаж буй нь үндэслэлтэй.

Тодруулбал, Нэхэмжлэгчийн ашигт малтмалын XV-0****0 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалгүй талаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 8/2220 дугаар[7], 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/5119 дугаар[8] албан бичгүүдээр ирүүлсэн, түүнчлэн  Увс аймгийн ИТХ-ын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 дүгээр тогтоол хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй[9] байна.

Түүнчлэн В ХХК нь ХV-0****0 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг нийт 3 удаа хэсэгчлэн багасгаж буцааж өгсөн бөгөөд хамгийн сүүлд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаар[10] шийдвэрээр 4405,65 гектар талбайгаас усан сан бүхий газартай давхцалтай талбайг хасч хэсэгчлэн 3751,43 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасныг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн ИМ-025930 дугаарт бүртгэн авсныг тус газрын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 8/2689 дүгээр албан бичгээр[11] Байгаль орчин аялал жуулчлалын яаманд мэдэгдсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч В ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОАЖЯны 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 06а/6549 дугаар албан бичгийг хүчингүй болгож, тус компанийн Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт орших *** нэртэй XV-0****0 дугаар тусгай зөвшөөрөлтэй нүүрсний ордыг ашиглах төслийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргаагүй БОАЖЯны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дүгнэлтийг зохих журмын дагуу гаргахыг БОАЖЯанд даалгаж шийдвэрлэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаан нийт 6 удаа хойшилсон бөгөөд энэ удаагийн шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлт нь хуульд заасан үндэслэл, шаардлагыг хангахгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дугаар зүйлийн 91.4-т зааснаар түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4, 7.4.1, 7.4.2, 7.4.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч В ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОАЖЯны 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 06а/6549 дугаар албан бичгийг хүчингүй болгож, тус компанийн Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт орших *** нэртэй XV-0****0 дугаартай тусгай зөвшөөрөлтэй нүүрсний ордыг ашиглах төслийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргаагүй БОАЖЯны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу дүгнэлт гаргахыг БОАЖЯанд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

                      

 

                         ШҮҮГЧ                          Б.АДЪЯАСҮРЭН

 

 

[1] 1-р хавтасны 21 дэх тал

[2] 1-р хавтасны 77 дахь тал

[3] 1-р хавтасны 31 дэх тал

[4] 1-р хавтасны 19 дэх тал,

[5] 1-р хавтасны 32 дахь тал,

 

[6] 1-р хавтасны 135 дахь тал,

[7]1-р хавтасны 216 дахь тал.

[8] 1-р хавтасны 239 дэх тал,

[9] 1-р хавтасны 215 дахь тал.

[10] 1-р хавтасны 92 дахь тал

[11] 1-р хавтасны 247 дахь тал