Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/320

 

 

 

 

 

 

     2023           04            20                                          2023/ШЦТ/320

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: М.Амарзаяа  

Шүүгдэгч: ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *** овогт ***гийн ***д холбогдох 2205019820389 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *** оны 01 дүгээр сарын 20-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, *** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо, *** хороолол, *** байр, *** тоотод оршин суудаг, хувиараа барилгын ажил хийдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*** овогт ***гийн *** /РД:***/.   

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ***нь “...2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Эргэн дурсахуй” бааранд үйлчлүүлж байсан ***ийн гээгдүүлсэн самсунг А22 загварын гар утас, Хаан болон худалдаа хөгжлийн банкны карт, иргэний үнэмлэх, карт дахь мөнгө зэргийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж бага хэмжээнээс дээш буюу 662.900 төгрөгийн хохирол учруулан завшсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ***нь “...2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Эргэн дурсахуй” бааранд үйлчлүүлж байсан ***ийн гээгдүүлсэн самсунг А22 загварын гар утас, Хаан болон худалдаа хөгжлийн банкны карт, иргэний үнэмлэх, карт дахь мөнгө зэргийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж бага хэмжээнээс дээш буюу 662.900 төгрөгийн хохирол учруулан завшсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.***гийн “...Гэм буруу дээрээ маргахгүй..” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205019820389 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн хохирогчоор өгсөн “...шөнийн 02 цагийн үед “Эргэн дурсахуй” бааранд эхнэр, эхнэрийн эгч, найз нарын хамт орж, нэг шил шар айраг уугаад бүжиглэсэн. Бид хэд гарах гээд тооцоогоо хийх үед би өөрийн гар утсаа олохгүй байсан. Тэр хавиар алдсан гар утсаа хайж байгаад гэртээ харьсан. Унтаж байгаад сэрэх үед миний хаан банкны картаас 13.000 төгрөгийг Богд Ар хорооллын CU дэлгүүрт уншуулж тооцоо хийсэн байсан. Би тухайн CU дэлгүүрийн камерыг шүүж үзэх үед цагаан цамцтай өндөр залуу миний картаар гүйлгээ хийгээд зогсож байсан. Би тухай залуугийн зургийг гар утсан дээрээ аваад “Эргэн дурсахуй” баарны хамгаалагч нарын ахлахтай уулзаад зургийг үзүүлэхэд “Манайд ажилладаг *** байна” гэж хэлээд тухайн залууг дуудаад надтай уулзуулсан. Би тухайн залуугаас “Гар утсаа авъя” гэхэд “Би таны гар утсыг авсан, тухайн үед согтуу явж байгаад хаячихжээ, таны хохирлыг барагдуулна” гэж хэлээд миний утсыг өгөхгүй байгаа юм. 2021 оны 9 дүгээр сард Теди төвөөс 850.000 төгрөгөөр худалдан авсан самсунг А загварын ардаа 4 камертай гар утас байсан. Манай эхнэр ***ийн иргэний үнэмлэх байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ы гэрчээр өгсөн “... би Теди төвийн 2 дугаар давхрын 21 дүгээр павилионы №5 дугаарт суудаг. 2021 оны 10 дугаар сард самсунг эс22 загварын гар утас гараагүй байсан. Тухайн үед А22 загварын гар утсыг худалдаалж байсан. Миний гар утас зарахдаа өгдөг баталгааны хуудас мөн байна. Манайх гар утсандаа 1 жилийн баталгаа өгдөг. Тухайн үед А22 маркийн утсыг 780.000 төгрөгөөр худалдаалдаг байсан. ***ийг бөмбөгөр дээр мах авах гэж явж байхдаа харж байсан. Тэнд худалдаа хийдэг байсан хүн мөн байна. Надаас гар утас худалдаж авсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн гэрчээр өгсөн “... Эргэн дурсахуй бааранд 2022 оны 4 дүгээр сараас хойш ажиллаж байна. Намайг хамгаалагчаар ажилд ороход *** тус бааранд хамгаалагчаар ажиллаж байсан. Нэг орой баарныхаа хамгаалалтад ажиллаж байтал *** бүжгийн талбай дээрээс нэг юм авах шиг болсон. *** бид нар дээр ирээд “Гар утас оллоо” гэж ахлах ажилтан ***д хэлж байсан. *** “Текэн доор үлдээчих, хүн нь ирээд авна биз” гэж хэлсэн. Маргааш нь гар утсаа гээсэн гэх эрэгтэй хүн ирээд хамгаалалтын ахлах ажилтан ***тай уулзсан бөгөөд гар утсан дээрээ CU дэлгүүрийн бичлэгийг хуулсан байсан. “Энэ хүн миний картыг уншуулсан байна” гэж хэлсэн ба тухайн бичлэгт хамгаалагч *** тус дэлгүүрээс 2 пиво авч байгаа бичлэг бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-101 тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн БГ2-22-1688 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32 тал/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 67-74 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.***гийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 02 дугаар сард Эргэн дурсахуй бааранд хамгаалагчаар ажиллаж эхэлсэн. 2022 оны 5 дугаар сарын 25-ны шөнө үүдэн дээрээ такс тасалж байгаад бүжгийн талбай орчим ирэхэд гар утас унасан байсан. Тэгэхээр нь очиж аваад нээж хартал хавтсанд нь эмэгтэй хүний бичиг баримт байхаар нь хамгийн ойр зогсож байсан хүнээс “Өөрийн чинь гар утас мөн үү” гэж асуухад “Биш” гэж хариулсан. Тэгэхээр нь өөр хүнээс асуугаагүй, гар утсыг аваад бүжгийн талбайгаас гараад хамгаалалтын ахлах ажилтан *** дээр очсон. “Гар утас оллоо” гэдгээ харуулсан. 03 цаг хүртэл ажилласан бөгөөд утасны эзэн ирээгүй. Тэр өдөр манай ажлынхан намайг хүүхэдтэй болсныг тэмдэглэнэ гээд Монгол аялгуу нэртэй караокед орсон. Би утсыг шүүгээндээ хийхээ мартаад халаасандаа хийгээд гарчихсан. Монгол караокед ороод дөрвүүлээ 6 шил архи хувааж уусан. Би тэндээс яаж гарснаа, юугаар харьснаа санахгүй байгаа бөгөөд маргааш өглөө нь гэртээ сэрсэн. Маргааш нь ажил дээрээ байхад 19 цагийн үед утасны эзэн гэх хүн ирээд “CU дэлгүүрт карт уншуулсан байна” гэж хэлээд миний дүрсийг харуулсан. Би ***т хаан банкны карт, эхнэрийнх нь иргэний үнэмлэх хоёрыг буцааж өгсөн. Гap утасны хохирлыг барагдуулна. Нэмж хэлэхэд би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-92 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.***гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 110 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Л.***д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч ***нь “...2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Эргэн дурсахуй” бааранд үйлчлүүлж байсан ***ийн гээгдүүлсэн самсунг А22 загварын гар утас, Хаан болон худалдаа хөгжлийн банкны карт, иргэний үнэмлэх, карт дахь мөнгө зэргийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж бага хэмжээнээс дээш буюу 662.900 төгрөгийн хохирол учруулан завшсан...” болох нь хохирогч ***ийн мэдүүлэг, гэрч ***, *** нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн БГ2-22-1688 дугаартай шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

          Шүүгдэгч ***нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Л.***гийн “...2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Эргэн дурсахуй” бааранд үйлчлүүлж байсан ***ийн гээгдүүлсэн самсунг А22 загварын гар утас, Хаан болон худалдаа хөгжлийн банкны карт, иргэний үнэмлэх, карт дахь мөнгө зэргийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж бага хэмжээнээс дээш буюу 662.900 төгрөгийн хохирол учруулан завшсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Хохирогч *** нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ “...ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлтийг гаргасан болохыг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ***нь гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Шүүхээс шүүгдэгч Л.***д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч ***нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 127 тал/,

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Л.***д танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Л.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Л.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирол төлбөр төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.***г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг даалгаж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ***нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ