Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/109

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Ч.Батбаатар,

хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Баасанжав, Т.Отгонбаатар,  

иргэний хариуцагч Ц.Н.............яа,

шүүгдэгч М.П..................н, түүний өмгөөлөгч Э.Нарангарав нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2203 0052 70526 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* ******* овогт М..................ны П..................н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувийн байгууллагад жолооч ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт, ..........................................................

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч М.П..................н нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг Моносын гэрэл дохиотой уулзварын урд замд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний шөнө 01 цаг 35 минутын орчимд “Howo” маркийн ............................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” мөн дүрмийн 8.18. “гэрэл.../хориглосон дохиогоор жолооч “зогсоол шугам” (1.11 тэмдэглэл буюу 5.32)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно.” Мөн 12.3. “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ “Тоёота Ланд круйзер-200” маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажуу талаас мөргөснөөс уг тээврийн хэрэгсэлд их хэмжээний буюу 50.480.000 төгрөгийн шууд хохирол, зорчигч ГГ............үү, Г..Н..........н, Д.Ю...............н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч М.П..................н нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ц.Н.............яа (Б.С...............л)-гийн эзэмшлийн Howo маркийн CLY5257-GJB моделийн, миксер төрлийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны зам буюу Моносын гэрэл дохиотой уулзварын урд замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш жолоодож яваад зохицуулдаг гэрлэн дохиотой уулзвар дээр зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг 01 цаг 35 минутад үйлдэх үедээ замын хөдөлгөөний зохицуулах дохио зөрчин хөдөлгөөн үргэлжлүүлэхийг хориглосон улаан гэрэл дохиогоор уулзвар нэвтэрсний улмаас Товчооны замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш хөдөлгөөн үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн ногоон гэрэл дохиогоор уулзвар нэвтэрч явсан Toyota Land Cruiser-200 маркийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талаас мөргөж зам тээврийн осол гаргасан байна.

Дээрх зам тээврийн ослын улмаас шүүгдэгч нь Toyota Land Cruiser-200 маркийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Д.Ю...............нгийн биед зүүн 3, 4, 5-р хавирганы хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд зулгаралт, ГГ............үүгийн биед баруун атгаал яс дунд 1/3-ийн хөндлөн зөрүүтэй далд хугарал, Г..Н..........ны биед баруун эгэм ясны хугарал буюу гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл, жолооч С.О.................лын тээврийн хэрэгсэлд 50.480.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- ТЦА, ТЦА Мөрдөн шалгах газар, ТЦА МШГ, Жижүүрийн Шуурхай удирдлагын тасгийн PCNI12810580 дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн....******* Дуудлага хүлээн авсан...2022.09.01, 01:27:51 минут...Дуудлагын утга...7676 УВС .................. мөргөлдөж хүн гэмтсэн...” гэх баримт (1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал)

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Зам тээврийн осол болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг Моносын гэрэл дохиотой уулзвар замд үйлдэгдсэн байх бөгөөд үзлэгийн баг бүрэлдэхүүн дуудлага мэдээллийг хүлээн авч ослын газарт ирэхэд Т.Land Cruiser-200 маркийн ............. улсын дугаартай автомашинтай Хово маркийн ................ дугаартай тээврийн хэрэгслүүд уулзварын гол мөргөлдсөн байдлыг зогсож байх бөгөөд тухайн зам нь асфальтан шулуун тэгш гадаргуутай хуурай, зохицуулагддаг цаг агаар тогтуун эсрэг хөдөлгөөнтэй 6 эгнээ явган хүний замтай хашлагатай зам байв...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт ( 1дэх хавтаст хэргийн 4-10 дахь тал),  

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Бичлэгийн 28 дэх секундэд автомашин жолооч 1 дүгээр эгнээ рүү байраа солин орох үед уулзварын гэрэл дохио чигээрээ автомашин хөдөлгөөнд оролцох ногоон өнгийн гэрэл асаж байх бөгөөд автомашины бичлэгийн 31 дэх секундэд уулзвар нэвтэрч байгаа нь харагдах бөгөөд энэ үед эсрэг урсгалаас том оврын автомашин уулзвар нэвтэрч, бичлэгийн харагдах байдлаар автомашины зүүн талаас нь 31 дэх секундэд мөргөж байгаа нь харагдав..” гэх баримт (1 дэх хавтаст хэргийн 14-15 дахь тал)

 

- Хохирогч Д.Ю...............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 31-ний өглөө 6 цаг болж байхад Увс аймгаас Улаанбаатар хотод чиглэлтэй хүргэн хүү О.................лын эзэмшлийн Toyota Land Cruiser-200 маркийн автомашинтай хөдөлсөн. Хүргэн О.................л автомашинаа жолоодоод урд зорчигчийн суудал дээр би суугаад, арын суудал дээр хамгийн зүүн тал нь охин Г.............үү голд нь охин Н...............н, хамгийн баруун талд бага охин А.................г суугаад явж байсан. Тэгээд шөнө 01 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу орж ирээд хаана явж байсныг нь мэдэхгүй тэгэхэд машины хажуу талаас нэг юм мөргөх шиг болсон. Тэгээд машин зогссоны дараа харахад том оврын автомашин миний сууж явсан талаас мөргөөд зогссон байсан. Ослын дараа хамт явсан хүүхдүүд дуудлага мэдээлэл өгсөн...Ослын улмаас миний зүүн талын 3 хавирга хугарсан байгаа, толгой зовуурьтай байна, шөнө унтаж чадахгүй хавирганы өвчин байгаа, хавирга өвдөхөөр зүрх дагаж өвдөөд байдаг зовиуртай миний биеийн байдал их тогтворгүй байна...одоогоор миний эрүүл мэндтэй холбоотой 900.000 орчим төгрөгийн хохирол гарсан байгаа хүүхдүүд маань баримтыг нь өгнө...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 18 дахь тал),

- Хохирогч Д.Ю...............нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 19 дэх тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12093 дугаартай дүгнэлтэд

-“...Хэсэг газрын үзлэг: Баруун чамархайд 2х0.5 см улаан ягаан өнгийн зулгаралттай, зүүн нүдний доод зовхинд 3х1см хөх өнгийн цус хуралттай, орчны эд хавантай.

2022.09.02-ны Мед траума: Толгойн КТГ: тархины эдэд КТ-ийн шинжилгээнд илрэх хурц цус хуралт болон эзлэхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан ялгарал хэвийн...Хоёр талын нүдний алим, түүний арын мэдрэл булчингууд хэвийн. Баруун талын дух, хоёр талын хоншоорын хөндийн салст бага зэрэг зузаарсан. Хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан.

2022.9.02-ны Мед траума: Сээр нурууны КТГ: шинжилгээнд багтсан зүүн талын 3, 4, 5,-р хавиргануудад зөрүү бүхий хугарал тодорхойлогдоно. Сээрний кифоз хадгалагдана, сээрний нугалмууд дээд хэсгээр зүүн тийш бага зэрэг мурийсан. Сээрний 13 нугалам тодорхойлогдоно. Сээрний нугалмуудын их биеийн өмнөд болон арын сэртэнгүүдийн гадаргууд яс ургалттай...ДҮГНЭЛТ

1. Д.Ю...............нгийн биед зүүн 3, 4, 5-р хавирганы хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 74-75 дахь тал),

 

- Хохирогч ГГ............үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Улаанбаатар хот руу орж ирээд Моносын гэрэл дохиотой уулзвараар баруунаас зүүн тийш чиглэлтэй нэвтрэх үед хажуу талаас машин мөргөх шиг болоод гал гараад явчихсан. Тэгээд машин зогссоны дараа харахад том оврын автомашинтай миний сууж явсан талаас мөргөөд зогссон байсан...ослын улмаас баруун гар хугарсан байгаа, одоо их зовуурьтай байна. Одоогоор надаас нийт 600.000 орчим төгрөгийн хохирол гарсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 22 дахь тал),

- Хохирогч ГГ............үүгийн иргэний үнэмлэхийн хуулбар (1 дэх  хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12199 дугаартай дүгнэлтэд

“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун бугалгаар хаван хавдар их, хөдөлгөөн хязгаарлагдмал, өвчин эмзэглэл ихтэй, Гөлтгөнөн аравчтай.

Үйл оногийн шинжилгээнд: 2022.09.01-ний рентгенд: Атгаал яс диафизийн дунд 1/3-ээр хөндлөн, шүдэлсэн зөрөөтэй хугаралтай.

2022.09.01-ний Баруун атгаалын 2 байрлалын рентген зурагт: Атгаал яс диафизийн дунд 1/3-р хөндлөн шүдэлсэн зөрүүтэй хугаралтай.

2022.09.01-ний эмч нарын зөвлөгөөний шийдвэрт: Онош: Баруун атгаал ясны хөндлөн далд хугарал.

2022.09.01-ний 09:23-н эмчийн тэмдэглэл:...Зовиур: Баруун гарын бугалгаар өвдөнө гэнэ...баруун бугалгаар хаван хавдар их, хөдөлгөөн хязгаарлагдмал, өвчин эмзэглэл ихтэй.

2022.09.02-ны мэс заслын тэмдэглэлээс:...мэс заслын талбай болох баруун гарыг 7.5% повидон иодын уусмалаар сайтар арчиж ариутган ариун даавуугаар тусгаарлав...ДҮГНЭЛТ

1. ГГ............үүгийн биед баруун атгаал яс дунд 1/3-ийн хөндлөн зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 66-67 дахь тал),

 

- Хохирогч Г..Н..........ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Увс аймгаас... Улаанбаатар хот руу орж ирээд Моносын гэрэл дохиотой уулзвараар баруунаас зүүн тийш чиглэлтэй нэвтрэх үед хажуу талаас машин мөргөх шиг болоод гал гараад явчихсан. Тэгээд машин зогссоны дараа харахад том оврын автомашинтай миний сууж явсан талаас мөргөөд зогссон байсан...ослын улмаас баруун хавирга хугарсан байгаа, толгой өвдөх зовуурьтай байна...одоогоор надаас нийт 500.000 төгрөгийн хохирол гарсан байгаа жолооч талаас 7 хоног эмнэлэгт хэвтүүлж өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 27 дахь тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12201 дугаартай дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: “...Цээжний баруун талаар тэмтрэхэд эмзэглэлтэй.

2022.09.01-ний Лазер мэд эмнэлгийн цээжний КТГ-н шинжилгээний хариунд: Баруун талын эгмийн дунд шугамаар хугаралтай...ДҮГНЭЛТ

1. Г..Н..........ны биед баруун эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой

4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 56-57 дахь тал),

 

- Иргэний нэхэмжлэгч С.О.................лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гомдолтой байна. Жолооч талаас автомашинтай холбоотой хохирол огт барагдуулаагүй байгаа тийм болохоор өөрийн автомашинд учирсан хохирлоо хурдан барагдуулж авмаар байна. Би сар болгон автомашины зээлд 2.149.155 төгрөг 28 мөнгө төлдөг. Ослын улмаас ажилгүй болсон энэ зээлээ ч төлж чадахаа байсан би их гомдолтой байна....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 208 дахь тал),

- “Итгэлт Эстимэйт” ХХК-ний 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хөрөнгө үнэлгээний 2099 дугаартай тайланд: “....Toyota Land Cruiser-200 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ...145.00.000 төгрөг, Үйлдвэрлэсэн он 2012...орж ирсэн он: 2021-нд ...Эзэмшигчийн нэр С.О.................л...тээврийн хэрэгсэлд шууд зардал...50.480.000 төгрөг, шууд бус зардал...11,694,000 төгрөг...нийт 62,174.000 төгрөг...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 86-89 дэх тал),

 

- Гэрч Г.А.................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 01-ний шөнө 01 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу орж ирсэн. Ингээд Моносын гэрэл дохио руу ойртоод ирэхэд ногоон өнгийн гэрэл асаж байсан, тэгээд урд нэг машин удаан урагш хөдөлж байсан тэр үед нөхөр 1 дүгээр эгнээ рүү байраа шилжиж ороод чигээрээ уулзвар руу ороход машины зүүн талаас том HOWO маркийн машин орж ирээд мөргөөд түрж явсаар зогссон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 46 дахь тал),

- Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн 1168 дугаартай магадалгаад

1. Howo маркийн ............................. улсын дугаартай автомашины жолооч М.П..................н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” мөн дүрмийн 8.18. “гэрэл.../хориглосон дохиогоор жолооч “зогсоол шугам” (1.11 тэмдэглэл буюу 5.32)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно.” Мөн 12.3. “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

... 4.Осол гарах үед Howo маркийн ............................. улсын дугаартай автомашины жолооч М.П..................н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” мөн дүрмийн 8.18. “гэрэл.../хориглосон дохиогоор жолооч “зогсоол шугам” (1.11 тэмдэглэл буюу 5.32)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно.” Мөн 12.3. “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол, хэрэг гарах үндсэн шалтгаан болсон нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг, шинжээч нарын дүгнэлтүүд, фото зураг зэргээр тогтоогдож байна...” дүгнэлт дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 187-188 дахь тал),

 

- Иргэний хариуцагч Ц.Н.............яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дээрх тээврийн хэрэгслийг 2020 онд танил С...............л гэх хүнээс худалдан авсан, одоо нэрээ шилжүүлж амжаагүй яваад байгаа боловч миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Осол болсон шөнө манай ажилчин жолооч П..................н над руу залгаад ослын талаар хэлсэн...би осол болсон өдрөөс хойш, хохирогч нарын эрүүл мэндтэй холбоотой нийт 4.000.000 орчим төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Мөн цаашид өөрийн боломж бололцоогоороо хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

- Шүүгдэгч М.П..................нгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би тухайн өдөр Наранцэцэг гэх хүний эзэмшлийн Hоwо маркийн ............................. улсын дугаартай автомашиныг жолоодоод нисэх орох зорилготой явж байсан. Ингээд Моносын гэрэл дохиотой уулзварт зүүнээс баруун тийш чиглэлд 2 дугаар эгнээнд зогсож байсан. Тэр үед гэрэл дохио ямар асаж байсныг мэдэхгүй байна, би гэрэл дохио анзааралгүй уулзвар нэвтрээд зүүн гар тийш буюу урагш эргэхэд баруунаас зүүн тийш чиглэлтэй нэг машин урдуур ороод ирсэн тэр үед тоормос гишгэсэн боловч зогсож амжилгүй мөргөөд түрж яваад зогссон, том автомашин болохоор шууд зогсох боломжгүй байсан юм...Миний сарын орлого 1.000.000 төгрөг би гэртээ ээж дүүгийн хамт амьдардаг...би бусдад учирсан хохиролд нийт 5.000.000 төгрөг зарцуулсан байгаа, үлдэгдэл хохирлыг боломжоороо төлж барагдуулна...” гэж (1 дэх хавтаст хэргийн 202-203 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл М.П..................н нь хууль зүйн хувьд, болгоомжгүйгээр, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас өөрийн жолоодон явсан Howo маркийн CLY5257-GJB моделийн, миксер төрлийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгслээр Toyota Land Cruiser-200 маркийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талаас мөргөж, хохирогч Д.Ю...............н, ГГ............үү, Г..Н..........н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч С.О.................лд 50.480.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тодруулбал тэрээр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” мөн дүрмийн 8.18. “гэрэл.../хориглосон дохиогоор жолооч “зогсоол шугам” (1.11 тэмдэглэл буюу 5.32)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно.” Мөн 12.3. “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн болох нь мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1168 дүгээр магадалгаа (хавтаст хэргийн 186-188 дахь тал)-аар тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгч М.П..................нгийн гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгч М.П..................нгээс

- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд 9.086.997 төгрөг (1 дэх хавтаст хэргийн 144-177, 240-250 дах тал),

- Хууль зүйн үйлчилгээ авсны зардал 5.000.000 төгрөг (1 дэх хавтаст хэргийн 238 дахь тал),

- Тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, хор уршгийн шууд зардалд 50.480.000, шууд бус зардалд 11.694.000 төгрөг нийт 62.174.000 төгрөг (1 дэх хавтаст хэргийн 87-89 дэх тал) буюу нийт 76.260.997 төгрөг нэхэмжилсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Д.Ю...............н нь 2.652.440 төгрөгийн, хохирогч Г..Н..........н нь 1.390.440 төгрөгийн, хохирогч ГГ............үү нь 1.811.640 төгрөгийн тус тус эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан, гэрч Г.А.................г, иргэний нэхэмжлэгч С.О.................л нар нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 955.918 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.О.................л нь тээврийн хэрэгслийн оношилгоонд 84.000 төгрөг тус тус зарцуулж, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээгээр 62.174.000 төгрөг хохирол учирсан буюу нийт 69.068.438 төгрөгийг зарцуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан байна. 

Иймд тус хэргийн иргэний хариуцагч Ц.Н.............яагаас 69.068.438 төгрөг гаргуулж

- хохирогч Д.Ю...............нд 2.652.440 төгрөг,

- хохирогч Г..Н..........нд 1.390.440 төгрөг,

- хохирогч ГГ............үүд 1.811.640 төгрөг,

- иргэний нэхэмжлэгч С.О.................лд 63.213.918 төгрөг олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Харин иргэний нэхэмжлэгч С.О.................лын нэхэмжлэлээс хууль зүйн туслалцаа авсан 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Учир нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...хохирогч...” биш байна. Тодруулбал дээрх хуульд заасан хохирогчийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын хавсралтад буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.6-д  “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч...” байхаар тогтоосон байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчийн зардал гэх 5.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгчдөөс нэхэмжилсэн нэхэмжлэлээс 2.192.559 төгрөгийг хэлэлцэхгүй орхив. Өөрөөр хэлбэл 2.192.559 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Харин хохирогч нар нь өөрт учирсан хохирол хор уршигтай холбоотой цаашид гарах зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй.

Мөн шүүгдэгч, иргэний хариуцагч нар нь хохирол хор уршигт сайн дураараа дээрх шүүхээс тогтоосон хохирлоос тусдаа 4.755.000 төгрөгийг хохирогч, иргэний хариуцагч нарын эмчилгээ, тээврийн хэрэгслийн оношилгоо зэрэгт зарцуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна. (1 дэх хавтаст хэргийн 181-182 дахь тал).

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй...” гэх дүгнэлтийг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч “...манай үйлчлүүлэгч нарын зүгээс гомдолтой байгаа. Хүний эрүүл мэнд, хохирол гэхээс илүү хор уршгийг харгалзаж шийтгэх тогтоол гарна байх гэж шүүхээс хүсэж байна. Учир нь 3 хүний эрүүл мэндэд хохирол учирсан. Мөнгөн болон материаллаг хохирол гэхээс илүү эрүүл мэндийн хохирол  нь энэ хохирогч нарын ар гэрт нөлөөлж байна. Бүгд тус тусдаа гэр бүлтэй хүмүүс, бүгдэд нь нөлөөлж байна. Маш том гарз, хохирол учирсан гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийг цээрлүүлэхэд оршино. 3 хүнд хүндэвтэр хохирол учруулсан. Хэрхэн харгалзаж үзэх вэ гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд заасан хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэх ёстой. Үүнийг үнэлээд хорих ял оногдуулах саналтай байна. Ямар хугацаанд, хэрхэн эдлүүлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн зорилт нь залхаан цээрлүүлэх гэхээс илүү энэ хүнийг хүмүүжүүлэх, эргээд нийгэмд сөрөг энергитэй байлгахгүй байх хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд амьдарч байна. Ийм нийгэм, ийм зарчим дор амьдарч байгаа бид заавал энэ хүнийг хорих ямар шаардлага байна вэ. Энэ хүний хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тохиолдлын шинжтэй гэмт хэргийг үйлдсэн байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хоёрдугаарт гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн. М.П..................н тухайн газарт өөрөө эмнэлэг, цагдаа дуудсан, эмнэлэгт хэвтүүлсэн, тэр сувилалд нь мөн хэвтүүлсэн. Хамгийн эхний арга хэмжээг М.П..................н авсан, иргэний хариуцагч дэмжиж оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д 3 жил хүртэл хорих ялтай хэрэг дээр тэнсэх боломжийг зааж өгсөн. Хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг тэнсэх боломжтой гэдгийг зааж өгсөн байна. М.П..................нгийн хувьд 4.755.000 төгрөгийг төлсөн, цаашдаа ч төлнө гэдгээ байнга илэрхийлж байгаа. Иргэний хариуцагч, М.П..................н нар нь хэлэхдээ ...эрүүл мэнд болон цаашид учрах зардлыг төлнө, настай хүн ямар удаан эдгэрч байна.. гэж ярьж байсан. Эрүүл мэнд, хор уршиг гэдэг зүйлийг бүрэн хариуцна. Машины зардлыг ч гэсэн М.П..................н бүрэн хариуцна. Харин хэрхэн яаж төлөх вэ гэхээр боломжит байдлаар төлнө гэдэг. Үүнийгээ мэдүүлэгтээ ч хэлж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо төлнө гэдгээ байнга хэлж ирсэн. Мөн хавтаст хэрэгт мэдүүлэг өгсөн н.О.................л гэж хүний мэдүүлэг байгаа. Хавтаст хэргийн 215 дугаар талд авагдсан энэ хүний мэдүүлэгт ...машины хохирол төлбөрөө авчих юм бол өөр санал, гомдол гэх зүйл алга...гэсэн байдаг. Тэгэхээр би н.О.................л гэж хүнийг энэ хүний амьдралыг ойлгоод ийм мэдүүлэг өгсөн байх гэж бодож байна. Заавал хүнийг хориулах гээгүй юм байна гэж мэдүүлгээс нь харсан. Өмгөөлөгч нар нь мэдүүлгээс арай өөр байдлаар тайлбарлаад байна. Хохирогч өөрөө оролцоогүй учраас өмгөөлөгчийн хорих гэдэг үг хохирогч нарын санаа, хүслийг илэрхийлж байгаа үг мөн эсэхэд эргэлзээтэй байна. Жолоодох эрхийг бид яаалт ч үгүй хасуулна, маргах зүйл алга. Хамгийн бага хэмжээнд өгч байна. Зорчих эрхийг хязгаарлах ч боломж байна, үүнийг шүүхээс харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Хэрвээ прокурорын хорих ялыг өгөх юм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэнсэх харгалзаж өгнө үү. Иргэний хариуцагчтай хамтраад энэ хохирол төлбөрийг барагдуулах бүхий л боломжоор нь хангаж өгөхийг хүсэж байна. Иргэний хариуцагч Ц.Н.............яа ч гэсэн машинаа зараад энэ хүмүүсийг төлбөрийг барагдуулж болно гэж хэлээд байгаа. Ц.Н.............яа энэ хүмүүст хандаж ...Дельта сервис засварын газарт машиныг засуулъя, өдөр болгон бичлэг хийлгээд хэрхэн засаж байгаад хяналттай засуулж болно... гэдгийг хэлсэн байдаг. Энэ байдлаас харахад энэ хүмүүс цаашдаа ойлголцох байх. Ц.Н.............яа хэлэхдээ ...энэ хэргээс болж тийм кг турсан, ашиг орлого олох гэж, амьдралдаа нэмэр болох гэж энэ машиныг зээлээр авсан, зээлийн үлдэгдэл 6.000.000 төгрөг дутуу байгаа, энэ төлбөрийг төлөх юм бол орлого олно... гэж хэлж байсан, гэтэл энэ нөхцөл байдал байхгүй боллоо. Ц.Н.............яа машинаа яг одоо зарах юм бол 10.000.000 төгрөгийн уналтад орох нөхцөл байдалтай байгаа, жоохон хүлээж байгаад зарж болно гэж хэлдэг. Ийм нөхцөл байдлыг харгалзаад тэнсэн харгалзаж өгнө үү..” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Хэрэгт авагдсан нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирол, хор уршиг төлсөн талаарх мэдүүлэг зэргээр шүүгдэгч П..................н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн...” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 129, 128, 133 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 217 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 130, 132 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 1314 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд шүүгдэгч М.П..................н эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт сайн дураараа эмчилгээ үйлчилгээнд нь тодорхой хэмжээний мөнгөн дүн зарцуулсан зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг, нөгөө талаар эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна. Түүнчлэн шүүгдэгчид хорих  эрүүгийн хариуцлага оногдуулах нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж шүүх үзсэн болно.

Харин шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял дээр эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах үүднээс Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг 1 жил 6 сарын хугацаанд хүлээлгэх нь зүйтэй байна.

Харин шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг... хүлээлгэх...” –р тогтоов.

Шүүгдэгч Б.......... нь Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй...”, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүхээс хүлээлгэн үүргийг биелүүлээгүй...” бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулах нь зүйтэй байна

Тиймээс улсын яллагч болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрүүгийн хариуцлагыг өөрчилж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.П..................нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар...эрх хасах нэмэгдэл ялыг....зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс...эхэлж тоолно гэж заасан байна. Иймд шүүгдэгч М.П..................нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхлэх үеэс тооцохоор шийдвэрлэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2203 00527 2526 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч М.П..................нгийн нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В, С, Д” ангиллын 635688 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт М..................ны П..................нг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.П..................нг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П..................нд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад газар явахыг хориглохоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.П..................нд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Шүүгдэгч М.П..................н нь Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.П..................нг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг  эдэлж эхэлсэн үеэс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч М.П..................нгийн нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В С Д” ангиллын 635688 дугаартай жолоочийн үнэмлэх ашиглаж байсан болохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ц.Н.............яагаас 69.068.438 төгрөг гаргуулж хохирогч Д.Ю...............нд 2.652.440 төгрөг, хохирогч Г..Н..........нд 1.390.440 төгрөг, хохирогч ГГ............үүд 1.811.640 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.О.................лд 63.213.918 төгрөг тус тус олгосугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тэмдэглэж, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.П..................н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.МӨНХЗУЛ