Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
Хэргийн индекс | 181/2019/01667/И |
Дугаар | 1942 |
Огноо | 2019-10-03 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 1942
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Ичинхорлоо, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.Ө-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.М-д холбогдох
Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 10.680.383 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Ө , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Уранзаяа, хариуцагч Б.М , хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, иргэдийн төлөөлөгч Д.Пүрэвзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх хурал дээр хэлсэн зүйл дээрээ нэмээд тусгагдаагүй зүйлийг хэлье. Жилийн өмнө 09 дүгээр сарын 15-нд дөрвөн хүнийг эрүүл мэндээс гадна эд хөрөнгөөр хохирол учруулсан атлаа сүүлд нь янз бүрийн ааш гаргаж байна. Өмгөөлөгчийн хэлсэн үгийг уншаад өгье. Хүнийг хатуу ширүүн шийтгэснээр үр дагавар үүсэхгүй. Хүүхдүүдийг эмчилж эмчилгээний зардлыг төлөх нь чухал гэж. Ийм ч учраас сургуулиасаа гараад, энэ хохирлыг төлөх зорилготойгоор туслах ажилтнаар 1,500,000 төгрөгийн цалин авч ажиллаж байна. Шүүгдэгч надад хохирлын мөнгө өгөх сонирхолтой байсан. Гэтэл дундуур нь өмгөөлөгч орж ирээд үнэхээр хохироож байна. Энэ зун би үнэхээр амарсангүй. Мөн миний биеийн байдал асар их муудаж байна. 1,500,000 төгрөгийн эмчилгээ хийлгэлээ гэхэд өгөх үү яах уу гэж надаас асуухад нь би өг гэж хэлсэн. Б.М нь би ажил хийж таны хүүхдүүдийг эрүүл байлгана гэж хэлсэн. Хагалгаанд орох болоод мөнгө хэрэгтэй гэж хэлэхэд төлнө гэж хэлсэн ч одоо болтол төлсөн юм байхгүй ингээд яваад байдаг. Өмнөх шүүх хурал дээр худлаа хэлээд байсан. Би нэг ширхэг ч баримт давхардуулаагүй. Би 09 дүгээр сарын 15-нд болсон ослын материалыг 10 дугаар сарын 20-ны хооронд өгөхдөө зөндөө баримт дутуу үлдээснийг нь нөхөж гаргаж өгсөн. Гэтэл баримт нь давхардсан байна гээд яриад байна. Шүүх хэрвээ харж байгаа бол нэг баримт ч давхардаагүй. Нэг ч хуурамч юм байхгүй. Зөрүүтэй гэдгийг нь ойлгохгүй байна. Хаан банкны мөнгөө тушаагаад баримтыг авсан. Маш яаралтай шийдвэр гаргахыг хүсч байна. Шүүх хуралдаан болно гээд энэ зун нэг ч удаа хотоос гарч агаар салхинд гараагүй. Ийм байж болохгүй байх. Эрүүгийн шүүх хурал дээр төлнө гэсээр байгаад шийдвэр гаргуулсан. Би энэ хүүхдэд итгээд Оюунцэцэг өмгөөлөгчтэй яриад шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцсон. Би “наад хүүхдэдээ ял шийтгэл эдлүүлвээ надад хэрэгтэй шүү, Б.М миний дүү ажил хийгээд эгчтэй мөнгө олж өгч туслаарай” гэж ийм нөхцөлд байдалтай байсан. Шүүхийн тогтоол 02 дугаар сард гарсан, одоо 10, 11 сар болчихсон. Яагаад сард 500,000 төгрөгийн цалинтай ажил хийж болохгүй гэж, эрүүгийн шүүх хуралдаанаар 1,500,000 төгрөгийн ажилд орсон гэж байсан нь худалд юмуу, Бид нар энд нь итгэсэн. Гэтэл одоо дааж давашгүй зүйл нэхээд байна гээд байх юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэргийн улмаас хохирогч нарт учирсан гэмтлийн зэрэг хохирогчийн буруутай үйлдэл байсан. Б.М-ийн үйлдэл хэрвээ хүний амь насыг хохироосон бол 10,000,000 төгрөгийн асуудал яригдахгүй байсан. Өмнөх шүүх хурал дээр хариуцагч тал хариу тайлбар өгөөгүйн улмаас нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай болсон. Шаардлагатай нотлох баримтуудыг эрүүгийн хэргээс авчирч хавтаст хэрэгт оруулсан байгаа. Энэ нь нотлогдохгүй баримтууд биш. НӨАТ-ын баримт дээр хүний нэр бичигдэж гардаггүй Хохирогч Содбилэгийн хувьд ослын улмаас хичээлдээ яваагүй. Зайлшгүй хичээлээ нөхөх шаардлагатай болсон. Тэгээд хүүхдээ өдөр өнжүүлэхэд хамруулсан. Боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлд заавал өнжүүлэх тусгай зөвшөөрөл гэхгүйгээр соёл, урлаг, гоо зүйн тусгай зөвшөөрөл аваад боловсролын тухай гэрчилгээн дээр байгаа. 1,320,000 төгрөгийн өдөр өнжүүлэх төвд хамрагдсан гэдэг нь саяны тодорхойлолт болон мөнгө өгсөн баримтаар нотлогдож байна.
Өмнөх шүүх хуралд хохирогч нь өмгөөлөгчгүй шүүх хуралд орсон. Үүнтэй холбоотой нотлох баримтуудаа бүрэн өгч чадаагүйгээс болоод эрүүгийн хэргийн журмаар учирсан хохирлуудаа нэхэмжилж байна. Өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар авчирсан байгаа. Шүүх хуралдааны тэмдэглэл дээр хариуцагчийн өмгөөлөгч хэлсэн байгаа. Энэ хүүхэд 1,500,000 төгрөгийн цалинтай ажилд орсон. Ял шийтгэлгүй өнгөрүүлэх юм бол дараагийн хохирлыг гаргаж өгөх боломжтой гэж шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байгаа. Энд нь хохирогч итгээд хохирлын баримтуудаа гаргаж өгөхгүй эрүүгийн хэргээс авчирсан баримтын жагсаалтад авагдсан байгаа. Өнөөдөр энд авагдсан 10 сая төгрөгийн баримт давхцаагүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. Иргэний хуулийн 228 дугаар зүйл дээр гэм хорын хохирлыг нэхэмжлэх талаар заасан байгаа. Үүний дагуу 10,680,383 төгрөгийг нэхэмжилсэн. Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйл дээр гэм хорын хохирлыг хэрхэн арилгах талаар заасан байгаа. Мөн ослын улмаас энэ хүмүүсийг тээвэрлэж ирсэн Ганбаатар гэдэг хүнд ослын газраас тээвэрлэлтийн мөнгийг шилжүүлсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэв.
Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт Оюунцэцэг өмгөөлөгч 1,500,000 төгрөгийн цалинтай ажилд орсон гэж яриад байна би нэг ч ийм зүйл яриагүй. Шүүхийн шийтгэх тогтоол магадлал энэ дээр байна. Өдрийн 40,000 төгрөгөөр туслах ажилтан хийж байгаа гэж хэлсэн. Сард 1,500,000 төгрөгийн цалин авдаг гэж нэг ч өгүүлбэр хэлээгүй.
Хоёрдугаарт өмгөөлөгч хүний хувьд авто осол гарсан гэм буруутай зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хамгийн гол энэ хүнийг хориулъя гээд байгаа нь утгагүй. Хүнийг нийгмээс тусгаарлах нь үр дагаварт хүрэхгүй. Энэ хүүхэд 18 насанд дөнгөж хүрсэн хүүхэд байсан. Хүргэн ахынхаа машиныг аваад зам тээврийн осол гаргасан нь буруу. Хүргэн ахдаа мэдэгдэхгүйн тулд хурд хэтрүүлээд осол гаргасан нь энэ хүүхдийн буруу. Гэхдээ хүүхдүүдэд хохирол учирахад Э.Ө ы буруутай үйлдэл байгаа. Шийтгэх тогтоолд ч дурьдсан мөн иргэний хуулийн холбогдох заалтуудад байгаа. Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч хор уршигийг нэмэгдэхэд нөлөөлсөн. Энэ хүмүүс хүүхдүүддээ зориулалтын бүс зүүлгээгүй. Дээр нь хүүхдийн суудал байхгүй, 2 хүүхдийг юманд ороогоод арын суудалд хэвтүүлсэн нь гэмтэл үүсэх нөхцлийг бүрдүүлсэн. Энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан мөн өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөө нотлох үүрэгтэй. Бид нар хохирлыг төлөх ёстой гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т нотловол зохих асуудлыг нотолсон байх ёстой. И-баримтан дээр хэний ч нэр байхгүй, энд тэндээс аваад ирсэн и-баримтууд ч юм билүү. Тухайн үед осол гарснаас хойш 2019 оны 02 дугаар сарын бүх баримтууд энэ байна гээд гаргаад ирсэн. Гэтэл тухайн үед гаргаж ирээгүй баримтууд гаргаж ирчихээд нэхээд байдаг. Гэтэл энэ дотор зарим нэг зүйл давхцсан харагдаад байгаа. Эмчилгээ сувилгаанд хэвтсэн бол бүгдийг нь төлье. Гэхдээ хөдөөнөөс ирсэн ах эгч нарынх нь замын зардлыг төлөхгүй. Нийт 14,930,000 төгрөг төлөгдсөн гэж үзэж байгаа. Учир нь аав, ээжийнхээ машиныг 11 сая төгрөгөөр зарж, бүгдийг нь өгсөн. Энэ хүүхдэд ямар ч хөрөнгө байхгүй. Зүгээр нэг оюутан байсан. Одоо сургуулиасаа гараад туслах ажилтан хийж байгаа. Их, дээд сургууль төгссөн хүн шиг өндөр цалин авдаг гэсэн нотлох ямар ч баримт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Яагаад гэхээр миний маргасны дагуу хавтаст хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурлын тэмдэглэл байгаа. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 174 тоот тэмдэглэлд би буруутай, хүүхдийн зориулалтын сандал байхгүй мөн бүс хэрэглээгүй ийм учраас хор уршиг нэмэгдэхэд нөлөөлсөн гэдгийг хохирогч болон хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байгаа. Хавтаст хэргийн 181 дүгээр талд Б.Содбилэгийн эмчилгээний баримтууд байгаа. Гаднаас авсан эм тарианы баримтууд байгаа. Тэрийг бид нар бүгдийг нь төлсөн 294,510 төгрөг. Мөн хавтаст хэргийн 194 дүгээр талд авагдсан Э.Ө ы гаднаас авсан эм тарианы 147,099 төгрөгийн баримт байхгүйгээр гаднаас авч хэрэглэсэн гээд энэ баримтуудыг өгсөн. Бусдад нь и-баримт байгаа нь үнэн. Тэгэхээр 839,910 төгрөгийн гаднаас авсан гэсэн эм тарианы мөнгийг өгсөн. И-баримт бол нотлох баримт мөн. Өвдсөн зовсон нь үнэн. Яагаад нотлох баримт нэхээд байгаа юм гэхээр и-баримтад хүний нэр байхгүй. Ямар үндэслэлээр нэг өдөр 375,000 төгрөгийн эм тариа авч байгаа юм. Яагаад нэг өдөр 174,000 төгрөгийн баримт авсан юм. Нэгдүгээрт эм хэрэглэх эмийн жор байх ёстой. Хэрвээ жор хураагаад авсан бол өвчтний карт байх ёстой. Ийм баримтыг нэхэх болсон үндэслэл нь юу юм. Ямар эм тариа хэрэглэ гэж бичиж өгсөн юм. Энийг нотлох баримт байхгүй болохоор маргаж байгаа юм. Монгол улсын эмийн стандарт гэж байгаа 53/76/2014 гэсэн стандарт дээр эмчийн жороор юм уу эсвэл өвчтний картаар эм олгоно. Нэг эмийн жор дэр өвчин намдаах мансуурахтай холбогдсон нэг эмийг бичнэ. Энэ хүн анх шүүх хуралд ирэхдээ бүх баримтуудаа гаргаж ирлээ гэж хэлж байсан. Тийм учраас 500,000 гаруй төгрөг дээр маргасан. Хүүхэд өвдсөн нь үнэн бид 800,000 гаруй төгрөгийг төлсөн. Монгол улс иргэнийхээ хувьд эрх тэгш эрх эдлээд өмгөөлөгч авсан. Би мэргэжлийнхээ хүрээнд нотлох баримтын шаардлага хангасан зүйл дээр төлнө. Мөн гаднаас эм тариаг авах болсон үндэслэлээ юугаар нотолж байгаа юм. Эмчийн бичиг байхгүй байна гэж хэлмээр байна. Эмчийн жортой 9 шаардлага байгаа. Жоронд заавал үлдэх хувь гэж байдаг. Энэ баримт хэрэгт байхгүй учраас нотлох баримтын шаардлага хангаагүй учир төлөхгүй.
Нийт 2,164,125 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Бид 3,000,000 төгрөг дээр тохиролцох боломж байна уу тэгвэл энэ хүүхэд ажил хийгээд эгч дүүсээс нь аваад төлье. Хурал эхэлснээс хойш ямар ч мөнгө төлөөгүй гэсэн бид нар 1,000,000 төгрөгийг төлсөн баримтаа хэрэгт өгсөн байгаа. Үүнийг оруулвал бид нар 3,000,000 гаруй төгрөг төлсөн байгаа. Энийг харгалзан үзээч гэсэн хүсэлтэй байна. 2,164,125 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд 3,000,0000 төгрөг өгөх боломжтой” гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Ө нь хариуцагч Б.М д холбогдуулан тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ осол гаргасны улмаас учруулсан гэм хорын хохиролд 10.680.383 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,164,125 төгрөгийг зөвшөөрч маргаагүй, харин үлдэх хэсэг нь баримтаар нотлогдохгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.М нь Toyota Prius маркийн 16-69 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1а дахь заалтыг зөрчиж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс эсрэг урсгалд явж байсан Э.Ө ы жолоодож явсан Toyota Rav-4 маркийн 17-84 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган 6 настай Б.Содбилэгийн бие махбодод нь хүнд зэргийн гэмтэл, 3 настай Б.Тодбилэг, Б.Өлзийсайханы бие махбодод тус тус хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 сарын 12-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 372 дугаартай магадлалын хуулбар зэрэг /хх-73-84 дэх тал/-ээр тогтоогдож байх ба хариуцагч нь дээрх үйл баримт болон хариуцагчийн гэм буруугийн талаар маргахгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь заалтад “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дахь заалтад “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Э.Ө биед хүндэвтэр, түүний хүү 6 настай Б.Содбилэгийн бие махбодод нь хүнд, 3 настай Б.Тодбилэгийн биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан зам тээврийн осолд гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Б.М нь бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хариуцагч нь Э.Ө д Тээврийн зардал Х.Ганбаатарт 100,000 төгрөг, Э.Ө юуны зардал мэдэгдэхгүй Д.Батхишигт 355,100 төгрөг, Б.Содбилэг, Б.Тодбилэг нарын шүдний эмчилгээ Сүүн шүдхэн эмнэлэгт шүдээ эмчлүүлсэн зардал 140,000 төгрөг, гэртээ BSB дэлгүүрээс агаар цэвэршүүлэгч авсан гэх 1,099,000 төгрөг / осолд хамааралгүй/, Э.Ө өдөр өнжүүлэхийн Ганбаярын Зол-Эрдэнэ гэх хүнд шилжүүлсэн 865,000 төгрөгийн шилжүүлгийн мэдүүлгийн утга байхгүй, хаана юу хийдэг нь тодорхойгүй “Пош бүтик” ХХК-ийн захирал Болормаад шилжүүлсэн 1,690,000 төгрөг /гарын үсэгтэй баримтуудын гарын үсэг зөрүүтэй/, Э.Ө ы нуруу, хөлний зураг авахуулахад шатахуун 2-р эмнэлэг 40,000 төгрөгийн шатахуун авсан зардал /шатахууныг 18:43:12 цагт авсан мөн эмчид үзүүлсэн, зураг авахуулсан баримтгүй и/х-54 тал/ Э.Ө ы шатахуун 2-р эмнэлэгт эмчилгээ хийлгэхэд Петростар 60,000 төгрөгийн шатахууны зардал /шатахууныг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 21:53:15 цагт авсан и/х-57 тал/, Б.Тодбилэг ханиадны эм Хаппи фарм 8,350 төгрөг, Э.Өлзийсайхаын шатахуун 2-р эмнэлэгт эмчилгээ хийлгэхэд Петростараас шатахуун 60,000 төгрөг, Э.Ө ы Бест массаж төвд 6 удаа үйлчлүүлсэн 530,000 төгрөг, Хоёр хүүхэд эм, эмийн санд 35,600 төгрөг хэрэгт хамааралгүй, Э.Ө ы Херболайфаас бүтээгдэхүүн, цай, шоколад, оройн коктель, улаан лооль, уураг зэргийг 1,582,436 төгрөгөөр 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр авсан нь осолд хамааралгүй, Э.Ө нар нь эмчлүүлэх Хайрын билэг-2 сувилалд 5 хүн эмчлүүлэх 1,750,000 төгрөгийн төлбөр хийгдээгүй, мөн сувилалд хэвтэхээр Оргил-Налайх дэлгүүрээс худалдан авалт хийсэн 34,692 төгрөг, зэрэг нийт 7,117,178 төгрөгийн зардлыг зөвшөөрөх боломжгүй, мөн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор 551,975 төгрөгийн хохирол төлөгдсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тайлбарласан.
Хариуцагчийн маргаж байгаа 551,975 төгрөгийн хохирол төлөгдсөн эсэхийг тодруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолтой Эрүүгийн хэргээс эмчилгээний зардалтай холбоотой баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан авахад давхардуулан нэхэмжилсэн баримт байхгүй, мөн кассын “Е баримт” нь нэг удаа олгогдог тул эрүүгийн хэрэгт гаргасан баримтыг иргэний хэрэгт давхардуулан гаргах замаар шаардах боломжгүй, мөн осол болсон өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд тасралтгүй үзлэг эмчилгээ хийлгэсэн ба хийлгэсэн үзлэг, эмчилгээ нь зам тээврийн ослын улмаас авсан гэмтэлтэй холбоотой, осол болсноос хойш гаргасан зардлыг нотлох баримт болгон шүүхэд гаргаж өгсөн эмнэлгийн тодорхойлолт, тооцооны хуудас, зарлагын баримтууд /хх-22-73 дахь тал/-д эмчилгээ үйлчилгээ авсан, худалдан авалт хийсэн этгээдийн нэрийг Э.Ө гэж, мөн Б.Содбилэг, Б.Тодбилэг нарын эмчилгээнд гэж тэмдэглэсэн зэрэг байдал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй болохыг нотолж байх тул хариуцагчийн гаргасан татгалзлын зарим хэсгийг шүүх үндэслэлгүй гэж үзсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 сарын 12-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Б.М-ийн гэм буруу тогтоогдсон байхад Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар Б.Содбилэг, Б.Тодбилэг нарт суудлын бүс зүүлгэж, зориулалтын суудалд суулгаагүйн улмаас хохирлын хэмжээ ихэссэн хариуцагчийн өмгөөлөгчийн татгалзал нь үндэслэл муутай юм.
Нэхэмжлэгч нь Эмчилгээний зардал, болон сувиллын зардал 3,120,700 төгрөг, эмийн сангаас эм 971,780 төгрөг, “Good push” хүүхдийн мэдрэлийн их эмчтэй өдөр өнжүүлэхийн төлбөрт 1,322,000 төгрөг, ослын газраас Б.Содбилэг, Э.Ө нарыг тээвэрлэж Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн жолооч Х.Ганбаатарт 100,000 төгрөг төлсөн, шатахууны 210,000 төгрөг, Э.Ө нь цалингийн зөрүү болох 2,018,875 төгрөг, нийт 7,743,355 төгрөг /хх-ийн 22-73 дахь тал/-ийн зардал нь Э.Ө , Б.Содбилэг, Б.Тодбилэг нарын бие учруулсан гэмтлийг эмчлэх, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардалд хамаарах тул баримтаар нотлогдож байгаа 7,743,355 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Б.Содбилэгийн нь тархиндаа хүнд гэмтэл авсан тул “Posh Kids” хүүхдийн мэдрэлийн их эмчтэй өдөр өнжүүлэхэд зайлшгүй суралцаж, хичээлийн хоцрогдол арилгах шаардлагатай ба Г.Зол-Эрдэнэ нь “Posh Kids” өдөр өнжүүлэхэд ажилладаг болох нь Пош бүтик ХХК-ийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай албан бичгээр нотлогдож байх тул Г.Зол-Эрдэнийн Хаан банк дахь 5163186561 тоот дансанд шилжүүлсэн мөнгө нь өдөр өнжүүлэхийн төлбөрт шилжүүлсэн гэж үзэв.
Харин, 1,582,436 төгрөгийн Хербалайф сүлжээний бүтээгдэхүүн буюу хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зайлшгүй хэрэглэх шаардлагатай тухай эмчийн баримт байхгүй, мөн болсон баримтаар нотлогдохгүй, мөн Шүдхэн шүдний эмнэлэгт эмчлүүлсэн 130,000 төгрөг болон Налайх-Оргил худалдааны төвөөс бараа худалдан авсан 34,692 төгрөгийн баримт нь зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролтой шалтгаант холбоогүй, Утлагын аппарат 90,000 төгрөг, агаар цэвэршүүлэгч 1,099,900 төгрөгөөр худалдан авсан бараа нь нэхэмжлэгчид өөрт нь хөрөнгө болж үлдэж байгаа тул хариуцагчаас шаардах эрхгүй байна.
Иймд, хариуцагч Б.М эс гэм хорын хохиролд 7,743,355 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ө д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 2,937,028 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ: