Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1187

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                     Т.Л-ид холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ариунаа,

шүүгдэгч Т.Л-, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 1098 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Л-, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т.Л-ид холбогдох эрүүгийн 1806023840573 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Боржигин овгийн Тогоогийн Лхагвадорж, 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 6-4 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: УТ91042039/;

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1, 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 936 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар Т.Л-ид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн 2 жил 6 сар 9 хоногийн хорих ял болгон өөрчилж, түүний биеэр эдэлсэн 1 жил 3 сар 23 хоногийн ялыг хасч, эдлэх ялыг 1 жил 2 сар 16 хоногийн хугацаагаар тогтоосон, улмаар Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 61 дүгээр шүүгчийн захирамжаар 9 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан.

Т.Л- нь:

1. 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дотуур байрнаас иргэн А.Нургайшаагийн эзэмшлийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг "Үндэсний телевизийн ажилтан зорилтот нэвтрүүлгээр дамжуулан 5 оюутны төлбөрийг төлөх тул зөөврийн компьютероо аваад ир банкинд очиж 10.000 төгрөг тушаагаад ир гэж" худал хэлж хуурч мэхлэн зөөврийн компьютерийг залилсан,

2. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар Төмөр Замын Тээврийн Дээд" сургуулийн дотуур байранд өөрийгөө Монголын үндэсний радио телевизийн залуучуудын хэсэг хариуцсан ерөнхий найруулагч, "Оюутан хөтөлбөрт" оролцуулна гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн Э.Энхжингийн “Ленова” маркийн 520.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг залилсан,

3. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар Төмөр Замын Тээврийн Дээд" сургуулийн дотуур байранд өөрийгөө Монголын үндэсний радио телевизийн залуучуудын хэсэг хариуцсан ерөнхий найруулагч, "Оюутан хөтөлбөрт" оролцуулна гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн С.Оюунсүрэнгийн “HP” маркийн 520.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг залилсан,

4. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар Төмөр Замын Тээврийн Дээд" сургуулийн дотуур байранд Монголын үндэсний радио телевизийн залуучуудын хэсэг хариуцсан ерөнхий найруулагч, "Оюутан хөтөлбөрт "оролцуулна гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн Б.Төгөлдөрийн “Ленова” маркийн 520.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг залилсан,

5. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар Төмөр Замын Тээврийн Дээд" сургуулийн дотуур байранд өөрийгөө Монголын үндэсний радио телевизийн залуучуудын хэсэг хариуцсан ерөнхий найруулагч, “Оюутан хөтөлбөрт” оролцуулна гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн Г.Одгэрэлийн “Асер” маркийн 390.000 төгрөгийн зөөврийн компьютерийг залилсан,

6. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар Төмөр Замын Тээврийн Дээд" сургуулийн оюутны дотуур байранд өөрийгөө Монголын үндэсний радио телевизийн залуучуудын хэсэг хариуцсан ерөнхий найруулагч, "оюутан хөтөлбөрт " оролцуулна гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн Б.Баярсувдын “Dell” маркийн 510.000 үнэ бүхий зөөврийн компьютерийг залилсан,

7. 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Наран моллийн урд талын зогсоол дээр иргэн Ц.Сэржмядагийн 31-18 УНЗ улсын дугаартай "Волксваген тоурег" маркийн автомашиныг 14.000.000 төгрөгөөр худалдан авья хэмээн худал хэлж, хуурч мэхлэн залилсан,

8. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "АЧ" анагаах ухааны их сургуулийн оюутны дотуур байранд өөрийгөө Н.Тамир гэж танилцуулан "Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз"-ээс явж байна 4 хүүхэд шалгаруулан сургалтын төлбөр хийх болно гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн Ж.Доржнамсангийн эзэмшлийн тошиба маркийн 800.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютер залилсан,

9. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "АЧ" анагаах ухааны их сургуулийн оюутны дотуур байранд өөрийгөө Н.Тамир гэж танилцуулан "Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз"-ээс явж байна 4 хүүхэд шалгаруулан сургалтын төлбөр хийх болно гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн С.Ариунтуяагийн эзэмшлийн хар өнгийн “Самсунг галакси эс-4” маркийн 160.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг залилсан,

10. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "АЧ" анагаах ухааны их сургуулийн оюутны дотуур байранд өөрийгөө Н.Тамир гэж танилцуулан "Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз"-с явж байна 4 хүүхэд шалгаруулан сургалтын төлбөр хийх болно гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн О.Лхамхүүгийн эзэмшлийн хар өнгийн “Самсунг галакси эс-4” маркийн 100.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг залилсан,

 11. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "АЧ" анагаах ухааны их сургуулийн оюутны дотуур байранд өөрийгөө Н.Тамир гэж танилцуулан "Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз"-с явж байна 4 хүүхэд шалгаруулан сургалтын төлбөр хийх болно гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн Д.Нандинцэцэгийн эзэмшлийн “Самсунг гранд-2” маркийн 200.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг залилсан,

12. 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо нутаг дэвсгэрт Алтан Овооны 2-39 А тоотод оршин суух иргэн Л.Мөнхбаярын эзэмшлийн “Приус-20” маркийн 24-65 УНН улсын дугаартай машиныг хүүхэд хүргээд ирнэ гэж худал хэлж хуурч мэхлэн 7.951.500 төгрөгийн үнэ бүхий автомашиныг залилсан,

 13. 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 30 дугаар гудамжны 1672 тоотод байрлах иргэн Р.Энхсайханы үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Тамир" гэх хүнсний дэлгүүрт өөрийгөө "АПУ" компаниас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 150.000 төгрөгийг залилсан,

14. 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо "Анар" зочид буудлын ард таксины жолооч иргэн Ц.Алтанцэцэгийн эзэмшлийн 450.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг жи-3” маркийн гар утас, бэлэн 100.000 төгрөгийн бензиний талон зэргийг утсаар яриад өгий, талоныг мөнгө болгож өгий гэж худал хэлж, хуурч мэхлэн авч 550.000 төгрөг залилсан,

 15. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 5 дугаар гудамжинд байрлах "Энхжин" нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч О.Цэцэнбаярт өөрийгөө "АПУ" ХХК-ны худалдааны төлөөлөгч байна танай дэлгүүрт шинээр хөргөгч тавина урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 100.000 төгрөг авч залилсан,

 16. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 3 дугаар гудамжинд байрлах С.Даваанямын эрхлэн ажиллуулдаг "Хишигдэлгэрэх" нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч Ж.Хишигжаргалд өөрийгөө "АПУ" ХХК-ны худалдааны төлөөлөгч байна танай дэлгүүрт шинээр хөргөгч тавина. Урдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 100.000 төгрөг авч залилсан,

17. 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 5-573 тоотод байрлах "Ивээл" нэртэй хүнсний дэлгүүрт иргэн Ч.Билгээд "АПУ" компаниас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж хуурч мэхлэн бэлэн 300.000 төгрөг залилсан,

18. 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хороолол дунд байрлах хүнсний дэлгүүрт "АПУ" компаниас явж байна танай дэлгүүрт пивоны хөргөгч тавина. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн иргэн О.Алтансувдаас бэлэн 250.000 төгрөг залилсан,

19. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тахилтын 2-1А тоотод оршин суух иргэн Ж.Батсайханы эзэмшлийн "Хонгор" нэртэй хүнсний дэлгүүрээс "АПУ" компаниас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн бэлэн 400.000 төгрөг залилсан,

 20. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг иргэн Х.Өлзийхишигийн эзэмшлийн "Далайн хун" хүнсний дэлгүүрт "АПУ" компаниас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 117.000 төгрөг залилсан,

21. 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайрханы 9-317 тоотод байрлах "Анарцагаан" хүнсний дэлгүүрээс "AПУ" ХХК-аас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн иргэн Х.Баттулгаас бэлэн 190.000 төгрөг залилсан,

22. 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо монлаагийн 16-02 А тоотод үйл ажиллагаа явуулдаг "Хужиртай" нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч Х.Доржхандад "АПУ" компаниас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 190.000 төгрөг залилсан,

23. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг иргэн Ч.Батдоржийн "Цэцэгхэн" хүнсний дэлгүүрт "АПУ" компаниас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 500.000 төгрөг залилсан,

24. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Өргөн дэлгэрэх" нэртэй дэлгүүрийн худалдагч иргэн Т.Нансалмаад "АПУ" компаниас явж байна архи пивоны зөвшөөрөл гаргаж өгнө хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 460.000 төгрөгийг залилсан,

25. 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хишигдэлгэрэх" нэртэй хүнсний дэлгүүрт иргэн Т.Амаржаргалд "АПУ" компаний борлуулалтын албаны хүн байна, танай хөргөгчний хугацаа болсон байна, хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж хуурч мэхлэн бэлэн 380.000 төгрөг залилсан,

26. 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг иргэн О.Энхжаргалд АПУ ХХК-аас явж байна гэрээт борлуулагч болгоё гэж худал хэлж, хуурч мэхлэн, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын орчимд 1.500.000 төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Л-ийг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л-ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 10 жил 9 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л-ид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Л-ийн цагдан хоригдсон 369 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л-оос 7.518.500 төгрөг гаргуулж хохирогч Б.Төгөлдөрт 520.000 төгрөг, Г.Одгэрэлд 390.000 төгрөг, Б.Баярсувдад 510.000 төгрөг, Ж.Доржнамсанд 800.000 төгрөг, С.Ариунтуяад 160.000 төгрөг, О.Лхамхүүд 100.000 төгрөг, Д.Нандинцэцэгт 200.000 төгрөг, Л.Мөнхбаярт 351.500 төгрөг, О.Цэрэнбаярт 100.000 төгрөг, С.Даваанямд 100.000 төгрөг, Ч.Билгээд 300.000 төгрөг, О.Алтансувдад 250.000 төгрөг, Ж.Батсайханд 400.000 төгрөг, Х.Өлзийхишигт 117.000 төгрөг, Х.Баттулгад 190.000 төгрөг, Х.Доржхандад 190.000 төгрөг, Ч.Батдоржид 500.000 төгрөг, Т.Нансалмаад 460.000 төгрөг, Т.Амаржаргалд 380.000 төгрөг, О.Энхжаргалд 1.500.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Охь нэртэй архи 1 ширхэгийг устгуулахаар, бичлэг бүхий сиди 2 ширхэгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Л- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэргийг үүссэн цагаас эхлэн хяналтын прокуророор ажилласан М.Эрдэнэзаяа нь хэт нэг талыг барин ажиллаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “яллах болон цагаатгах талын баримт нотолгоог ижил тэнцүү явуулна.” гэх хэсгийг үл харгалзан шүүхийн эцсийн шийдвэрт шууд нөлөөлөх нотлох баримтыг цуглуулахгүйгээр буюу зүйл, ангийг өөрчлөн сонсгохдоо хуульд заагдсан “гэмт хэргийн улмаас олсон орлогоо хэрхэн зарцуулсан байдлыг нарийвчлан тогтоосны үндсэн дээр амьдралын эх үүсвэрээ болгосон” байдал илэрвэл зүйл ангийг хүндрүүлэн сонсгох, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтуудыг үл харгалзан зөвхөн өөрийн дотоод итгэл үнэмшлээр хандан тодорхойлолт гаргасан бөгөөд түүндээ “Т.Л- нь гэмт хэрэг үйлдэх үедээ тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй байсан ба өөрийн хэвийн аж төрөхөд шаардагдах мөнгө хэрэг болсон үедээ...” гэж оруулсан. Түүнчлэн хувийн байдлыг нь харгалзан гэх зүйлийг олон удаа тусгасан. Гэтэл прокурор нь энэ талаар нэг ч ажил хийгээгүй бөгөөд хэргийн нийт хугацаанд 2 удаа 5 минутын хугацаатай надтай уулзсан. Энэ нь хувь хүний хувийн байдлыг тогтооход хангалттай хугацаа биш бөгөөд миний бие өөрийгөө илэрхийлэх хүсэлтүүдийг 2018.9.20, 2018.10.29, 2018.11.27-нд тус тус гаргаж байсан ч түүнийг хүлээн аваагүй. Прокурор М.Эрдэнэзаяа нь өөрийн тодорхойлолтыг гаргахдаа миний ажлын газрын тодорхойлолтыг авч үзэлгүйгээр миний эрх зүйн байдлыг нэн дордуулсан зөрчил удаа дараа гаргасан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны үеэр хэлсэн бөгөөд шинжлэн судлуулах хүсэлт гаргасан боловч авч үзээгүй. Уг тодорхойлолт 5 дугаар хавтас хэрэгт авагдсан байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийг өөрийн сайн дураар илчилсэн хүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх” талаар заасан. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, зөв хүн болох гэж хичээж байгаа. Би дороо 1 дүүтэй бөгөөд 8 настай. Бүгдийг даган дуурайх насан дээрээ явж байгаа бөгөөд би өөрөө төлөвшүүлэн, зөв үлгэр дуурайлал үзүүлэхгүй бол ирээдүйг нь дордуулахвий гэсэн болгоомжлол төрдөг болж. Өнгөрсөн хугацаанд алдсан ч гэсэн ирээдүйд дахин алдахгүй байх боломжтой гэдгийг маш сайн ойлгож авсан. Өөрийн үйлдсэн хэргийг прокурор М.Эрдэнэзаяа болон мөрдөн байцаагч нарт өөрийн хүсэлтээр гарган өгч, хэргийг илчилж шалгуулсан. Энэ талаар хавтас хэрэгт тусгагдсан. Миний бие бусдад учруулсан хохирол болох 31.908.500 төгрөгийн хохирлоос 24.390.000 төгрөг төлсөн бөгөөд үлдсэн 7.518.500 төгрөгийн хохирлоо нэн даруй төлөхөө илэрхийлсэн. Иймд надад боломж олгон хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэн, зөвөөр зүйлчлэн хорих ялын хугацаа болон дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Т.Л-ийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолд түүнийг нийт 26 удаагийн үйлдлээр бусдыг мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, тогтоолд заагдсан 26 үйлдэл нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр О.Энхжаргалаас 1.500.000 төгрөгийг бэлнээр авч залилсан гэх үйлдэл байна. Мөн шийтгэх тогтоолд бусдад учруулсан хохирлыг 7.518.500 төгрөг гэж дурьдсан байна. 5 дугаар хавтасны 20 дахь талд авагдсан 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн саналд Т.Л- нь нийт 20 удаагийн үйлдлээр 15.391.500 төгрөгийн хохирол учруулсан гэж дурьдсан байна. 5 дугаар хавтасны 15 дугаар талд авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5/317 тоот 1806023840573 тоот Баянзүрх дүүргийн прокурорын газрын танилцуулгад 22 удаагийн үйлдлээр 29.981.500 төгрөгийн хохирол учруулсан гэж дурьдсан байна. 1 дүгээр хавтасны 196-207 дахь талд авагдсан шинжээч томилсон тогтоол, үнэлгээтэй танилцуулж гарын үсэг зуруулаагүй. Дээрхээс дүгнэхэд Т.Л-ийн үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлэх саналдаа үйлдэгдсэн үйлдэл, хохирлын хэмжээ зөрүүтэй бичигдсэн, Баянзүрх дүүргийн прокурорын газрын танилцуулгад заагдсан үйлдэл, хохирлын хэмжээ шийтгэх тогтоолд заагдсанаас зөрүүтэй байна. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ... “ гэв.

Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Л-ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн хэргийг дахин буцаасан байгаа. Шүүхийн хэлэлцүүлгээр хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг, шүүх хуралдааны нотлох баримтуудыг шүүгдэгч Т.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцсон.

Тэр танилцуулга нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн танилцуулга байгаа. Танилцуулга дээрээ дурдсан байдаг “Сонгинохайрхан , Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн прокурорын газруудад хэрэг шалгагдаж байгаа. Тэр хэргүүдийг нэгтгэн шалгах учраас мөрдөн байцаалтын хугацааг сунгах саналтай байна гэсэн байдаг. Үүнээс хойш 3 хэрэг нэмэгдэж ирсэн байдаг. Мөрдөгчийн саналын хувьд мөрдөгч нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар холбогдох саналыг гаргах болохоос ямар нэгэн эцсийн шийдвэр гаргадаг субъект биш байгаа. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай   хуульд заавал хянах үүрэгтэй учраас хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хянаад 26 удаагийн үйлдлээр хэрэг үйлдсэн гэдгийг яллах дүгнэлтээ бичсэн. Хохирлын хэмжээнд шүүх 7.518.500 төгрөгийн нийт хохирол учирсан гэж бичээгүй, хохирогч нарын нэрийг дурдаад, эдгээр хүмүүс нь мөрдөн байцаалтын явцад өөрсдийнхөө эд зүйлийг бүрэн гүйцэд хүлээж авсан. Бусад хохирогч нарт хохирол нь төлөгдөөгүй учраас хөрөнгийн үнэлгээний тайлангаар нэр бүхий хохирогч нарт нэг бүрчлэн гаргуулах гэж нийтдээ 7.518.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгөхөөр дурдсан байгаа. Тэгэхээр хохирол болон үйлдэл дээр ямар нэгэн зөрүүтэй зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Т.Л- нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд нэр бүхий 26 хохирогчийг “...оюутан хөтөлбөрт оролцуулна...”АПУ” компаниас явж байна, танайд шинэ хөрөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлнө...”АПУ” ХХК-ийн гэрээт борлуулагч болгож өгнө...4 хүүхэд шалгаруулан сургалтын төлбөрийг нь хийж өгнө...” гэх зэргээр хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 31.858.500 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

эд зүйлсээ хэнд хэрхэн яаж залилуулж алдсан тухайгаа тус тус мэдүүлсэн хохирогч А.Нургайша /1 хх 37-39/, Э.Энхжин /1 хх-ийн 139/, С.Оюунсүрэн /1 хх 186/, Б.Төгөлдөр /1 хх 188/, Г.Одгэрэл /1 хх 190/, Б.Баярсувд /1 хх 192/, Ц.Сэржмядаг /3 хх 236, 241/, Ж.Доржнамсан /2 хх 122/, С.Ариунтуяа /2 хх 125/, О.Лхамхүү /2 хх 128/, Д.Нандинцэцэг /2 хх 131/, Л.Мөнхбаяр /2 хх 183/, Р.Энхсайхан /1 хх 64-66/, Ц.Алтанцэцэг /1 хх 85/, О.Цэцэнбаяр /4 хх 75/, С.Давааням /4 хх 84/, Ц.Билгээ /2 хх 35/, О.Алтансувд /2 хх 55/, Ж.Батсайхан /2 хх 93/, Х.Өлзийхишиг /4 хх 85/, Х.Баттулга /2 хх 74/, Х.Доржханд /1 хх 217/, Ч.Батдорж /3 хх 212/, Т.Нансалмаа /1 хх 235/, Т.Амаржаргал /2 хх 8/, О.Энхжаргал /4 хх 81/ нарын хохирогчийн мэдүүлгүүд болон эдгээр хохирогч нарын мэдүүлгийг баталж гэрч М.Гэрэлтуяа /1 хх 45/, Б.Оюунцэцэг /1 хх 102/, Б.Өлзийдүүрэн /1 хх 134/, Ц.Пүрэвсүрэн /3 хх 237/, Э.Амаржил /2 хх 112/, Ч.Өнөрзаяа /2 хх 116/, П.Оюунчимэг /2 хх 118/, Э.Ган-Очирт / 2 хх 162/, Б.Мөнхзул /2 хх 188/, Л.Бат-Эрдэнэ /1 хх 91/, Ж.Хишигжаргал /4 хх 104/, О.Нандинбилэг /2 хх 91/, Х.Цагаанлуу /4 хх 89/, Х.Алтанбаяр /1 хх 221/, Ж.Бадрах /4 хх 97/, Я.Алтансүх /4 хх 99/ нарын мэдүүлгүүд,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд /1 хх 52, 93, 134, 193/, эд зүйлийн үнэлгээнүүд /2 хх 139-142, 204/,

барьцаалан зээлдүүлэх газрын Барьцаат зээлийн гэрээ /1 хх 49/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 141-145/,

хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 146, 2 хх 49, 78-82, 4 хх 64/,

таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 12-15, 78-81, 106, 3 хх 239/,

шүүгдэгч Т.Л-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Т.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилж, 10 жил хорих ял шийтгэж, өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 10 жил 9 сар 15 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хор хохирол, шүүгдэгчийн хувийн байдалд нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, шүүгдэгч Т.Л- нь орлогын эх үүсвэргүй болох нь тогтоогдсон ба дээрх гэмт хэргүүдийг 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд үйлдэж, уг гэмт хэргийн улмаас олсон орлогыг өөрийн амьдралын хэрэгцээнд зарцуулсан болох нь тогтоогдсон байна.

Мөн түүнчлэн шүүгдэгч Т.Л- өмнө нь энэ төрлийн буюу залилах гэмт хэрэгт шүүхээс ял шийтгүүлж, хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан байх үедэээ дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Т.Л- “... прокурор хэт нэг талын барьж, шаардлагатай зүйлийг тодруулаагүй атлаа амьдралын эх үүсвэрээ болгосон гэж хүндрүүлэн зүйлчилсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэргийг сайн дураар илчилсэн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх талаар заасан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, надад оногдуулсан хорих ял, дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү...”,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж “...шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолыг танилцуулаагүй, хэргийг шүүхэд шилжүүлэх санал, прокурорын танилцуулга, шийтгэх тогтоол дахь Т.Л-ийн үйлдэл, хохирлын хэмжээ нь өөр хоорондоо зөрүүтэй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Л-ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, бусдад учруулсан хор уршиг зэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул түүний гаргасан давж заалдсан гомдлын дагуу ялыг болон дэглэм хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.

Мөн өмгөөлөгчийн гомдолд дурьдсан “мөрдөгчийн танилцуулга дахь үйлдлийн тоо, хохирлын хэмжээ нь хэргийг шүүхэд шилжүүлэх мөрдөгчийн саналтай зөрүүтэйгээс хохирлыг зөв тогтоож чадаагүй” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд мөрдөгчийн дээд шатны албан тушаалтан болон шүүхээс бусад албан тушаалтанд бичсэн хэргийн талаарх танилцуулгыг шүүх нотлох баримтаар үнэлэхгүйгээс гадна хуульд заасан нотлох баримт биш юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх нэр бүхий 26 хохирогчид учирсан хохирлыг үндэстэй зөв тогтоосон боловч шүүгдэгч Т.Л-ийн дээрх үргэлжилсэн үйлдлүүдийн улмаас нийт хохирлыг дурьдаагүйг давж заалдах шатны шүүх 31.858.500 төгрөг гэж зөвтгөн тогтоосон болно.

Энэ нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ баримт биш бөгөөд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах хэмжээ хязгаарыг зөрчсөн явдал болохгүй юм.     

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 1098 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Л-, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 1098 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Л-, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ