| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2023/0075/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/159 |
| Огноо | 2023-02-02 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Р.Мягмардорж,
шүүгдэгч Н.Н..............уу нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0206 619696 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Дархчуул овогт Н..............гийн Н..............уу, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, “................................................... урьд
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ял,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 662 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэр хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Н..............уу нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ............................. тоотод байхдаа иргэн М.А.............................оогийн итгэмжлэн хариуцуулсан “ХААН” банкны картаас 1.300.000 төгрөгийг авч завшсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Н.Н..............уу нь “............... ажиллаж байхдаа 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр компанийн захирал М.А.............................оогийн эзэмшлийн “ХААН” банкны виза картыг итгэмжлэн хариуцаж байсан мөртөө мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ............... Хаан банк хаягт байрлах АТМ542 дугаартай АТМ-аар үйлчлүүлж 20 цаг 33 минутад 800.000 төгрөгийн зарлагын, 20 цаг 36 минутад 500.000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийж нийт 1.300.000 төгрөгийг завшсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Хохирогч М.А.............................оогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ............................. тоотод байхад ...............” ХХК-ийн байран ажиллаж амьдарч байсан Н.Н..............уу гэх залуу манай компанид 1 жил орчим цонх хийдэг байсан юм. Манай ажилтан учраас итгээд өөрийн эзэмшлийн хаан банкны 5005...4069 тоот дансны картаа өгч явуулаад дэлгүүрээс ойр зуурын зүйл авхуулдаг байсан болохоор картын нууц дугаарыг мэддэг байсан. Энэ өдөр би өглөө дэлгүүр ороод ир гээд картаа өгөөд явуулсан чинь тэр чигтээ авч яваад авчирч өгөөгүй, орой 20 цаг 33 минутад 500.000 төгрөг, 20 цаг 36 минутад 800.000 төгрөгийг зарлага хийж нийт 1.300.000 төгрөг авсан байгаа...би картаа нэхэмжлэхгүй, дахин шинэ карт аваад ашиглаж байгаа...1.300.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
- ХААН банкны албан бичигт: “...5005..4069” тоот данснаас 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр СХД 7-р хороо ............... Хаан банк хаягт байрлах АТМ542 дугаартай АТМ-аар 20 цаг 33 минутад 800.000 төгрөгийн зарлагын гүйлгээ, 20 цан 36 минутад 500.000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдэх үеийн камерын хяналтын бичлэгийг хүргүүлэв...” гэх баримт (хавтаст хэргийн 33),
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Тус бичлэгийн CH2_2022-06-10_20-32-20_2022_06_10_20_37_00_S1 бичлэгийг тоглуулахад тус бичлэгийн 2022.06.10 20.32.52 секунтэд зүүн талд хар өнгийн цамцтай, мөнгө тоолж байгаа хүн зогсож байна, баруун талд хар өнгийн юүдэнтэй цамцтай, юүдэнгээ толгой дээрээ өмссөн, хаан банкны АТМ-рүү виза карт хий байгаа хэсгийг харуулав.
CH2_2022_06_10_20-32-20_2022_06-10-20_37-00_S1 бичлэгийг тоглуулахад тус бичлэгийн 2022.06.10 20.33.46 секунтэд хар өнгийн юүдэнтэй цамцтай, юүдэнгээ толгой дээрээ өмссөн залуу дансны үлдэгдэл шалгаад гараад дахин ороод пин код хэсэг рүү нэвтэрч байгаа хэсгийг харуулав.
CH2_2022-06-10_20-32-20_2022_06-10-20_37-00_S1 бичлэгийг тоглуулахад тус бичлэгийн 2022.06.10 20.34.22 секунтэд хар өнгийн юүдэнтэй цамцтай, юүдэнгээ толгой дээрээ өмссөн залуу дансны үлдэгдэл шалгаад гараад дахин ороод пин код хэсэг рүү нэвтэрч ороод харагдах байдлаар бэлнээр 500.000 төгрөг авах гээд мөнгө дүн хийгээд АТМ-ээс мөнгө авч байгаа хэсгийг харуулав.
CH2_2022-06-10_20-32-20_2022_06-10-20_37-00_S1 бичлэгийг тоглуулахад тус бичлэгийн 2022.06.10 20.34.59 секунтэд хар өнгийн юүдэнтэй цамцтай, юүдэнгээ толгой дээрээ өмссөн залуу дансны үлдэгдэл шалгаад гараад дахин ороод пин код хэсэг рүү нэвтэрч ороод харагдах байдлаар бэлнээр 500.000 төгрөг авах гээд мөнгө дүн хийгээд АТМ-ээс мөнгө авсны дараа дахин картаа АТМ-д хийгээд пин код хэсэг рүү нэвтэрч, дахин дахин оролдож, мөнгөн дүн хийх цэс дээр харагдах байдлаар 800.000 төгрөг хийж байх ба мөнгөө авах гээд хүлээж байгаа хэсгийг харуулав...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-30 дахь тал),
Шүүгдэгч Н.Н..............уугийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр..захирал А.............................оо архи уучихсан байж байхдаа надад ХААН банкны виза картаа өгөөд дэлгүүр рүү яваад архи аваад ир гэхээр нь би картыг нь аваад тэр чигээрээ авч орой найзтайгаа уулзаж пиво ууж сууж байгаад салаад шууд Баянхошууны хуучин эцэс дээр байрлах хаан банкны АТМ ороод АТМ-ээс 500.000, 800.000 төгрөгөөр хоёр удаа хувааж нийт 1.300.000 төгрөг аваад тухайн авсан мөнгөө идэж уух юм шоу цэнгээнд үрээд дуусгачихсан...” гэх (хавтаст хэргийн 72-74 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н..............уу нь “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Н..............уу нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Н.Н..............уу нь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хохирогч М.А.............................оогийн картаас 1.300.000 төгрөгийг авч завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буйг ойлгодог.
Тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдийн хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтдаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур тул онцгой анхааран үзэх шаардлагатай байдаг.
Тиймээс шүүгдэгч Н.Н..............ууг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас А.............................оод 1.300.000 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд шүүгдэгч Н.Н..............уугаас хохирол болох 1.300.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж хохирогч М.А.............................оод олгох нь зүйтэй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Н.Н..............ууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчээс 1.300.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч Н.Н..............уу нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Н.Н..............уу нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч болон шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 36, дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), “Начу Соёмбо” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 49-50 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд шүүгдэгч Н.Н..............ууд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Тодруулбал шүүгдэгч Н.Н..............уугийн хувийн байдлын хувьд тэрээр бусдын эд хөрөнгийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс шийтгэх тогтоол гарах хүртэл хохирол, хор уршгийг барагдуулах талаар арга хэмжээ аваагүй, өөрийнх нь хүсэлтийг үндэслэн шүүхээс хохирол төлөх 5 хоногийн завсарлага өгөхөд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тул дээрх ялыг оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүхээс шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 6 сарын хугацаагаар тогтоосонтой холбогдуулан түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дээрх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0206 61996 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD ирснийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дархчуул овогт Н..............гийн Н..............ууг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н..............ууд оногдуулсан 6 (зургаа) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н..............уугаас 1.300.000 (нэг сая гурван зуун мянган) төгрөгийг гаргуулж хохирогч А.............................оод олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD ирснийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаанд хэрэгт үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Н..............ууд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ