Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/259

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Ц.Сайнзаяа,

шүүгдэгч *** түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас *** овогт ***ийн ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2305002240164 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, *** оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ***  дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө *** дүгээр байр *** тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг *** дугаар хороо *** дугаар байр 307 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***ийн ***.

 

Шүүгдэгч *** нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** ХХК-ны *** нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан ***ыг өөрийн эзэмшлийн I phone 13 pro max загварын гар утсаа барьцаанд тавьж буй мэтээр хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон улмаар 2,900,000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мэдүүлэхдээ: “2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр энэ хэрэг болсон. *** манай ломбардаар үйлчлүүлсэн. Тухайн үед гар утсаа ломбардад тавина гэж хэлээд гэрээ байгуулсан. Дараа нь дансаар мөнгө авна гэж хэлээд шилжүүлж авсан. Найзтайгаа гялс утсаар яриад ороод ирье, найз маань ирчихвэл утсаа буцаагаад авчих юмаа гэж хэлээд гарсан. Анх зөвшөөрөл аваагүй гарсан. Тэр хооронд нэг үйлчлүүлэгч орж ирээд үйлчлүүлж байхад гараад явсан байсан. Би залгахад найзтайгаа уулзаад ирье гэж хэлэхээр нь би за гэж хэлсэн. Тэгээд авчирч өгөөгүй. 5 дахь өдөр хүртэл хүлээсэн. Тэгээд манай захирал цагдаад өг гэж хэлсэн. Тэгтэл цагдаа 1 дэх өдөр хүртэл хойшлуул гэж хэлсэн. 2,900,000 төгрөгийн хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна” гэв.

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 13-16 дахь тал/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, зургийн үзүүлэлтүү /хэргийн 17-24 дэх тал/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын “2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн орчимд би Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** ломбарданд ажлаа хийгээд байж байх үед *** манай ломбардад орж ирж өөрийн I phone 13 pro max загварын гар утсаа 2,900,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Мөнгийг нь би *** тоот ***ийн данс руу 32507 гэсэн гүйлгээний утгатайгаар 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн. Тэгээд утсаа барьцаанд тавьсны дараа утсыг нь лацадчихсан байхад *** би нэг хүнтэй утсаар ярьчхаад өгье гэж хэлэн утсаа аваад утсаар ярьж байсан. Тэр хооронд манай ломбарданд 2 хүн орж ирээд би тэр хоёр хүнд үйлчилж байх хооронд *** утсаа аваад гараад зугтаачихсан. Тэгэхээр нь араас нь залгатал би автобусны буудал дээр байна, одоо орлоо гэхээр нь хүлээгээд орж ирээгүй. Дахиад хэсэг хугацааны дараа залгахад за одоо очлоо гээд бас ирээгүй. Энэ мэтээр ***ийг олон хоног хүлээгээд ирэхгүй сүүлдээ утсаа авахгүй таг алга болчихсон. Сүүлд 10 дугаар хороололд гэрт нь очиж үзэхэд байраа өөр хүмүүст түрээсэлчихсэн байсан.

... Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34 дэх тал/

 

***ийн яллагдагчаар өгсөн “... Би гэм буруугаа ухамсарлаж ойлгосон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 51 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** ХХК-ны *** нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн эзэмшлийн I phone 13 pro max загварын гар утсаа барьцаалан зээлийн үйлчилгээ авахаар оржээ.

Улмаар уг газрын ажилтан ***тай шүүгдэгч *** нь I phone 13 pro max загвар гар утсыг 2,900,000 төгрөгөөр барьцаалан зээл авахаар тохиролцсоны дагуу шүүгдэгч ***ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данс руу 2,900,000 төгрөгийг шилжүүлжээ.

Үүний дараа ажилтан *** нь барьцааны зүйл болох нь I phone 13 pro max загвар гар утсыг хадгалахаар лацдах явцад шүүгдэгч *** нь “утсаар ярьчихаад өгье” гэж худал хэлэн буцаан авчээ.

Энэ үед тус барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлэхээр иргэд орж ирсэн ба шүүгдэгч *** нь өөрийн эзэмшлийн I phone 13 pro max загварын гар утсаа  аван гарч явжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль алин нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг ба шүүгдэгч *** нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгон эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсангэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

*** ХХК-д 2,900,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүгдэгч ***ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч *** нь *** ХХК-д учирсан 2,900,000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан талаар эрүүгийн хариуцлагын хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мэдүүлэхийн зэрэгцээ 2,900,000 төгрөгийг төлсөн баримтыг гарган өгсөн тул шүүгдэгч ***ийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч ***т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял” оногдуулах дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуунаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгон эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***ийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ***ийг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ