Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар  2023/ШЦТ/170

 

  

 

    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Б.Ундрах,

хохирогч Н.Н.................аа,

шүүгдэгч О.С.................л

гэрч П.Э...............р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0133 61607 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Чонос овогт О...............рын С.................л, Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1995 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “................. ХХК-нд худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..........................................................., урьд ял шийтгэл

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014  оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 119/55 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 27 хоногийн хорих ялыг өршөөн хассан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний 750.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, түүний 50 хоног цагдан хоригдсон хугацааг 750.000 төгрөг тооцож ял эдэлсэн тооцсон.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1718 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.С.................л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 01-02 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ................. иргэн Н.Н.................аатай тухайн үед үүссэн асуудлаас болж хоорондоо маргалдаж, улмаар түүний нүр болон бие рүү нь гараараа цохиж, зодон хоолойг нь боож биед нь хамрын ясны хугарал, дух, зүүн нүд, хоншоор, уруул, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, баруун зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун зүүн нүдний алимын салстад цус хурвалт, хамрын баруун угалзанд зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд цус хуралт шарх, хүзүүнд цус хуралт, баруун дал, нуруунд зулгаралт, зүүн шилбэ тойгны хонхорт зулгаралтууд, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Мөн дээрх хугацаанд буюу хохирогч Н.Н.................аагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсны дараа ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр түүний эзэмшлийн Тоёота харриер маркийн авто машины урд салхины шил рүү будагтай сав шидэж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсний улмаас 350.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч О.С.................л нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр найз Н.Н.................аагийн зуслан болох Сонгинохайрхан дүүргийн ................. найзуудын хамт очиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Ийнхүү согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхдаа найз Н.Н.................аатай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 02 цагт биед нь халдаж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, дух, зүүн нүд, хоншоор, уруул, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, баруун зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун зүүн нүдний алимын салстад цус хуралт, хамрын баруун угалзанд зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд цус хуралт шарх, хүзүүнд цус хуралт, баруун дал, нуруунд зулгаралт, зүүн шилбэ тойгийн хонхорт зулгаралтууд, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

Ийнхүү Н.Н.................аагийн эрүүл мэндэд халдаж хөнгөн гэмтэл учруулсны дараа түүний эзэмшлийн Toyota маркийн Harrier XU-30 загварын 4553УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил рүү будагтай сав шидэж салхины шилийг цуулж ашиглах боломжгүй болгосон гэмтэл учруулсны улмаас 350.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- СХДЦГ ЦХ-1 Шуурхай удирдлагын тасгийн PCNF12255648 дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн....99977709 Дуудлага хүлээн авсан...2022.06.18, 10:14:44 минут...Дуудлагын утга...Өчигдөр шөнө 02 цагийн үед О.С.................лд зодуулсан...одоо гэмтлийн эмнэлэг дээр хөмсгөндөө 10 оёо тавиулаад нүдний аяган яс цөмөрсөн юм шиг байна гээ үзүүлээд явж байна ...” дуудлагын хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал)

-Хохирогч Н.Н.................аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтийн богдын аманд 2 хуурай ахынхаа хамт зуслангийн газартаа хувийн байшин барьж байгаа юм. 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр манай найз С.................лтай утсаар ярихад ойр зуурын юм ярилцаад би С.................лыг завтай бол хүрээд ирэх үү гэтэл С.................л за ажлаа тарчхаад яваад очъё гээд 17 цаг өнгөрч байхад С.................л нэг үл таних залуу, 2 үл таних эмэгтэйн хамт манай зуслангийн байшинд ирсэн. Тэгээд С.................л дэлгүүр ороод архи, пиво авчраад би С.................л болон С.................лтай хамт ирсэн 3 хүний хамтаар байшингийнхаа зүүн талд уулын энгэрт очиж архи ууцгааж байгаад шөнө 2 цагийн үед буцаж байшиндаа ирээд С.................л бид 2 маргалдаад чи harrier унаад, iphone  13 барихаараа өөр болдог юм уу, чи их өөр болжээ, гэж хэлээд намайг зодоод байсан...намайг газар унагаагаад дээр сууж байгаад зодоод байсан...С.................л миний машины урд талын салхины шилийг хагалаад хаячихсан байсан...С.................л миний нүүр хэсэг рүү гараараа цохиод байсан, нүүр, гуя, хавирга рүү өшиглөсөн, ард гарч ирээд хоолой боогоод би боолт хийдэг гээд орилоод байсан хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй байна...би зодуулсандаа гомдолтой байна, машиныхаа урд салхины шилийг янзлуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12 дахь тал),

- “...Миний машины урд салхины шил болон урд копут руу цагаан савтай ягаан шингэн зүйлийг шидэж шил хагалж машины урд копут, болон урд талын зөв талын хаалга руу ягаан юм үсэрч зураас үүссэн, угаахаар арилахгүй байгаа. Машинаа өнгөлүүлэх шаардлагатай байна. Би салхины шилээ 350.000 төгрөгөөр солиулсан. Машин өнгөлөхөд 400.000 төгрөг болно гэсэн. Мөн би томографын 240.000 төгрөгөөр харуулсан. Би С.................лаас машины шил болон өнгөлгөөний нийт 750.000 төгрөг эмчилгээний 240.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал)

- “...Миний тээврийн хэрэгсэл болон миний эрүүл мэндэд учирсан хохирол 800.000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад өөр нэмж нэхэмжлэх хохирол байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал)

- Гэрч П.Э...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.................л гэх найз нь Н.................аагийн дээр нь гарчихсан зодож байхаар нь би болиулахад Н.................аа машинаасаа алчуур аваад би гар, нүүр рүү нь ус хийж өгөөд унгаалгаж байтал С.................л шар өнгийн устай саваар Н.................аагийн толгой руу дээрээс нь нэг удаа цохихоор нь би болиултал будагтай хуванцар сав аваад машиныхан салхины шил рүү шидчихээр нь би Н.................ааг байшинд оруулж хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8841 дугаартай дүгнэлтэд: “...Хэсэг газрын үзлэгт Зүүн хөмсөгний урд доод хэсгээс хагас дугуйрч зүүн хөмсөгний дунд хэсэг хүрсэн хагас дугуйрсан 4.0см мэс заслын оёдол бүхий хавдаж, улайсан, чинэрсэн шархтай. Баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нурууны хэсгийг хамарсан 13.0х5.0см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, цус хурсан хэсгээр чинэрч хавдсан. Баруун зүүн нүдний алимны салстад улаан ягаан цус харвалттай. Хамрын нуруу тэмтрэхэд эмзэглэлтэй, гар хүргэхгүй, хамрын амьсгал 2 талд саадтай. Хамрын баруун угалзанд 1.0х0.1см улаан хүрэн өнгийн зулгаралттай. Эрүүний зүүн дээд хэсэг дунд хэсгээр хавдсан ам бүрэн ангайхгүй, амны ангайлт 3.5см, шүдний зуулт жигд биш, зүүн завжинд хөхөлбөр өнгийн цус хуралттай, цус хуралтын голд цайвар ягаан өнгийн цус шүүрсэн шархтай. Хүзүүний зүүн дээд хэсэг, хүзүүний баруун ард дээд хэсэгт улаан хүрэн өнгийн цоохортсон цус хуралттай. Баруун далны дээд хэсэгт 3х3см, дунд 3х2см, нурууны дунд хэсэгт 3х1см улаан хүрэн өнгийн зулгаралттай. Зүүн шилбэний ард дунд хэсгээс тойгны хонхор хүртэл 10х3см улаан ягаан өнгийн зураасан зулгаралттай.

ГССҮТ-н 2022 оны 6 дугаар сарын 18-ны үзлэгт: Онош: Хамрын ясны хугарал зөөлөн эдийн няцрал, тархи доргилт нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт няцарсан шарх.

2022 оны 6 дугаар сарын 18-ны Лазер мед эмнэлгийн цээжний КТГ: Гэмтлийн гаралтай өөрчлөлтгүй.

2022 оны 6 дугаар сарын 18-ны Лазер мед эмнэлгийн Толгойн КТГ: Хамрын зүүн хажуу хананд 0.1х0.1см хэмжээтэй ясны сэлтэрхий үүсгэсэн зөрөөтэй хугаралтай, духны зүүн хажуу зүүн нүдний эргэн тойронд зүүн хоншоорын хөндий, уруул, хоншоор хамар хэсгийн зөөлөн эдэд хаван хавдартай, духны урд хэсэгт зөөлөн эдэд хэвийн...ДҮГНЭЛТ

1. Н.Н.................аа-н биед хамрын ясны хугарал, дух, зүүн нүд, хоншоор, уруул, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун зүүн алимны салстад цус харвалт, хамрын баруун угалзанд зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд цус хуралт шарх, хүзүүнд цус хуралт, баруун дал, нуруунд зулгаралт, зүүн шилбэ тойгны хонхорт зулгаралтууд, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов.

4. Шинэ гэмтэл байна.

5. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал),

- Тэнцвэр Эстимэйт ХХК-ний Хөрөнгө үнэлгээний 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1313 дугаартай хөрөнгө үнэлгээний тайланд: “...Тоёота харриер маркийн авто машины салхины шил...350.000 төгрөг...Капот зурагдаж будаг халцарсан...150.000 төгрөг, зүүн хаалга буфер рүү будаг цацарсан...өнгөлөх...60.000 төгрөг...нийт 560.000 төгрөг...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт 1-д “...тээврийн хэрэгслийн урд салхины шилний цууралт нь салхины шилний зүүн урд дээд өнцөг буюу зүүн талаас 20 орчмын зайд, салхины шилний дээд өнцгөөс 2 тийш (зүүн доод, баруун доод) салаалан цуурсан, баруун талын салаалсан цууралт нь тээврийн хэрэгслийн баруун доод булангийн чигтээ буюу зүүнээс баруун доош чиглэлтэй цууралттай...”, гэрэл зургийн үзүүлэлт 2-д “...тээврийн хэрэгслийн жолооны хүрд баруун талдаа байрлалтай, тээврийн хэрэгслийн зогсоолын тоормосны гишгүүр, ажлын тоормосны гишгүүрийн зүүн талд байрласан...” хавтаст хэргийн (хавтаст хэргийн 109 дэх тал) 

- Гэрч Д.Г.................гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ган автоа шил ХХК-ний үйл ажиллагаа хариуцан ажилладаг, манай байгууллага бүх төрилйн авто машины хагарсан цуурсан шилийг сольдог юм...тухайн тээврийн хэрэгсэл 2022 лгы 7 дугаар сарын 03-ны өдөр манайхаар шилээ солиулсан 350.000 төгрөгөөр солиулсан...Манайх хагарсан цуурсан сольсон шилийг хогийн машинд ирээд ачаад явдаг хашаа хаясныг нь мэдэхгүй байна...Зурагнаас харахад дээд хэсгээсээ доошоо цуурч олон тал руу цуурсан байгааг харахад өөрөө хагарах боломжгүй ямар нээн эд зүйл шийдэж байж хагарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 189 дэх тал),

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарт “...Улсын дугаар 4553 УБЯ, Марк, загвар Toyota Harrier-XU30, ...өмчлөгч Ц.Н.................аа...” гэх баримт (хавтаст хэргийн 191 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэг мөрдөн байцаалтад шүүгдэгч О.С.................л нь “...Н.................аагийн машины шилийг ямар нэгэн байдлаар хагалж гэмтээсэн зүйл байхгүй...” гэж (хавтаст хэргийн 57-59 дэх тал)

- Гэрч С.Сайнзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.................аа согтуугаар машинаа бариад нааш цаашаа бартаатай замаар яваад байсан, тэр үедээ л машиныхаа шилийг хагалж, машинаа эвдэж гэмтээсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

- Гэрч Ё.Са..................жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.................аа согтуугаар машинаа бариад нааш цаашаа бартаатай замаар яваад байсан, тэр үедээ л машиныхаа шилийг хагалж, машинаа эвдэж гэмтээсэн байх. ... машинтайгаа маш хурдтай нааш цаашаа яваад, ховилтой замаар үсэргээд байсан бөгөөд С.................л боль удаа яв гээд хурдаа хасахгүй болохоор нь зогсоолын гар тоормосыг нь татаж зогсоосон зүйл байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал) зэрэг нотлох баримтууд нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт 2-оор үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн зогсоолын тоормос хоёр суудлын голд бус тээврийн хэрэгсэл жолоодогч этгээдийн хөлийн ажиллагаагаар ажилладаг болох нь илэрхий тодорхой байна. Нөгөө талаар дээрх асуудлыг харсан үзсэн гэх гэрч нар нь шүүгдэгчийн хамт очсон найз нөхөд байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон нотлох баримтаар тооцох шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.С.................л нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9466 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч О.С.................л нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Н.Н.................аагийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг

Мөн  тэрээр дээрх хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.Н.................аагийн тээврийн хэрэгслийн салхины шилийг шууд санаатай үйлдлээр эд зүйл шидэж дахин ашиглах боломжгүй болгож 350.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.С.................лыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”,  “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н.................аа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 240.000 төгрөг, тээврийн хэрэгслийн шилийг 350.000 төгрөгөөр худалдаж авч, тээврийн хэрэгслийг засуулахад 210.000 төгрөг (хавтаст хэргийн 110 дахь тал) зарцуулж, хохирогч Н.Н.................аад Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар авсан зардалд 214.000 төгрөгийн хохирол хор уршиг учирчээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ...буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө.” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч О.С.................лаас дээрх хуульд заасны дагуу бусдад учруулсан хохирол хор уршигт нийт 1.014.000 төгрөгийг хуульд заасан хугацаанд гаргуулж хохирогч Н.Н.................аад 800.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 214.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч О.С.................лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулж оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялуудыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч О.С.................л нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч О.С.................лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 99, 100 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 101 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 102-103 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 62-66, 69-80, 88-91 дэх тал), MARKET Gate ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 104 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 Тиймээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан О.С.................лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 420 цагийн хийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар О.С.................л нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн наймаас дээшгүй хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0133 61607 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чонос овогт О...............рын С.................лыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

- Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч О.С.................лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 (дөрвөн зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С.................лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 720 (долоон зуун хорь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С.................лд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С.................л нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд анхааруулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.С.................лаас 1.014.000 (нэг сая арван дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Н.................аад 800.000 (найман зуун мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 214.000 (хоёр зуун арван дөрвөн мянга) төгрөг тус тус олгосугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ