Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/301

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Ганзаяа,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас *** овогт ***ийн ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2305000000036 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын *** -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хүнд машин механизмын оператор ажилтай, ам бүл 5, эцэг, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо хайрхан *** гудамж *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***ийн ***.

 

Шүүгдэгч *** *** нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сөөхий гутлын дэлгүүрийн 28 тоот лангуунд худалдан борлуулж байсан хохирогч М.***гийн эзэмшлийн 2 хос гутлыг худалдаж авна гэж итгүүлэн, улмаар надаас 200,000 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “ ... Хохирогчоос авсан хоёр пүүзийг уутанд хийн лангууны урд зогсож байх үеийг харуулав” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 11-12 дахь тал/

Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /хэргийн 14 дэх тал/

 

Хохирогч М.***гийн “... Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өөрийн ажил болох Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сөөхий гутлын дэлгүүрийн 28 тоот лангуун дээрээ байж байхад 17 цагийн үед 20-25 орчим насны залуу ирээд Air force загварын гутал байна уу гээд асуухаар нь нэг гутал авч үзүүлэхэд саарал цамцтай залуу нь өмсөж үзээд авахаар болсноо гэнэт хоёулаа гутал авахаар болсон.

Гутлаа авна гэхээр нь би хоёр хос гутлыг нь хайрцаганд хийж өгөхөд саарал цамцтай нь хайрцагтай гутлаа аваад түрүүлээд явсан. Харин үлдсэн хар куртиктэй улаан цоохор пүүзтэй залуу нь би одоо тань руу мөнгийг чинь шижлүүлье гээд нэлээн олон минут болоод мөнгө нь орж ирэхгүй болохоор нь би хажуудаа мөнгө чинь орж ирээгүй байна, мөнгөө орж ирэхээр яв гээд хажууд нь байгаад байсан. Тэгэхэд хар куртиктэй залуу нь миний данснаас гарчхаад байхад яахаараа таны данс руу ороогүй байдаг юм гээд уцаарлахаар нь би Хаан банкны лавлах руу залгаад миний дансанд 200,000 төгрөг орсон уу, байна уу гэж асуухад Хаан банкны ажилтан нь гүйлгээний утга нь мэдэгдэхгүй 200,000 төгрөг орсон байна гэж хэлэхээр нь би нөгөө хар куртиктэй залуугийн хэлсэн 86862990 дугаар руу залгаад нөгөө залуугийн утасны дэлгэц рүү харахад миний дугаар гарч ирэхээр нь би утсыг нь тэмдэглээд аваад үлдсэн.

Тэгээд орой ажил тарахын алдад орлогоо шалгаад янз бүрээр үзэхэд ялтгүй 200,000 төгрөг дутаад байхаар нь Хаан банк руу залгаад 200,000 төгрөг чинь ерөөсөө ороогүй байна гэхэд банкны ажилтан таны дансанд ерөөсөө мөнгө ороогүй юм байна, би зарлага, орлого хоёрыг чинь андуурчихсан байна лээ гэж хэлсэн. Маргааш нь 86862990 утас руу зөндөө залгахад эхлээд холбогдохгүй байснаа нэлээн орой 22 цагийн алдад утсаа аваад яахаараа надаас гарчихсан мөнгийг одоо дахиж асуугаад байгаа юм, би Хаан банк руу залгаж асууж лавласныхаа дараа таньтай холбогдъё, би подвальд ажилладаг болохоор миний утас холбогдохгүй байгаа юм гэсэн. Мөнгө нь 2-3 хоног ороогүй. Тэгтэл над руу өөрөө залгаад та над руу дансаа мессэжээр явуулчих гээд миний дансыг авсан. Тэгээд сураг тасарсан. Таны мөнгийг удахгүй хийнэ гээд худлаа яриад байхаар нь би цагдаад хандсан.

Хар куртиктэй өндөр залуу нь хар масктай байсан. Түрүүлж гутал аваад гарсан саарал цамцтай, хар хантааз өмссөн залуу нь цагаан масктай байсан. Маскаа маш дээгүүр зүүсэн бараг нүд нь л харагдаж байсан. Ямар ч байсан хараад бол сайн танихгүй. Надтай яриад байсан хар куртиктэй залууг бол дуу хоолойгоор нь таньж мэдэх боломжтой.

Би одоо залилуулсан 200,000 төгрөгөө эргүүлж авсан тул ямар нэгэн гомдол санал бол байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22-23 дахь тал/

 

Ашид билгүүн ХХК-ны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн №ТХҮ-723 дугаартай “... Air Jordan загварын пүүзийг 180,000 төгрөг” гэсэн дүгнэлт. /хэргийн 40-42 дахь тал/

 

***ийн яллагдагчаар өгсөн “... Сөөхий гутлын дэлгүүрийн 1 давхарт 100,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг Nike брэндийн пүүзийг худалдаж аваад би Хаан банкны интернэт банкаараа захиалгат гүйлгээ гэж хуурамж гүйлгээ үзүүлээд гарсан.

Тухайн мөнгийг нь маргааш нь шилжүүлье гэж бодож байгаад орж ирсэн. Мөнгөө өөр зүйлд өгөөд хугацаа алдсан юм. Тухайн эгчтэй утсаар холбогдож байсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 46-47 дахь тал/

***ийн яллагдагчаар өгсөн “... Миний бие 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр найз ***тэй хамт хорооллын Сөөхий гутлын дэлгүүрийн 1 давхарт 100,000 төгрөгийг үнэтэй 2 ширхэг Nike брэндимйн пүүзийг худалдаж аваад *** Хаан банкны интернэт банкаараа захиалгат гүйлгээ гэж хуурамч гүйлгээ үзүүлээд аваад гарсан. Уг санааг бид хоёр хоорондоо ярилцаж байгаад л гаргасан.

Тухайн мөнгийг нь маргааш нь шилжүүлье гэж бодож байгаад орж ирсэн мөнгөө өөр зүйлд өгөөд хугацаа алдсан юм. *** өөрийнхөө утсыг үлдээсэн байсан бөгөөд тухайн эгчтэй утсаар холбогдож байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 46-47 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь бусадтай 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр урьдаас тохиролцож, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сөөхий гутлын дэлгүүрийн 28 тоот лангууг ажиллуулж байсан М.***гээс Nike брэндийн 2 хос пүүзийг авахдаа хэлэлцсэн тохиролцсон үнийг төлөх мөнгөгүй мөртлөө *** нь миний Хаан банкны данснаас 200,000 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан байна гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон Nike брэндийн 2 хос пүүзийг авч явжээ.

          Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль алин нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч *** нь бусадтай бүлэглэн бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг шунахайн сэдэлт, зорилгоор хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож шилжүүлэн авсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан ба хохирогч М.***д 180,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн №ТХҮ-723 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.*** гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нэхэмжлэл бүрэн хангагдсан талаар “Би одоо залилуулсан 200,000 төгрөгөө эргүүлж авсан тул ямар нэгэн гомдол санал бол байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23 дахь тал/ өгсөн нь хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч ***ийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн 2305000000036 дугаартай хэргээс ***т холбогдох хэргийг тусгаарласан болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***ийг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ***ийн цагдан хоригдсон 12 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй буюу 15,000 төгрөгөөр тооцож нийт 180,000 төгрөгийг хасаж, торгох ялыг 420,000 төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***ийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ***ийг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, *** гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн 2305000000036 дугаартай хэргээс ***т холбогдох хэргийг тусгаарласан болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин *** болтол ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ