Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2019/00561

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 27 өдөр    Дугаар 182/ШШ2019/00561                Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Б.Г ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ш.Б д холбогдуулан

 

5.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов

 

                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

                                                                            

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Ц.А миний бие 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Г ХХК-иар Канад технологийн байшин захиалж бариулахаар харилцан тохиролцож барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллах болсон. Миний захиалан бариулж буй барилгын ажилд оролцож байсан Г ХХК-ийн ажилтан Ш.Б гэх иргэн хувиараа тавилга хийдэг гэдгээ надад илэрхийлсэн бөгөөд улмаар баригдаж буй байшиндаа Ш.Б гоор тавилга захиалж хийлгэхээр тохиролцож 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5.000.000 төгрөгийг түүний банкны  тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн юм. Ш.Б нь тухайн үед барилгыг хүлээлгэж өгөхтэй зэрэгцэн тавилгын ажлыг дуусгаж, угсарч өгөхөөр тохиролцсон боловч хэлэлцэж тохиролцсон хугацаандаа амжаагүй, тухайн үед дутуу, доголдолтой бараа хүлээн авахгүй гэдгээ илэрхийлсэн боловч Ш.Б нь үлдсэн хэсгийг нь тун удахгүй нийлүүлнэ тэгээд угсарч өгье гэж хэлээд үлдээгээд явсан. Хэсэг хугацаанд Ш.Бг хүлээсэн боловч ирээгүй, тавилгын дутуу хэсгийг хэдийд нийлүүлэх, угсарч өгөхийг лавлаж асуухад удахгүй маргааш нөгөөдөр гэсээр худал хэлдэг болсон. Иймд миний зүгээс дутуу, доголдолтой тавилгыг буцаан өгөөд үнийг эргүүлж төлөхийг шаардахад мөн л худал хэлээд алга болсон. Мөн өнгөрсөн хугацаанд өөрийн дүү гэх хүнээр загнаж зандарсан байдлаар яриулдаг, айлган сүрдүүлдэг бөгөөд тавилгын үнийг буцааж өгөхөөс шууд татгалзсан. Уг нэхэмжлэлийг шүүхэд урьд өмнө гаргаж байсан бөгөөд 101/Ш332016/07945 дугаар Шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг эрэн сурвалжлуулах шүүхийн 101/ШШ2018/00671 дугаар шийдвэр гарч улмаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс эрэн сурвалжлуулах ажиллагааг гүйцэтгэсний үр дүнд Чингэлтэй дүүргийн хаягт оршин суугаа нь тогтоогдсон байна. Мөн нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг 11 сарын 27-ны өдөр гаргасан боловч хариуцагчийг уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэх үндэслэлээр 11085 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүхийн мэдэгдэх хуудсыг гардуулах тухайн үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд гэр нь эзэнгүй байсан байна. Одоо хариуцагч Ш.Б нь Чингэлтэй дүүргийн оршин сууж байгаа болох нь тус хорооны Засаг даргын 2018 оны 12 сарын 24-ний өдрийн №8100 албан тоотоор тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж байгаа тул иргэн Ш.Бгоос үндэслэлгүйгээр олж авсан 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Ш.Б миний бие тухайн үед Г ХХК-д барилгын технологичоор ажиллаж Канад технологийн байшин захиалгаар хийж гүйцэтгэж нилээн олон хүнд зээлийн барилгыг доголдолгүй хүлээлгэн өгч байсан. Энэ явцад тус нэхэмжлэгч Ц.А нь байшин бариулахаар компанийн удирдлагатай ярилцсан боловч ойлголцолд хүрээгүй гарсан ч технологич миний бие зөвшөөрүүлэх талаас ярилцан захирлын зөвшөөрлийн дагуу барилгын ажлыг эхлүүлэхээр болсон. Энэ хооронд зураг төсөл бэлтгэх, үнэ тодруулах гэж буцаж яриулсаар тохиролцоонд хүрч барилгын үнийн дүнгийн эхний урьдчилгаа мөнгө болох 5.000.000 төгрөгийг нэхэмжлэгч хувиасаа Ш.Б миний банкны тоот дансанд 2013 оны 11-р сарын 01-ны өдөр шилжүүлснээр барилгын материалыг 11 дүгээр сарын 02-ны өдрөөс татан авч ажлын явц эхэлсэн юм. Ажлын эхний явц дахь материалын тооцоо, зарлага баримт, тухайн өдрийн тэмдэглэл зэргийг нотолгоо баримтаар хавсаргав. Тухайн үед АТМ-ээс бэлнээр авч бэлэн тооцоогоор худалдан авалт хийдэг байсан. Миний бие Ц.А тэй тохиролцсоны үндсэн дээр тавилга хийхээр болсон. Энэ нь цэвэр модоор хийгдэх дараах тавилгууд

1. Хувцасны шкаф - 2*1.8*0,6 3,6м2*0,8=2,8м2 /мкв-ийг 750.000-аар/ = 2.100.000 төгрөг үүнээс хямдруулж 1.200.000 төгрөг

2. Гал тогооны тавилга - 2+0,8=2,8м */1 м-ийг 750.000-аар/ = 2.100.000 төг үүнээс хямдруулж 1.500.000 төгрөг

3. Ор - 1м*1,9м хэмжээтэй машины хэлбэртэй ор 800.000 төгрөг

4.Хүүхдийн ном болон тоглоомын тавиуртай ширээ - 630.000 төгрөг

5. Зурагтын тавиур – 350.000 төгрөг

Нийт 3.600.000 төгрөгөөр тооцож хийсэн ба зах зээлийн үнээс доогуур хийгдсэн. /тухайн үед хийж тооцсон ноорог материалын хуулбарыг хавсаргав/

Тухайн үед тавилгуудыг өөрөө хүргэж, угсарч өгсөн.

Үүнд хувцасны шкаф, гал тогооны тавилга, хүүхдийн ширээ тавиуртай, хүүхдийн ор, зурагтын тавиур. Зурагтын тавиурыг жижгэвтэр байна гээд дахин хийхээр тохиролцсон. Энэ үед дутуу байсан зүйл нь орны матрасын тавиур, орны толгойд тавих нэмэлт тавиур юм. Хувцасны шкаф, гал тогооны тавилганд нэмэлт тавиур нэмж хийлгэхээр ярилцсан ч хийж амжаагүй. Тухайн үед төсөвт ороогүй зардлаар үүдэнд хувцасны өлгүүр, хаалт маягаар хийлгэе гэсэн боловч хийх боломж гараагүй, аливаад үнэнч ханддаг миний хувьд зугтаж, худал хэлсэн тохиолдол байгаагүйг нэмж хэлье.

Уг тавилгыг гүйцээн хийх боломжгүй шалтгаан нь ажлын байрны орчин өөрчлөгдөж, түрээс нэхэгдэн цахилгаан, халаалтгүй болсон. Тавилгыг гүйцээн өгөх ажлын зав олдоогүй, захиалга ихтэй байсан зэргээс хамт ажиллаж байсан хүн гэнэт ажлаасаа гарна гээд ажлынхаа хөлсөнд багаж, хэрэгсэл бэлдэц материалууд авч яваад хүндрэл гаргасан. Биеийн эрүүл мэнд тогтвортой бус муудаж чих шуугих, юм сонсох чадвар улам суларсан. Энэ байдлыг нэхэмжлэгч Ц.А т хэлэхэд Солонгос улсад таны насны хүн бараг залууд тооцогдоно гэж хэлснийг санаж байна. Тухайн үед цэвэр модоор сайжруулж хийж байсан болохоос доголдолтой муу тавилга хийж өгөөгүй гэж бодож байна. Эдгээр тавилгууд тавигдаад бараг 10 cap болсон, өвөл, хавар, зун, намрын эхэн cap өнгөрч байхад утсаар хашхичиж орилон ярьж тэр муу тавилгыг чинь үйлдвэрийн хашаанд аваачаад хаячихсан чи тэр 3 сая төгрөг өгөөдөх гээд ярьж байсан. Түүнд би авахгүй, өгөхгүй гэсэн хариултыг тухайн үед хэлээгүй, хэлэх тэнхээ байгаагүй эмчилгээнд яваад дөнгөж ирж байсан үе байсан. Тавилгыг надад яг нэг бүрчлэн хүлээлгэж өгөөгүй, компанийн хашаанд буулгасан. Тэр үед эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа татгалзаад гарчихсан байсан. Тухайн өдөр миний дүү ахыгаа эмчилгээнд авч яваад гэрт хүргэж ирээд сууж байхад Ц.А ярьж таарсан. Би сонсох чадвар муу байсан учир спикер дээр нь тавьж ярьж байсан. Иймд яриаг сонсож хэн, юу, ямар асуудлаар ярьж байгаа юм бэ? Дугаарыг нь надад өгчих би зохицуулаадхая гээд ярьсан байх, түүнээс цааш юу ярьсан, дахин ярьж дарамталсан талаар би сонсоогүй, хараагүй учраас хэлэх үг алга байна. Би яриулаагүй, сүрдүүлж дарамтлуулаагүй. Харин өөрөө эхэлж орилж хашхичиж ярьж байсныг санаж байна.

Нэхэмжлэгч Ц.А нь тавилгын мөнгийг дансаар бус бэлэн мөнгөөр нарны гүүрний хажууд өөрөө бариад ирж өгч байсан. Энэ мөнгө нь 2-3 сая төгрөг шиг санагдаж байна. Түүнээс тавилгын мөнгө гэж 5 сая төгрөгийг дансаар шилжүүлснийг үгүйсгэж байна. Энэ нь өөр зорилгоор нэхэмжилж байгаа мөнгө болов уу? Барилгын ажлаа эхлээгүй байх үед би түрүүлж тавилга хийхээр ярьж мөнгө авна гэдэг баймааргүй асуудал байна. Миний хувьд хар муу санаа агуулж, ашиг хонжоо олохын тулд албадан энэ барилгыг болоод тавилгын ажлыг гүйцэтгээгүй аль болох боломж бололцоог хайж ажлыг эхлүүлж дуусгасан болно. Эдгээр байдлыг ажиллаж байсан компанийн захиралд хэлж дуулгахад миний байдлыг бодолцож Ц.А ийн барилгын компанид төлөх ёстой үлдэгдэл төлбөрөөс 4 сая гаруй төгрөгийг суутган өгч асуудлыг шийдвэрлэхээр болсон гэдгийг мэдэгдэж байсныг санаж байна. Нэхэмжлэгч Ц.А ийн нэхэмжилж байгаа 5.000.000 төгрөгийг хариуцагч Ш.Б миний банкны тоот дансанд шилжин орсон нь барилгын суурь тавих мөнгөн эхлэл юм. Энэ нь тавилгын мөнгө биш юм. Хүлээн зөвшөөрөхгүй шалтгаан нь барилгыг хариуцан гүйцэтгэгчийн хувьд доголдолгүй дуусгасан. Тавилга нэгэнт эдэлгээнд орж улирал дамнасан байсан. Мөнгө нь эргэлтэд орж тухайн хүнд тавилга хийгдсэн. Зах зээлийн үнээс доогуур хийж өгч, хийсний хөлс бараг бодогдоогүй. Хийсэн тавилгыг өөрийн биеэр өөрт нэг бүрчлэн хүлээлгэж өгөөгүй, өөр газар хаясан, түүний барааг ч хараагүй өнгөрсөн хойно хүнээс дуулж мэдсэн. Тус компанийн захиралд гомдол гаргасан ба түүний дагуу мэдэгдсэнээр мөнгөн дүнгийн үлдэгдэл 4 сая гаруй төгрөг суутган бодож өгсөн учраас түүнийг нь барагдуулсан гэж үзсэн. Миний бие муу, 1 чих 100% сонсголгүй, нөгөө чих 60-70%-ийн сонсголын чадамжгүй аппараттай учраас өөрийн охиныг энэ хэрэгт итгэмжлэн явуулж байгаа юм. Тухайн үед миний хаяг түр хугацаанд бүртгэлтэй боловч оршин суугаагүй байсны улмаас эрэн сурвалжилсны дагуу БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтэст дуудсаны дагуу цаг тухайд нь очиж хаягийн мэдээллээ үнэн зөв өгч байсан. Шүүхийн нэхэмжлэл очих үед өдрийн цагаар манай охин ажилтай гэр эзгүй улмаас буцаагдаж байсан байна. Энэ хугацаанд шуудангийн хүргэгч хороон дээр очиход бүртгэлгүй гэсэн үндэслэлээр буцаагдсан байна. Гэсэн хэдий ч манай охины 2 хүүхэд өвдсөний улмаас 7-10 хоног эмнэлэгт хэвтэж байлаа. Ц.Аээс тавилгын үнэд 5.000.000 төгрөгийг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Ш.Бд холбогдуулан 5.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нь Ц.А нь Г ХХК-иар Канад технологийн байшин захиалж бариулахаар харилцан тохиролцсон. Байшингийн урьдчилгаанд 5.000.000 төгрөгийг төлсөн болохоос биш Ш.Б надад 5.000.000 төгрөгийг өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага нь баригдаж буй байшиндаа Ш.Б гоор тавилга захиалж хийлгэхээр тохиролцож, тавилгын үнэд 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тавилгыг дутуу, доголдолтой хийж гүйцэтгэсэн тул 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлав.

 

2013 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Ц.А нь баригдаж буй байшиндаа хувцасны шкаф, гал тогооны тавилга, ор, хүүхдийн ном болон тоглоомын тавиуртай ширээ, зурагтын тавиур зэргийг хийлгэхээр Ш.Б той амаар тохиролцсон байна. Тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан гэж үзнэ.

 

Уг гэрээгээр Ц.А нь 5.000.000 төгрөгийг ажлын хөлсөнд Ш.Бд шилжүүлсэн гэж тайлбарлаж Ц.А нь өөрийн банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан.

 

Хариуцагч Ш.Б нь тавилга хийлгэх төлбөрт Ц.А нь 5.000.000 төгрөгийг шилжүүлээгүй. Ц.А нь Канад технологиор байшин захиалж бариулахаар харилцан тохиролцсоны төлбөрт 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн болохоос биш тавилга хийлгэх төлбөрт 5.000.000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй, тухайн үед Ш.Б би Г ХХК-ийн ажилтан байсан хэмээн тайлбарлав.

 

Нэхэмжлэгч Ц.А нь Ш.Б оор ямар тавилгыг, хэдэн төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон болох, тавилгын үнэд хэдэн төгрөгийг өгсөн эсэх нь тодорхойгүй, түүнийгээ бичгийн баримтаар нотлоогүй болно.

 

Гэрээгээр талууд хийх ажлын хэмжээ, хугацаа, тоо, чанарын талаар тохиролцоогүй байгаа нь нэхэмжлэгчийн “...тавилгыг дутуу хийж гүйцэтгэсэн тул Г ХХК-ийн хашаанд аваачиж орхисон...” гэх тайлбараар, хариуцагчийн “...тавилгын дутууг хийж гүйцэтгэж өгөх талаар Ц.Ат хэлж байсан, харин дутуу хийж гүйцэтгэсэн гэх тавилгыг надад хүлээлгэн өгөөгүй, би аваагүй...” гэх тайлбаруудаар тус тус тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-т зааснаар талууд ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулахдаа ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, хугацаа, чанарын талаар тохиролцоогүй байх тул зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г болон хариуцагчийн тайлбараар Ш.Б нь 2013 оны 11 дүгээр сарын 01-нд 5.000.000 төгрөгийг авсан гэж үзвэл нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 01 өдөр дуусахаар байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотой төлбөрийг шаардсан, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай өнгөрөөсөн гэх баримтыг болон хөөн хэлэлцэх хугацааг сэргээх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна. 

 

Иймд хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Иймд 5.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.4-д зааснаар хариуцагч Ш.Бд холбогдуулан 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.А ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ДАВААСҮРЭН