Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 04

 

        Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд

        Улсын яллагч Б.Ичинхорол

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг

        Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан   

         Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 12 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1983 оны 01 сарын 20-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин, сантехникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р баг Чойбалсангийн ******* тоотод оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, гавьяа шагналгүй, 2000 оны 4 сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 сарын 06-ны өдрийн 485 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 6 сарын  хорих  ялаар  шийтгэгдэж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 04 сарын 10-ны өдрийн 12 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 27 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, ******* овогт ******* ******* / РД: *******/

               Шүүгдэгч Б.******* нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ Интэрнэшнл” ХХК-ийн талбайгаас 2016 оны 10 сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө машин механизм хэрэглэн 2 ширхэг аккумлятор, 1 ком багаж, 3 ширхэг гагнуурын аппарат, 50 метр кабелын утас зэргийг хулгайлж 2525000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч ******* ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тус компанид 2016 оны 08 сарын 28-нд туслах ажилтнаар ажилд орсон. Тэгээд намайг сайн  ажилласан гэж монгол ажилчдын даргаар томилсон. Би бүх зүйл дээр зааварлаж ажилладаг байсан. Надад өндөр цалин өгнө гэж амалсан. Тэгээд 24-ны өдөр цалин буухад 370 мянган төгрөг бодогдсон байсан.  “Урамшууллын 500 мянган төгрөг яасан бэ” гэхэд энэ сар сайн ажиллавал дараа сард өгнө гэсэн. Тэгэхээр нь би ажлаасаа гараад аймагт ирсэн. Аймагт ирээд ажилгүй 10-аад хоног болсон.  Авсан цалин маань үрэгдээд дууссан. Дараа нь гол дээр  загас барьж байхдаа олон зүйл бодож, сар гаран ажилласан хөдөлмөр минь талаар боллоо гээд нэлээн бухимдсан. Тэгээд таксины зогсоол дээр очоод нэг машинтай тохироод Мардай руу явсан. Очоод хуучин ажиллаж байсан хүмүүстэйгээ таараад “юу хийж яваа юм бэ” гэж надаас асуухад нь “хадлан хадаад явж байна” гээд худлаа хэлсэн. Тэгж байхад гэр дотор ******* орон дээр хэвтэж байсан. Надтай дуугарахгүй байсан. Тэгээд би гэртээ ирсэн. 2 хоног өнгөрөхөөр нь би ******* руу залгаад ажлын багаж чинь надад байгаа гэсэн. Тэгээд ******* ирсэн. Би цуг  дагаж яваад багажийг нь өгсөн. Очиход дарга нар нь “чи яаж байгаа юм” гэхээр нь “та нар миний амьдралын төлөвлөгөөг балласан. Өндөр цалин өгнө гэж амалчихаад мөнгөө өгөөгүй” гэхэд бид чамд 5000 юань зээлдүүлж болох байсан гэж хэлсэн. Хэрвээ би 5000 юань зээлвэл та нарт 3 сар үнэгүй ажиллана гэж яриад нэг их яриа таараагүй.

             Би гагнуурын аппарат 3 ширхэг, аккумлятор 2 ширхэг, ком багаж 1 ширхэг, цахилгааны утас 50 метр зэрэг эд зүйлийг хулгайлсан. 2 хоногийн дараа бүгдийг нь буцааж өгсөн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

             Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …Намайг аймагт ажиллаж байхад манай компаний кэмп дээр ашиглаж байсан багажнуудыг хулгайд алдсан гэж ******* гэх Өвөрмонгол ажилчин надад хэлсэн. …Удахгүй хэд хоногийн дараа хулгайлсан хүн нь манай компанид ажиллаж байсан хүн байсан. Тэр хүн нь ирээд хулгайлсан эд зүйлийг бүгдийг нь авчраад хүлээлгээд өгчихлөө гэж ******* надад хэлсэн. Гагнуурын аппарат 3 ширхэг, аккумлятор 2 ширхэг, ком багаж 1 ширхэг, цахилгааны утас зэрэг алдагдсан гэжээ. /хх-ийн 25-26/

             Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  …2016 оны 10 сарын 09-ний орой … унтах гээд хэвтэж байхад 24 цагийн орчимд …2 хүн гэрэл тусгаад гэрт орж ирэхээр нь хэн бэ гэж ауугаад гэрлээ асаагаад харахад манай ажлын газар ажиллаж байсан ******* ах нэг танихгүй хүнтэй цуг байсан …Тэгээд бид юм ярилцаад сууж байхад орчуулагч өвөрмонгол ******* орж ирэхэд ******* ах нүүрээ нуугаад миний орон дээр суугаад байсан …******* ах цуг явж байсан ахтайгаа гараад явсан. …2016 оны 10 сарын 10-ны өглөө 10 цаг өнгөрч байхад орчуулагч өвөрмонгол ******* орж ирээд “өчигдөрийн 2 хүний нэг нь ******* байсан уу” гэж асуухад нь би “тийм” гэж хэлэхэд “нөгөө хүнийг нь таних уу” гэхэд би “танихгүй, ийн хорооны ах байсан” гэж хэлээд явсан гэжээ. /хх-ийн 28-29/

              Гэрч овогтой мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …2016 оны 10 сарын 09-ний 00 цагийн орчимд ажилчдын амралтын гэр рүү ороход ******* гэх залуу танихгүй залуугийн хамт ирсэн байсан. Тэгээд ******* надаас нүүрээ нуугаад орон дээр сууж байсан. Би , , нарт эртхэн унтаж амраарай гэж хэлээд гараад явсан. Тэгээд өглөө болоход талбай дээрээс эд зүйлс алдагдсан байсан. 2016 оны 10 сарын 12-ны өдөр гэрт нь очиход ******* би танай байгууллагаас хулгай хийсэн юм аа гээд 3 ширхэг гагнуурын аппарат, 2 ширхэг аккумлятор, багажны ком, 50 метр кабелын утас зэрэг эд зүйлсийг надад хүлээлгэж өгсөн гэжээ. /хх-ийн 34-35/

            Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 15, 16/

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18/

            Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 19/

            Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 20/

             Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21/

             Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/

             Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн зохион байгуулагчийн шүүгдэгч Б.*******ын оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 54/ зэрэг нотлох баримтууд болно.

             Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ Интэрнэшнл” ХХК-ийн талбайгаас 2016 оны 10 сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө машин механизм хэрэглэн 2 ширхэг аккумлятор, 1 ком багаж, 3 ширхэг гагнуурын аппарат, 50 метр кабелын утас зэргийг хулгайлж 2525000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн мөрдөн байцаалтад болон  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш., гэрч Э., овогтой нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 15, 16/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 19/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 20/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.******* нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, машин механизм хэрэглэн үйлдэж бусдад 2525000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгчийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон Дорнод аймгийн Прокурорын газраас  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

             Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нь шүүгдэгчийн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаан гаргаагүй болно.

             Шүүгдэгч Б.******* нь уг хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ хулгайн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөх зорилгоор таксинд явж байсан машиныг гуйж хөдөө очиж хулгайн эд зүйлээ ачиж ирсэн явдал нь хулгайн үйлдэлдээ  тээврийн хэрэгсэл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ын хулгайн үйлдэлд машин механизм хэрэглэсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

            Мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч Н.Энхсайхан нь шүүгдэгч Б.*******ын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэх тээврийн хэрэгслийн таксины жолоочийг танихгүй, машины марк, улсын дугаарыг мэдэхгүй гэж мэдүүлсэн учир уг машиныг битүүмжлэх үйл ажиллагаа хийгдээгүй гэсэн тэмдэглэл үйлджээ. Иймд шүүгдэгч Б.*******ын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасан тээврийн хэрэгслийг хураах боломжгүй байна.

             Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн бөгөөд түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй тул түүний эзэмшлийн эд хөрөнгөнөөс 50000 төгрөгийг битүүмжилсэн 2016 оны 11 сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нар нь “шүүгдэгч Б.******* нь 2 охины хамт амьдардаг, эхнэр нь хоёр хүүхдээ орхиод салаад явсан өрх толгойлсон бага насны хүүхэдтэй ганц бие эцэг” гэж мэдүүлж байх боловч энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй, бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа бөгөөд шүүгдэгч Б.******* нь ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг болох нь гэрч Ц. мөрдөн байцаалцад өгсөн “******* нь эхнэр , хүүхэд 4 настай, 2 настай хүүхдийн хамт амьдардаг” гэх мэдүүлгээр / хх-ийн 32/ нотлогдож байна.

             Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг дурдаж, түүний ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй шилжүүлэхээр шийдвэрлэв. 

             Шүүгдэгч Б.******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно.

             Шүүгдэгч Б.******* нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ бага бус, шүүгдэгчийн хувийн зан төлөв зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулах боломжтой байна.    

             Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй тул баривчлах ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

             Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэйгээр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.*******ыг  эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  3 /гурав/ сар, 05 /тав/ хоногийн баривчлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан Б.*******ын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

            4. Ялтан Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүйг дурдаж, түүний  ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй шилжүүлсүгэй.

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Б.*******ын эзэмшлийн хөрөнгөнөөс 50000 төгрөгийг битүүмжилсэн 2016 оны 11 сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг  хүчингүй болгосугай.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан   Б.*******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

             8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Б.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ