Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 1133

 

 

 

 

 

 

 

2019          11            12                                             2019/ДШМ/1133

 

Т.Э-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Энхболд,

цагаатгагдсан этгээд Т.Э,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 536 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлээр Т.Эод холбогдох 1810 0062 60550 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Мянгат овгийн Т-н Э, 1980 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “......................” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, .... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............................../;

Т.Э нь “Санзай зусланд байрлах байшинд цонх хийж өгнө” гэж иргэн О.Цаньлэгийг хуурч 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр түүний оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 60г байрны 60 тоот гэрээс нь мобайл банкаар 1.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5062002839 дугаартай дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас М овгийн Т-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Т.Эыг цагаатгаж, эрүүгийн 1810 0062 60550 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн  хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор П.Энхболд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд Т.Эыг цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

 Үүнд, Т.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна. Т.Э нь хувиараа вакум цонх, хаалганы захиалга авч хийдэг бөгөөд О.Цаньлэгтэй зуслангийн байшингийн хаалга, цонхны хаалтыг хийж өгөхөөр тохиролцсон боловч хугацаа алдсан. Үүний улмаас хохирогч О.Цаньлэг хийлгэхээр тохирсон байсан хаалга, цонх хийлгэх асуудлыг цуцалж мөнгө авах талаар ярилцсан тухай үйл баримт хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Энэ үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй, агуулж чадахгүй гэжээ.

Дээрх үндэслэлийн тухайд, залилах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгө түүний эрхийг хуурах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, урьдын нэр хүнд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн мэдэлд авч буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авахаар хуульчилсан. Шүүгдэгч Т.Эын хувьд өөрийн фэйсбүүк зарын дагуу вакум цонх, хаалга хийж өгөхөөр тохиролцож хохирогчоос 1.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр аваад тохирсон хугацаанд цонхыг нь хийж өгөөгүй, мөнгийг нь одоо болтол өгөөгүй зэрэг нөхцөл байдал нь хохирогчийг фэйсбүүкийг ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 536 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Цагаатгагдсан этгээд Т.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хохирлыг нь байцаагч дээр байцаагдаж байхдаа төлсөн байсан. Би компаниа 2004 оноос хойш ажиллуулж байгаа бөгөөд одоо ч ажиллуулж байна. Тухайн үед ээж нь “хийчихсэн бол ирээд суулгачих” гэсэн, суулгаад өгье гэхээр хүүхэд нь “үгүй, мөнгөө авна” гээд байдаг байсан. Түүнээс хойш холбоо барьж чадахгүй байж байгаад дараа жилийн 3 дугаар сард намайг цагдаад өгсөн байсан” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Эын гэм бурууг хянан хэлэлцээд, түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн  байх бөгөөд цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Прокуророос Т.Эыг, хохирогч О.Цаньлэгийн “Санзай зусланд байрлах байшинд цонх хийж өгнө” гэж түүнийг хуурч 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мобайл банкаар 1.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5062002839 дугаартай дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн  гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг.

Уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд гэмт этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн аваад буцаан өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилгоор өмчлөгчийг хууран мэхэлж, төөрөгдүүлсний улмаас эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байдаг бөгөөд гэмт үр дагавар болон гэм буруутай этгээдийн үйлдлийн хооронд шалтгаант холбоо заавал байхыг шаарддаг онцлогтой.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, хохирогч О.Цаньлэгийн “...2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр би өөрийн фэйсбүүкийг үзэж байгаад нэг зар харсан юм. Тэр зар дээр металл вакум цонх, хаалга хийнэ гэсэн байсан бөгөөд би уг зар дээр байсан 88102101 гэсэн утас руу залгатал нэг эрэгтэй хүн “маргааш хийлгэх ажлыг харъя” гэж ярьсан. Ингээд би цонх хийлгэхээр өнөөх зарын дагуу ирсэн хүнтэй Санзай зусланд байдаг өөрийн зуны байшинд уулзсан. Тэр хүн байшингийн вакум цонхны хэмжээ аваад явахдаа “маргааш миний “Хаан” банкны 5062002839 тоот данс руу 1.000.000 төгрөг шилжүүлээрэй, цонхыг чинь 2 долоо хоногийн дотор бэлэн болгоно гэж хэлээд явсан. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн гар утаснаас мобайл банк ашиглаж 1.000.000 төгрөг шижүүлсэн. Түүнээс хойш Т.Э надтай нэг ч удаа холбогдоогүй.” /хх 22-24/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Эын яллагдагчаар “...Надтай нэг хүн утсаар яриад Санзай зуслангийн байшинд хаалга, хаалт хийлгэх гээд захиалга өгсөн, би тэр өдөр БНХАУ руу явах гэж байсан, тэр залуу өнөөдөр ирээд хэмжээ аваад үнээ хэлээд өгөөч гэхээр нь очиж хэмжээг нь авч өгөөд үнэлгээг нь гаргаж өгсөн. Би Эрээн яваад 3-4 өдөр болох байх, ирээд хийж өгье гэж хэлээд явсан. Өмнө авсан ажлаа амжуулж чадаагүй болохоор Цаньлэгийн захиалсан ажлыг амжаагүй байсан. Цаньлэг гэх залуутай утсаар ярьж байсан боловч сүүлдээ захиалгаа буцааж, мөнгөө авна гээд байсан. Түүний ээж утсаар яриад хийсэн бол байшинд суулгачих гэж хэлсэн. Цаньлэгтэй тохирохгүй байсаар сураг алдарсан.” /хх 31/, “...Миний данс руу Цаньлэг гэх залуу 1.000.000 төгрөг шилжүүлсэн...” /хх 35-36/  гэх мэдүүлгүүд,

 Барилгын засвар үйлчилгээ, барилгын материалын худалдаа болон бусад үйл ажиллагаа явуулахаар “Тоонот хаалга констракшн” ХХК-ийг 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан /хх 51/, үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу сонин, фэйсбүүк дээр ажлын зар тавьж захиалга авч байсан ба энэ зарын дагуу иргэн О.Цаньлэг нь Санзай зусланд байрлах байшиндаа цонх захиалсан болох нь тогтоогдож байна.

Иймд үйл ажиллагааныхаа чиглэлээр О.Цаньлэгээс захиалга авч, мобайл банкаар 1.000.000 төгрөгийг “Хаан” банкны 5062002839 дугаартай дансандаа шилжүүлэн авсан Т.Эын үйлдэл нь залилах гэмт хэргийн бусдыг хуурч мэхэлсэн, зохиомол байдлыг бий болгосон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан шинжийг агуулаагүй байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, Т.Эын хувьд бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, захиалсан цонхыг огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр О.Цаньлэгийн эд хөрөнгийг шилжүүлж авснаар залилах гэмт хэргийн шинж хангагдах учиртай бөгөөд Т.Э нь хэлцлээр тохирсон цаг хугацаанд ажлаа хийж гүйцэтгээгүйтэй холбоотойгоор Т.Э, О.Цаньлэг нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн, уг маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх боломжтой байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Э нь О.Цаньлэгт 1.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн бичгийн баримт хэрэг авагдсан /хх 40/ байх бөгөөд прокурорын эсэргүүцэлд мөнгийг буцааж өгөөгүй гэж зөрүүтэй бичсэн байгааг дурдах нь зүйтэй.  

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор П.Энхболдын бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 536 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор П.Энхболдын бичсэн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 536 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Т.ӨСӨХБАЯР

 

 

                   ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР

 

 

                   ШҮҮГЧ                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ