Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2025/0421

 

 

 

 

 

 

 

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.А

Хариуцагч Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ж-ын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн маргаан бүхий Б/** дүгээр “Ажлаас чөлөөлж, нөөцөд бүртгэх тухай” тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0363 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г

Хэргийн индекс: 128/2025/0177/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэг Б.А нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулж “Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ж-ын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн маргаан бүхий Б/** дүгээр “Ажлаас чөлөөлж, нөөцөд бүртгэх тухай” тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0363 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/** дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М давж заалдах гомдолдоо:

“...Шүүх маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлд үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй, алдаатай дүгнэлт хийж, хэрэглэх ёстой хуулийг буруу хэрэглэн тайлбарласан байна. Нэхэмжлэгч Б.А нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч байх бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг тус хуулийн 46 дугаар зүйлд заасан үндэслэл журмаар албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх талаар хуульд нарийвчлан заасан.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/** дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал хууль зүйн үндэслэлийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 62-р зүйлийн 62.1.3, 62.1.4-т заасныг баримтлан хариуцагч нэхэмжлэгч Б.А-ыг төрийн албанаас чөлөөлсөн. Энэхүү тушаалд баримталсан заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл биш байхад шүүх энэ талаар буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг үндэслэн нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөх боломжгүй болно.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх хэргийн үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ “...Төрийн албаны тухай хуулийн 62-р зүйлийн 62.1.3, 62.1.4 дэх хэсгийг үндэслэн ...Б.А-ыг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, удирдах ажилтны нөөцөд бүртгэж... ажил хүлээлцүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ...” гэж дүгнэхдээ тухайн маргааны төрлийн хүрээнд хэрэглэгдэх нарийвчилсан зохицуулалттай хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 49-р зүйлийн 49.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж, мөн хуулийн 49.2-т “Энэ хуулийн 62.1.2. 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж хууль тогтоогч маш тодорхой хуульчилсныг шүүгч хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч бид энэ талаар шүүх хуралдаанд тайлбарласан боловч бидний тайлбарыг анхаарч үзэлгүйгээр хууль хэрэглээний алдаа гаргасан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал маргаан бүхий Б/** дугаар тушаал гаргахдаа төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж, хуулиар хориглосон хэм хэмжээ байсаар байхад түүнийг зөрчиж төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх үндэслэл бүрдээгүй байхад чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байхад энэ талаар шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэнэ.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын даргын орон тоо байхгүй болж, цөөрсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна...” гэж дүгнэсэн дүгнэлт нь илтэд үндэслэлгүй. Хэрэгт авагдсан яамны хуучин болон шинэчилж баталсан бүтцийг харьцуулж үзвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам байх үед Газрын тосны бодлогын газар, /газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэстэй/ байхаар 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар Засгийн газрын тогтоолоор батлагдсан болох нь нотлогддог. Өөрөөр хэлбэл, газрын тосны бодлогын газар нь даргатай, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс нь даргатай байхаар бүтэц батлагдсан.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай ** дугаар тогтоолоор аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийг шинэчлэн баталсан.

Энэхүү шинэчлэн баталсан бүтцээр Газрын тосны бодлогын газар, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийг хооронд нь нэгтгэж газар болгон шинэчлэн баталсан болох нь тус тус нотлогдож байгаа ба энэ нь яамны бүтцийн нэгж болох газрын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн тайлбарт “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно...” гэж тайлбарласантай нийцсэн. Яамны газар, хэлтэс хоёрыг нэгтгэж шинээр газар болгосон гэж үзэхээр байхад шүүхээс орон тоо цөөрсөн гэх агуулгаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Яамны газар, хэлтэс хоёрыг нэгтгэж газар болгосноор Газрын тосны бодлогын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байх тул хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийг илтэд үндэслэлгүйгээр хууль зөрчиж төрийн албанаас чөлөөлсөн гэж үзэхээр байна.

Улсын дээд шүүхийн тайлбарт “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ...” гэж тайлбарласан агуулгаар нэхэмжлэгч Б.А-ын ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөөгүй. хэвээр хадгалагдаж байна гэж бид үзэж энэ талаар тайлбарласан боловч шүүх бидний тайлбарыг харгалзаж үзээгүй ба Засгийн газрын 30 дугаар тогтоолын талаар шүүхээс буруу дүгнэлт хийсэнд гомдолтой.

Шүүхийн шийдвэрийн үндэслэлд: “...Хариуцагчаас газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй” байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч нэхэмжлэгчийг энэ үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн агуулгатай тушаал гаргаагүй. Харин шүүх хуралдаанд энэхүү тайлбарыг гаргаж оролцсон ба энэ үндэслэлийн хүрээнд шүүхээс эрх зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлага байхгүй байхад энэ талаар дүгнэлт хийснийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.А-ыг хариуцагч тал албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй гэх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөөгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0363 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Б.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.А-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг үндэслэн нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөх боломжгүй, ... Яамны газар, хэлтэс хоёрыг нэгтгэж газар болгосноор Газрын тосны бодлогын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байх тул хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийг илтэд үндэслэлгүйгээр хууль зөрчиж төрийн албанаас чөлөөлсөн” хэмээн маргасан.

3. Хэргийн үйл баримтын тухайд:  

3.1 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ** дугаар “Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” тогтоолоор[1] Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралтаар баталж, хавсралтын 3.3.2-т “Эрдэс баялгийн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг”, 3.3.5-д “Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг”-ийг тус тус баталсан байна.

3.2 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/** дугаар “Яамны зохион байгуулалтын нэгжүүдийн орон тоо, ажлын байрны жагсаалт, чиг үүргийг батлах тухай” тушаалаар[2] яамны бүтцийн нэгжийн орон тоо, чиг үүрэг, ажлын байрны жагсаалт, албан тушаалын чиг үүргийг баталж, 1 дүгээр хавсралтаар яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж орон тоо буюу “Эрдэс баялгийн бодлогын газар 2 хэлтэстэй, орон тоо 5, Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орон тоо 6”, 2 дугаар хавсралтаар “Аж үйлдвэрийн бодлогын газрын чиг үүрэгт Газрын тосны үйлдвэрлэлийн бодлого, төлөвлөлт, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бодлогын нэгдсэн удирдамжаар хангах”, “Эрдэс баялгийн бодлогын газрын чиг үүрэгт Эрдэс баялаг /геологи, цөмийн энерги, уул уурхай, газрын тос/-ийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, урт, дунд хугацааны болон тогтвортой хөгжлийн бодлого боловсруулах, салбар хоорондын уялдааг хангах, хяналт тавих”, 3 дугаар хавсралтаар албан тушаалын жагсаалт, 4 дүгээр хавсралтаар чиг үүргийг тус тус баталжээ.

3.3  Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/** дугаар “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” тушаалаар[3] “Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг” 6 дугаар хавсралтаар баталж, тушаалын хавсралт 6-д Байгууллагын нэр: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Нэгжийн нэр: Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Албан тушаалын нэр: Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Ангилал, зэрэглэл: Эрхэлсэн түшмэл, ТЗ-2” гэсэн байна.

3.4 Улмаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/** дүгээр “Ажлаас чөлөөлж нөөцөд бүртгэх тухай” тушаалаар[4] Засгийн газрын тухай хуулиар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болж бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон тул Газрын тосны бодлогын газрын дарга /хуучнаар/ Б.А-ыг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, удирдах ажилтны нөөцөд бүртгэж” шийдвэрлэжээ.

3.5 Нэхэмжлэгч дээрх тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04/** дугаар “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр[5] “Б.А-ыг яамны бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн байх тул Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын дагуу маргаан үүсгэж шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг Б.А-т хүргүүлсэн байна.

4. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасан.

5. Албан тушаалын тодорхойлолтын 3-т “Албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-д Боловсрол: Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, Мэргэжил: Газрын тосны инженер, Химийн инженерчлэл ба боловсруулалт, дэлхий судлал, Мэргэшил: Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх, Туршлага: Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх” зэрэг шаардлагыг тавьсан байна.

6. Нэхэмжлэгч Б.А болон Ч.Х нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлагыг харгалзаж үзэж, Ч.Х нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийг нефть, хийн хадгалалт, тээвэрлэлт мэргэжлээр бакалавр[6], магистрын[7] зэрэгтэй, Удирдлагын академийн Төрийн албаны сургуульд эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багцад[8] хамрагдсан зэрэг дээрх шаардлагуудыг хангаж, харин Б.А нь “Э****” дээд сургуулийг Биотехнологич мэргэжлээр[9] төгссөн бакалаврын зэрэгтэй байх тул Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/** дугаар тушаалаар[10] Ч.Х-г Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

7. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж заасан.

8. 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Сонсох ажиллагааны тэмдэглэл”-ээр[11] Төрийн нарийн бичгийн даргаас нэхэмжлэгч Б.А-т “Хүнд үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан ахлах шинжээч”-ээр ажиллах саналыг тавьж, улмаар Б.А нь хүлээн зөвшөөрөөгүй талаар тэмдэглэлд дурдсан байна. 

9. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан яамны бүтэц өөрчлөгдөж, хэлтсийг газартай нэгтгэн, ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуурыг Б.А нь хангахгүй байгаа энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар “... хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” зохицуулалт үйлчлэх тул нэхэмжлэгч Б.А-т цалин хөлс бууруулахгүй, мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалын санал тавьж, улмаар нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй тул эрхэлж байсан албан тушаалын 3 сарын тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгосон нь хуульд нийцжээ.

10. Анхан шатны шүүхийн “...Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын даргын орон тоо байхгүй болж, .. яамны бүтэц өөрчлөгдсөн ч газрын үндсэн чиг үүрэг өөрчлөгдөөгүй гэх тайлбарыг хүлээн авч, ажлын байрны тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангахгүй нэхэмжлэгчийг шинэчлэн байгуулагдсан Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд томилох хууль зүйн үндэслэлгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0363 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                              О.ОЮУНГЭРЭЛ

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

 

 

 

[1] https://legalinfo.mn/mn/detail?lawId=17141247720541

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 98-131 хуудас

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 132-140 хуудас

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 66 хуудас

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 15 хуудас

[6] 2 дугаар хавтаст хэргийн 92 хуудас

[7] 2 дугаар хавтаст хэргийн 93 хуудас

[8] 2 дугаар хавтаст хэргийн 99-100 хуудас

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 90 хуудас

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 101-102 хуудас

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 78-79 хуудас