| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2019/00388/И |
| Дугаар | 182/ШШ2019/00617 |
| Огноо | 2019-04-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2019/00617
2019 оны 04 сарын 08 өдөр Дугаар 182/ШШ2019/00617 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Н.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: О.Э ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: О.З д холбогдох
Гэм хорын хохиролд 200.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Э, хариуцагч О.З, гэрч Б.О, О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
О.Э би миний үл хөдлөх хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг одоо байрлаж буй хувийн сууцны зориулалттай нийт 76 м.кв талбайтай 3 байшингийн нэг нь болох 4х7 хэмжээтэй 28 кв метр байшингийн урагшаа харсан байрлалтай 2 цонхны бүх шил болох 11.1 м.кв шилийг хариуцагч О.З хагалж эвдэн сүйтгэж 200.000 төгрөгийн хохирол учруулсан тул үүнийг би нэхэмжилж байна. Зах зээлийн өнөөгийн ханшаар 4 мм зузаантай 1 м.кв шилний үнэ нь 18.000 төгрөг байна. Хариуцагчийн эвдэж сүйтгэсэн модон арамтай 2 цонхны шилийг дахин шиллэхэд худалдан авсан шил өнөөгийн зах зээлийн ханшаар 200.000 төгрөг болсон. О.З нь миний эд хөрөнгийг байнга эвдэн сүйтгэж байгаа учраас миний эрх ашиг өнөөг хүртэл зөрчигдсөөр байна. Иймээс 200.000 төгрөгийг хариуцагч О.З гээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
О.Э нь намайг цонх хагалсан гэж худал гүтгэн 200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хагалсан гэх цонхны шилийг О.Э ийн өмчлөлд очихоос өмнө О.З би өөрийн төрсөн ээжийн хамт амьдарч байх хугацаанд уг байшинг жил болгон засаж янзалж мөн цонхнуудыг нь жижиг нүхнүүдтэй байсныг томруулж шилийг нь 2 давхарлаж цагаан силиконоор нааж бүх шилийг сольж байсан. Уг шил нь 1980-аад онд баригдсан засвар хийж сольсон цонхны шилээр шиллэж байсан ба уг шил нь бага зэрэг нөлөөтэй өнгө нь ногоон туяатай шил юм. О.Э нь О.З намайг хагалсан цонхыг бүгдийг нь шиллэсэн гэх бөгөөд одооны шил ямар ч нөлөөгүй ямар ч ногоон туяагүй шил байх ёстой. О.Эийн шиллэсэн гэх цонхны шилийг ямар ч хүн харахад ялгах боломжтой юм. О.З би 1981 оноос хойш өнөөг хүртэл барилгын салбарт тасралтгүй ажилласаар ирсэн. Барилгачин хүн өөрийн хийсэн бүтээсэн зүйлээ хэзээ ч эвдэж нурааж хагална гэж байхгүй. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02452 тоот шийдвэрт О.З намайг цонх хагалсан гэх ямар ч нотолгоо тогтоогдоогүй сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч О.Зд холбогдуулан байшингийн цонх хагалсан, хагалсан цонхны төлбөр 200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч О.З нь О.Эийн байшингийн цонхыг хагалж хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч О.Э нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 76 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болох байшингийн цонхыг О.З хагалсан хэмээн тайлбарлан 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 108.000 төгрөгийн зарлагын баримт /хавтаст хэргийн 17 дугаар тал/, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 90.000 төгрөгийн зарлагын баримт /хавтаст хэргийн 17 дугаар тал/,Чингэлтэй дүүргийн хорооны хэсгийн байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тодорхойлолт, фото зураг зэргийг нотлох баримтаар гаргасан.
Хариуцагч О.З нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзаж буй үндэслэлээ цонхыг хагалаагүй, тухайн үед тэр байшинд би тэнд ээжтэйгээ амьдарч байсан жил бүр урсгал засвар хийдэг байсан, цонх жижиг шилтэй байсан би 2 давхар шиллээд цагаан силиконоор силикондож өөрөө шиллэж байсан тэр чигээрээ байгаа, мөн О.Борхүү нь маргаж буй байшингийн цонх хагалсан хэмээн 200.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гарган тус шүүхээр шийдвэрлүүлсэн хэмээн тайлбарлан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/02452 дугаартай шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гаргажээ.
Дээрх хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч О.Згийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч О.Эийн эд хөрөнгөнд гэм хор учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан бөгөөд хуульд зааснаар хариуцагч О.З нь хэзээ, хэдий хэмжээтэй, хэчнээн цонхыг хагалж, хэдэн төгрөгийн хохирол учруулсан болох, түүний гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй болно.
Гэрч Б.О, О.Б нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байх тул тэдгээрийн мэдүүлгийг дүгнэх боломжгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийн тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Ж.БАЙГАЛМАА
Н.НАРАНГЭРЭЛ