| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2023/0500/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/524 |
| Огноо | 2023-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/524
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: С.Жавхлантөгс,
улсын яллагч: Ж.Отгончимэг,
шүүгдэгч: Ч.Э /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Э-д холбогдох эрүүгийн ***********тоот хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Ч-гийн Э /РД:*********/,
Монгол Улсын иргэн, ************-ний өдөр ******* аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засвар, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хороо ********** дүгээр гудамж ****тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ч.Э нь Сонгинохайрхан дүүргийн ************ тоотод 2023 оны 03 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед 8 настай А.С дүүгээ цохилоо гэх шалтгаанаар нүүр шанаа хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд “зүүн хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Ч.Э нь Сонгинохайрхан дүүргийн ************* дүгээр гудамж 04 тоотод 2023 оны 03 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед 8 настай А.С дүүгээ цохилоо гэх шалтгаанаар нүүр шанаа хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд “зүүн хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
- Насанд хүрээгүй хохирогч А.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 18-ны орой би Ч.Э ахынд орж 3 настай Г тоглож байсан тэгсэн чинь Ч.Э ах намайг А суулгаж өгнө гээд миний хоёр хөлийг алцайлгаад байсан тэгээд өвдөөд байсан болохоор нь пизда минь боль гэсэн чинь Ч.Э ах миний хөлийг тавьсных нь дараа би уйлаад тэгээд шарандаа дүү Г-ыг нь барьж аваад гар болон нуруу руу нь гараа зангидаж байгаад олон удаа цохисон. Тэгсэн чинь Ч.Э ах хүүхэд зодлоо гээд өмөөрөөд миний шанаа руу 3 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
-Гэрч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай төрсөн дүү С нэг хашаанд өөрийн гэртээ байх хүргэн Ч.-гийн гэрт 19 цагийн орчимд орсон байхаар нь би араас нь ороход С дүү Г-ын хамт газар хоорондоо тоглож байсан Тэгээд би ороод цай уугаад хоол идээд О-тэй юм яриад байж байхад Ч.Э хоёр хүүхэдтэй хамт тоглоод байж байсан. Тэгээд нэг харахад Ч.Э , С тэр хоёр хөлөөрөө А суулт хийнэ гээд С-ийн хөлнөөс Э хөлөөрөө жийсэн сунгаад гарнаас татаад С уйлахдаа пизда гэхээр нь би чи наад үгээ хэлэхээ боль гээд хэлж байсан. Тэгээд Ч.Э зурагт үзээд сууж байхад С Г-ыг очоод бие рүү нь гараараа 2-3 удаа цохиход хүүхэд нь уйлахад Ч.Э босож ирээд С гараараа зүүн хацар руу алгадаж байхаар нь би нүүр рүү нь цохихоо боль гээд С аваад гэр рүүгээ орсон. Ч.Э , С гараараа зүүн хацарт алгадаж хавдаж хөхөрсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Н.Э-гийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ********** дугаартай:
“...1. А.С-гийн биед зүүн хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь 1-33 хоног доторх хугацаанд, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх /хавтаст хэргийн 23-24 дэх тал/, зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Ч.Э гийн яллагдагчаар өгсөн: “...Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хүүхдээ өмөөрч бага насны хүүхэд болох С нүүрэн тус газарт 2-3 удаа алгадаж зодсон...” гэж /хавтаст хэргийн 60 дахь тал/, мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дэх тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 43 дахь тал/, Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулга /хавтаст хэргийн 44-50 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 30 дахь тал/, зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Э нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Н.Э-гийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ********** дугаартай дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч А.С-гийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Ч.Э нь насанд хүрээгүй хохирогч А.С-гийн эрүүл мэндэд халдаж нүүр шанаа хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиж байгаа нь насанд хүрээгүй хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч Ч.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ч.Э гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирч байх тул уг зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд уг хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ч.Э г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Ч.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Ч.Э нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Ч.Э г гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Ч.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний /ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг/-ийг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Иймд улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Э-д оногдууласан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч-гийн Э-нд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Ч.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэгүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА