Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/359

 

 

 

 

 

 

 

 

2023           04          06                                 2023/ШЦТ/359

 

 

                               

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан би,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

улсын яллагч Э.Билгүүн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхзул,

Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар шүүгдэгч Найман ургийн овогт Мэнджаргалын Тд холбогдох эрүүгийн 2309004020361 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ........... албанд ажилладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, ..............тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, . Т, регистрийн дугаар: ..........

 

Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч М.Т нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны орой 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ......... тоотын гадна хохирогч Э.Бийг “хувцас руу тараг цацлаа” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь уруулд шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1, 2 дугаар шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2309004020361 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч М.Тын өмгөөлөгч Г.Мөнхзул “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

Шүүгдэгч М.Т “хэргийн талаар маргах зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний ирээдүйг бодолцож үзнэ үү. Ажил, амьдралыг маань харгалзан үзнэ үү” гэх мэдүүлгийг гаргасан болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Т нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны орой 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ориент Плаза оффисын 206 тоотын гадна хохирогч Э.Бийг “хувцас руу тараг цацлаа” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч Э.Бийн “...2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ориент плаза дотор ажлын байрандаа БатТ гэх залуутай ууж, 23 цагийн үед гэртээ харих гээд гарсан. Миний бие нэлээд халамцуу байсан ба халтираад уначихсан. Тулгыг намайг түлхчихлээ гэж бодоод үг сөргөлцөлдсөн. Ингээд БатТ миний үүдэн шүд ам хэсэг рүү нэг удаа цохисон. Би Баттулгыг цохисон зүйл байхгүй. Би тухайн хүнд ямар ч гомдолгүй байгаа бөгөөд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар тал),

-Хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн үед би ажлынхаа захирал Өлзий гэх хүнийг авах гээд ажил дээрээ буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ориент плаза оффисын 206 тоотын үүдэнд ирсэн чинь өөдөөс Т гэх үл таних залуу гарч ирээд шууд миний үүдэн шүд рүү гараараа цохиод авсан. Тэгээд миний уруулаас цус гарсан. Тэгээд би гадаа гарч цагдаагийн хэлтэст ирсэн. ...Уруул дотор талдаа язарсан. 1 шүд хөдөлсөн байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар тал),

-Гэрч Д Бын “...2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Ориент плаза гэх манай ажлын оффист ажил мэргэжлийн холбоотой зүс таних Б аав болсон гээд ирсэн. Дараа нь мөн манай салбарын Байгаль орчны чиглэлээр ажилладаг зүс таних Т гэх залуу надаас ном авах гэж ирсэн. Ингээд бид 3 Бийн аав болсон баярыг тэмдэглэхээр мөн Ттай уулзаагүй удсан тул архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Архиа уучхаад гурвуулаа 22 цаг өнгөрч байхад манай оффисоос гарсан бөгөөд манай эхнэр залгаад байсан тул би гэртээ харьчихсан. Үүнээс хойш болсон явдлыг огт мэдэхгүй. Т, Б хоёрыг харьсан л байх гэж бодсон. Цагдаагийн байгууллагад үүсээд буй асуудлыг өнөөдөр л миний бие мэдлээ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 738 дугаартай “...1.Э.Бийн биед уруулд шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1, 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг.

Дээрх гэмт хэрэг гарахад хохирогч болон шүүгдэгч нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Прокуророос шүүгдэгч М.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Э.Бид шүүхээс хурлын тов мэдэгдэхэд “...М.Тас цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, энэ хэрэг надаас болсон тул хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэж ялаас чөлөөлж өгнө үү. Шүүх хуралд суухгүй” гэсэн хариу өгсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч М.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгааг харгалзан үзнэ үү. Залуу, ирээдүйн боловсон хүчин болох, өсөж дэвжих боломжтой хүн тул ял шийтгэл эдэлсэн гэх мэдээлэл /хар толбо/-тэй байлгахыг хүсэхгүй байна. Тиймээс шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, хэргийн үйл баримт, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан, хохирогч гомдолгүй болсон, хохирогчоос “ялаас чөлөөлж өгөөч” гэх хүсэлтийг гаргасан байдал, хувийн бусад шалтгаануудыг харгалзан үзэж шүүгдэгчийг ялаас чөлөөлж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч М.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30 дугаар тал)-аар нотлогдож байгаа боловч хүний халдашгүй дархан эрхэд халдаж, зодож цохисон үйлдлийн улмаас тухайн хүн гэмтэж бэртэнэ гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, мөн хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзах зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1; 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4; 36.6; 36.7; 36.8; 36.10; 36.13; 37.1; 37.2; 38.1; 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Шүүгдэгч М.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН